2024-12-26, Пүрэв
-20.8 C
Ulaanbaatar

Ч.Сосорбарам: Цэргийн зардал нь багасч байгаа улс дэлхийд ганц Монгол байна

“Үндэсний ой санамж, үнэт зүйл” номын зохиогч, түүхийн ухааны доктор, бригадын генерал Ч.Сосорбарамтай номын баярын үеэр таарч, цөөн хором ярилцсан юм.

 

 -Богд хаант засгийн үед улсаа яаж  хамгаалах асуудал сөхөгдөж байсан юм билээ. Тэр үед нөхцөл байдал хэцүү байж. Гамин, улаантан цагаантан гээд зүсэн зүйлийн этгээд Монголын хил давж орж ирж байж. Тэр үед манайхан өөрсдийгөө хамгаалах чадвар  мөхөс байсан  юм шиг. Тэгэхэд Чингисийн үеэс үлдсэн уламжлал, ой санамж гэж байсан юм уу?

-Ой санамжаа хамгийн их сэргээсэн үе. Үндсэн хуулийн төсөл боловсруулж байсан. Гадны Үндсэн хуулиудыг  судалсан. Миний номонд бий. Монгол Улсын Их засаг хууль буюу Монголын эрх зүйт төрийн уламжлал гэсэн бүтэн бүлэг бий. Тэр дотор Богд хааны үед ямар хууль боловсруулж байсан тухай бий.

Үндсэн хуулийн төсөл боловсруулсан ч түүнийгээ баталгаажуулж чадаагүй, гамин, бароны эрхшээлд орчихсон. Тэр үед ой санамжаа сэргээхээр Нууц товчоогоо олоод Цэнд гүнээр монгол хэл рүүгээ орчуулуулж байсан.

Сүхбаатар жанжны багш гэж яриад байдаг Жамъян гүн Судар бичгийн хүрээлэн, янз бүрийн газраас Алтан товч, түүхийн номуудаа цуглуулж байсан. Агуу юмнууд тэр үед хийгдсэн.

-Үндэсний ой санамж  гэдэг юмыг монголчууд яаж авч явж байв. Нүүдэлчид бичгийн соёл үлдээж байгаагүй гэж ярьдаг шүү дээ.

-Чингис хаан маань Монгол төрийг үндэслээд зогсохгүй үндэсний ой санамжийн хамгийн чухал, бичгээр үлдэх тэр хэсгийг үлдээсэн. Монголын нууц товчоог санаачилж, Өгөөдэй хааны үед Хэрлэнгийн хөдөө аралд дуусгасан гээд ноднин жил 860 жилийн ой боллоо шүү дээ.

Үнэхээр таны хэлдэг шиг  хот суурин байхгүй, байгуулсан хотоо устгуулаад ой санамж алдагдах аюул байсан.

Төрийн ой санамж бол  бичигдсэн түүх, ард түмний дунд явдаг соёл хоёроос үндэсний ой санамж бүрддэг. Түүхийн хувьд Монгол үндэсний ой санамж огт тасраагүй.

Их хаадын үед Монголын нууц товчоо бичигдэж, дараа нь Хубилай хааны үед Юань гүрний түүх гээд бичээд, нууцалсан нандин түүх юм. Дараа нь Эзэнт гүрний бутралын үед маш олон цагаан ястангууд Нууц товчооны төрөл бүрийн хэлбэрүүдийг бичсэн шүү дээ. Алтан товч, Эрдэнийн товч, Эрдэнийн эрхи гээд л манай ой санамж тасраагүй.

-Та бас үнэт зүйлийн талаар бичсэн байсан. Монголчуудын үнэт зүйлс юу вэ. Монголчууд үнэт зүйлгүй гэж ярьдаг хүмүүс ч байдаг шүү дээ?

