2024-11-25, Даваа
-17 C
Ulaanbaatar

Ц.ДАВААДОРЖ: Газрын ховор элементийн олон улсын чиг хандлага улам ээдрээтэй болж байна

МНРИК-ийн төсөл хариуцсан дэд захирал Ч.Мөнхжаргал

-Газрын ховор элементийн олон улсын чиг хандлагын тухай таны илтгэл онцлог байлаа. Энэ салбарт олон улсад ямар сорилтууд тулгарч байгаа вэ?

-Манай улсын газрын ховор элементийн геологийн тогтоц, орд, илэрцүүд, агуулга, нөөц, олборлох, баяжуулах, боловсруулах судалгааны үр дүнгийн талаар илтгэгчид тодорхой ярьсан. Газрын ховор элементийн салбар олон улсад ээдрээтэй, харилцан нөлөөлөх олон хүчин зүйлстэй. Газрын ховор элементийн зах зээл бусад эрдсийнхтэй харьцуулахад илүү гаж тогтоцтой нь гол ээдрээг үүсгэдэг. Ховор нөөц, хэт эрэлт, цөөн тооны олборлогч, үйлдвэрлэгчдийн давамгайлсан төвлөрөл, өрсөлдөөн.

газрын ховор элементИйм системийг ээдрээт, эмзэг, тогтворгүй систем гэх бөгөөд орчин үеийн комплекс системийн онол, өрсөлдөөний онолын арга зүйгээр судалдаг. Илүү задлаад шинжлэх юм бол энэ системд нөлөөлж буй хүчин зүйлс, сорилтуудыг дараах байдлаар нийлүүлэлтийн, үйлдвэрлэлийн, улс төрийн, хүрээлэн буй орчны гэх мэтээр ангилж болно.

Нийлүүлэлтийн сорилтуудад: “Ховор”, хомс нөөц, элемент тус бүрийн нөөц адил бус, цөөн хэдэн оронд нөөц төвлөрсөн, нийлүүлэлт, эрэлтэд нийцэхгүй, тэнцвэрт бус, үнийн
өсөлт, тогтворгүй байдал зэрэг орно. 2023 оны байдлаар БНХАУ-44 сая тонн, Вьетнам-22 сая тонн, Бразил-21 сая тонн, ОХУ-12 сая тонн, Энэтхэг 6.9 сая тонн, Австрали 4.1 сая тонн, АНУ-1.5 сая тонн нөөцтэй боловч нийт нийлүүлэлтийн 63 хувийг БНХАУ, 12 хувийг АНУ, 10 хувийг Мьянмар хангаж, энэ гурван улс нийт нийлүүлэлтийн 85 хувийг эзэлж байна. Бразил улс 21 сая тонн нөөцтэй боловч 2022 онд 80 тонныг л олборлож, экспортлосон байна. Энэ нь нөөц, нийлүүлэлт хоёр нийцэхгүй, цөөн улсад хэт төвлөрсөн байгааг харуулж байна. Ховор элемент нь угтаа ховор бус, жигд тархалттай байдаг боловч бусад эрдсийг бодоход томоохон хуримтлал, судал үүсгэхгүй, агуулга бага, “ховор” байдаг. Мөн газрын ховор элементийн төрөл тус бүрийн нөөц адилгүй. Цери 47.32 хувь нийт нөөцийн, лантан 24.7 хувь, неодим 15.62 хувь, бусад 14 элемент нийлээд 13 хүрэхгүй хувийг эзэлж буй нь хэт ялгаатай байдлыг илтгэнэ. Гэтэл диспрози, иттри, терби зэрэг нь сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээвэрт нэн чухал боловч нийлүүлэлт хомстох эрсдэлтэй критикал эрдэст орж байна.

-Газрын ховор элементийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд ямар сорилтууд байна вэ?

