2024-11-22, Баасан
-12 C
Ulaanbaatar

В.Путиний хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг буюу Украинд өдөөсөн дайн

Дэлхийн II дайнаас хойш нэг улс нөгөө рүүгээ өргөн цар хүрээтэй дайныг, тэр тусмаа Европын зүрхэнд өдөөнө гэж төсөөлж байсан хүн энэ хорвоод ердөө жил гаруйхны өмнө ховор байсан биз ээ. Гэвч 2022 оны хоёрдугаар сарын 24-ний үүрийн таван цагт ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу өөрийн газар нутгаасаа гадна Беларусь, булаан эзэлсэн Крымийн хойг, Луганск, Донецк мужуудаас нэгэн зэрэг халдсан билээ.
Түрэмгийллээс өмнөхөн буюу 2022 оны хоёрдугаар сарын 21-нд ОХУ Украин дахь Донецк, Луганскийн бүгд найрамдах улсууд гээчийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Дайн эхэлсэн өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэл хийхдээ, Украиныг цэрэггүйжүүлэх, мөн “неонацист” дэглэмээс нь ангижруулан Донецк, Луганскийн бүгд найрамдах улсууд төдийгүй эх орноо хамгаалахын тулд, Украинд АНУ, НАТО-гийн цэрэг байрлахаас сэргийлэх зорилгоор НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлийг үндэслэн “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлснээ зарласан.

“Цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн ч үнэн хэрэгтээ бүрэн хэмжээний дайн хийхэд ОХУ 200 мянга шахам цэргийн албан хаагч, 268 нисэх онгоц, 148 нисдэг тэрэг, 369 зенит пуужингийн цогцолбор, 4382 танк болон бусад хуягт машин дайчилжээ.

“CNN” агентлагийн мэдээлснээр, энэхүү түрэмгийлэл Орос, Украины хооронд он удаан жил үргэлжилсээр ирсэн гибрид гээч дайнтай холбоотой аж. 2013 оны намар Ерөнхий сайд Николай Азаров тэргүүтэй Украины Засгийн газар ОХУ-ын үзүүлэх болсон дарамт шахалтаас үүдэн Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулахаа зогсоож буйгаа зарлажээ. Энэ нь Украинд эсэргүүцлийн жагсаалыг өдөөж, тус улсын Ерөнхийлөгч Виктор Януковичийг 2014 оны хоёрдугаар сард арга буюу Орос руу зугтахад хүргэсэн байна.

ПутинОХУ Украин дахь улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан мөн оны гуравдугаар сард Украины газар нутгийн нэг хэсэг болох Крымийн хойгийг эзлэн авч өөртөө нэгтгэжээ. “CNN” агентлагийн үзэж буйгаар, энэ нь үндсэндээ Оросын зүгээс Украины эсрэг зарлаагүй дайны эхлэл болжээ. Үүнээс хоёр сарын дараа Украины зүүн хэсэг болох Донбасст хагас цэрэгжсэн салан тусгаарлагч бүлэглэлүүд Оросын цэрэг, зохион байгуулалтын дэмжлэгтэйгээр Донецкийн ба Луганскийн бүгд найрамдах улсуудыг зарлан тухагласан юм.