-2000 оны эхээр Батлан хамгаалах яамны Бодлогын газрын дарга байхдаа “Эх оронч үзэл” хөтөлбөр Засгийн газрын хуралдаанаар оруулсан юм. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан.  Биднийг хөтөлбөрөө оруулахад сүүлд нь “Үнэт зүйлсээ хэлээдэх” гэсэн юм. Энэ асуултад бүдрээд, манай хөтөлбөр хойшлогдож, саяхан батлагдлаа шүү дээ. Үнэт зүйлс байхгүй юм уу гэхээр байна.

1911 оны монголчуудын уриа “Шашин, төрөө хамгаална”. 1921 онд тусгаар тогтнолоо хамгаалах чухал байсан. 1924 оноос пролетарийн интернационализм, эв хамтын нийгэмлэг байгуулахаар зорьсон. 1990 оноос хүний эрхийг дээдлэх үнэт зүйлс уриа гарч түүнийгээ хэрэгжүүлэхээр явж байна.

Гэтэл үнэт зүйл гэдэг үндэсний ой санамжид тулгуурласан өөрийн онцлог, уламжлал, түүх соёлдоо тулгуурлаж, ирээдүйгээ харсан, ард түмнийг нэгтгэж нягтруулдаг зүйл байдаг юм байна. Үнэт зүйлсээр улс орноо удирдуулах, үндэсний эв нэгдлээ хамгаалах талаар бусад улс орнууд айхавтар мэдэрч хэрэгжүүлж байна. Ойрхны жишээ гэхэд Сингапур улсын Ли Куан Ю  ерөнхийлөгч ямар ч байгалийн баялаггүй,  олон үндэстнээс бүрдсэн жижиг улсыг нэгдсэн үнэт зүйлтэй болгож чадсан байна. Үүнийг манай удирдагчид ойлгоод, үнэт зүйлийн талаар ярьдаг юм байна. Манайд үнэт зүйлс байхгүй биш байсан юм байна.

Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд  үнэт зүйлсээ бид олон янзаар нэрлэж иржээ. Зарчим гээд явчихдаг юм байна. Тусгаар тогтнол хүний эрх, аюулгүй байдал гэх мэтээр үзэл баримтлалд орчихсон. Одоо бид үнэт зүйлсээ тодорхойлж, хүн бүрт хүргээд, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх асуудал тулгамдаж байна. Үүнийг Монголын хөгжлийн 30-50 жилийн үзэл баримтлал дотор сая монголчуудын үнэт зүйлс гээд бичсэн юмнууд байна. Гэхдээ олон улсын жишгээр ямар  байх вэ  гэдгийг нягтлах, нэг нам, нэг улстөрч, нэг эрдэмтэн биш үндэстнээрээ хэлэлцүүлээд, түүнийгээ удирдлага болгож явах асуудал үлдэж байна. “Үндэсний ой санамж” номын гол зорилго тэр.

-СУИС-ийнхан бас монголчуудын үнэт зүйлсийг судлаад, хэлэлцүүлээд байсан даа?

-Ерөнхийлөгчөөр батлуулсан. Гэхдээ монголчуудын үнэт зүйлсийг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үү гэвэл өөр. Маш олон хэлэлцүүлэг хийсэн, мань хүртэл оролцож байсан. Гэхдээ би номондоо үүнийг үгүйсгээгүй. Ягаад гэвэл маш олон сургууль судалгаа хийсэн. Хэрэв энэ номыг үзвэл Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Удирдлагын академи, Философийн хүрээлэн, их сургуулийн нийгэм судлаачид, манай цэргийнхэн маш олон талаас нь судалсан байгаа юм.

Гэхдээ нэг дутагдал бий. Нэгдээд нэг цэгт  төвлөрч, бие биенээ хүлээн зөвшөөрөөгүй. Удирдлагын академид гэхэд Герман, Орос, Монголдоо төгссөн маш олон судаачид бий. Тэд янз бүрийн юм бичиж байна. Үнэт зүйлс гэдэг нэрэн дээр хүртэл нэгдээгүй байгаа юм. Үнэт зүйлс гэх үү үнэлэмж гэх үү?

