2024-09-08, Ням
17 C
Ulaanbaatar

Н.Энхбаяр: Өрнөдийн орнууд л биднийг эрчим хүчний хараат байдлаас гаргаж чадна

Эдийн засагч Н.Энхбаяраас Францын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Их долоогийн нэг, Франц гэж том гүрний Ерөнхийлөгч манай улсад айлчлаад буцлаа. Макроны айлчлалаар шийдэх боломжтой том асуудал маань юу бол?

-Өнгөрсөн хориод жил хэрэгжиж чадаагүй том төслүүдийн ихэнх нь мөнгө санхүү гэхээс илүү гадны улсын нөлөөтэй байсан. Ер нь сүүлийн далан жилийг харсан ч гэсэн бид эрчим хүчний хувьд хараат хэвээрээ л байна. Газрын тос боловсруулах үйлдвэртэй байсан чинь жараад онд осол гарангуут “Танайд ийм үйлдвэр хэрэггүй” гээд хаачихсан байх жишээний. Цахилгаан станц барих гэхээр “Өө танайд цахилгаан станц хэрэггүй. Манайхаас авчих” гэсээр ирсэн. Шуудхан хэлэхэд хуучин социализмын үед “Танайх юм үйлдвэрлээд хэрэггүй” гэдэг байсан нь нууц биш.

Энэ бүхнээс харахад манайхыг тэжээвэр улс болгох сонирхол том хөршид маань мөнхөд байсаар ирж. Одоо ч ялгаагүй, уул уурхайгаасаа олсон арван тэрбумынхаа зургаа, долоог нь түлш шатахуундаа зарцуулаад дуусч байна.

Шуудхан хэлэхэд өрийн сүлжээнд байнга байлгаад байна л даа. Гадаад худалдаан дээрээ алдагдалтай, төсөвтөө өндөр алдагдалтай яваа энэ их өрийн сүлжээнээсээ гарахын тулд дор хаяж эрчим хүчнийхээ хараат бус байдлыг олох учиртай. Эрчим хүч зөвхөн цахилгаан биш. Цахилгаан, шатдаг хий гэх мэт хэд хэдэн асуудал бий.

Тэгэхээр хамгийн түрүүнд эдийн засгаа тогтвортой байлгахын тулд ундраад байгаа өрийн урсгалаа хаах ёстой. Ингэхийн тулд эрчим хүчнийхээ хувьд хараат бус болох хэрэгтэй. Үүнийг шийдэж чадах хамгийн гол тулгуур нь өрнөдийн орнууд.

-Нээрээ л хоёр хөршийн аль аль нь манай улсыг эрчим хүчний хувьд хараат байдлаас гаргах сонирхолгүй явсаар ирлээ л дээ. Францын Засгийн газартай хамтарсан ураны төсөл амжилттай хэрэгжиж яваа. Сая айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын гэрээгээ намар байгуулна гэсэн утгатай үг сонсогдлоо. Ураны төсөл эрчимжих нь ээ?

-Таны ярьж буй төслийн ажил өнгөрсөн жил дууссан. Нөөц нь тогтоогдсон. Одоо хөрөнгө оруулалтын гэрээг манай талтай байгуулах ёстой. Хөрөнгө оруулалтынхаа гэрээг байгуулчихвал хөрөнгө оруулагч тал үндсэн үйлдвэрээ барих юм. Энэ жил хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулчихвал 2025 оноос хөрөнгө оруулалт нь хийгдээд эхэлнэ гэсэн үг.

-Шар нунтаг гаргах туршилтын үйлдвэр амжилттай ажиллаж байгаа. Тэгэхээр үйлдвэрийн зураг цоо шинээр хийхгүй, одоо ажиллаж буй үйлдвэрийн томруулсан загварыг л хийнэ гэсэн үг билүү?

-Тэгнэ. Цоо шинээр үйлдвэрийн зураг хийх шаардлагагүй. Элдэв саад гарахгүй бол хоёр жилийн дотор л баригдах үйлдвэр.

-Францтай хамтарч буй энэ боломжоо ашиглаад цөмийн энергээр ажилладаг станцтай болох боломж бий болов уу?

-Арай холын асуудал. Яг бэлэн болчихсон зүйл гэвэл та бид хоёрын ярьдаг саяны төсөл. Төслийн хүрээнд гарах түүхий эдийг “Манайх ийм юм зарна, аваарай” гээд ил зардаг эд биш. Үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрын дунд хаалттай хүрээнд арилжигддаг. Тэрэнд бид оролцох ямар ч шаардлага байхгүй. Хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд, “Манай улс шар нунтаг экспортлоно” гээд орхих учиртай. Товчхондоо бидэнтэй хамтарч буй улс өөрөө л худалдана. Хаана, яаж худалдах вэ гэж санаа зовох асуудал байхгүй. Манайд валютын урсгал нь орж ирнэ. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ.

-Геополитикийн нөхцөл байдал хүнд үед гуравдагч хөршийн том гүрний Ерөнхийлөгч айлчилсан нь нэг талдаа манай улсын ардчилалд маш том дархлаа болж өгч байна гэж харж болох уу?

-Манай тал яг ямар байдлаар хүлээж авч байгаа сайн мэдэгдэхгүй байна л даа. Дараа, дараагийн айлчлалын үеэр илүү тод харагдах байх. Нэг удаагийн айлчлалаар ингэж дүгнэхэд арай эртдэнэ. Дараагийн улс нь айлчлах сураг байгаа шүү дээ. Тэр үед л тодорхой харагдах болов уу.

-Франц улстай уранаас өөр ямар салбарт хамтрах боломж байгаа вэ?

-Францын хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн. НАТО-гийн том гишүүн. Нисэх онгоц үйлдвэрлэгч улс. Төмөр замын технологиор Японтой өрсөлдөж яваа дэлхийд тэргүүлэгч компани Францынх.Ингээд харахаар технологийн хувьд асар өндөр хөгжилтэй орон. Ийм өндөр хөгжилтэй улсын тухайд улс орных нь хэмжээнд биш ганц хоёрхон компанитай нь хамтрахад л болчих юм. Эрчим хүч, төмөр замын чиглэлээр нэг нэг компанитай хамтрахад л болчихно.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img