2014 оны тавдугаар сарын сүүлээр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л Украин улс газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, Үндсэн хуулийн үйлчлэлийг сэргээх өргөн хэмжээний цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ. Зуны эхний хоёр сард Украины арми Донецкийн болон Луганскийн бүгд найрамдах улсуудын зэвсэглэсэн бүлэглэлүүдийн эсрэг шуурхай давшиж эхэлсэн ч Олон улсын судалгааны “Bellingcat” байгууллагын мэдээлснээр, наймдугаар сард ОХУ зэвсэгт хүчнээ дээрх хоёр бүгд найрамдах улсад өргөн цар хүрээтэй байршуулж эхэлжээ. Ийм нөхцөлд Украины армийн давшилт удааширч, сүүлдээ бүр зогссон байна. Тэр цагаас хойш Донбасст байлдааны ажиллагаа үе үе идэвхживч, ерөнхийдөө “унтаа” байдалд орон 2022 оны хоёрдугаар сартай золгосон тухай “Bellingcat”-ын илтгэлд бичжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд юу болсныг дээр дурдсан. Эхэндээ Оросын арми сонгодог блицкриг буюу цахилгаан дайн хийж богино хугацаанд Украины нутаг дэвсгэрийн дийлэнхийг эзлэн авахыг оролджээ. Беларусийн газар нутгаас цөмрөн орж гурваас дөрвөн хоногийн дотор Украины нийслэл Киевийг бүрэн бүсэлж эзлээд тус улсын Ерөнхийлөгч В.Зеленский тэргүүтэй удирдагчдыг баривчлан оронд нь Оросын талыг баримтлагчдаас бүрдсэн тоглоомын Засгийн газар байгуулахыг зэхсэн аж. Үүнтэй зэрэгцэн зүүн зүгээс хөдөлсөн их цэрэг Украины төв нутгаар дамжин Днепр мөрөнд хүрч, Крымээс давшсан бүлэглэл Украины зүүн өмнөд эргийг бүрэн хяналтдаа авах ёстой байв. Дайны энэ үе шатыг хэрэгжүүлэхэд хэдэн долоо хоногийн хугацаа хангалттай гэж үзжээ. Улмаар нөөц хүчээ сэлбэсний дараа Оросын арми баруун зүгт давшилтаа үргэлжлүүлж, Молдов, Беларусийн хилд хүрэх учиртай байсан аж.

Гэвч ОХУ-ын зэвсэгт хүчин эдгээр зорилтынхоо нэгийг ч биелүүлж чадаагүй. Киев эзлэгдээгүй, В.Зеленский ч улс орноо удирдсаар, Украины арми ч сүйрсэнгүй.

ОХУ өнгөрсөн оны гуравдугаар сард Украины газар нутгийн 30 шахам хувийг эзлээд байсан бол үүнээс есөн сарын дараа энэ тоо 18 хувь хүртэл буурчээ. Киевийг эзлэн Украины удирдлагыг солих төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний дараа ОХУ-ын зэвсэгт хүчин Донецк, Луганскийн мужуудын засаг захиргааны хилд хүрч, мөн Молдов дахь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөгүй Днестрийн бүгд найрамдах улсад хүрэх хуурай замын коридор гаргахыг зорьсон. Гэвч эдгээр зорилтдоо ч өнөөг хүртэл хүрээгүй байна.

ПутинНҮБ болон “Amnesty International”, “Human Rights Watch” зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагын мэдээлснээр, Оросын зэвсэгт хүчин Украины орон сууцны хороолол, эмнэлэг, нийгмийн бусад дэд бүтцийг удаа дараа санаатайгаар пуужингаар довтолсоор иржээ. Үүний улмаас Украины 10 мянга шахам энгийн иргэн амь насаа алдаж, дор хаяж 15 мянган хүн шархадсан тухай НҮБ-аас мэдэгдсэн юм. Украины Волноваха, Мариуполь, Изюм, Попасная, Рубежное, Северодонецк, Марьинка хотууд үндсэндээ бүрэн устаж, 100 мянга гаруй байшин барилга сүйджээ.
Түрэмгийллээс үүдэн өнгөрсөн оны сүүл гэхэд 7.86 сая Украины иргэн эх орноо орхин дүрвэхэд хүрч, 8 сая орчим хүн улс дотроо дүрвэгч болсон тухай мөн л НҮБ-аас мэдэгдсэн юм.

