Самрын бизнесийн тухай 8 баримт
- Хуш модны самар хэдхэн улсад ургадгийн нэг нь манай улс. Хятад, Хойд Солонгост ургадаг ч яг Сибирийн хуш мод ургадаг орон бол Монгол, Орос. Сонирхуулж хэлэхэд Хятад, Хойд Солонгост ургадгийг нь улаан самар гэж нэрлэдэг. Манайд ургадгаас хэмжээгээрээ хоёр дахин том аж. Нэг зүйлийг онцлоход хуш модны самар улсад нь ургадаггүй ч манай самрыг амьдралдаа хэрэглээ болгочихсон улсууд олон. Наад захын жишээ гэхэд л Америк, Европын улсуудыг дурдаж болно. Европ дотроо Голланд, Герман улс маш их хэрэглэдэг аж.
- Хуш модны самрын судалгааг өргөн хүрээнд хийсэн байдаг. Барууны зарим орнууд манай самрыг самрын хаан гэж тодотгодог, самрын хатан хаан гэх нь ч бий. Хуш модны самрыг нарийн судалсан улс бол оросууд. Хойд хөршид модны самраар олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг юм байна. Самрын ясаар барилгын хавтан, гоёлын ханын материал, шал гэх мэт зүйлс хийдэг аж.
- Японы нэг эрдэмтэн Хойд Солонгос, Хятадын самрыг судалж байгаад санаандгүй байдлаар Монголын хушны самрын судалгааг эхлүүлсэн түүх бий. Энэ талаар Nord Road” компанийн захирал Д.Энх-Амгалан “Хүний биед үл орлуулах, харьцангуй үл орлуулах амин хүчлүүд гэж байдаг. Биед гарцаагүй хэрэгтэй ч организм шинээр нийлэгжүүлж гаргаж авч чаддаггүй амин хүчлүүдийг үл оруулах гэж тодотгодог юм билээ. Организм гаргаж чадахгүй ийм амин хүчлүүдийг хүнснээс авах ганц арга бий. Япон эрдэмтний судалгаагаар Хойд Солонгосын самранд хүний биед үл орлуулах амин хүчил нь 13-14-ийн хооронд байгаа нь батлагдсан. Харин Монголын хушны самар дахь үл орлуулах амин хүчлийн төрөл 19 байна гэж гарсан. Тэр эрдэмтэн энэ судалгаагаараа ном гаргасан байдаг” хэмээн онцолсон нь бий.
- Самрын салбарт эргэлдэж буй мөнгө 200 гаруй сая ам.доллараар хэмжигддэг. Одоогийн байдлаар самрын салбарт 20 гаруй компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл 20 гаруй үйлдвэр ажилладаг гэсэн үг. Эдгээр үйлдвэрээс гардаг бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн аж. Тодруулж хэлбэл самрыг гаднах яснаас нь салгаад экспортлохыг хагас боловсруулсан гэж тодотгодог юм байна.
- Монгол компани самрын чөмгөөр бүтээгдэхүүн хийх талаар судалгаа хийж туршилт нь маш амжилттай болсон талаар хэвлэлээр мэдээллэж байв. Тус компани гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг компанид самрын тосоо өгөөд туршилт хийлгэхэд супер чанартай бүтээгдэхүүн гарах нь тодорхой болсон аж. Самрын чөмөгнөөс энэ мэтээр бүтээгдэхүүн гаргаад экспортолж эхэлбэл манай улс хамгийн багадаа 500 сая ам.долларыг зөвхөн самрын экспортоос олох боломжтой гэсэн тооцоо бий.
- Хуш модны самрын тосыг дэлхий даяар гайхашигтай бүтээгдэхүүн хэмээн үнэлдэг. Сонирхуулж хэлэхэд самрын тос антиоксидант өндөртэй бүтээгдэхүүн юм байна. Омего 4-өөс бусад бүх төрлийн омеготой аж.
- Хууль зүйн орчин талаасаа 2014 онд анх хуш модны самрыг хагас боловсруулж экспортлохыг зөвшөөрчээ. Манай улс одоогоор Турк, Израйль, Япон, Герман, АНУ руу самраа экспортолж байна.
- Самрын салбарын хувьд яг ойдоо буцаж зарцуулагдах зориулалтаар их хэмжээний мөнгө хуримтлагддаг аж. Сумдад хуримтлагддаг мөнгө гэхэд л энэ чигийн бизнес эрхлэгчид нэг кг самар тутамд 800 төгрөг тушаадаг юм байна. Үүнийг багцаалдвал жилд дунджаар арав гаруй тэрбум төгрөг хуримтлагддаг байна. Энэ мөнгийг яг ойдоо зарцуулбал 4-5 мянган га газар мод тарих боломжтой гэсэн статистик дуулддаг.
- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -
Буруу мэдээлэл байна. “Сумдад хуримтлагддаг мөнгө гэхэд л энэ чигийн бизнес эрхлэгчид нэг кг самар тутамд 800 төгрөг тушаадаг юм байна” КГ тутамд 800 төгрөг биш 1400 төгрөг тушаадаг шүү