Ярилцлагын эхэн хэсгийг ЭНД дарж уншина уу.
-С.Баярын Засгийн газар Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурснаас хойш улстөрийн орчинд ямар үйл явдал өрнөсөн талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Ашигт малтмалын хуулийн дагуу эхлээд Тогтвортой байдлын гэрээ зурагдсан. Зургаан сарын дараа нь гучдугаар заалтын дагуу хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах байсан. Гэтэл ахиад асуудал гарч ирсэн л дээ. Техникийн ажлууд маш товчхоноор хагас жилийн дотор хийгдэж, ердөө зургаан сарын дараа Фрийдландад Рио тинто-той гэрээ хийх асуудал үүссэн. Энэ бүхнийг 2009 онд амжуулсан юм. Яг тэр зуур манайд нөхцөл байдал их онцлогтой өрнөсөн л дөө. Эдийн засгийн хямрал болсон. Төгрөгийн ханш сарын дотор гучин хувь унаж байлаа. Эрдэнэтийнхээ мөнгийг урьдчилаад авчихсан учраас маш хэцүү нөхцөлтэй нүүр тулсан цаг. Зэсийн үнэ бүр хоёр дахин уначихсан. Зэсийнхээ баяжмалын тээврийн үнийг хүртэл төлж чадахгүй Г.Батхүү гэж залууг “Стандарт” банкнаас зээл авахуулж эхний 52 сая ам.долларыг төлсөн түүх С.Баярын Засгийн газарт бий. Улсаараа ядарсан. Ядарсан улсаа чирч явахын тулд, гал унтраах гэж ОУВС-гаар дамжиж 250 сая ам.доллар олж ирсэн. Тэр хямрал дөрөв, таван сар үргэлжилсэн. Дараа нь бид талбай дээр өлсгөлөн зарлаж байлаа.
-УИХ-ын гишүүн асан Ц.Уянга тэргүүтэй хүмүүс байл уу?
-Тэгсэн. Өлсгөлөн зарласан яг тэр долоо хоногт хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан түүхтэй. С.Батболдын Засгийн газар бидний хөдөлгөөнийг ашиглаж Оюу толгойн гэрээний хэлэлцээрт орсон нөгөө талын нөхөд буюу хөрөнгө оруулагчдаар хэд хэдэн зүйлийг хөнгөлүүлж авч чадсан юм. Том зургаар нь харвал хөрөнгө оруулалтын гэрээ, тогтвортой байдлын гэрээ зурагдах үед нийтдээ бид нэг тэрбум ам.долларыг багасгаж чадсан байдаг. Нэг талаас хэлэлцээрт орж явсан сайд нарын шамдал, нөгөө талаас гадна нь тэмцсэн иргэний хөдөлгөөний зүтгэл тэрбум доллар багасгахад нөлөөлсөн. Мэдээж бизнесийн зарчмаар гэрээ зурагдсан бол аль аль тал нь үнэнчээр ажиллах ёстой. Гэтэл манай дотоодын улстөр энэ нөхцөлийг нь хангуулах бололцоог шахаж эхэлсэн.
