2024-11-26, Мягмар
-16 C
Ulaanbaatar

Хамгийн либерал гэгддэг 1997 оны Ашигт малтмалын хууль батлагдсан түүх

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

-Ашигт малтмалын хуулиа шинэчилсний дараа буюу 2000-аад оны дунд үеэр Монгол Улс дэлхийд зарцуулагдаж байсан хайгуулын ажлын нийт санхүүжилтийн 4 хувийг өөртөө татав-

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

1996-2000 он: Өмч хувьчлал эрчимжүүлж, үнэ чөлөөлөх зэргээр эдийн засгийн реформыг идэвхжүүлсэн. “Ардчилсан холбоо эвсэл”-ийн Засгийн газар байгуулагдав.Анх удаа Засгийн газрын тохируулагч агентлаг болох Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар байгуулагдав.

Гол үйл явдал:

  • Дэлхийн банк ба Монголын засгийн газар хамтран Гадаадын хөрөнгө
    оруулагчдын форум зохион байгуулав.
  • Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэн батлагдав.
  • Тогтвортой байдлын гэрээг гадаадын хөрөнгө оруулагч нартай байгуулж эхлэв.
  • Зэс, алтны дэлхийн зах зээлийн үнэ хамгийн доод түвшинд хүрэв.
  • Алтны экспортод татвар тогтоов.
  • Дэлхийн томоохон уул уурхайн компаниуд Монголыг сонирхож орж ирсэн боловч
    буцаад гарав.
  • Өнгөт металлын болон алтны төрийн өмчийн уурхайнууд хувьчлагдав.
  • Монгол Эрдэнэ компанийг татан буулгав.
  • Гар аргаар ашигт малтмал олборлогчид буюу “нинжа” үзэгдэл бий болов.
  • Мэргэжлийн холбоод шинээр нэмж байгуулагдаж эхлэв.

Эрдэс баялгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд Дэлхийн банктай хамтран Гадаадын хөрөнгө оруулалтын форум зохион байгуулж, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн УИХ-аар батлуулж байв. Ардчилсан холбоо эвслийн Засгийн газар 9 яамтайгаар үйл ажиллагаа явуулж байсан ба энэ нь 1992 оноос өнөөг хүртэлх түүхэнд хамгийн цөөн яамтай Засгийн газар байлаа. Манай салбарыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам хариуцаж байсан юм. Яамны бүтцэд геологи, уул уурхайн бодлогын газруудтай байв. Хэдийгээр Ерөнхий сайд ба бусад сайдууд нь олон удаа солигдсон хэдий ч манай салбарын хувьд бодлого, хөтөлбөр нь тогтвортой хэрэгжиж, геологи хайгуулын ажилд гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол рүү чиглүүлж чадсан Засгийн газар юм.

ДУРСАМЖ:

