2024-11-22, Баасан
-8 C
Ulaanbaatar

Өмнө нь хэзээ ч бодож байгаагүй шинэ бодлогыг зохион байгуулагч орон боловсруулдаг

Хорин гурав дахь удаагийн Азийн физикийн олимпиад тавдугаар сарын 21-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улс зохион байгуулагч орноор ажиллаж байна. АФО-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Физикийн нийгэмлэг, Физик технологийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Олимпиад зохион байгуулах хорооны гишүүн Физикийн нийгэмлэгийн тэргүүн академч Ж.Даваасамбуу, Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нартай олимпиадын хүрээнд ярилцлаа.

-Азийн физикийн олимпиад манай улсад болох гэж байна. Нийт хэдэн орноос хичнээн хүүхдүүд оролцох вэ?

Ж.Даваасамбуу: -Азийн улс орнуудын 28 орны 29 багийн хоёр зуу гаруй хүүхэд, зуу гаруй багш, ажиглагчид нийлээд 300 гаруй хүн олимпиадад оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.

-Монгол Улсаас оролцох хоёр багийн бүрэлдэхүүнд хаанахын хүүхдүүд оролцож байна вэ?

-Олимпиадад монголоос оролцох сурагчдыг МУИС болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна. Олимпиад зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэн оролцох боломжтой байдаг тул Монгол Улсаас 16 сурагчийн бүрэлдэхүүнтэй хоёр баг олимпиадад эх орноо төлөөлөн оролцох юм. Сурагчдын арав нь Улаанбаатар хотын Нэгдүгээр сургууль, Арван нэгдүгээр сургууль, Сант, Орчлон, Шинэ-Үе, Шинэ Монгол сургуулиудад суралцдаг бол зургаан сурагч нь Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудаас оролцоно. Сурагчдын хамгийн бага нь 2007 онд төрсөн бол багийн бүрэлдэхүүнд хоёр эмэгтэй сурагч багтаж байна.

-Насны ангилалтай байдаг уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болоод оюутан болох гээд бэлтгэж байгаа 21 хүртэлх насныхан оролцож болдог. Ер нь бол нийтлэг жишиг нь 10-12-р ангийн хүүхдүүд оролцдог.

-АФО хэр чансаа өндөртэй олимпиад вэ?

Н.Тэгшбаяр: -Азийн Физикийн олимпиадыг Монгол Улс хоёр дахь удаагаа зохион байгуулах эрхийг авч байна. Азийн гэдэг нэртэй боловч Австрали, Европын орнуудаас Азийн Физикийн олимпиадад зорьж оролцдог. Учир нь АФО бол чансаа өндөртэй болдог. Яагаад гэвэл олон улсын хамрагдагчдын тоо олон байдаг. Хамгийн чухал үзүүлэлт гэвэл дэлхийн хамгийн сайн амжилт үзүүлдэг айкү өндөртэй хүүхдүүд Хятад, Орос, Тайвань, Веатьнам, Сингапур, Энэтхэг, Израйл, Монгол зэрэг орнуудынх байдаг.

-АФО зохион байгуулах эрхийг ямар шалгуураар олгодог вэ?

Физик-Манай улс АФО-ыг олимпиадыг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Монгол Улсад физикийн салбар үүсч хөгжөөд хагас зуун жил болж байна. Азийн физикийн олимпиад чансаагаараа олон улсынхтай дүйдэг. Яагаад гэвэл Азийн орнуудын чансаа маш өндөр байдаг. Азид эхний байр эзэлсэн багууд олон улсын олимпиадад ч яг тэр байраа хадгалдаг. Дэлхийн топууд нь Азийн ангилалд багтдаг. Манайх олон улсаас, азиас мөнгө, хүрэл авна гэдэг бол монголын физикийн салбарын хөгжил дэлхийн түвшинд байгааг харуулж байгаа үзүүлэлт юм. Азийн физикийн олимпиад 23 удаа зохион байгуулагдаж байхад 12 орон л зохион байгуулах эрхийг авч байсан. АФО зохион байгуулах эрхийг хэн дуртай зохион байгуулъя гэсэн улс оронд өгдөггүй. Өрсөлдөөнөөс гадна тухайн улсын чадамжинд суурилан эрхийг өгдөг. Тэгэхээр энэ бол монголын физикчдэд үзүүлж буй маш том итгэл, найдвар юм. Олимпиад зохион байгуулж буй улс орон онолын гурван бодлогоо өөрдсөө боловсруулдаг бөгөөд өмнө нь хэзээ ч бодолт хийгдэж байгаагүй цоо шинэ бодлогыг боловсруулдаг.