2010, 2011 онд Монголын эдийн засагт “бүүм” болж эдийн засгийн өсөлт 17 хувиар хэмжигдсэнийг та мэднэ. Гэвч 2012 оны сүүлээс уул уурхайн хямрал ахиад эхэлсэн. 17 хувь байсан макро эдийн засаг 1 хувь руу унасан. Ийм шалтгаанаар 2012 онд шинээр бүрэлдсэн Н.Алтанхуягийн Засгийн газар тэр жилийнхээ арванхоёрдугаар сард гаднаас зээл авах гэрээнд гарын үсэг зурсан. “Чингис” бондын гэрээ зурагдсан түүх нь цаанаа ийм учиртай. Тэр үед цөөнх гэж байгаагүй. МАН эрх зүйн алдаанаас болоод бүлгээ байгуулж чадахгүй гацсан үе. За тэгээд 2013 оны нэгдүгээр сард “Чингис” бондын мөнгө орж ирсэн. Тухайн үед дэлхий даяар уул уурхайн хувьцааны ханш олон улсын хөрөнгийн зах зээл дээр 40 хувиар унасан. Ганц гайгүй үлдсэн төсөл нь дэлхийн хэмжээнд Оюу толгой байсан шүү. Наад захын жишээ гэхэд л 2013 оны тэр хямралаар АНУ-ын “Пийбоди” компани дампуурч байлаа. Яг нарийндаа манай Оюу толгойн эхний хөрөнгө оруулалт Английн тэтгэврийн сан байсан юм. Уул уурхайн компаниудын хувьцаа дэлхий даяараа гуч, дөчин хувь уначихаар хөрөнгө оруулсан тэтгэврийн сан яаж мөнгөө салгаж авах тухай бодож эхлэх нь ойлгомжтой. Н.Алтанхуяг өмнөх засгийн танхимд ажиллаж явсан учраас нарийн ширийн бүхнийг доторлож байсан л даа. Мань эр эдийн засгийн бүх эрх мэдлийг авахын тулд Таван толгойг зогсоосон. Зогссон гурван сард нь нүүрсний үнэ тав дахин унасан. С.Батболдын 57-гоор хийсэн гэрээ сүүлдээ бүр 30 гаруйхан ам.доллар болсон шүү дээ. Сүүлдээ гуйж байж 30 доллараар хийж явсныг та мэднэ. Нөгөө талд нь бас Оюу толгойг зогсоочихсон. Том төслөө ахиад хөдөлгөхгүй бол байдал маш эвгүй тал руу эргэх нөхцөл байдалтай нүүр тулсан л даа. За тэгээд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд боллоо. Шадар сайд нь У.Хүрэлсүх. Яг тэр үед нэг ёсондоо хөрөнгө оруулагчаа солих үйл явц өрнөсөн.
-Английн тэтгэврийн санг олон улсын 16 банк, санхүүгийн байгууллагаар сольсныг хэлж байна уу?
-Тийм. Дубайн төлөвлөгөө баталсан явдал чинь ерөөсөө л хөрөнгө оруулагчаа сольсон үйл явц шүү дээ. Эхний ээлжийн 6.2 тэрбум ам.доллар орж ирэнгүүт нь 4 тэрбумыг нь Английн тэтгэврийн сан руу шилжүүлсэн. Энэ мөнгөө салгаж авахын тулд л Тони Блэйр манайд ирж байлаа.
-Тони Блэйрийн айлчлалын гол зорилго Оюу толгой төсөлд хөрөнгөө хийсэн тэтгэврийн сангийнхаа мөнгийг салгаж авах байсан гэж үү?
-Ерөөсөө л тийм. Гадны улс ийм айхавтар. Нийтийн санхүүгээ эрсдэлгүй байлгахын тулд бүгд хичээдэг. Тони Блэйр гэхэд л хатан хааны зараалаар ирсэн хэрэг. Ирээд мөнгөө авч явж чадсан. Дараа нь бид ахиад хямарсан. Тэр үед ОУВС орж ирсэн. Тухайн үед бид Оюу толгойн доор байгаа үндсэн ордоосоо гадна банкны системээ барьцаанд өгсөн юм. Оюу толгойд санхүүжилт өгсөн том банкууд Монголын банкуудыг хараандаа байлгахын тулд олон ажил хийж таарах нь тов тодорхой асуудал л даа. Хүмүүсийн анзаараагүй нэг өнцөг байдаг юм. Оюу толгойтой хамт Таван толгой зэрэг явсан.
-Таван толгой гэснээс энэ том орддоо хөрөнгө оруулалт татах гэж багагүй он цагийг туулсан байдаг. Хойд Солонгос хүртэл хөрөнгө оруулъя гэж дуугарч байсан гэдэг билүү?
-Тийм түүх бий. Таван толгойг социализмын үед ч ашиглаж байсан. П.Очирбат гуай Ерөнхийлөгч байхдаа хөрөнгө оруулагч хайж их явсан. Хэн ч авдаггүй байсан л даа. Хойд Солонгос хүртэл хөрөнгө оруулъя гэж дуугардаг чинь тэр үеийн явдал. 2000 онд коксжих нүүрс тавхан доллар байх үед “Пийбоди” орж ирээд жил хагас ажилласан байдаг юм. Тэгээд эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй юм байна гээд гараад явсан түүхтэй. Тэр лиценз ямар нэгэн байдлаар цэргийн офицер хүнд очсон юм билээ. Нөгөө нөхөр нь аргаа бараад Су.Батболдод аваачаад өгчихсөн. Су.Батболд арван жилийн турш лицензийг өөртөө байлгаж газрын төлбөр энэ тэрийг нь төлж ирсэн түүх цаанаа ийм шалтгаантай. Ингээд явж байтал коксжих нүүрсний ханш өсч эхэлсэн. Ийм том төслийг С.Батболд ганцаараа хүчирч хөдөлгөж чадахгүй нь ойлгомжтой болсон. Хөдөлгөхийн тулд улсаараа зөвшилцөлд хүрэх шаардлагатай нүүр тулсан юм.