Салбарын бодлогын асуудлыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд харъяалуулсанд манай салбарынхан тун дурамжхан байсан юм. Бидний нэг найз тэр үед “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэгээ авчихсан, гэрчилгээг нь уншиж байснаа “за, би ингээд хөдөө аж ахуйн яамны тэргүүний уурхайчин болчихсон юм байна” гэж байж билээ. Дэлхийн банкны зөвлөмж авсан уу, яасан 1996 оноос Засгийн газрыг зах зээлийн эдийн засагт нийцсэн зөв бүтэцтэй болгож зохион байгуулсан юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт-мониторинг хийх чиг үүргээр нь салгаж зааглан бодлогын яам, хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагтай байхаар зохион байгуулсан байдаг. Түүнчлэн өөрсдийн чиг үүргээ тууштай хэрэгжүүлэх, нэг нэгэндээ саад болохгүй байх, чиг үүргийн давхцалгүй байлгахад чиглэсэн бүтэц гэж болно.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Бодлогын яам нь зөвхөн бодлого боловсруулах, батлуулах, хэрэгжилтэнд судалгаа, мониторинг хийх, тэдгээрт үндэслэн бодлогоо шинэчлэх өөрчлөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Бодлого гэдэгт хөгжлийн стратегийн бодлогын баримт бичиг, хууль, дүрэм, журам, стандарт, хөтөлбөр, мастер төлөвлөгөө гэх мэтийг би хамруулж ойлгож байна. Хэрэгжүүлэгч агентлаг нь бодлогын хэрэгжилтийг хангаж, хэрэгжилтэнд мониторинг хийж, бодлогын хэрэгжилтийн үр дүнд бий болсон мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах, дүн шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Тохируулагч агентлаг нь аж ахуйн нэгж байгууллагууд, болон Монгол улсын зарим
хуулиар тодорхой ажил, мэргэжлийн чиг үүргийг нь тодорхойлсон мэргэжилтэн, албан тушаалтан нар хууль тогтоомж хэрхэн сахин биелүүлж, мөрдөж ажиллаж байгаа талаар хяналт-мониторинг хийж гарсан зөрчил, дутагдалыг арилгуулах, шалтгааныг арилгахад туслах, зөвлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ. “Ардчилсан холбоо холбоо” эвсэлийн Засгийн газар ийм бүтэц чиг үүрэг бүхий цомхон бүтэцтэй цөөхөн яам, агентлагтайгаар 4 жил үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлсэн байдаг. Ганш л зүйл нь тогтворгүй байсан юм. Тэр нь Засгийн газрын гишүүд, сайд нараа олон сольсон явдал.

Энд нэг чухал асуудал хөндөгдөж байна, Засгийн газар тогтвортой байна гэдэг нь сайдууд нь тогтвортой байхыг хэлээд байна уу? Эсвэл үйл ажиллагаа нь хэвийн тогтвортой байгаад байна уу гэж. Түүнээс гадна сонгуулийн амлалт, намын санхүүжилтэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж албан тушаал олгохын тул шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүны тоо болон нэрийг нь үргэлж өөрчилж, яамдуудыг нийлүүлж, салгах зэргээр бизнесийн байгууллагууд ба иргэдэд яамдуудын чиг үүргийн тогтворгүй бөгөөд ойлгомжгүй байдлыг бий болгож байсан гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл Монгол улсын хөгжлийн дунд, урт хугацааны хөгжлийн стратеги болон тэргүүлэх салбарын хөгжлийн зорилтод нийцүүлж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, чиг үүргийг тодорхойлж байгаагүй гэсэн санаа л даа.

2000 онд байгуулагдсан Засгийн газар 11 яамтай байсан бол түүнээс хойшхи Засгийн газрууд 13-16 яамтайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Дээр нь хэрэгжүүлэгч агентлагуудыг нь бодлогын яамтай нийлүүлэх, салгах зэргээр яамд ба агентлагуудын чиг үүрэг давхцуулах, ойлгомжгүй болгох нь хэвийн үзэгдэл болсон.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар байгуулагдав

Ашигт малтмалын тухай шинэчлэн батлагдсан хууль хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар нь манай салбарын анхны тохируулагч агентлаг болох Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг (АМХЭГ) 1997 оны 6 дугаар сард байгуулав. АМХЭГ нь 7 дугаар сарын 1-нээс үйл ажиллагаа эхлүүлж, өмнөх хуулиар олгосон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэ хуульд нийцүүлэн бүртгэх, “түрүүлж ирсэнд түрүүлж үйлчлэх” зарчим хэрэгжүүлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, ашигт малтмалын ордын нөөц тогтооход улсын төсвөөс гаргасан зардлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

ДУРСАМЖ:

