Офлайн үзэсгэлэнгээ сэргээсэн 133 дахь Кантон файр үзэсгэлэн энэ сарын 5-нд хаагдсан юм. Кантон файр үзэсгэлэнг зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ удаагийн үзэсгэлэнгийн газар дээрх экспортын бараа эргэлт 21.69 тэрбум ам.доллар болсон байна. Дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 4-ний хооронд явагдсан онлайн Кантон файр үзэсгэлэнгийн экспортын бараа эргэлт 3.42 тэрбум ам.долларт хүрсэн байна. Кантон файр үзэсгэлэнгийн онлайн платформ үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх аж.
Энэ удаагийн Кантон файр үзэсгэлэнгийн нийт талбай 1.5 сая хавтгай дөрвөлжин метрт хүрч, офлайн үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжийн тоо 35.000-д хүрч, үзэсгэлэнгийн танхимд нийт 2.9 сая гаруй хүн орж ирсэн нь түүхэн дээд амжилтыг тогтоогоод байна. Кантон файр үзэсгэлэнд 5-р сарын 4-ний байдлаар дэлхийн 229 улс орон, бүс нутгаас ирсэн гадаад худалдан авагчид онлайн болон оффлайн байдлаар оролцсоноос 213 улс орон, бүс нутгаас ирсэн 129006 гадаадын худалдан авагч оффлайн байдлаар оролцсон байна. “Бүс ба зам”-ын дагуух орнуудын худалдан авагчдын тоо тал орчим хувийг эзэлж байна.
Үзэсгэлэнд Малайз-Хятадын Худалдааны танхим, Франц-Хятадын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Мексик-Хятадын Худалдаа, технологийн танхим зэрэг нийт 55 үйлдвэр, худалдааны байгууллага оролцов. АНУ-ын Wal-Mart, Францын Auchan, Германы Метро зэрэг 100 гаруй үндэстэн дамнасан компаниуд оролцжээ.
Энэ удаагийн Кантон файр үзэсгэлэнд оролцогчид нийт 3.07 сая үзмэр байршуулсны дотор 800 мянга гаруй шинэ бүтээгдэхүүн, 130 мянга орчим ухаалаг бүтээгдэхүүн, 500 мянга орчим ногоон болон нүүрстөрөгчийн хий багатай бүтээгдэхүүн, 260 мянга гаруй бие даасан оюуны өмчийн бүтээгдэхүүн багтсан аж. Шинэ бүтээгдэхүүний анхны нээлтэд зориулсан 300 орчим шоу арга хэмжээ зохион байгуулагджээ.
Импортын үзэсгэлэнгийн тухайд, 40 гаруй улс орон, бүс нутгийн нийт 508 аж ахуйн нэгж импортын үзэсгэлэнд оролцож Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр зэрэглэлийн ухаалаг, ногоон, нүүрстөрөгчийн хийнагууламж багатай бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэхэд анхаарчээ.
Энэ удаагийн Кантон файр үзэсгэлэнгийн онлайн платформ дээр нийт 141 функцийг оновчтой болгосон гэнэ. Онлайн платформд зочилсон нийт тоо 30.61 сая, зочилсонхүний тоо 7.73 сая байснаас гадаадаас оролцсон хүмүүсийн тоо 80 гаруй хувийг эзэлж байна. Үзэсгэлэнд оролцогчдын дэлгүүрт зочилсон нийт тоо 4.4 сая давжээ. Дараагийн 134 дэх удаагийн Кантон файр үзэсгэлэн энэ оны аравдугаар сарын 15-нд болох бөгөөд холбогдох хөрөнгө оруулалт, үзэсгэлэнгийн ажил тасралтгүй явагдсаар байна.