-Манай монгол хүүхдүүдийн чансаа олон улсад болоод азид ямар түвшинд байна вэ?

-Манайх бол дэлхийн хэмжээнд яг дундуур нь байдаг. Харин Азийн хэмжээнд бол чансаатайдаа орно. Орос, Хятад, Тайвань, Сингапур, Энэтхэг дэлхийд манлайлдаг учраас нийт үнэлгээг хамгийн сайн өндөр оноо авсан хүүхдүүдийнх нь оноогоор хувилж боддог. Олимпиадын цаад агуулга бол өөрөө өөртэйгээ өрсөлдөж байдаг.

-АФО зохион байгуулах эрх авсанаар манай улсад ямар давуу талууд бий болдог вэ?

-АФО зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт энэ олимпиад нь өөрөө Азийн орнуудын Физикийн боловсролын түвшинг үнэлэх зорилготой. Хоёрдугаарт физикт дуртай хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлэх. Гуравдугаарт тухайн зохион байгуулж байгаа орны соёл, түүх, байгаль ахуйг Ази номхон далайн орнуудад сурталчилна зэрэг маш олон талын өргөн хүрээтэй арга хэмжээ. Физикийн олимпиад зохион байгуулна гэдэг бол зүгээр нэг спортын тэмцээн зохион байгуулахаас шал өөр. Сурагчдын бодох онолын гурван бодлого хэзээ ч бодогдож байгаагүй шинэ бодлого байх ёстой гэж өмнө нь хэлсэн. Онолын бодлого, туршилтын бодлогоо зохиогоод түүндээ тохирсон хэмжилтийн багажаа захиалаад үйлдвэрлээд аваад ирсэн. Энэ хүрээнд Монголд 600 гаруй лабораторийн шинээр зохиогдсон ажлын багажууд ирсэн. Зөвхөн туршилт хийгээд орхихгүй хэмжилтийн 150 багаж захиалж авсан. Физикийн олимпиадын дараа энэ бүх багаж, лабораториуд дунд сургуулийн физикийн лабораториудад тараагдана. Олон улсын 30 гаруй ажиглагч мөнгөө төлөөд ажиглагчаар ирж оролцож байна. Харин манай монголын 21 аймаг, 9 дүүргийн физикийн 30 шилдэг багү үнэ төлбөргүй ажиглагчаар оролцож маш том туршлага хуримтлуулах боломж бүрдэж байна.

-АФО хүрээнд оны эхнээс физикийн шинжлэх ухааныг сурталчлах аяныг улс орон даяар өргөн зохион байгууллаа. Энэ талаар?

-Физикийн Шинжлэх ухааныг сурталчлах, ойлгуулах, хүүхдийг дуртай болгох хүрээнд аймаг бүрд тав хоног, зөөврийн лаборатори үзүүлэнтэй ажиллав. Одоо хоёр аймагт л очих дутуу байна. Эхний хоёр хоногт аймаг, дүүрэг бүрд физикийн багш нартаа сургалт, мэдээлэл, хоёр хоногт нь хүүхдүүдэд сонирхол татах сургалт, нэг хоногт нь зөөврийн лабораторио үзүүлсэн. Энэ зөөврийн лаборатори нь 10 метрийн диаметртэй, 5 метрийн өндөртэй. Дотор нь дэлхийн гараг ертөнц, од эрхэсийн тухай үзүүлэнтэй тул нэг аймагт гэхэд мянгаад хүүхэд үзэж байсан. Энэ маань өөрөө физикийн шинжлэх ухааныг орон даяар сурталчилсан арга хэмжээ болж чадсан. Энэ зун наймдугаар сард физикийн багш нарын зөвлөгөөн хийж сургалтанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж зохих шийдэлд хүрнэ. Энэ жил бол зөвхөн олимпиадын жил биш физикийн салбарынханы жил юм.