Киевээс холгүй орших Буча сууринд Оросын цэрэг, офицерууд оршин суугчдыг нь тамлан зовоож, хүчиндэж, олноор нь цаазалсныг нотлох хэдэн арван баримт илэрсэнд дэлхийн хамтын нийгэмлэг цочирдон эрс буруушаасан билээ. Гаага дахь олон улсын эрүүгийн шүүх Оросын Украинд үйлдсэн цэргийн гэмт хэргүүдийг бүртгэн шалгасаар байгаа юм. Гаагийн шүүх түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг баривчлах тушаал баталсан. Түүнийг Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс хүүхдүүдийг хүчээр, хууль бусаар ОХУ-руу нүүлгэн шилжүүлсэн хэрэгт албан ёсоор буруутгажээ.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ-ыг түрэмгийлэгч улс гэдгийг хүлээн зөвшөөрч, Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг шаардсан тогтоол баталсан. Санал хураалтад оролцсон 141 улс тогтоолыг дэмжиж, таван улс эсэргүүцэж, харин 35 улс түдгэлзжээ. Түдгэлзсэн улсын нэг нь Монгол. Хойд хөршөөсөө бензин шатахууны хувьд бараг бүрэн хамааралтай тул Оросын эсрэг санал өгөхөөс болгоомжилсон нь тодорхой.
В.Путин Украиныг тоотой хэдэн хоногийн дотор түвэггүй хяналтдаа авна гэж үзэн хөрш улсыгаа цэргийн хүчээр довтлохдоо хэд хэдэн ноцтой алдаа гаргасан гэлтэй. Юуны түрүүнд тэрээр В.Зеленский нарын Украины удирдлага ард түмнийхээ дунд нэр хүндгүй гэж тооцсон тул украинчууд Оросын цэргүүдийг бараг л цэцэг барин баяртайгаар угтана гэж эндүүрчээ. Гэвч Киевийн захын дүүрэгт Оросын десантчид нэвтрээд байхад Украины Ерөнхийлөгч В.Зеленский ч, Киевийн захирагч В.Кличко ч эх орноосоо оргон зугтаагүй.

ПутинУг нь барууны хэд хэдэн орон тэдэнд тусгай онгоц гарган Украинаас дүрвэхийг санал болгож байжээ. Үүний оронд тэд ард түмэндээ хандан харийн түрэмгийлэгчдээс эх орноо зэвсэг барин хамгаалахыг уриалж Киевт иргэдэд автомат буу тарааж эхэлсэн юм. Энэ нь мэдээж украинчуудыг удирдлагаа хүндлэн хүрээлэхээс гадна эх оронч сэтгэлийг нь улам ихээр дэврээсэн биз ээ.

Хоёрдугаарт, Украины армийг хүчийг дутуу үнэлжээ. Дайн гарцаагүйг олон сарын өмнөөс тооцоолсон Украин армиа бэхжүүлж, барууны зэвсэг техникээр хангахын тулд улс төрийн, дипломатын гээд боломжтой бүхий л аргыг чадлынхаа хэрээр хэрэглэжээ. Иймээс ч бараг л сүрт парадын жагсаалд оролцож байгаа юм шиг Киевийг чиглэсэн Оросын танкийн цувааг бүрэн устгаж, агаараас хамгаалах хүчин нь Оросын онгоцууд Киевийг бөмбөгдөхөөс сэргийлж чадсан юм. Дайснаа басамжлан дутуу үнэлнэ гэдэг ийм л уршигт хүргэдэг ажээ.

ПутинГуравдугаарт, Крымийн хойгийг эзлэх үеийнх шигээ барууны ертөнц эсэргүүцэл илэрхийлж, мэдэгдэл гаргахаас цаашлахгүй гэж төсөөлсөн бололтой. Гэтэл барууны ертөнц тэр аяараа Оросыг эцэст нь сөхрөөж мэдэх элдэв хориг арга хэмжээ авч эхэлсэн. Украинд олон арван тэрбум долларын хүмүүнлэгийн төдийгүй зэр зэвсгийн тусламж шуурхай үзүүлэх болсон билээ.

Орост одоо эдийн засгийн хямрал зугуухан нүүрлэж, нэн түрүүнд барууны технологи бүхий бараа бүтээгдэхүүн хомсдох болжээ. Боловсролтой залуучууд цэргийн татлагаас зугтаан хэдэн саяараа гадаад руу дүрвэсээр. ОХУ Ерөнхийлөгчийнхөө араас тэр чигтээ дэлхийд улам бүр шоовдорлогдоход хүрэв. Урлагийнхан, тамирчид нь олон улсын наадам, тэмцээнд оролцох эрхээ хасуулах боллоо. Эцэст нь тэмдэглэхэд, манай хойд их хөршид эдгээртэй төстэй олон үйл явц цаашид улам бүр газар авч юунд ч хүргэж болзошгүй.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img