2024-11-22, Баасан
3 C
Ulaanbaatar

Д.Урианхай найрагчтай өрнүүлсэн философийн ярилцлагын онцлох эшлэлүүд

Зохиолч, нийтлэлч, судлаач Б.Цогнэмэхийн Азийн тэргүүн найрагч "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөлгөөний тэргүүн, зохиолч, найрагч Дамдинсүрэнгийн Урианхайтай өрнүүлсэн философийн ярилцлагыг манай сайт цувралаар хүргэсэн. Тус ярилцлагын онцлох эшлэлүүдээс хүргэе.

  • Өнөөдөр хүн төрөлхтөнд хэрэгтэй юм гэвэл, хөгжлөөсөө илүү аврал хэрэгтэй цаг, түүх тулсан байх аа! Орчлонгийн “Оршихуй”-н зүй тогтолд урагшлах үйл явцтайгаа зэрэгцээ “эгэх” үйл явц нэгдэж орчилддог нь шинжлэх ухааны судалгаанд ер баригдаагүй, танин мэдэгдээгүй юм шиг санагдаад байна. Одоо хүн төрөлхтний хөгжилд байгаль руугаа эргэх, бурхан руу эргэх, ардчилал руу бус амьдралын хариуцлага руу эргэх сэтгэлгээнд л тулгуурлах ганц зөв зам үлдсэн.
  • Монголчуудын амьдралын уламжлалт ухаант арга-амьтан бүгдийн амьдралын иш үндэс болсон агаар огторгуй, газар ус, эх байгальтайгаа шүтэн барилдаж, зүй тогтолд нь харшлах бусармаг үйлд гар сарвайхгүйгээр зохицож, айж, хайрлаж, харилцан тустай нэгдэн амьдрах сэтгэлээр түүхэн цаг хугацаагаа туулсан гайхамшигт туршлага хүн төрөлхтний хамгийн ухаалаг зөв амьдралын хэв загвар байсан нь ойрын ирээдүйд ойлгогдоно.
  • Газар дэлхий өнөөдөр хүн төрөлхтөнд эх дэлхий бус харин дайсан, өдөр бүр аюул, айдас төрүүлэх хөл доорхи “цөмийн бөмбөг” болж хувирсан. Энэ эмгэнэлт үйл явцын бодит шалтгаан нь газрыг хувьчлах, өмчлөх тэнэг сэтгэлгээ л юм. Өнөө ч, хойшид ч хүн төрөлхтний зөв амьдралын философи бол, юуны өмнө, газар дэлхийгээ бүрэлгэх “хөгжил”-өөс татгалзах, эсрэгээр, аргадах, ариглан хайрлах, хамтдаа өнө удаан оршин тогтнох сэтгэлгээний систем байх ёстой.
  • Орчлонг би дан бүтэцтэй биш гэж боддог. Нүдэнд харагдах, гарт баригдах дүр дүрстэй орчлон ертөнцтэй маань нэгдмэл хэрнээ хахь өөр дүр дүрстэй, төлөв байдалтай, хахь өөр шинж чанар, хууль зүйтэй орчлон ертөнц давхар зэрэгцэн, хосолмол бүтэц үүсгэн оршдог юм байна! гэж элдэв уншсан юмнаасаа боддог болсон. Өөрөөр хэлбэл, орчлон ертөнц дан материйн бодит үүдэлтэй ч бус, хоосон чанарын үүдэлтэй ч бус, дан хийсвэр, оюун санааны үүдэлтэй ч бус, нэг нь нөгөөгөө үүсгэдэг үйлчлэлтэй “хам чанар”-аар нөхцөлддөг хосолмол бүтэц бүхий үүтгэлтэй гэж бясалган сэтгээд тэр үүтгэлийг “Үр-эх” гэж нэрлэсэн.
  • Хүний үнэн миний бодож байснаас өөр юм байна. Дэлхийн хүмүүс хэзээ ч өмч хөрөнгөний шунал, сэтгэлийн цөв, амь амиа хичээх прагматик зан чанараасаа авсанд ортлоо ангижрахгүй хадаастай үхэх мунхагийн туйлд амьдрах үйлтэй юм шиг байна аа. Ингээд, хүний амьдрал л нийгэмд зөрчил үүсгэж, нийгмийн харилцаа хямралд ороолдож байгаа болохоор нийгэм зөрчилгүй хөгжинө гэж бодох нь утопи бодол байж!