1997 оны 6 дугаар сарын дундуур Д. Жаргалсайхан утасдаад “чухал яриа байна, уулзъя” гэв. Уулзах газар, цагаа хоёулаа тохироод яваад очсон чинь “Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх агентлаг байгуулагдах гэж байна, Засгийн газар агентлагийн дарга хийх хүн судалж байна, чи салбараа мэднэ, бас англи хэлтэй, хамгийн гол нь Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал, мөн хуулийн зохицуулалтын онцлог мэдэх юм, чи ер нь тэр агентлагийн дарга болбол яасан юм, зөвшөөрч байвал холбогдох хүмүүстэй уулзуулж өгье” гэж байна. Би татгалзаад учраа тайлбарлав. Би тэр үед Бумбатын алтны үйлдвэрийн дэд захирал байсан үе л дээ. Бумбатын алтны үйлдвэрийн төслийн монгол талын оролцогч нь МАК компани байсан бөгөөд би уг компанийн ерөнхийлөгч Б.Нямтайширтай 5 жил ажиллах гэрээ байгуулчихсан, төслийн барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил ид дунд үедээ явж байсан тул ажлаа орхих боломжгүйг хэлэв. “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдэг шиг дараа нь өөрөө агентлагийн даргаар томилогдон 2004 оныг хүртэл ажилласан даа.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

1997 оны хуульд хэрэгжүүлэгч агентлагийн бүтцийг тодорхойлохдоо үндсэн чиг үүргийн нэгжийг геологи, уул уурхай, геологи-уул уурхайн кадастрын алба гэсэн 3 үндсэн нэгжтэй байхаар хуульчилсан бөгөөд эхний хоёр нэгжийн хувьд тэдгээрийн чиг үүргийг нь хуульчилсан бол кадастарын албаны хувьд түүний бүрэн эрхийг хуульчилсан байв. Учир нь түрүүлж өгсөн өргөдлийн талбай нь хориглосон, хязгаарласан газар нутаг болон шийдвэрлэгдээгүй өргөдлийн талбайтай давхцалгүй, өргөдлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлага хангаж байгаа тохиолдолд кадастарын албаны дарга 10 хоногийн дотор лиценз олгох шийдвэр гаргах хуультай байв. Энэ хугацаанд шийдвэр гаргаагүй бол үйлчилгээний хураамжийг төрийн захиргааны байгууллага өргөдөл гаргачид буцааж төлөх үүргийг хуульчилсан байлаа.

Хоёр зүйл анхаарал татдаг юм. Нэг нь 1997 оны Ашигт малтмалын тухай хуульд төрийн захиргааны байгууллага заасан хугацаанд үйлчилгээгээ үзүүлж чадахгүй бол үйлчилгээний хураамж буцааж өгдөг хариуцлагыг хуульчилсан анхны ба сүүлчийн хууль байлаа. Хоёр дахь нь агентлагийн дарга биш агентлагийн нэг нэгжийн дарга лиценз олгох шийдвэр гаргах эрхтэй бас л Монголд анхных байв. Энэ түрүүлж ирсэнд нь түрүүлж үйлчилдэг, цаг хугацаа шийдвэр гаргах ганц үндсэн шалгуур байсан тул субъектив хамаарал (албан тушаалтанаас хамаарах) байхгүй байсантай холбоотой билээ.

Дэлхийн банктай хамтарч Гадаадын хөрөнгө оруулагчдын форум зохион байгуулав

1994 оны хууль гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж чадахгүй нь ойлгомжтой болсон тул Монголын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр 1997 онд Улаанбаатарт гадаадын хөрөнгө оруулагчдын форум зохион байгуулж 1994 оны Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх гэж байгаагаа зарлаж шинэ хуулийн үзэл баримтлалыг бага хуралд ирсэн хөрөнгө оруулагчид ба зочдод танилцуулсан билээ.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Энэ үед Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын гадаад ба дотоод орчин өмнөх үеийнхээс нилээд өөрчлөгдсөн байв. Хамгийн гол нь эрдэсийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн мөчлөг төгсгөлдөө орох байдал ажиглагдаж эхэлсэн тул дэлхийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай болж Канад ба Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй жуниор компаниуд нэмэгдэж хөрөнгө оруулалтын таатай орчин, геологийн потенциал сайтай орнуудыг сонирхож эхэлсэн үе байлаа. Монгол улс дэлхийд хаалттай, хоёр коммунист хөршийн дунд ардчилал зах зээлд тайван замаар хурдан шилжиж, олон улсын олон байгууллагуудын гишүүнээр богино хугацаанд элсэж, дэмжлэг туслалцаа авах бололцоотой болсон байв. Уудам газар нутагтай, ашигт малтмалын баялаг ихтэй байх геологийн потенциал сайтай тул уул уурхайн салбар нь хөрөнгө оруулалт татах багтаамж сайтай, экспортын орлого нэмэгдүүлэх боломж өндөр, үүнийг гадна ба дотно талдаа хүлээн зөвшөөрсөн цаг үе байсан юм.

Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэн батлагдав

“Ашигт малтмалын тухай” хуулийг УИХ 1997 оны 6 дугаар сард баталж, тус оны 7 дугаар сарын нэгнээс эхлэн мөрдүүлэхээр болов. Ашигт малтмалын тухай шинэчлэгдсэн хуулийн онцлог нь зах зээлийн эдийн засагт илүү нийцсэн, либерал хууль байсан. Энэ нь дараах зохицуулалтуудаар нотлогдоно. Тухайлбал, төрийн оролцоо хамгийн бага, гадаад, дотоодын болон төрийн ба хувийн хэвшлийн хуулийн этгээдүүд ижил тэгш эрх үүрэгтэй, лиценз олгох шалгуур нь цаг хугацаа буюу түрүүлж ирсэнд нь (өргөдөл гаргасанд нь) түрүүлж үйлчилнэ, лиценз олгох ажиллагаа ил тод ба
шуурхай, эрхийн хамгаалалт сайтай (зөвхөн 3 үндэслэлээр лиценз цуцална), лиценз хадгалахад төлбөртэй, лиценз шилжүүлэх ба барьцаалахад ямар ч хязгаарлалт байхгүй байсан зэрэг зохицуулалтыг хийсэн байв.

ДУРСАМЖ:

1997 оны хуулийн талаар уг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн байсан Д. Жаргалсайхан (тухайн үед “Монгол эрдэнэ” компанийн дэд ерөнхийлэгч, хожим Ашигт малтмалын газрын анхны дарга), Д.Төрбат (тухайн үед Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, хожим “Майнинфо” компанийн ерөнхий менежер) нараас дуулсан мэдсэнээ уншигчтайгаа хуваалцъя.

1991 оны сүүлчээр эхлүүлсэн Дэлхийн банкны төсөл дуусах дөхөж байсан тул Монголд гадаадын хөрөнгө оруулагчдын анхны чуулга уулзалтыг Дэлхийн банк санхүүжүүлж Монголын Засгийн газар (Ардчилсан холбоо эвсэл анх удаа олонхи болж засгийн эрхэнд байсан үе)-тай хамтран 1997 онд зохион байгуулсан. Тэр үед Дэлхийн банк Монголын засгийн газартай тохиролцон Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн боловсруулж гадаадын хөрөнгө оруулагчдын чуулганы өмнө УИХ-аар хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. 1997 оны хууль бол Дэлхийн банкны Жон Уильямс гэдэг зөвлөх англи хэлээр таван хувилбараар боловсруулж Монголын Засгийн газарт санал болгосон хууль. Монголын ажлын хэсэг Чили улсын Ашигт малтмалын тухай хуулийн загвартай төстэй хувилбарыг сонгож орчуулж, холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас саналыг нь аван Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн барьжээ.