-Өнөөгийн үйлдвэрлэл нь үндсэндээ өндөр технологийн үйлдвэрлэл болоод байна. Энэ
нь ялихгүй мэт боловч дэлхий нийтийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бүхэлд нь зогсоох эрсдлийг бий болгож байна. Гар утас, автомашин, сэргээгдэх эрчим хүч, цэнэг хураагуур, хүнд, хөнгөн үйлдвэрлэл бүгд газрын ховор элементгүйгээр үйлдвэрлэгдэхгүй болсон. Шинэ төрлийн өндөр чадал бүхий цахилгаан генератор, цахилгаан моторт тогтмол соронз ашиглах болсон. Хүчтэй, хөнгөн, нам, өндөр температурт ажиллах чадвартай тогтмол соронз үйлдвэрлэх гол түүхий эд нь неодим, самари, диспрози зэрэг газрын ховор элементүүд. Ийм соронз үйлдвэрлэх суурь судалгааг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн хийж байгаа.

Үйлдвэрлэлийн сорилтууд: Олборлох зардал өндөр, үйлдвэрлэл, боловсруулах технологи нэн төвөгтэй, олборлох, боловсруулах, үйлдвэрлэл өөр өөр улс орнуудад тархмал байршилтай, цацраг идэвхт элементтэй хамт агуулагддаг, ангижруулах, боловсруулах технологийг цөөн улс эзэмшсэн, шинэ үйлдвэрлэгч гарч ирэх, мөн альтернатив эх үүсвэр, орлуулах эрдэс бий болох, судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд урт хугацаа шаардагдаж байгаа. Газрын ховор элементийн олборлолт, баяжуулалт, ангижруулалт, боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн сүлжээ тасалдалтай. Боловсруулах технологийг БНХАУ, БНГУ, Япон, Эстони, Франц эзэмшиж байна. Францын Солвэй, Эстонийн Силмет, Австрийн Трайбахер химийн үйлдвэрүүд гол тоглогчдын нэг. Эстони улсын Силмет химийн үйлдвэр анх 1922 онд Швед улстай хамтарч байгуулагдаж, улмаар 1944 онд ЗХУ-ын харъяанд ороход нь занар, цөмийн түүхий эд боловсруулах чиглэлээр ажиллаж байгаад өдгөө газрын ховор элементийг боловсруулах чухал үйлдвэр болсон. Австрали улс олборлолт баяжуулалтыг өөрийн нутагт хийгээд ангижруулалт, боловсруулалтыг бусад оронд хийдэг. АНУ мөн л зарим үе шатыг бусад оронд боловсруулалт хийлгэдэг. Олон жилийн түүхтэй Маунтэн Пэссийн ордын ашиглалтад учирсан хүндрэл, бэрхшээлүүд бусад орнуудад, бидэнд ч сургамжтай. Нөөц, нийлүүлэлт, үйлдвэрлэлийн тэнцвэрт бус байдал өрсөлдөөнийг нэмэгдүүлж улмаар улс төрийн сорилтуудыг бий болгож байна. Нэг улсын бодлогоос хэт хамааралтай, олон улс, бүс нутгийн сөргөлдөөн, хориг арга хэмжээнүүд. Энэ талаар бид цаашид дурдах болно.

Хүрээлэн буй орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх: Үйлдвэрлэлийн хортой нөхцөл,
цацраг идэвхит, химийн аюултай хаягдал. Боловсруулах үйлдвэрлэлд хүчил, 300-800С өндөр температур хэрэглэдэг. Цацраг идэвхт тори, ради, ураныг ялгах, хаягдлын асуудал хүндрэлтэй. Цацраг идэвхт хаягдал алдагдсан хэд хэдэн ноцтой тохиолдлууд гарч байв.

-Ийм ховор, үнэтэй эрдсийн арай хямд альтернатив эх үүсвэр эсвэл бүр орлуулах
элемент байж болох уу?

