2024-12-20, Баасан
-27 C
Ulaanbaatar

Хайрын урлан-Оюуны урлан

Номын тэмдэглэл

Хятад хэлний орчуулагч Д.Болдбаатар гуайн орчуулсан “Хайрын урлан” романыг хоёр өдөрт гараасаа салгалгүй уншиж дуусгав. Чонон сүлд романы зохиолч Зян Ругийн эхнэр Жан Кан Кан Хайрын урлан романыг бичсэн, түүний номыг орчуулж эхэлж буйгаа орчуулагч Д.Болдбаатар бараг хоёр жилийн өмнөөс нүүр номондоо бичиж байсан тул ном хэзээ хэвлэлтэнд шилжих бол гэдэг дээр чих тавьж, нүүр номоос сураг ажиг тавин хүлээж байсан уншигчийн нэг юм. Хятадын сонгодог болоод орчин үеийн уран зохиолыг сүүлийн жилүүдэд шимтэн уншиж байгаа уншигч юм л даа би… Миний хувьд Хятадын сонгодогуудыг Д.Болдбаатар гуайн орчуулснаар уншсан. Орчуулгын ном уншихад анхаарах гол зүйл нь орчуулагч хэн бэ, редактор хэн бэ гэдгийг номын хорхойтнуудын хамгийн эхний шаардлагаа болгодог. Харин Хятадын орчин үеийн зохиолчдын төлөөлөл болсон Үй хуа, Мө Янь зэрэг зохиолчдын бүтээлийг залуу орчуулагчдын хөрвүүлгээр монгол зохиол уншиж буй мэт түүртэлгүй уншсан. Энэ удаад Хайрын урланг уншиж оюуны цэнгэл эдлэв. Хэдэн өдөр амандаа амтат бурам хүлхсэн мэт бодол оюундаа зохиолыг дахин дахин зураглав.

Номоо эхлүүлэхээс өмнө эмэгтэй зохиолчийн бичсэн хайрын роман ямар байх бол, хятадын уран зохиолын ертөнцөд юугаараа тэсрэлт хийсэн юм бол, ээж, охин хоёрын хайрын түүхийг хайр найргүй өгүүлсэн номыг Хятад яагаад хэвлэхийг зөвшөөрсөн юм бол гээд л баахан асуулт өөртөө тавиад номоо уншиж эхэлсэн.

Ээж охин хоёр нэгэн залууд дурлаж, тэр залуу нь ч ээж охин хоёрт дурласан мэт өнгөцхөн ойлголттойгоор номоо эхлүүлэв.

Жоу Ю гэгч зураач залуу хуучин найз бүсгүйдээ хаягдан уран бүтээлийн шинэ эрч хүч, онгод хайхаар Бээжингээс Сүжоуг зорьж Тайху нуурын орчмоор алхална. Түүний хувьд шинэ тутам урсгал болох Хятадад дөнгөж хөгжиж буй нүцгэн биеийг дүрслэн буулгах урлагийн төлөөлөл болсон орчин цагийн зураач юм. Төгс гоо бүсгүйг олж зотон даавуунд буулгах хүсэлтэй эмэгтэй моделийн эрэл хайгуулчин гэхэд болно. Даанч гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд зургийн урланд төдий удаж хямд цалин авах хүсэлгүй тул хэн нэгэн мөнгөтэй эр, эсвэл өсөн дэвших ажил, мөнгө их олох бизнес хийхээр түүнийг орхин алга болно. Жоу Ю “Аяс өнгө” гэх өөрийн гэсэн шинэ урсгал гаргахыг зорьдог зурааач юм.  Аяс өнгөө хайхаар эртнээс гоо бүсгүйчүүдээрээ алдартай Сүжоуг зорин ирдэг. Сүжоугийн Тайху нуур хавиас балетын болоод бүжгийн сургуулийн охидыг бэлддэг. Наяад оны эхээр нээлттэй бодлого зарлахад Гонконг, Макао, Тайвань зэрэг газрын баячууд Сүжоугийн гоо үзэсгэлэнт охидыг мөнгөөр зодон авч гэрэлж бараалан одоцгоосон тийм л алдартай нутагт зураач залуу төгс гоо үзэсгэлэн хайхаар ирсэн билээ. Гоо бүсгүйн эрэлд хатаж олохгүй шинжтэй болсон зураач маань Бээжин буцах тасалбар авч орчны зураг сүүдэрлэн буулгах ахуйд түүн дээр 13 настай А Ни гэх төгс гоо бяцхан зураач охин ирж зураач залууг алмайруулдаг. А Ни охин Жоу Юг гэртээ дагуулан ирж аав ээжтэйгээ танилцуулсанаар Хайрын урлан роман эхлэнэ. Охины ээж Шуй Хун Сүжоу нутгийн төгс гоо үзэсгэлэнт, урлаг судлаач бүсгүй бөгөөд өөрийн гоо царай, төгс бие хаагаа хэлхэгэр цув, алчуур, будаг зэргээр халхлан амьдардаг тухай өгүүлнэ. Ихэнх гэлтгүй бүх бүсгүйчүүд будаг шунх, дэгжин хувцсаар өөрийгөө тодотгож гоо сайханд тэмүүлдэг бол төгс гоо үзэсгэлэн өөрийнхөө гоо төрхийг будаг, шунх хувцасны тусламжтайгаар нуух нь нэн хачин.  Жоу Ю зураач түүний 13 настай Ани охины гэнэн цайлган төрх байдал, чин сэтгэл гоо сайханд татагдах боловч өөрөөс нь хэдэн насаар эгч 33 настай ээж Шуй Хунд нь сэтгэл алдарч тэднийд хоёр хонох хугацаандаа үзэсгэлэнт охин, ээж охин хоёрын хөрөг зургийг зурж өрхийн тэргүүн Ү эмчид хүлээлгэн өгөөд Бээжин рүү буцах хэдий ч түүний зүрх сэтгэл Сүжоуд Шуй Хун хэмээх үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл нь хоргодон үлддэг.