  • Хүн төрөлхтний сэтгэлгээнд оршсоор буй нэг үхжилт бол “Хүн нэг үхэхээс хоёр үхэхгүй!” гэж ойлгодог үхширмэл ойлголт юм. Үхэл гэдэг бол хүний биед “Бодисын солилцоо” явагдахаа, эд эсийн физиологи үйл ажиллагаа үргэлжлэхээ зогсч, хүн өөрийнхөө бие махбодиор л гадаад орчинтойгоо харилцаж чадахгүй болж буй үйл явц юм. Өнөөдөр дэлхий дээр 300 гаруй “Сүнс судлалын институт” ажиллаж, зарим алдартай институт нь үхэж буй хүнээс гарч буй сүнснийх нь зургийг нэн орчин үеийн компьютерээр авч, бас, хүний сүнс шилжүүлэн суулгах “мэс засал” хийж туршсанаа мэдээлж байна. Ингэхээр, хүнд сүнс, намш гэдэг ямар нэг амьд юм байдаг, хүний бие махбод үхлээ ч сүнс нь үхдэггүй, биеэс нь гараад хүний амьдралыг үргэлжлүүлдэг нь дэлхийн шинжлэх ухаанд тодорхой болж батлагдсан үнэн юм.
  • Оюун ухааныг нь “Хүн төрөлхтний өмч”-өөр зарласан, “Орчлон ертөнц ба Бурханы томьёог тайлах анхны тоонуудын мөн чанар, тэг ба нэгийн тоонуудын жинхэнэ үүрэг, хамаарал”-ын талаарх цоо шинэ ойлголтоор дэлхийн математикийн шинжлэх ухааныг баяжуулсан гэж үнэлэгдэж байгаа М.Сидик Афган “Миний шинжлэх ухаан гурван зүйлийг баталдаг. Эхнийх нь Бурхан байдаг гэдгийг баталлаа. Хоёр дахь нь санамсаргүй зүйл байхгүй гэдгийг, гурав дахь нь бүх амьд амьтны амьдрал зүй тогтлын дагуу явагдсаныг баталсан” гэжээ. Харин дэлхийн бүх шашин Бурханы бодитой оршин байгааг нотолж Бурханы мөн чанарыг, үйл ажиллагааны нь үнэнийг, Бурхан, Хүн хоёрын харилцааны зүй тогтлыг олон талаас нь таниулан номлодог.
  • Хүн бол маш нийлмэл нөхцөл, харилцааны нөлөөлөл дунд амьдардаг. Макро орчлонгийн ч юм уу, дэргэдийнхээ ахуй орчныг ч, эсвэл Бурханы нууцлаг үйл ажиллагааны ч юм уу эрчим, мэдээлэл, долгионы үйлчлэлээр Хүн гэгч амьтан бид бодитой физик биеийнхээ бүтцээс гадна маш нарийн аура, астро гэрлэн, эфир биетүүдээс бүтдэг бүтэцтэй, тэр орон зайд нь хүний амьдралын өвчин, өтлөлт, үхэл мэтийн ойлгомжтой үзэгдлүүд, зүүд, зөн совин, ёр тохиолын сэрэхүй, сүнс сүлдэр мэтийн учир битүүлэг ойлгомжгүй үзэгдлүүд сүлжилддэг юм байна.
  • “Библ” сударт өгүүлснээр, “Бурханы бэлэг бол мөнх амь” гэдэг. Би бодохдоо, тэр “мөнх амь” бол сүнс байх гэж боддог юм. Буддагийн айлдварт ч сүнсийг мөнх, маш хөнгөхөн, цагаан, маш эерэг чанартай гэдэг. Тэгээд би заримдаа цонхоор үүл хараад, энэ тэрийг бодож суухдаа “Сүнсний тэжээл” нь сансрын гэрэл, гэрлийн эрчим, сүнсийг мөнхөд амьдруулагч хөдөлгүүр нь хөдөлгөөн, сүнс “амьд юм” болохоор хүнтэй л адил жаргал, зовлонтой, харин жаргал, зовлонгийн нь шалтгааны үндэс нь сүнсний эзний амьддаа газар дээр хүний биеэр, хэлээр, сэтгэлээр үйлдсэн буян, нүглийн үйлийн үр гэж боддог.
