Ирэх жилүүдэд дэлхийгээрээ хэцүү аж төрөх нь тодорхой болчихсон ийм цагт ганц найдлага маань уул уурхай. Харамсалтай нь ДНБ-ий дөрөвний нэг, төсвийн гуч орчим хувь, экспортын 83 хувь, аж үйлдвэрийн салбарын 69 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 77 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбараа үе үеийн Засгийн газар, эрх баригчид хатавчинд суух өнчин хүү шиг болгож орхисон нь маргаад байх юмгүй ил үнэн. Эдийн засагч Н.Энхбаяр “Украины дайнаас болж дэлхий даяараа ковидын дараах эдийн засгийг сэргээх боломж алдагдаж, үндсэндээ 2024 оныг хүртэл донсолгоотой, нам өсөлт өндөр инфляцтай байх болно” гэж онцолсон удаатай. Хатуу ч гэлээ бодитой үнэн нь энэ л дээ. Лав хоёр жилийн турш дэлхийгээрээ дэнсэлгээ, донсолгоотой аж төрөх нь тодорхой болсон, гадаад дотоод шалтгаанаар инфляц цойлсон, гадны хөрөнгө оруулалт мөддөө сэргэхгүй нь тодорхой үед Засгийн газрын атган дахь ганц хөзөр бол түрүүн хэлсэнчлэн уул уурхай. Уул уурхайн салбараа хөдөлгөж, хөгжүүлж байж хямралыг дажгүй давах боломжтой.
Өнөөхөндөө гэж ярихад л Ерөнхий сайдын шийдэж чадах ганц асуудал бий. Цор ганц аврал болсон уул уурхайгаасаа ахиу мөнгө олж, энэ салбараа өндийлгөе гэвэл АМНАТ-аа эргэж хармаар байна, Ерөнхий сайд аа. Манай улс татварын хувь хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт жагсч яваа. Зэс дээр гэхэд л хамгийн өндөр АМНАТ-тай. Нүүрсээрээ хоёрт жагсч байх жишээний. Дэлхийн улс орнууд хөрөнгө оруулагчдыг татах гэж өрсөлдөж яваа ийм үед татварын хэцүү орчинтой улсад төсөл хэрэгжүүлэх сонирхол мөнгөтэй эрхмүүдэд төрөхгүй. Ерөнхий сайд оройлоод зүтгүүлэхэд татвартай холбоотой энэ мэт асуудлыг шийдчих боломж бий.
Уг нь Ашигт малтмалын шинэчилсэн найруулгын төсөл яригдаж яваа. Салбарынхаа хууль эрх зүйн орчныг сайжруулъя, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлье гэсэн зорилгоор ярьж, хэлэлцэж яваа нь ойлгомжтой. Харамсалтай нь энэ төслийн талаар салбарынхан ам муутай байна. Наад захын жишээ гэхэд л уул уурхайнхны шүдний өвчин болсон АМНАТ-аа яг энэ янзаараа байлгана гэсэн гөжүүдлэл тод анзаарагдаж байгаа.
АМНАТ дээр нэг онигоо шахуу зүйл хэлэхэд баяжуулах үйлдвэр байгуулъя, эрсдийн бүтээгдэхүүнээ боловсруулаад гаргая гэсэн бизес эрхлэгчдийн хүслийг унтраадаг ганц том хэрэгсэл болчихсон. Олбоолосон бол татвар авна, боловсруулж гаргавал ахиад татвар авна гэсэн ойлгох аргагүй зарчим энэ татвар дээр үйлчилдэг. Татварын бодлого ийм байгаа нөхцөлд Ерөнхий сайдын яриад яваа уул уурхайн бүтээгдэхүүний элдэв боловсруулах үйлдвэрийн санаа цаасан дээр мөрөөдлийн жагсаалт хэвээр л үлдэнэ.
Бас нэг өнцөг бий. Манай улстөрчид “Оюу толгойн дараа зэсийн өчнөөн гоё төсөл хэрэгжих боломжтой, жишээ нь Цагаан суварга” гэж ярих дуртай. Харамсалтай нь АМНАТ өнөөгийн янзаараа байгаа цагт Оюу толгойн дараах зэсийн уурхай гэж байхгүй. Хэрэгжихэд бэлэн шахуу болсон Цагаан суварга ч хөдлөх бололцоогүй. Ерөнхий сайдын тухайд ийм нарийн мэдээллийг нэг бол авдаггүй, эсвэл эрүүл саруулаар сэтгэдэг ямар ч хүний үгийг сонсохгүй болгож вакумжуулж чаддаг алдарт тойрон хүрээлэгчдийн нөлөөлөлд хэт орчихсон байж мэдэх юм. Зүй нь яг өдийд Л.Оюун-Эрдэнэ “Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр АМНАТ-ын завхралыг арилгаарай. Салбарынхны хэлээд байгаа асуудлыг сайтар тусгаж ажилла” гээд хэлчихэд л ухаалаг, зөв, улсаа бодсон Ерөнхий сайд шиг харагдана.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол гэнэтийн хуулиуд гарах магадлал маш өндөр улс. Өнөөдөр гэхэд маш олон хууль энд тэнд, багц багцаараа яригдаад явж байгаа. Урьд нь хуулийн төслүүдийнхээ драфтийг өгөөд бидний саналыг авдаг байсан бол одоо шууд л “Саналаа өг” гэдэг болчихсон. Яг ямар хуулийн төсөл хэлэлцүүлэгт орох гэж байгааг харахгүйгээр санал өгөх боломжгүй шүү дээ.Хууль сайжрууллаа гээд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Ганц л том асуудал бий.Гэнэтийн хууль ахиад гарахгүй гэх баталгааг хуулиндаа яаж тусгах вэ, хэн нэг улстөрчийн популист санаанаас ямар нэгэн хууль төрж хэрэгжихгүй гэх баталгаа, амлалтыг Засгийн газар ямар хэлбэрээр өгөх вэ гэсэн асуултуудад хариулах шаардлагын өмнө бид ирчихсэн. Бүр тодруулж хэлбэл одоо хэрэгжиж буй хуулиудынхаа уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй” гэж онцолсон удаатай. Ерөнхий сайдын хувьд анхаарч унших учиртай үг өгүүлбэрүүд дурайж байна.