2024-09-17, Мягмар
3 C
Ulaanbaatar

Улаанбаатар нэртийн түүх

Өдгөө Улаанбаатар нэртэй 69 хүн байна. Тэдний нэг Пунцагийн Улаанбаатарын түүхийг сонирхлоо. Тэрбээр 1956 онд мэндэлжээ. П.Улаанбаатар гуай содон нэрийн түүхээ ийнхүү хуучиллаа.

-Манайх хотод байснаа 1955 онд Говь-Алтайн Тонхил руу шилжсэн юм билээ. Очоод удалгүй хүү төржээ. Аав маань надад өгсөн нэрийнхээ талаар тодорхой юм ярьдаггүй байсан. Тавиад оны хүний ганц бахархал нь Улаанбаатар хот байсан. Орчин үеийн ойлголтоор од болж гийж байсан газар. “Улаанбаатарт байгаа миний аавд” тэр үеийн кино.

Намайг хүүхэд байхад хотын тухай яриа хөөрөө их өрнөдөг. Айлын хүүхдүүдтэй гадаа тоглож байхад хөршийн хоёр авгай гэрийнхээ гадаа сандал тавиад суучихсан хуучилж байсныг санадаг. Нэг нь хот явж үзсэн тухайгаа гайхуулаад. Хотод Б.Ринчен гэж лут том эрдэмтэн байдаг. Түүнтэй эн зэрэгцдэг Ц.Дамдинсүрэн гэж эрдэмтэн бий. Тэр хоёр хотын гудамжаар алхаж байдаг. Улаанбаатарт кинон дээр гардаг хүмүүс гудамжинд явж л байдаг тухай ярьж билээ.

Би ч бас хөдөө байхдаа Улаанбаатар хотыг үзэх сэн гэж хүсдэг байлаа. Аав хотод ажиллахаар болж манайх Улаанбаатар нүүх боллоо. Модон бүрхүүлтэй ГАЗ 51 машинаар нүүсэн. Гэрээ машины тэвшин дээр нь ачаад, жаахан зайд багтаж суусан юм.
“Улаанбаатар дөхөж байна уу” гэж нэг асуухдаа “Булганы Дашинчилэнд явж байна” гэсэн хариу сонслоо. “Цогт тайжийн цагаан балгас тэр байна” гэж томчууд зааж байсан.

Зургаа, долоо хоног явж байж хотын бараа харсан. Зуны шөнө хотод анх орж ирж билээ. Дүүрэн гэрэл харагдсан. С.Гончигсумлаагийн “Намуухан шөнө” хүчээ авч байсан цаг. Ц.Гайтав гуай үгийг нь бичсэн юм билээ. “Намуухан шөнө түг түмэн зул асаасан” гэдэг шиг түг түмэн зул асаасан шиг санагдсан.
Хүүхэд байхад этгээд нэр хэцүү. “Нэр хэн бэ” гэхээр Улаанбаатар гэнэ. “Чиний Улаанбаатар гэж юу байдаг юм” гэж зарим нь дээрэлхэнэ. Хамар шөргөөнө. Зарим нь дэлсээд авна. Нэг тийм юм нь хэцүү байсан.

1975 онд Үйлдвэрчний соёлын ордон байгуулагдахад номын санчаар орж байлаа. Соёлын байгууллага болохоор бүх юмтай байв. Нэг жил ажиллаад гурван жил цэрэгт явсан. Буцаж ирээд гэрэлтүүлэгчээр ажиллаж байгаад, 1980 онд дахин номын санч болсон. Гадаадад сурах сан. Кинон дээр гараад байдаг оросуудын дунд орох сон гэсэн хүсэл байв. 1981 онд дарга хөөрхий минь дэмжээд Ленинградад сургуульд явах боломж олдов. Конкурс өгөх боллоо. Нийгмийн ухаан, соёлын ажлын шалгалт өгсөн чинь дөрөв дөрвөн оноо “зулгаачихлаа”. Би уг нь номын санчаар соёлын сургууль төгссөн юм. Орос хэлний шалгалтад орсон чинь оросоор л юм асуугаад байна. Мэдэх юм ч байсангүй. Ямар азаар нэг нь “Как тебя зовут” гэж байна. “Меня зовут Улаанбаатар” гээд байдаг чангаараа хэллээ. Их сургуулиас ирсэн орос хэлний багш “Оросоор уг нь юм мэдээд л байдаг юм байна шүү дээ” гэсэн. Унах шахаад байсан хүн чинь дөрвөн оноо авчихаж.

Нэрний ач тус тэгж гарсан байгаа биз. Ленинградын Үйлдвэрчний соёлын дээд сургуульд ингэж суралцсан. Соёл, гэгээрлийн ажлын арга зүйч болсон доо. Тэр үед Соёлын яамнаас гадна Үйлдвэрчний байгууллага бас соёлын хэлтэстэй байсан юм. Бүх том үйлдвэрүүд, хөдөө орон нутагт байдаг үйлдвэрүүд ч соёлын ажилтантай. Клубүүдэд соёлын ажил хариуцсан хүмүүс байдаг.
Төгсч ирээд Үйлдвэрчний соёлын ордондоо л ажилласан. Ерээд онд соёлын хэлтэс татан буугдаж, үйлдвэрчнээс гарсан даа. Энэ дүйвээнээр ажилгүй болоод сургуулийн номын санд тэтгэвэрт гарах хүртлээ ажилласан.
Социализмын үед хүмүүс номын санд их суудаг байв. Үйлдвэрчний эвлэлийн номын сан их тохилог. Хамаг том арга хэмжээнүүд тэнд болно. Дарга маань “Ном, сэтгүүл, сонин захиалахад айх юм байхгүй. Хангалттай ав” гэдэг байсан. Зуугаад хэвлэл захиалдаг байв.

Үйлдвэрчний соёлын ордон соёл олон түмний ажил их хийдэг.
Би бол ичээд тайзан дээр гардаггүй. Зохион байгуулах ажилд гүйдэг.
Монголын зохиолчдын хороон дээр очиж зохиолчдыг урьж авчирдаг байсан. Б.Явуухулан гуайг очиж урьж байсан. Манай номын сан Б.Явуухулан гуайтай уулзалт зохион байгуулахаар болсон юм. Айсан амьтан очиж байсан. “Өө тэгье тэгье“ гэж уриалгахан хэлээд, календариа хараад “Болох юм шиг байна” гэж байсан. Олон алдартай яруу найрагч, зохиолчдыг урьж байсан.

Арга хэмжээнд оролцсон зочиддоо амьд цэцэг бэлэглэдэг уламжлалтай. Паркад амьд цэцэг зардаг дэлгүүр байсан. Цэцэг авдаг газар цөөхөн байсан болов уу.
Ерээд онд соёлын хэлтэс татан буугдаж, үйлдвэрчнээс гарсан даа. Энэ дүйвээнээр ажилгүй болоод, сургуулийн номын санд тэтгэвэрт гарах хүртлээ ажилласан.
“Хүүхдэд содон нэр өгөхөөр дэмий юм” гэж ярианыхаа төгсгөлд нь П.Улаанбаатар гуай дуугарч байна лээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img