2024-12-19, Пүрэв
-15 C
Ulaanbaatar

“Цуурай юм уу, чи?” хайр үнэртсэн шүлгүүд

Дэлхийн номын өдрөөр Японы яруу найрагч Канеко Мисүзү (Канеко Тэрү)-гийн “Цуурай юм уу, чи ?” шүлгийн номын нээлтэнд бяцхан уншигч хүүхдүүдтэй хамт оролцлоо. Тагтаа паблишингийн Б.Баясгалан шүлгүүдийг орчуулж, тус паблишингийн редакторууд шүлэг тус бүр дээр тайлбар зүүлт хийж Монгол Улсын Хүүхэлдэйн театрын зураач С.Энх-Одын шүлэг бүрт зориулж өөрийн мэдрэмжээр зурсан зургаар номыг чимэглэжээ.

Канеко Мисүзү 1903 оны дөрөвдүгээр сарын 11-нд Японы Нагато мужийн Ямагочи хошууны Сензаки хэмээх загасчдын тосгонд төрсөн. Түүний хүүхэд нас дэлхийн нэг, хоёрдугаар дайны хүнд жилүүдийг туулсан ба цэл залуугаараа хорин зургаахан насандаа мөнх бусад одсон Японы ард түмэн, хүүхдүүдийн хайртай яруу найрагч байсан юм. Мисүзүг амьд ахуйд түүний тавь гаруй шүлэг хэвлэгдэж Японы уран зохиолын ертөнцөд танигдсан хэдий ч дайны хөл үймээнд түүний бүтээлүүд, зохиолч ч өөрөө мартагджээ.

1966 онд Японы залуу яруу найрагч Язаки Сэцүо хуучны нэг номноос “Том ан” шүлгийг нь олж уншиж яруу найрагчийн тухай олж мэдэх хүсэлд автаж эрэл сурал болсоор 1982 онд түүний гар бичмэлийг хадгалж байсан 77 настай эрэгтэй дүүг нь олж уулзан 512 шүлэг бүхий зургаан түүврийг нь хэвлүүлж байжээ. 2016 онд “Цуурай юм уу, чи?”, “Мисүзүгийн алдагдсан шүлгүүд” нэртэй түүврүүдийг англи хэлнээ эрхлэн хэвлүүлснээр түүний бүтээлүүд дэлхийн олон орноо хэвлэгдэж яг энэ цаг мөчид цагт Тагтаа паблишинг монгол хэлнээ орчуулан бяцхан уншигч хүүхдүүдийн гар дээр тавиад байна. Шүлгийг зүгээр ч нэг орчуулаагүй шүлэг тус бүр дээр тайлбар зүүлтийг редактор Б.Дэлгэрмаа тун чамбай хийсэн байна.

Тухайлбал: Одод ба багваахай цэцэгс шүлгийн тайлбар, зүүлт:

“….Одод өдөр харагддаггүй ч шөнийг хүлээгээд тэнгэрт унтаж байдаг ажээ. Энэ дэлхий дээр ч бас яг л өдрийн одод шиг хүний нүдэнд харагддаггүй олон сайхан зүйл бий. Чамд харагддаггүй ч хаа нэгтээ байсаар байгаа зүйлийн талаар төсөөлөөд нэг үзээрэй…” гэсэн тайлбар хийжээ. Энэ тайлбарын араас шүлгээ уншихад шүлгийн төсөөлөл сэтгэл илүү ойр буух жишээтэй.

Одод ба багваахай цэцэгс
Гэрэлт цэнхэр тэнгэрийн гүнд
Гэгээн өдрөөр үл үзэгдэгч одод
Түнэр шөнийг хүлээн хэвтэх нь
Тэнгисийн гүний бөөрөн чулууд шиг
Нүдэнд үзэгдэхгүй ч тэд тэндээ бий.
Нүдэнд харагдахгүй юмс гэж бий.
Хагдарч нүцгэрсэн багваахайнууд ч
Хавж үндсээ газарт нуучхаад
Хаа нэгтээ, дээврийн ваарын хагархайд
Хаврыг чимээгүйхэн хүлээж буй.
Нүдэнд чинь үзэгдэхгүй ч тэд тэнд бий.
Нүдэнд харагдахгүй юмс гэж бий.

Мисүзүгийн хамгийн алдартай шүлгүүдийн нэг болох “Цуурай юм уу чи?” шүлэг япон хүмүүсийн зүрх сэтгэлд дулаан үүр, дулаан үг болон мөнхөд үлдэж хүнд хэцүү цагт бие биенээ хайрлах, хайраас хайр төрдөг гэдгийг бяцхан яруу найрагч охин тэдэнд хэлж үлдээжээ. 2011 онд болсон аймшигт газар хөдлөлт болон цунамигийн үеэр энэ шүлэг Японы бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр зэрэг уншигдаж бие биендээ туслах урам зориг, хайр энэрлийг түгээж байсан гэдэг.

номЦуурай юм уу, чи?
Хоёулаа тоглоё ! гэж хэлэхэд минь чи
Хоёулаа тоглоё ! гэж хэлнэ
“Тэнэг” гэж хашхирахад минь дагаад л чи
“Тэнэг” гэж хэдэрлэнэ
“Чамтай тоглохоо болилоо !” гэвэл
“Чамтай тоглохоо болилоо ! гэнэ
Удаж түдэлгүй
Ганцаардсан намайг
“Уучлаарай ! гэхэд л аанай л өөдөөс
“ Уучлаарай” гэнэ
Цуурай юм уу, чи?
Үгүй үгүй
Чи намайг тойрсон бүх хүн

Шүлгийн тайлбар, зүүлт:
“Би энд байна”, “Би тэнд байна”, “Би жаргалтай байна”, “Би ч бас баяртай байна”, “Би чамд хайртай !“, “Би ч бас чамд хайртай !” Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн чинь цуурай мэт чам руу эргээд ирнэ. Хүнд цагт хэн нэгэнд тусалсан ч тус цуурай адил чамд буцаад ирнэ “

Цуурай юм уу чи? шүлгийн номонд орсон шүлэг бүрээс хайр, сайхан сэтгэл, хоолны үнэр шиг зүрх сэтгэлд нэвт үнэртэх тул хайр, сайхан сэтгэлийг бяцхан үрсдээ уншиж өгөөрэй аав ээжүүдээ…Хүүхдийн уран зохиол тэр дундаа хүүхдийн яруу найрагт үзэгдэл болсон зохиолчийн номыг монгол хэлнээ хөрвүүлж монгол хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийсэн Тагтаа паблишингийн залууст баярлалаа…

Номын нэр: “Цуурай юм уу, чи?”
Зохиолч: Канеко Мисүзү
Орчуулагч: Батсуурийн Баясгалан
Монгол тайлбарын зохиолч: Базаррагчаагийн Дэлгэрмаа
Зураач: Сайнбаярын Энх-Од
Ерөнхий редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Уран сайхны редактор: Мөнхцолын Батбаяр
Дизайнер: Баярмагнайгийн Билгүүн
Тагтаа паблишинг 2023 он

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img