-Су.Батболдоос Таван толгойн лицензийг буцааж авахад танай Соёмбо хөдөлгөөнийхөн ч идэвхтэй оролцсон байх шүү…?
-С.Баяр даргын шахаас, иргэний хөдөлгөөний шаардлага гээд олон зүйл нөлөөлсөн л дөө. Таны хэлсэнчлэн манай “Соёмбо” хөдөлгөөн ч маш идэвхтэй оролцсон. Ингээд Су.Батболдоос лицензийг нь хурааж авч чадсан юм. Яг нарийндаа уул уурхайн хамгийн том лицензээ өгсөн хүн ганцхан С.Батболд. Өөр хүнийг олж харахгүй байгаа. Өгсөн шалтгаан нь ойлгомжтой. Түрүүн хэлсэнчлэн тийм том төслийг ганц хүн хөдөлгөж чадахгүй байсан учраас өгсөн. Иргэдэд Таван толгойн хувьцааг өгөх үед С.Батболдын Засгийн газар ажиллаж байлаа. Мань эр лицензээ үнэгүй өгсөн, иргэдэд хувьцаа тараах үйл явцыг ч Ерөнхий сайдын хувьд эхлүүлсэн. Буян, нүгэл нь тэнцсэн үйл явц өрнөсөн л дөө.
-Таван толгойг гацаахын тулд АН маш идэвхтэй тоглолт хийсэн гэж та түрүүн хальт дурдсан. Тэр яриагаа дэлгэрүүлээч?
-С.Баярыг Оюу толгойн гэрээг байгуулсны дараа АН тэр даяараа айж байсан. “Хэрвээ С.Баяр Оюу толгойн дараа Таван толгойн гэрээг байгуулчихвал бидэнд юу ч үлдэхгүй” гэсэн айдас байсан учраас Таван толгой дээр улстөрийн ямар ч хамаагүй тоглолт хийж хойшлуулах сэдэлтэй ажилласан юм. Тийм санаатай үйл ажиллагаа 2008, 2009 онд маш идэвхтэй явагдсан. Ингэснийхээ шанд Таван толгойг авч үлдэж, Таван толгойд эзэн суух гэсэн оролдлогоо идэвхжүүлсэн. Таван толгой дээр гэрээ хийх явдлыг зогсоосон шалтгаан нь ерөөсөө л энэ. Оюу толгой, Таван толгойн өмнө Засгийн газрын мөнгө гэдэг Эрдэнэт л байлаа. Манай улсын ерээд оноос хойшхи улстөрийн эхний 15 жилийн тэмцэл Эрдэнэтэд хэн эзэн суухын төлөөх тэмцэл байсан. Үүний төлөө Эрдэнэтийн удирдлагад нэр дэвшсэн хүнийг Ерөнхийлөгч байсан нэгэн долоон удаа буцаасан түүх өнгөрсөнд бий. Одоо бол Оюу толгой, Таван толгойд хэн илүү нөлөөтэй аж төрөх вэ гэсэн тэмцэл өрнөж байна.
-Ийм байдалд хүрсэн бидний гол алдаа юу вэ?
-Бид 1992 оны Үндсэн хуулиндаа нэг том алдаа хийсэн. Төрийн өмч гэсэн том өмчөө хуулиар хамгаалж чадаагүй. Төр, орон нутгийн өмчийн хууль гэж баталсан ч тэр хуулиар зөвхөн төрийн өөрийн өмчийг хамгаалах зохицуулалтыг л хийсэн. Төрийн өмч нь төрийн өөрийн өмч, төрийн нийтийн хамааралтай өмч гэж хоёр хуваагддаг. Төрийн өөрийн өмч гэдэг нь татвараар бий болсон байшин барилга гэх мэт өмч. Төрийн нийтийн хамааралтай өмч гэдэг нь агаар мандал, газар, газрын хэвлийн баялаг, ан амьтан ургамал, хөшөө дурсгал багтдаг юм. Шуудхан хэлэхэд төрийн нийтийн өмч ерөөсөө л төрийн гурван өндөрлөгийн өмч болчихсон. Төрийн нийтийн хамааралтай өмчин дээр түр зуур эзэн байсан хүн эрх мэдлээ өгсөний дараа өнөөх том өмчтэйгөө үлдэх гэж үхэн хатан зууралдах нь ойлгомжтой. Товчхондоо сүүлийн 15 жилд төрийн өндөрлөгийн суудалд суусан хэдэн хүний газрын хэвлийн баялгийн төлөөх зодоон л улстөрийн гол тэмцэл болсоор өнөөг хүрсэн нь бодитой үнэн.