Зураач залуу маань өөрийн хайр сэтгэлээ уран зургаар илэрхийлж түүнийгээ “хайрын захидал” болгон Сүжоу руу тасралтгүй илгээнэ. Ани охинд илгээж буй уран зураг боловч угтаа бол дүрслэл бүрээрээ түүний ээжид хайраа илэрхийлсэн утга төгс зургууд Ү эмчийн гэрийг дүүргэж тэдний гэр утгаараа уран зургийн урлан болно. Мэдээж энэ үйл явдалд Ү эмч хямарна. Хайр сэтгэлдээ шатсан зураач “Мөрний өмнөд нутгийн давхар солонго” хэмээх алдарт бүтээлээ ээж охин хоёрт зориулан зурж уран зургийн ертөнцөд дуулиан шуугиан тарьж цааш үргэлжилнэ.

Шуй Хун ч мөн зураач залууд сэтгэл алдарч өөрийгөө айлын гэргий, охины ээж гэдгээрээ барьж хорих хэдий ч эцэстээ зураач залууг сонгож Ү эмчээс салж, ажил төрлөөсөө гарч  Бээжинг зорино. Харин охиндоо өөр тийш явсан гэж хэлнэ. Учир нь Ани охин түүний дурлалт залуу Жо Юг чин зүрхнээсээ хайрлаж хүндэлнэ.

Тэр хоёр хамтдаа Бээжинд амьдарч Жо Ю зургаа зурж, Шуй Хун урлаг судлалын ном бичих ажилд шамдаж бие биенээ хөглөн өөрсдийн хайрын урлан оюуны урландаа цэнгэл жаргалын дээдийг эдлэн хамтдаа амьдрах болно. Нэг ёсондоо Жо Ю зураачийн онгодын охин тэнгэр нь Шуй Хун болж гайхамшигт уран зургууд тэдний хайрын урланд мэндэлж  Хятадын уран зургийн ертөнцөд цоо шинэ түүхийг  бичнэ.

Энэ романд төгс хайр байх аваас төрөөс олгодог гэрлэлтийн улаан батлахгүй ч хамтаа амьдарч болно гэдэг утга санааг маш тод гаргасан. Мөн зохиолчийн гаргасан нэг санаа нь анхаарал их татсан. Энэ нь Хятдад өрх бүр нэг хүүхэдтэй байна гэдэг бодлогыг шүүмжилж харин төгс буюу сонгодог угсаа гарвал сайтай, гоц гойд авъяастай гэр бүл хэдэн ч хүүхэдтэй байж болох тухай санааг цухас өгүүлсэн нь Хятадын оюунлаг давхаргын хүсэл гэхэд болохоор байна.

Хайрын урланд хайр ундрахтай зэрэгцээд зохиолын эхэнд Жоу Юг хаяад явсан Шү Ли хэмээх бүсгүй эргэн ирж үйл явдал улам сонирхолтой өрнөх болно. Мөн Сүжоу нутагт үлдсэн Ани охин, Шуй Хуны нөхөр Ү эмчийн тухай Хайрын урлангаас үргэлжлүүлэн уншиж оюуны цэнгэл эдлээрэй. Таныг энэ ном хэсэгтээ хайрын тухай, төгс гоо сайхны тухай гээд түмэн бодолд умбуулах болноо…

Номын нэр: Хайрын урлан

Зохиолч: Жан Кан Кан

Орчуулагч: Доржсүрэнгийн Болдбаатар

Гэгээ паблишинг 2023 онд эрхлэн гаргажээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img