  • Хүн бол байгалиас заяагдсан нөхцөлөөрөө өнчин амьтан шүү дээ. Төрөхдөө ганцаараа л төрнө, хэн ч хамт төрөхгүй, ихрүүд байлаа ч гэсэн урд, хойноо орон 5-8 минутын зайтай нэг нэгээрээ цуварч төрнө. Хүн үхэхдээ ч ганцаараа л үхнэ. Ганцаараа л нэг нүхэнд булагдаад үлдэнэ. Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм.
  • Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. Монголчууд бид энэ ил болоод далд учир зүйн шалтгаанд ул үндэстэй гүн нэвтэрсэн, танин мэдэж хууль¬чилсан үндэсний нэгдмэл философигүй натурал амьдралаар олон зуунд аж төрснөөс эв нэгдлийн “татах хүч”-ний үйлчлэлгүй оршин тогтносоор ирсэн хэрэг.
  • Системд үйлчлэх ёстой нэгдлийн “татах хүч” бидэнд өнөө ч их дутагддаг. Энэ дутагдаж буй хоосон орон зай руу бид уначихаад дээшээ гарч чадахгүй тэлчигнээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрсдөө хамтдаа дээшээ хүчтэй үсэрч, өөрсдийнхөө “үсрэлтийн эрчим”-ээр нийгмээ хөгжүүлж чадахгүй, дэмий л ийшээ ч тийшээ ч гараа сарвалзуулаад ам амандаа хашхиралдаад байгаа юм. Хэн маань ч хэнийгээ ойлгодоггүй, ойлгодоггүй байгаагаа ч ойл¬годог¬гүй, ойлгодоггүйн шалтгаанаа ч ойлгодоггүй, тиймээс алив хөгжлийн ард хоцорч үлддэгийнхээ бурууг бие биеэсээ л эрээд өөрөө сугарч үлдээд, өөрийгөө буруугийн шалтгаанд оролцуулдаггүй юм.
  • Хүний амь, биеийн үнэ цэнэ гэдэг бол энэ биеэр хийж бүтээх ажил хөдөлмөрийн үнэ цэнэд оршиж байгаа юм. Түүнээс биш хүний амь, бие өөрийн мөн чанаргүй, өөрийн үнэ цэнэ агуулаагүй “хоосон сав”, зүгээр л нэг хэрэг тус нь тодорхойгүй био органик “эд зүйл” гэсэн үг! Энэ “хоосон сав”, “эд зүйл”-ийг шаварт өеөдчихөөд босч чадахгүй хэвтээ хөгшин үнээний өмнөөс ч юм уу, хавар борог өвсний ёроолоос цухуйж байгаа хөөрхөн яргуйн өмнөөс ч золиослоход ер хайран биш.
  • Хүний амьдралын жаргал бол ердөө энэ зорилгыг л биелүүлэх богино хугацааны үйл явцын үр дүн юм. Өөр юу ч биш! Зорилгогүй амьдралын цаг хугацаа бол хамгийн эмгэнэлтэй үхлийн үргэлжилсэн хугацаа байх болно.
  • “Би аз жаргалтай байна!” гэсэн мэдрэмжийг төрүүлдэг серотонин гэдэг даавар ялгаруулдаг булчирхайн эс хүний биед ажиллаж байдаг юм гэсэн. Аз жаргалын индексээр дэлхийд Балба улс тэргүүлдэг гэж сонинд бичсэнийг уншиж байсан юм байна. Балба чинь АНУ шиг дэлхийд тэргүүлэх эдийн засгийн хөгжилтэй улс биш шүү дээ. Тэгэхээр хүний жинхэнэ аз жаргалтай амьдрал гэдэг материаллаг эд хөрөнгө, өмч, мөнгө-санхүүгийн элбэг ихээс хамаардаггүй мөн чанартай юм байна.
  • Нирваан гэдэг нь энэтхэг үг. “Лааг үлээж унтраах” гэсэн утгатай гэж тайлбарладаг. “Лааг унтраах” гэдэг нь хүний амьдрал дээр болохоор “Сансрын хүрд”-ний голд дүрсэлдэг “гахай”, “могой”, “тахиа” гурван амьтнаар төлөөлүүлсэн хүний мунхаг, шунал, тачаал гурвын дөлийг унтраахыг хэлж байгаа юм билээ. Мунхаг, шунал, тачаал гурав чинь үнэхээр л хүний ухаан санааг самууруулж хүнийг нүгэлт үйл рүү гуд татдаг сэтгэлийн гурван гэм шүү дээ.