Ж.Даваасамбуу: -Физикийн сургалтанд ямар тулгамдсан асуудал байна вэ?

-Хөтөлбөрийн зохицуулалтын маш их алдаанууд байна. Физикийн багш нар математикийн хичээл давхар заах болдог. Учир нь физикт долгион, хэлбэлзэл гэдэг ойлголтыг орох гэхээр тухайн ангийн түвшин математик аргачлалуудыг нь судалаж амжаагүй байдаг. Функцын хэлбэлзэл мэдэхгүй хүүхдэд физикийн хичээлийг заах болдог. Математикаа сурсаны чинь дараа хичээлээ заана гэх эрх багшид байхгүй. Тэгээд физикийн багш математик, физикийн хоёр хичээлийг зэрэг заагаад явж байна. Энэ бол цэвэр хөтөлбөр зохицуулалтын алдаа. Математикийн хөтөлбөрийг математикийн багш нар хийгээд орхих бус хүүхэд суурь мэдлэгийг алийг нь түрүүлж авсан байх ёстой зэрэг уялдааг зохицуулах ёстой. Бид зүгээр нэг хурал хийх биш тулгамдсан асуудлаа тодруулаад шийдвэрлэх ёстой. Тэгэхгүй бол асуудлаа шийдэж шийдэл гаргахгүй хэрнээ дор дор нэг зүйлээ давтан яриад бухимдаад явж байдаг. Ямар сайндаа математикийн багш нар тоглоомоор “…та нар вектороо сайн орчих, дараа математикаа орно” гэлцдэг. Физикийн ихэнх хэмжигдэхүүн вектор. Математикийн хичээлээр вектор ороогүй хүүхдэд физикийн багш хүч гэдэг ойлголтыг орох гээд байна шүү дээ. Энэ асуудлыг ирэх хичээлийн жилээс өмнө засна.

-Физикийн багш нарын хүртээмж дутагдалтай гэсэн мэдээлэл байдаг?

-Залуу багш нарын тоо маш цөөхөн. Хөдөө орон нутагт нэг залуу багш эсвэл тэтгэвэрт гарсан ганц хоёр настай багш нар байна. Дунд нь үегүй цоорхой гарсан. Аймаг бүрд физикийн хичээл заах багш хүрэлцээгүй учраас тэтгэврийн багш нараар хичээл заалгаж байна. Монголд физикийн хичээл заадаг 1090 багш байна. Бид багш нарынхаа чадавхийг сайжруулах ёстой. Мөн сургалтын агуулга маань маш том байгаад байдаг хэрнээ хичээл орох цаг нь бага. Миний хувьд гэхэд Их сургуулийн нэгдүгээр курст лекц ордог. Физик огт үзээгүй хүүхэд байна уу гээд асуухад 120 хүүхдээс хоёр хүүхэд гараа өргөх жишээтэй. Ерөнхий боловсролын сургуульд 12 жилийн турш сураад төгсөхдөө физикийн хичээл үзэхгүйгээр төгсөх бололцоог боловсролын хөтөлбөр бүрдүүлээд байна. Сонгон хичээл дээр физикийн хичээлийг тавьчихаар хүүхдүүд сонгохгүй төгсөх боломж нь бүрдээд байна. Физикийн хичээлийг заавал үзэх хичээлийн төрөлд багтаах ёстой. Физик бол суурь шинжлэх ухаан. Физикийн хичээл үзмээр байна гээд таван хүүхэд сонгонгуут анги дүүргэлт хүрэхгүй байна гээд мөн цуцалчихдаг.