-Газрын ховор элементийн альтернатив эх үүсвэрт нүүрс болон нүүрсний хаягдал үнс,
хөнгөн цагаан болон бусад металын уурхайн хаягдалд агуулагдах ГХЭ, био личингийн
аргаар ургамал, бусад материалд хуримтлагдсан нөөц, хаягдал, эд зүйлсийг дахин боловсруулах зэрэг орно. Дэлхий нийт recycle economy буюу дахивар эдийн засагт шилжих гэж байна. REEcycling гэсэн нэр томьёо гараад байгаа. Гэвч одоогоор ГХЭ-ийг дахин боловсруулах зардал, өртөг өндөр байна. Харин орлуулах бодисын судалгаа хоёр чиглэлээр явагдаж байна. Бүрэн орлуулах, үнэт ховор элементийг арай хямд, олдоц илүүтэй церигээр солих. Жишээ нь, солирт анх илрүүлсэн tetrataenite гэдэг минералыг үйлдвэрлэлийн аргаар хямд гаргаж, түүгээр хүчтэй соронз үйлдвэрлэх судалгааг Кембрижийн Материал судлал, металлургийн хүрээлэн, Австрийн ШУА, Леобений Уул, уурхайн их сургуульд хийж байна. Төмөр-нитридийн нэгдэлийн хүчтэй соронзон түгээмэл эрдэст тулгуурлаж байна. ГХЭ-гүй дизайн гэх чиглэл гарч байгаа бөгөөд ХБНГУ-ын MAHLE компани соронзонгүй, өндөр хүчин чадал бүхий SCT төрлийн цахилгаан мотор хийж байна.

Мөн үнэтэй неодим, диспрозийн соронзыг цери-кобальтын CeCo5 ферросоронзон элементээр орлуулах судалгааг АНУ-ын Critical Materials Institute at Ames Laboratory
хийж байна. Энэ чиглэлийн судалгаа, хөгжүүлэлт хийгдэж байгаа боловч өргөн хүрээнд үйлдвэрлэлд нэвтрэх болоогүй байна.

-Газрын ховор элементийг хэзээнээс ашиглаж, хөгжлийн ямар үе шатыг туулсан байдаг вэ?

-Газрын ховор элементийн салбарын хөгжлийг дөрвөн үе шатад хуваадаг. 19-р зууны
үеэс 1950 он хүртэл судалгаа, шинжилгээний “монацитийн үе”. Швед улсын эрдэмтэд газрын ховор олон элементийг анх нээсэн, судалсан туршлагатай. Энэ 17 элементийн олонх нь швед нэртэй. 1950-иад оны эхнээс “Маунтэн Пэссийн үе”. 1952 онд АНУ-ын энэ орд ажиллаж эхэлж гол нийлүүлэгч болсон. 1990-ээд оноос “Хятадын үе”: БНХАУ-ын Баян-Овоогийн ордоос газрын ховор элемент ашиглаж эхэлсэн. Улмаар хямд үнээр экспортлож байсан тул Маунтэн Пэсс болон бусад ордууд ашиггүй болж хаагдаж, шинэ төсөл, ордод хөрөнгө оруулах сонирхол татарч тус улс дэлхийн зах зээлд гол тоглогч болсон юм. 2010 оноос нэг улсын хэт давамгайллыг бууруулах зорилгоор бусад
улс орнууд хаагдсан уурхай, шинэ ордуудыг ашиглаж, шинэ экспортлогч улсууд гарч ирснээр “Хятадын дараах үе” эхэлж байна.

-Газрын ховор элементийн олон улсын чиг хандлага ямар байна вэ?

газрын ховор элемент-Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн хэрэгцээ эрс нэмэгдсэн, үнэ өсөж, эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал бий болсон. Үүнээс болж олон улсын цэрэг, иргэний үйлдвэрийн тэргүүлэх салбарууд зогсох эрсдэлд орсон. Ийм эгзэгтэй эрдсийн хангамжид их гүрнүүд онцгой анхаарч, улс төр, геополитикийн тулгамдсан асуудал болсон. АНУ-ын бодлогын судалгааны Ране-стратфор агентлагийн томъёолсноор “газрын ховор элементийн геполитик”-ийн өрсөлдөөн явагдаж байна. Энэ өрсөлдөөн 2010 оны үед хурцадсан. Тэр үед ховор элементийн олборлолт, нийлүүлэлтийн 96 хувь нэг улсад төвлөрч, тэр улс нь дотооддоо боловсруулалт хийх, байгаль орчны стандартаа чангатгах гэх үндэслэлээр экспортоо эрс танаж, зарим улсад нийлүүлэхгүй байх улс төрийн шийдвэр гаргаж байв.