  • Буддын гүн ухааны логикт хүний амьдралын мөн чанарыг бясалгасан их сонин ойлголт бий. Энэ нь “магад гарах сэтгэл” гэж томьёологддог. Гол утга нь, эд агуурсын хэрэглээнд сэтгэлээ бүү дасга, амьдралаас уйдах сэтгэлийг үүсгэ, ертөнцийн юмс цөм “хоосон чанартай”-г тань! гэдэг юм.
  • Ошо багш “Хүн юуг хайрладаг байна, өөрөө яг түүн шигээ болдог!” гэж бичсэн байдаг. Хүн эх орноо хайрлавал өөрөө эх орон шигээ агуу, үлэмж их сайхан хүн болно, эс хайрладаг бол эх орон шигээ бус өөр ямар нэг юм шиг л хүн болно. Ямар ч гэсэн эх оронтойгоо дүйцэхээр чанар олж чадахгүй нь лав.
  • Монголчууд аль дээр цагаасаа “Сэтгэл ноён, бие боол” гэдэг философитой амьдарч ирсэн улс юм. Маш идеалист үзлийн томьёолол ч гэмээр ойлголт, ухаарал амьдрал, сэтгэлгээнд нь уламжилж үлдсэн байна. Тухайлбал, “Сэтгэлд үгүй бол нүдэнд үгүй!” гэсэн байна. Нүд гэдэг биофизик биетийн үйл ажиллагааг тодорхойлогч хүч нь сэтгэл гэж үзсэн нь дэлхийн бүх цаг үеийн сонгодог сэтгэгчид алмайн дуу алдахаар дээд гүн санаа байгаа юм. Х.Баянмөнх аваргын сэтгэлд нь Хяргас нуур нь цалгилаад байгаа болохоор нүдэнд нь оршоод үргэлж харагдаад, хамаг биеийг нь эзэмдээд байгаа хэрэг шүү дээ.
  • Европынхон хүний ухаан тархиндаа байдаг гэж үздэг, хятад хүмүүс ходоодондоо байдаг гэж үздэг, монголчууд болохоор цээжиндээ байдаг гэж үздэг онцлогтой гэж хууччуул ярьдаг. Цээжиндээ гэдэг чинь сэтгэлдээ гэсэн үг юм. Өөр утгаар хэлээгүй!
  • Монголчууд бидний ахуй амьдрал түүхэн туршаа дандаа бусдаас хараат нөхцөлд үргэлжилж ирсний үндсэн шалтгаан нь бид сэтгэлгээний хувьд тусгаар тогтнож чадаагүй, ямагт бусдын толгойгоор толгой хийж байсанд оршиж байсан юм байна.
  • Ертөнцийг, нийгмийг, хүний амьдралыг бүхэлд нь багтаан авч үзэх, хууль зүйг нээх, үйл явцынх нь үнэнийг танин мэдэх үндэсний “Монгол гүн ухаан”-ы системийг боловсруулах хэрэгтэй юм байна! гэж шийдээд нэлээд оролдого хийсэн. Амьдралд минь бүтээгүй нэг харамсалтай зорилго маань энэ юм. Үнэний “татах хүч”-нээс хэн ч сугарч чадахгүйгээс хойш харамсаад ч яах вэ! Философид “хажуугийн асуудал” гэж байдаггүй болохоор ахуйн оршихуйн бүх үзэгдлийн хоорондын нь харилцаа хамааралд, харилцааны нь зөрчил, нэгдэл, өөрчлөлт, хөгжлийн үйл явцад нарийвчлан судалж боловсруулж байж Үндэсний философийг босгох шаардлага тулгарах юм.
  • Бодоо нас өтөлж, олон жүжгийн зохиол, дууриуд, яруу найраг, эссээ, өгүүллэг, ганц нэг роман, тууж бичих ажилтай шавдан сууж амьдрал маань насны цейтнотод хавчигдаж байгаа болохоор залуугийн мөрөөдөл, төлөвлөгөөгөө хойш тавихаас аргагүй болсон. Хойд насандаа Монголдоо мэргэжлийн сонгодог философич болон төрж дутуу орхисноо гүйцээх ерөөл тавих л үлдлээ. Харин энэ зорилгыг минь өнөөгийн Монголын минь эрдэм боловсролтой, авьяас билигтэй залуусаас хэн нэг нь гүйцэлдүүлээсэй! хэмээн хүсч сууна даа.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img