Өнгөрсөн оноос эхлэн “Эрдэнэс Монгол” ХХК-д дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Энэ хүрээнд тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нээгджээ. Цаашид тус компанид бий болсон засаглалын сайн жишгийг төрийн өмчит бусад компаниудад бий болгохоор Засгийн газар ажиллаж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ төр хувийн хэвшил, бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй. Хувийн хэвшил, төрийн бус байгууллага гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг төр хийхгүй байх зарчмыг баримталж байгааг дурдлаа.
Мөн төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцлоод эдгээр компанийн
ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог байх тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ.
“Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндрөөр үнэлэгдэж ирсэн” гэдгийг дурдав. Цаашид “Төрийн өмчит компаниудад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг шинэчлэлийг нэгдсэн байдлаар хийнэ. Төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд үнэлгээний журмыг шинэчилнэ” гэлээ.