Манай Улс 1993 оны “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенцод 2000 онд нэгдэн орж, 2001 оноос хойш дэлхийн 17 улс оронд 274 хүүхэд үрчлэгдэж, хууль, журмын дагуу Гадаадын иргэн харьяатын газартай хамтран хяналт тавин ажиллаж байна.
ХНХЯ, ХЗДХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцын үүрэг” сэдвээр сургалт явуулж байна.
Сургалтаар 1993 оны “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенцыг хэрэгжүүлэх арга зүй болон конвенцыг хэрэгжүүлэхэд манай улсад тулгамдаж буй асуудал, бэрхшээл, сайн туршлагыг хэлэлцэж, 1996 оны “Хүүхэд хамгааллын тухай” конвенц, 1980 оны “Хүүхэд хулгайлах тухай конвенц”, 2007 оны “Хүүхдийг дэмжих тухай конвенц”-ын талаар танилцуулж, нэгдсэн ойлголттой болох юм.
Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хүүхэд үрчлэлийн зөвлөл”-ийн гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг 15 төрийн байгууллага, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд, Монголын Хуульчдын холбоо, их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачид, олон улсын төрийн бус байгууллагаас нийт 50 гаруй төлөөлөл оролцож байна.
Дашрамд дурдахад энэ жил 1993 оны “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенцын 30 жилийн ой тохиож байна.