Энэ нөхцөл байдлаас гарахын тулд нэг улсын давамгайллыг саармагжуулах, хаагдсан
уурхайнуудыг сэргээж, шинэ ордуудыг ашиглалтанд оруулах арга хэмжээ авч эхэлсний үр дүн бага боловч гарч байна. Газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтын онцлогоос хамаарч энэ үйл явц амар биш. Нэг улсын давамгайллыг бууруулж 63 хувьд хүргэлээ, АНУ-ын хаагдсан Маунтэн Пэссийг сэргээж, шинээр Австрали, Мьянмар, Бурунди зэрэг шинэ экспортлогчид бий болов. Бразил, Вьетнам зэрэг улсууд томоохон нөөц бүхий ордуудаа ашиглах гэж байна. Швед улс нэг сая тонноос дээш нөөцтэй Кируна дахь шинэ ордыг нээснээ LKAB компани зарлав. Швед улс бол газрын ховор олон элементийг анх нээсэн, судалсан туршлагатай. Өдгөө улс орнууд эрчим хүчний шилжилт, цахилгаан тээвэр, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын шинэ технологиудыг хөгжүүлж, эрэлт нэмэгдэж эхэлснээр өрсөлдөөн улам эрчимжих болов.

Газрын ховор элементийн адил эгзэгтэй буюу критикал эрдэст лити, кобальт, цайр, вольфрам, молибден, манган гэх мэт орж байгаа. БНХАУ аж үйлдвэржсэн, өндөр технологи, цэргийн үйлдвэрлэл хөгжсөн улс болсон тул тус улс газрын ховор элементийг экспортлох сонирхол нь багасаж, дотооддоо хэрэглэх, цахилгаан машин, дрон, салхин генератор, зэр зэвсэг, гар утас, катализатор, цэнэг хураагуур зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой болж буй нь тус улсын бодлогыг, улмаар зах зээлийн нөхцөл байдлыг өрчилнө. Энэ улс 2022 онд газрын ховор элементийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит томоохон компаниудаа нэгтгэж “Газрын ховор элементийн групп” хэмээх бүтэц байгуулсан нь үүний нэг алхам болж байна.

-Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй болж, улс орнууд зэвсэглэлээр хөөцөлдөх хандлага гарч байгаа нь үүнд хэрхэн нөлөөлөх вэ?

-Даяаршлын үйл явц саарч улс орнууд дангааршин хүчирхэгжин, өөрийн явцуу эрх ашгийг урьтал болгож, протекционизм, худалдааны дайн, хориг арга хэмжээний бодлого хэрэгжүүлж байгаа нь сүүлийн жилүүдэд байдлыг дордуулсан. Үүн дээр Украйны хямралаас үүдэж байгалийн хий, газрын тос үнэд орж, хомстож сэргээгдэх эрчим хүчний эрэлт нэмэгдсэнээр газрын ховор элементийн эрэлт улам нэмэгдсэн.

Мөн шинэ төрлийн зэвсэглэлийн үйлдвэрлэл эрчимжиж эхэлснээр газрын ховор элементийг улам л “ховор” хомс болгож, өрсөлдөөнийг хурцатгаж байна. Ялангуяа цэргийн технологийн шинэ эринд их гүрнүүд бусдаас цэрэг стратеги, мэдээлэл, харилцаа холбоо, эдийн засаг, санхүүгийн давуу тал олж давамгайлахад аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын түлхүүр технологиудыг түрүүлэн эзэмшиж, дэлхийд тэргүүлэх гүрэн болж бусад улс орнуудыг өөртөө татах, манлайлах өрсөлдөөн хэдийнэ эхэлжээ. Ийнхүү ховор элемент, критикал эрдсийн зах зээл, үүнийг тойрсон улс төр, геостратегийн ээдрээт систем, түүний чиг хандлага зөвхөн эдийн засгийн аюулгүй байдлын асуудал бус улс орнуудын оршин тогтнох, үндэсний аюулгүй байдлын чухал хүчин зүйл болоод байна.