Энэ зүйлийг бүх судалгааны байгууллага, нийгмээрээ хүлээн зөвшөөрч байж үнэт зүйлс нэгтгэгддэг юм байна гэсэн санааг бид гаргаж ирсэн.

Ой санамж гэж юм бүтэн болж байж түүх зөв, нэг талыг бариагүй байж, соёлоо сайн судалж байж үнэт зүйл тодорхойлогдоно. Тийм учраас би “Үндэсний ой санамж ба үнэт зүйлс” гэж номыг Философийн хүрээлэн, түүхийн хүрээлэн, түүхчид цэргийнхэн, нийгэм судлаачид бүгд нийлж ийм санаа гаргаж байгаа юм. Энэ бол бүрэн боловсорсон юм биш цаашдаа судлагдах учиртай. Тийм учраас зорилт тавиад ном гаргасан юм.

-Хойд хөршид маань дайн болоод байна. Үүнээс улбаалаад хил хязгаарын бүрэн бүтэн байдал, үндэстэн өөрийгөө хамгаалах тухай сошиалд яриа хөөрөө өрнөөд байгаа юм. Мөргөлдсөн самуурсан улсууд хил даваад ороод ирвэл яах вэ. Манай зэвсэгт хүчин, эрчүүд өөрсдийгөө хамгаалах чадвартай юу?

-Бидний номонд байгаа. Монголчууд газар нутгаа яаж хамгаалж ирсэн бэ.

 Бид цэрэг ард түмэн байсан. Нүүдэлчдэд байнгын арми  байгаагүй. Ард түмэн эх орноо хамгаалахад бэлтгэлтэй байдаг.

Хуучин бол бүрээн дуунаар айл болгоноос зэвсэгтэйгээ морьтойгоо, оч гэсэн газар очиж чаддаг байсан. Ан гөрөө гэх мэт ажлаар цэргийн бэлтгэл хангадаг байсан. Манжийн дарлалд ороод бүрээ дуугарахаар айлаас нэг цэрэг, хоёр лам гарч ирдэг болсон. Ийм түүхтэй улс. Хятад, Орос хоёр том гүрэнтэй хил залгаа, түүхээрээ сэжимтэй улс яах вэ гэж бодохоор хамгийн түрүүнд бид өөрийгөө ухаарах ёстой.

 Бид үндсэндээ гадны эрхшээлд байсан. Ерэн онд бидэнд өөрийн толгойгоор сэтгэх, өөрийнхөөрөө явах боломж гарч ирсэн. Ерэн онд дэлхий даяарчлагдлаа. Ардчилсан улс боллоо. Нийтлэг үнэт зүйлстэй болчихлоо. Бид хоорондоо байлдахгүй гэцгээсэн.

Хүйтэн дайны үед  ч орон бүхний пролетариуд нэгдчихвэл хоорондоо байлдахгүй гэж байсан. Тэгсэн чинь яалаа. Хятад, Вьетнам байлдаад,   Хятад, Орос хоёр байлдаад  пролетарийн интернационализм чинь дайн байлдааныг зогсоохгүй юм байна. Үндэсний эрх ашиг гэж байдаг юм байна гэж үзсэн. Таны түрүүний асуусан шиг нөхцөл байдал Монголд тохиолдож байсан.

Бид тусгаар тогтнолоо 1911  онд олоод, 1919 онд яагаад алдсан гэхээр гамин, барон нь ч орж ирсэн. Хятадууд хүчээр орж ирээгүй юм байна. Монголчууд өөрсдөө Хятадын цэргийг урьчихсан юм байна гэж сүүлийн үед түүхчид яриад байна.  Урих үндэс нь Оросын иргэний дайн, япончуудын удирдлагатай Манж Го улс байгуулагдсан. Хаанаа алчихдаг юм байна, баян хүмүүсээ бариад хорьчихдог юм байна. Монголчууд хүнд байдалд орох нь гээд. Үүнийг нь ашиглаад хятадууд уут уут мөнгө өгч байгаад, манай ноёдоор гарын үсэг зуруулаад, Хятадын цэргүүдийг урьчихсан шүү дээ.