1997 оны хуулийг УИХ-аар хэлэлцэж байх явцад УИХ-ын гишүүн Баабар хайгуулын лицензийн төлбөр монголчуудын хувьд (хайгуулын лицензийг хувь хүнд олгож болохоор хуульчлах гэж байсан) өндөр байна гэсэн асуудал дэвшүүлж байв. Хуулийн төсөлд хайгуулын лицензийн эхний жилийн төлбөр нь га тутамд 25 цент, 2 дахь жилээс нь 50 цент, 3 дахь жилээс нь 75 цент, 4 дэх жилээс 1 доллар төлөхөөр тусгасан байжээ. Ингээд Баабарын саналыг авч хэлэлцээд эхний жилд га тутамд 5 цент, 2 ба 3 дахь жилд 10 цент байхаар багасган хуульчилсан байдаг.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

2001 онд Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотод болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан олон улсын шинжээч-хуульч уг хуулийг дэлхийд өрсөлдөхүйц, азидаа тэргүүлэгч хуулийн нэг гэж үнэлсэн байдаг. 1997 оны Ашигт малтмалын хуулийн хэрэгжилтэнд онцгой чухал ач холбогдолтой байсан гурван онцлог асуудлыг тодруулан дэлгэрэнгүй дурдахгүй орхиж боломгүй мэт. Эхнийх нь геолог уул уурхайн кадастарын бүртгэлийн нэгдсэн системийн тухай юм. Энгийнээр тодорхойлбол уг систем нь зураг зүйн, бүртгэлийн, архивын гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй ба зураг зүйн бүрэлдэхүүн хэсэг нь тусгай хамгаалалттай газар, орон нутгийн тусгай хэрэгцээний газар зэрэг ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон, хязгаарласан газар нутгийн хилийн заагийг газар зүйн солбицолоор тогтоосон, тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан талбай нь дээр дурдсан хамгаалалтын бүсийн болон өргөдөлөөр бүртгэгдсэн талбайтай давхцалтай эсэхийг шүүх бололцоотой, өргөдөлөөр бүртгэгдсэн болон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайг байршуулах бололцоотой тусгай зориулалтын зураг зүйн цахим программ юм.

Бүртгэлийн бүрэлдэхүүн хэсэг нь таван оронтой тоогоор өсөх дарааллаар дугаарласан өргөдөлийн дугаар, хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн дугаар, өргөдөл гаргагч, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, албан ёсны хаягийн тухай мэдээлэл агуулсан Excel программ дээрх бүртгэл бөгөөд нэг олгогдсон дугаар дахин давтагдахгүй. Архивын бүрэлдэхүүн хэсэг нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн архив бөгөөд тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн, тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийн талаарх мэдээлэл агуулж байдаг. Өөрөөр хэлбэл хэлбэрийн хувьд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, хөдөлгөөнтэй ижил боловч агуулгын хувьд хөрөнгө биш эрхийн бүртгэл юм. Ийм бүртгэлтэй болсоноор лицензийн хүчин төгөлдөр байдал ба шилжилт, хөдөлгөөнийг мөшгөх боломжтой болж байна гэсэн үг.

ДУРСАМЖ:

1998 онд шиг санагдаж байна, тухайн үеийн Хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайдаар Н.Алтанхуяг томилогдоод сар гаруй болсоны дараа манай салбарын эрдэмтэд, аж ахуйн нэгжийн төлөөлөгчдийг урьж уулзан салбарын хөгжил, бодлогын талаар санаа бодлыг сонсоё гэв. Тэгсэн чинь тэр хурал дээр манай салбарын хэдэн эрдэмтэн 1997 оны Ашигт малтмалын хуулийг гадаадынхны лоббигоор гаргасан хууль л гэнэ, монгол эрдэмтдийг ажлын хэсэгт оруулаагүй, маш хурдан хэлэлцэж баталсан, орчуулгын хууль л гэнэ, ашигт малтмалын тухай биш лицензийн хууль гэх мэтээр баахан шүүмжилж байснаа над руу хандаад Жаргалсайхан та хоёрын хийсэн ажил, бараг гадаадынхны гар хөл мэтээр дайрав. Сайд ч уурлаад би та нараас бүтээлч санал сонсох гэж уулзаж байгаа болохоос хэрүүл, шүүмжлэл хоёр сонсох гэсэнгүй, санал байхгүй бол тарцгаа гэж билээ. Хууль хэрэгжээд жил ч болоогүй байхад “муу хууль” гэдэг шүүмжлэл эхэлчихээд байсан хэрэг.