-Энэ зодоон, зөрчлийг дуусгах гол зүйл нь Үндсэн хууль байх нь ээ?
-Яг тийм.Үндсэн хуулиар нийтийн өмчийнхөө хамгаалалтыг хийхгүй бол энэ зодоон дуусахгүй. Өнөөдөр шуугиад байгаа нүүрсний хулгай ч ийм шалтгаантай. Тэр том баялаг дээр хэн суух вэ гэсэн зодоон л өрнөж байна. Эзэн солигдох л үйл явц. Бизнесүүд улстөрөө санхүүжүүлж яваа. Тэр утгаараа улстөрийн тоглолтыг яаж санхүүжүүлэх вэ гэдэг асуудал нь хөгжчихсөн байна л даа.
-Оюу толгой руугаа эргээд оръё. Оюу толгойн гэрээнд оройлж оролцсон улстөрчид шоронд орсон гол шалтгаан нь баялгаас хувьдаа ашиг хүртэх санаархалтай эрх мэдэлтнүүдийн зодоон гэж ойлгож болох нь…?
-Ерөөсөө л тийм. Оюу толгойн гэрээг зурахад оролцсон сайд нараас Д.Зоригтоос бусад нь шоронд орсон нь маш харамсалтай өнцөг. Гэрээнд оройлон оролцсон төрийнх нь хүмүүс шоронд орж, гудамжинд тэр төлөө тэмцэж явсан хүмүүсийг нийгмийн хог шаар болгох үйл явц ч идэвхтэй явсан. Оюу толгойн орд өөрөө гайхалтай том эрдэнэсийн сан. Ийм том баялгийг хяналтгүй, түүхгүй, зөвхөн өөрсдөө эзэмшихийн тулд Оюутолгойн түүхэнд сайн, муугаар оролцсон бүхнийг байхгүй болгох үйл явц маш эрчимтэй өрнөсөн.
-Та жишээ хэл дээ?
-Наад захын жишээ гэхэд л С.Баярцогт, С.Ганбаатар хоёрын мэтгэлцээн байна. Тухайн үед С.Баярцогт илт ялсан. Барууныхны нүдээр бол С.Ганбаатар нийгмийн хог шаар болохоор байсан. Гэтэл яг сарын дараа С.Баярцогтын дансны асуудал гарч ирсэн. Нөгөө улсын хувьд С.Ганбаатар, С.Баярцогт аль нь ч хэрэггүй.
-Оюу толгой гэж дэлхийн хэмжээний мега төслийн хэлэлцээрт төдийгөөс өдий хүртэл ширээний нөгөө талд суусан Монголын Засгийн газар гаргасан алдаанаасаа сургамж авч хэрсүүжих тал руугаа орчихсон гэж та хардаг уу?
-Улсаараа энэ том гэрээний хэлэлцээрүүдээс сурсан, туршлага суусан, ухаажиж хэрсүүжсэн гэдэгт би хувьдаа эргэлздэг. Оюу толгойн гэрээг анх хийх үед манай талаас бүр тодруулж хэлбэл гурван яамнаас оролцсон мэргэжилтнүүд ажлын бус цагаар хоолтой, хоолгүй, цалинтай, цалингүй зүтгэсэн. Гэтэл хөрөнгө оруулагч талаас хэлэлцээрт оролцогчид тэс өөр. Манай хамгийн сайн эрх зүйч, хуульчдыг авч, цагийн мянган ам.доллараар ажиллуулж байсан. Таван цаг ажиллаад таван мянган доллар авч байхад, нөгөө талд нь манай нэг яамны мэргэжилтэн таван хуушуур тавьчихсан ажиллаж суух жишээний. Ийм хүнээс юу гарах вэ гэдэг бол том асуулт. Тэр үеэс хойш өнөөг хүртэл юу өрнөв гээд харахаар тухайн үед гэрээ зурахад оролцсон гурван яамны ихэнх мэргэжилтэн Оюу толгойд ямар нэгэн удирдлагын ажил хийж яваа. Тухайн үед хэлэлцээрт оролцогчдын бүх зүйлийг бэлдэж өгч байсан тэдгээр мэргэжилтнүүд маш муу ажилласан.