-Таныг манай салбарынхан Үйлдвэр, худалдааны сайд мөн төрийн албанд олон жил ажилласан гэдгийг мэднэ. Харин эрдэмтэн, доктор, бодлогын судалгаа, системийн дүн шинжилгээ хийдгийг тэр бүр мэдэхгүй байх.

-Миний хувьд физикч, математикч мэргэжилтэй, ээдрээт, төвөгтэй, комплекс системийн судалгааг олон жил хийж ирсэн тул газрын ховор элементийн ээдрээт нөхцөл байдалд систем, динамикийн анализ хийсэн үр дүнг илтгэсэн юм. Шинжлэх ухааны академийн зохион байгуулсан энэ хурал эрдэм шинжилгээний хурал учраас ШУА-ийн Геологийн хүрээлэн, Физик-технологийн хүрээлэн, Хими-технологийн хүрээлэн, ШУТИС-ийн эрдэмтэд оролцож газрын ховор элементийн геологи, минералоги, физик, хими, технологийн судалгааны үр дүнг илтгэж, хэлэлцсэн. Мөн төрийн бодлого, хэрэгжүүлж буй ажлуудын талаар УУХҮЯ, “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөл илтгэл тавьсан. Үйлдвэр худалдааны яам, эрдэс баялгийн салбарын мэргэжлийн хамт олонтой мөр зэргэцэн геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого боловсруулан, хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчны суурийг тавилцаж явсан хүний хувьд сүүлийн арван таван жил төрийн албан үүргийн ч хувьд, эрдэмтэн, судлаач хүний хувьд ч анхаарал хандуулж ирсэн билээ. Газрын ховор элементийн асуудал манай яамны анхаарлын төвд байж салбарын олон мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг бодлого, үйл ажиллагаанд тусгаж байлаа.

2011 онд Хөгжил, шинэтгэлийн хорооны зохион байгуулсан газрын ховор элементийн ажлын хэсэгт орж, олон улсын зах зээл, үйлдвэрлэл, технологийн онцлог, өрсөлдөөний чиг хандлагыг судалж байсан. Эрдэм шинжилгээний ажил учраас олон улсын судалгааны хэвлэлд нийтлэгдсэн өгүүллүүд, статистик мэдээ, тайланд дүн шинжилгээ хийж, causal loop- шалтгаан, үр дагаврын хэлхээ, комплекс ээдрээт систем талаас
судалдаг.

-Газрын ховор элементийн салбарт Монгол Улсын боломж, сорилт юу байна вэ?

-Газрын ховор элементийн салбарт олон улсад бий болж буй дээр дурдсан чиг хандлага, боломж, сорилтууд Монгол Улсад шууд болон шууд бус хүчин зүйл болж нөлөөлнө. Манай улсын газрын ховор элементийн салбар олон улсын газрын ховор элементийн ээдрээт тогтоцын нэг хэсэг учир бас л ээдрээт, өөрийн гэсэн онцлогтой тул мөн л системийн анализ хийж судлах шаардлагатай гэдэг нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдээс харж болохоор байгаа. Манай улсын газрын ховор элементийн геологийн тогтоц, орд, илэрцүүд, агуулга, нөөц, олборлох , баяжуулах, боловсруулах судалгааны үр дүнгийн талаар илтгэгчид тодорхой ярьсан, тэгээд ч геологи, уул уурхай салбарын мэргэжлийн хамт олон тодорхой мэдлэгтэй. Олон улсын чиг хандлага, эерэг болон сөрөг туршлага, сургамжийг бид сайтар судалсны үндсэн дээр төрийн бодлогыг боловсруулж, үйл ажиллагааг нарийвчлан төлөвлөж, тууштай хэрэгжүүлэх нь чухал.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img