-Яаж яваад тулгуур шинжлэх ухаан суурь боловсролын түвшинд ийм үнэ цэнгүй байдалд хүрчихэв?

-Энэ бол бид бүгдийн алдаа…Яг одоо л энэ алдаагаа шийдээд шийдвэрлээд явах ёстой. Шийдвэрлэх зарим гарц гаргалгаанууд байна. Физикийн хичээлийг нэг сургуулиас цөөн хүүхэд сонгосон тохиолдолд анги дүүргэлтгүй гэж цуцлахын оронд хотын төвийн нэгдүгээр сургууль, 31 дүгээр сургууль, Сант сургууль зэрэг ойрхон байрлалд байгаа сургуулиудын физик сонголт хийсэн хүүхдүүдийг нийлүүлээд нэг багц болгоод зааж болдог болгомоор байна. Хөдөө орон нутагт Дорнод аймгийн төвд долоон сургууль тус тусдаа тусгаар тогтносон бүх л зүйлээ өөрсдөө шийддэг. Хамтраад тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй байна. Энэ мэт асуудлуудыг боловсролын байгууллагын түвшинд шийдээд явах гарц гаргалгааг гаргаад хүүхдүүдээ суурь шинжлэх ухаан заамаар байна. Багшийн цагийн тоо бага, нөөц маш муу. Тухайн сургуульд байгаа ганц физикийн багш өвдлөө гэхэд тухайн багшийг ажилдаа ортол тухайн хичээлийг орох өөр багшгүй болсон. Энэ асуудлуудаа бид энэ зун наймдугаар сард хэлэлцэж зөвлөмж гарган Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлнэ. Түүнээс биш монголын маш олон хүүхэд физик сонирхож байна.

-МУИС-ийн физикийн ангид нэг хүүхэд суралцаж байна гээд бөөн шуугиан хоёрхон жилийн өмнө өрнөж байсан?

-Байгалийн шинжлэлийн физик, математик, химийн салбарыг сонирхогчдын зөвхөн монголд биш дэлхий нийтээр цөөрсөн. Монголын хувьд нэг хоёр хүүхдийн хэмжээнд хүрсэн нь сургуулийн хөтөлбөр зохион байгуулалтын цэвэр алдаа байсан. Нэгдүгээр курсээс элсүүлж авах юм бол хүүхэд хүрээд л ирнэ. 2014-2016 онд намайг физикийн сургуулийн захирал байхад манайх мянган оюутантай, долоон хөтөлбөртэй байсан. Одоо буцаагаад засч залруулаад жилд хориод оюутантай болсон.

-Физикт хүүхдүүдийг яаж дурлуулах вэ?

-Физикийг томъёо гэж ойлгоод байх шиг байна. Яг үнэндээ маш энгийн байгалийн зүй тогтол, үзэгдлийг тайлбарладаг. Бид хүүхдийг асаах л ёстой. Сая орон нутгаар явахдаа аймаг бүрд тав хоног ажилласан. Тав хоногт багшийг ч хүүхдийг ч мундаг болгож амжихгүй. Зөвхөн хүүхдийг асаах ёстой. Хүүхдийг дур сонирхолтой болгох ёстой. Хүүхдэд зөвхөн заах бус багш хамтдаа суралцах ёстой. Мэддэг ч зааж болдоггүй, мэддэггүйд ч зааж болдог гэж үг бий. Багш хүүхдийг өдөөж өгөх ёстой. Жишээ нь олимпиадын бодлого бол хүүхдээр өөрөөр нь нээлт хийлгэж байдаг. Асуудлыг шал өөрөөр томъёолоод оруулаад бодуулахад шууд бодчихдог. Багшийн ажил хүүхдийг тухайн хичээлд сонирхолтой болгох замаар мэдэхгүйд ч зааж болдог хичээл юм. Физикийн шинжлэх ухаан бол бүх цоожинд таардаг түлхүүр шиг гайхамшигтай шинжлэх ухаан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img