Байлдах чадвартай байсан уу гэвэл 1915 онд бид байлдаад, хятадууд сандраад, Оросыг гуйгаад, манай цэргүүдийг буцааж гаргаж байсан.

1921 онд 400 монгол цэрэг 10 мянган хятадыг дийлээгүй гээд Баабараас эхлээд улайм цайм ярьдаг. Гэтэл Н.Баатархуяг  зэрэг түүхчид бид судлаад байсан Орос цэргийн сургагч бэлтгэсэн  мэргэжлийн цэрэг байсан юм билээ. Мэргэжлийн цэрэг бий болсон, эд байлдсан. Мэдээж Оросуудын тусламж дэмжлэгийг авсан.

-Богд хааны үед Оросоос цэргийн сургагч зөвлөхүүд  нэлээд авчирч хүмүүсээ бэлтгэсэн юм биш үү?

-Надежный гэж цэргийн даргатай манай Сүхбаатар жанжин олон цэргийн дарга нар тэнд сургагдсан. Тэнд сургагдсан цэргүүд Хатанбаатар, Манлайбаатарын удирдлага дор 1915 онд Өвөрмонгол руу ороод, чөлөөлөхөөр барахгүй цаашилсан. Оросууд буц гээд буцаад гарсан.

-Өөрсдийгөө хамгаалах боломжтой байсан гэж та хэлэх үү?

-Өөрсдийгөө хамгаалах боломжтой байсан. Одоо ч Чингис хааны онол номыг мэдээд, өөрсдийнхөө ухамсраар явбал бидэнд боломж нь байна гэж хэлье. Жишээлбэл, би энхийг сахиулахад оролцсон анхны генерал. Иракт үүрэг гүйцэтгэсэн. Афганистан, Африкт цэрэг илгээхэд Засгийн газрын хуралдаанаар оруулж байсан. Түүхэн гэрч, өөрөө явж үзсэн. Монгол цэрэгт Чингис хааны үлдээсэн нүүдэлчдийн чадвар бий. Монгол цэргийг хаана ч хүндэтгэдэг.  Гурав дахь хөршийн хувьд эдийн засгийн бодлого нэг их сайн явахгүй байна.

Батлан хамгаалах салбарын хувьд хамгийн сайн явж байгаа. Бүх зөвлөлдөх уулзалтыг тэргүүлэх улсуудтай Орос, Хятадтай хамтарсан сургууль хийгээд явж байна.  Бид чадвартай улс. Гагцхүү бид өөрсөддөө итгэх ёстой.

-Нэг жилийн цэргүүд хэр чадвартай вэ?

-Сурна. Олон жил сургах эдийн засгийн боломжгүй. Ерөнхийлөгч  Х.Баттулга гурван жил цэргийн алба хаалгая гэдэг санал тавьж,  манай генералуудтай уулзаж байсан. Би тэнд хэлж байсан. Манайх гэрээт цэргээр бүтээн байгуулалтад оролцох боломж нь байна. Мөнгийг нь өг л дөө. Түүнээс биш хугацаат цэргийн албан хаагчдаар зүгээр бариулах үндэс ардчилсан нийгэмд байхгүй. Хоёрдугаарт гурван жилийн цэргийн алба хаалгана гэвэл 250 мянган хүнтэй арми бий болно. Зөндөө асуудал гарна гэсэн. Ерөнхийлөгч бол намайг шүүмжилсэн, эсэргүүцлээ гэж хэлж байсан.  Тухайн үедээ би саналаа хэлсэн. Энэ чиглэлээр бичсэн орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгтэй яаж болох вэ  гэдэг юмнууд бий. Энэ талаар бол тусдаа ярилцах ёстой гэж би ойлгож байна.

