Саяхан үүрэн холбооны оператор компанийн лавлах утсан дээр суудаг бүсгүйтэй хоёр үг солилоо. Өнөө бүсгүйн ярианаас “9911, 8811-тэй дугаараас дуудлага орж ирэхээр яах бол доо гэж халгангуй авдаг. Ихэнх нь чи тэг, ингэ, тэгсэнгүй ингэсэнгүй, тэгээтэх, ингээтэх гэх мэтээр захиран тушааж зандарсан өнгөөр ярина. Нэг л их уурласан бухимдсан хүмүүс байдаг. Тусгай дугаар барьж яваа тусгай хүн гэдгээ мэдрүүлэх гэж тэгдэг юм болов уу, эсвэл мөнгө олох гэж улайраад асар их стресстэй ажилладаг юм уу бүү мэд. Ажлаа хийж байгаа болохоор тэдний, ер хэний ч өөдөөс элдэв тайлбар хэлэх эрх бидэнд байхгүй учраас загнуулж зандруулаад л үйлчлүүлдэг. Гэтэл хөдөөнөөс залгаж мэдэхгүй чадахгүйгээ асуудаг малчид ямар гээ. Тэс өөр хандлагатай байдаг. Хот газрынханд бол энгийн, мэдээжийн юм асууна л даа. Нэлээд дээхнэ нэг малчин ах холбогдлоо. Мэдэхгүйг нь хэлж тайлбарлаж өглөө. Гэтэл хэдэн өдрийн дараа өнөө ах чинь дахин залгаснаа, ах нь уулын орой дээр сүлжээ барьдаг газар сая л ирлээ. Маш их баярласан шүү дүү минь. Өнөө асуудлаа шийдчихсээн” гэж ирээд баярласнаа хэлдэг байгаа. Хөөрхөн байгаа биз. Тэр өдөржин хөнгөн гоё мэдрэмжтэй ниссэн” гэсэн хэсгийг нь хуваалцмаар санагдаад болдоггүй. Мэдээж 9911, 8811 дугаар барьсан бүхэн ийм хандлагатай биш нь ойлгомжтой.
Гэхдээ нэг тийм дээрээс доош харсан дээрэнгүй хандлага ийм дугаар баригдчид дунд нийтлэг ажиглагддаг нь ил үнэн. Шуудхан хэлэхэд байдгаа барж, барьцаалж үнэтэй дугаар баригчдын дунд л омог бардмаа дийлэхээ байх хандлага тод анзаарагддаг. Гурван жилийн өмнө 9911-тэй дугаарын зах зээлийн үнэлгээ 40 саяас хагас тэрбум төгрөгт хэлбэлзэж байсан, өнөө бүр ч өссөн биз. Тусгай дугаараар зиндаархаж сумынхаа наадамд очихдоо жип хөлөглөж очих хүсэлтэйчүүд байгаа учраас л Дэйл Чой гэх залуугийн дугаарын наймааны бизнес хэдэн тэрбумаар яригдаж, ид хямралын үеэр “Таван богд”-ын жип-ний бизнес цэцэглэсэн хэвээр яваа юм.
Утасны дугаар, унадаг машинаараа зиндаархах эрхмүүдийг шүүмжлэх гэсэнгүй. Эд хэрэгслээрээ гайхуулагчид өнөөгийн нийгмийн сэтгэл зовоож буй нэг сэдэв, өнцөг болчихсон явааг хөндөх зорилгоор бичвэрээ эхлүүлснээ онцолъё. Сэтгэл зүйд дутуугийн комплекс гэсэн ойлголт бий. Дутуугийн комплексийн нэг илрэл нь брэнд хэт шүтэх, үнэтэй хувцас хэрэглэл, машин тэргээр гангарах гэдгийг сэтгэл зүйн чигийн ном, баримтуудад тов тодорхой биччихсэн байдаг. Дутуугийн мэдрэмж хэтийдэхээр мөнгөө дэмий юманд үрэх, бүр хүндрэхээрээ амиа хорлолтод ч хүргэж мэдэх эрсдэлтэй гэсэн тайлбар ч бий.
Сэтгэл зүйч Ж.Үйлст дутуугийн мэдрэмжээс салахын тулд яах ёстой тухай асуултад “Дутуугийн комплексийг сэтгэл зүйчтэй уулзаж асуудлаа задалж, гадагшлуулж байж л эмчлэх боломжтой. Зүрх, бөөрөө өвдөхөөр эмнэлэг рүү гүйдэг хэрнээ сэтгэлийн энэ мэт өвчнийг тоохгүй үгдрүүлээд яваад байдаг. Дутуугийн мэдрэмж эмчлэгдэхгүй удаан явбал эргээд бие хүний олон зөрчилдөөн, амьдралынх нь чанарт нөлөөлөх сөрөг асуудлуудыг бий болгодог. Ер нь сэтгэл зүйн элдэв асуудлаас үүдэлтэй стресс, бухимдал, айдас хүний бие махбодын бүх булчинг чангалдаг. Тэгэхээр энэ стрессийн гармоныг гадагшлуулах хамгийн зөв үйлдэл бол спорт. Тэгж байж задлах боломжтой. Санхүүгийн асуудал ярьж байхад юун спорт яриад байна аа гэж зарим хүн бодож магадгүй. Спорт болоод эрүүл мэнддээ гаргасан цаг зав эргээд таны эдийн засгийн асуудлыг шийдэх хөшүүрэг ч болох боломжтой. Амьдралын хэв маяг зөв болох тусам зарцуулалт маань илүү зөв зүйлд төвлөрдөг. Хэрвээ энэ үеийг зөв ашиглаж чадвал өөрсдийгөө эрүүл амьдралын хэв маягт оруулж болох боломж бүрдэж байна” хэмээн хариулжээ. Бодох л өнцөг.