Дашрамд хэлэхэд сайн гадаад хуулийг сайн орчуулж, хэрэгжилтийг нь сайн зохион байгуулах нь гол болохоос монголчлоод “дугуй” байсан юмыг “дөрвөлжин” юмуу “гурвалжин” болгочихоод хэрэгжүүлж дийлэхгүй болохоор “дугуй”-г “дугуй” биш байсан гэдэг нь монгол зан юм байна гэж ойлгож авсан даа.

ШИГТГЭЭ:

Энэ хууль хэрэгжсэн хугацаанд буюу 2004 он хүртэл манай улсын нийт газар нутгийн бараг 40 хувьд нь 6000 орчим хайгуулын лиценз олгосон бөгөөд хайгуулын үйл ажиллагаа идэвхжиж 2000-аад оны дунд үеэр Монгол улс дэлхийд зарцуулагдаж байсан хайгуулын ажлын нийт санхүүжилтийн 4 хувийг өөртөө татаж чадсан байдаг.

Энэ хугацаанд манай улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын гадаад ба дотоод орчинд Оюу толгойн орд нээгдэж, улмаар дэлхийд танигдаж эхэлсэн юм. Урьд нь эдийн засгийн хувьд ашиггүй төслүүд ашигтай болж эхэлсэн билээ. Манай эрдсийн экспортын бүтээгдэхүүний үндсэн зах зээл Хятад улс болж хувирав. Энэ мэт нэлээд эерэг өөрчлөлтүүд гарав.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

1997 оны хуулиар хайгуулын лицензийн нийт нийлбэр хугацаа 7 жил байсан тул 2004 он гэхэд олон лицензийн хугацаа дуусгавар болсон, мөн Ашигт малтмалын тухай хууль өөрчлөгдөх, шинэчлэгдэх хүлээлт үүссэн зэрэг байдлаас хайгуулын лицензийн тоо 2006 гэхэд 4000 гаруй болж буурсан байдаг. 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох хоёр аргыг хуульчлав. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хэсэг хугацаанд бага зэрэг нэмэгдсэн боловч 2011-2014 он хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосон тул тэдгээрийн тоо, талбайн хэмжээ үргэлжлэн буурсаар л байв. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосон нь дээрхээс гадна өөр нэг сөрөг үр дагавар дагуулав. Энэ нь өмнө цуцлагдсан тусгай зөвшөөөлийг сэргээх үйл ажиллагаа болсон ба энэ асуудлыг шийддэг жижигхэн сүлжээ бий болсон гэж сонссон. Түүнээс гадна хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар явуулах оролдого хоёрхон удаа хийсэн боловч амжилт олоогүй. 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхлэхээр шийдвэрлэсэн. Энэ үед “Урт нэрт” хуулиар ашигт малтал хайх, олборлохыг хориглосон болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нутгийн хэмжээ манай улсын нийт газар нутгийн бараг 60 гаруй хувь болж нэмэгдсэн юм. Засгийн газар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар хүлээж аван дугаар олгох арга хэрэгжүүлэх гэж үзээд бас амжилт олж чадаагүй. 2016 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор болсон. Сонгон шалгаруулалтаар олгох журмаа байн байн өөрчилж цаг алддаг, мөн энэ арга нь цаг хугацаа их зарцуулдаг зэргээс үүдэн хайгуулын тусгай зөвшөөрөл маш удааширч бараг зогсонги байдалд оров. Бас өмнө олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа хуулийн дагуу дуусгавар болж тоо цөөрсөөр байгаа. Дээрх шалтгааны улмаас өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрөлийн тоо 800 гаруй, талбайн нийт хэмжээ нь Монголын газар нутгийн хэмжээний 4 хувиас бага болтол буураад байна.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img