Маш муу ажилласныхаа төлбөрийг өнөөдөр өндөр цалинтай, өндөр албан тушаалаар авчихсан болов уу гэсэн хардлага надад байдаг. Мэдээж том төслийн тухайд аль ч улсад мэдлэгтэй чадвартай хүмүүсийг, хөрөнгийг, менежментийг сордог. Энэ бол буруу биш. Угаасаа бизнесийн зарчим нь тийм. Гэхдээ тухайн үед төр төлөөлж явсан гурван яамны нөхөд дараа нь өнөө том төслийнхөө тодорхой суудлуудад суучихсан байна гэдэг нь өөрөө том асуудал. Улсаараа энэ том гэрээнээс сурсан уу, судалсан уу гэж асуух цаг ирсэн. Оюу толгой, Таван толгойн тухайд энэ мэт анхаарах ёстой асуудлуудад тагнуулын хэмжээнд ажиллах ёстой л гэж хардаг. Оюу толгой төслөө хэрэгжүүлж улсаа хөгжүүлье гэж харахаас илүү энэ том төслөөс яаж ахиуг халбагадаж авах вэ гэсэн хүсэл аль ч шатанд байсан нь гашуун ч гэлээ бодитой үнэн. Миний сая ярьдаг зүйлс бол 2009, 2010 онд ажиллаж байсан хүмүүсийг хамарсан өнцөг шүү.
-Манай Засгийн газар уг нь Оюу толгой төслийн хувьцаа эзэмшигч. Рио тинто-той нэг завин дээр сууж яваа. Нэг том бизнесийн оролцогч тал хэрнээ өөрийнхөө бизнесийг сүйдлэх, зогсоох, гацаах чиглэлд идэвхтэй ажилласаар ирснийг та бид хоёр сая хангалттай ярилаа. Завиа живүүлэх гээд зүтгээд байдгийн цаад шалтгаан нь ердөө хувьдаа илүүг хүртэх гэсэн жижиг сонирхол гэхээр…?
-Харамсалтай нь тийм л юм болсоор өрнөсөөр ирсэн. Намайг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байхаас шинээр эрх мэдэл авсан хүмүүс 34 хувь эзэмшиж байгаа мөртлөө өнөө төслөө зогсоох үйл ажиллагааг шаргуу хийж эхэлсэн нь бодитой үнэн. Хэдэн зуун байцаагчтай шалгалт оруулж байлаа. Компани дээр нэг байцаагч ирэхэд үйл ажиллагаа нь яаж зогсдгийг та мэднэ. Хоёр талаасаа нийлээд хурдан ашиглалтад оруулах ёстой байтал энэ мэтээр зориудын гацаа үүсгэж эхэлсэн. Төслийг гацаах маягаар өөрсдөө хувь хүртэх, өөрсдийнхөө хүнийг шургуулах үйл явц өрнүүлж эхэлсэн гэсэн үг. Тийм жижиг сонирхлынхоо төлөө төрийн институцийг ашигласан. Эцэст нь хэлэхэд газрын хэвлийн баялгаа бүртгээгүй, үнэлээгүй нь маш том асуудал. Яг нарийндаа газрын хэвлийн баялаг үнэгүй яваа. Лиценз авсан хүний өмч болоод явчихдаг учраас нийгэмд шударга бус байдал гаараад байгаа юм. Өнөөдөр гэхэд л нүүрсэн дээр 56 компани бий гэдэг. Шуудхан хэлэхэд 56 гэр бүлийн хувийн хэрэгцээ шиг харагддаг. 160 ам.доллараар өгөх зүйлийг 20 доллараар өгөх нь хэнд ч хамаагүй асуудал болчихсон нь ийм шалтгаантай. Хайгуул хийх, олборлох, борлуулах гэх мэт процессийг шинжлэх ухааны үндэстэйгээр дахин сайн судалж ажил шийдлээ эхлэхгүй бол түр зуурын эрх мэдэл авсан хүмүүсийн идэш, ууш болсоор байна.