-Хилээр  мөргөлдсөн түрхэрсэн улс орж ирэх боломжгүй гэж та үзэж байна уу?  -Зэвсэгт хүчин байна.

Тэгж дайрах үндэс байхгүй. Монголчуудаас өөрсдөөс нь олон юм шалтгаална. Бид ухаалаг байвал гурав дахь хөршүүд маань байна. Зэвсэгт хүчин гэдэг аюулгүй байдлыг хангах үндэс.

-Манай цэргүүдийн зэвсэг техникийн хүчин чадал ямархуу түвшинд яваа юм бол?

-Энхийг сахиулахад оролцсоноор монголчууд холбооны техниктэй, өөрийгөө хамгаалах зэвсэг техниктэй, орчин үеийн гибрид дайнд өөрийгөө хамгаалах аргад суралцлаа. Ямар зэвсэг техник хэрэглэх ёстой гэдгийг Орос, Украйны дайн харуулсан. Бид хямд, маш олноор үйлдвэрлэж чаддаг дроноор байлдах ёстой юм байна гээд хариулт гарчихлаа шүү дээ.  Энэ талаар бид аль ерэн оноос цэргийн шинэчлэлтийн хүрээнд тавьж байгаа. Олон улсын хурлын үеэр өчигдөрхөн яригдсан. Цэргийн зардал нь багасч байгаа улс  дэлхийд ганц Монгол байна.  Тэгэхэд бүх улсуудынх дунджаар 30-40 хувь нэмэгдэж байна.

-Үүнд бид дүгнэлт хийх ёстой юу?

-Хийх ёстой. Олон улсын харилцаа өөр болж байна. Өөрийгөө хамгаалах ёстой, үүнд ухаалаг хандах хэрэгтэй гэдгийг бодох ёстой.

 -Украйны дайны үеэр цэргийн удирдагчид нь хаана боловсрол эзэмшсэн гэдэг асуудал  яригдаж байсан. Энэ талаар манайхан ямархуу вэ?

-Хамгийн сонирхолтой асуудал. Манай зарим дарга үүнд санаа зовдог.

Манай офицерууд Америк, Хятад, Орос, Япон, Турк, Энэтхэг, Герман гээд  бүх хөгжилтэй газар 60 хувь нь боловсрол эзэмшсэн.

Бүгд төгсч ирээд ажиллаж байгаа. Дайн болвол алингаар нь явах вэ гэж зарим нь ярьдаг. Гэхдээ бид монгол аргаараа  л явна, бүгдээс нь сайныг нь сурна гэдэг санаа бий.

-Та бас гадаадад сурсан билүү?  

-Миний хувьд  Монголын үндэсний цэргийн академиа төгсөөд, Орост  академи төгсөөд, дараа нь Америкт жанжин штабынх нь академийг төгссөн хүн. Гэхдээ хаана ч явсан монгол гэдэг юм нь байж л байгаа.

Монголчуудад уламжлал бий. Өөрийгөө ухамсарлаад, ой санамжаа сэргээгээд, нэг үнэт зүйл эв нэгдэлтэй байвал монголчуудад боломж нь бий. Агуу түүх байна. Америкт очоод дэлхийн цэргийн энциклопед үзсэн. Франц гаралтай америкчууд бичсэн хоёр том зузаан ном байдаг.  XIII,  XIV  зууныг монголчуудын зуун гэж тодорхойлсон. Монголын цэргийн урлаг Монгол цэргийн жанжин  Зэв, Сүбээдэй хоёрын хажууд Англи, Германы цэргийн жанжнууд бол хүүхдүүд байсан юм гэж бичсэн байна лээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img