2024-11-21, Пүрэв
1 C
Ulaanbaatar

И.Томоко: Хүүхдээ харж гэртээ суудаг залуухан бүсгүйчүүдэд урам өгсөн контент бэлдэхийг хүсч байна

“Михачи” компанийн захирал Ибүкүро Томокотой ярилцлаа. Бидний яриа хүнсний аюулгүй байдал, бүсгүйчүүдийн сэтгэл зүй, удам судар гэсэн өнцгүүдээр өрнөсөн юм. Томокогийн удам судрын тухай сонирхолтой ярилцлагыг маргааш манай сайтаас сонирхоорой. Энэ удаа антибиотиктой зөгийн балаас эхэлсэн хүнсний аюулгүй байдлын тухай яриаг таны өмнө дэлгэж байна. Хүүхдээ хараад гэртээ суудаг бүсгүйчүүдийн тухай цухас хөндсөн хэсэг ч анхаарал татахуйц өнцгөөр өрнөлөө.

– Зөгийд өвчин гарсан үед эмтэй тэжээл өгдөг. Монголд бараг тэгдэггүй ч гэсэн оросууд эмтэй тэжээлийг замбараагүй хэрэглэдэг. Манай компани нэг удаа Оросоос зөгий авлаа. Худалдаж авсан зөгийнүүд маань балтайгаа ирчихэж. Тэр балыг Япон руу шинжилгээнд явуулсан чинь антибиотиктой гарчихаж байгаа юм –

-“Бидний цөөхөн монголчууд”-ын М.Зоригт та хоёрын нэг зураг мэмэ болчихсон яваад байдаг. Тэр ямар түүхтэй зураг вэ?

-Зүгээр л зөгийний тухай ярьж зогссон агшин (инээв). Намар цаг л даа. Зөгийний ажил ерөнхийдөө дуусчихсан үе. Үйлдвэр дээр Зоригт ах ирсэн юм. “Зөгий үзэх үү” гэсэн чинь тэгье гэж байна. Хүйтэн өдөр байсан болохоор даарч бээрээд ярьж байгаа царай нь (инээв).

-Буянгийн Жаргалсайхантай селфидсэн харагдсан. Ямар яриа хөөрөө өрнүүлэв?

-Нэг их яриа өрнүүлээгүй ээ, зүгээр л селфидсэн юм.

-Мань эрийг улстөрч талаас нь хэр мэдэх вэ?

-Сайн мэдэхгүй. Тэр дундаа улстөрчийн ярилцлага энэ тэрийг сонирхож үздэггүй.

 Юу сонирхож байна вэ?

-Хоол хүнс их сонирхож байна. Сүүлийн үеийн миний сэдэв хоол хүнс, хүнсний аюулгүй байдал болсон. Манайх зөгийн бал савлахаас гадна жигнэмэгийн үйлдвэртэй болчихсныг та анзаарсан байх. Хүнсний үйлдвэр ямар гоёыг яг утгаар нь мэдэрч байна даа. Сүүлийн үед бүр дурлаад байгаа. Хүнсний тухай юм бичдэг хүн байвал уншмаар санагдах болсон. Улстөрч байсан ч хамаагүй, хүнсний тухай бичдэг бол уншина (инээв).

-Нэг хэсэг нэвтрүүлэг хийж харагдсан, одоо комеди хийж байна. Хүнснээс гадна энтертайнментын хүн болчихлоо гэж хараад байгаа?

-Санамсаргүй байдлаар энтертайнментын хүн болчихсон. Эхэндээ дурлаж хүсч ороогүй. Амьдралын шаардлагаар орсрн юм. Сүүлийн үед хоббигоо болгож эхэлсэн. Сонирхолтой санагдаж байгаа. Сүүлд Японы тухай нэвтрүүлэг хийлээ. Хүнийг баярлуулах, инээлгэх, уйлуулах ажил дурлам юм аа, бас.

-Хүнсний тухайд бид ямар алдаа гаргадаг бол. Танд анзаарсан өнцөг бий байх…?

Ибүкүро Томоко

-Японд төрж өссөн болохоор ямар ч хүнсийг дэлгүүрт зарагддаг юм чинь аюулгүй байлгүй дээ гэж боддог байсан. Харамсалтай нь тийм биш болохыг ойлгосон. Ер нь хүнсний тухайд эрүүл мэндэд сайн, муу гэдэг чинь дараагийн асуудал. Юуны өмнө аюулгүй байх ёстой. Энэ шалгуурыг даваад явахаар органик энэ тэр гээд цаашлах учиртай. Гэхдээ эхлээд аюулгүй байх ёстой. Зөгийн балаар дамжуулж хүнсний салбарт оронгуутаа хүнсний аюулгүй байдал маш барьцгүйг мэдэрсэн. Жижиг үйлдвэртэй байхад зөгийн балыг таван кг-ын саванд хураагаад савлаж зардаг байлаа. Өнөөхөө зарчихаад ахиад л таван кг-аар савлаж зарна. Тэгж зарж байсан ч гэсэн жилдээ нэг удаа шинжилгээ хийлгэж явсан. Таван кг тутамд шинжилгээ хийлгэх компани байхгүй л дээ. Таван кг тутамд тавь, зуун мянган төгрөг өгөх боломжгүй. Хурааж авахдаа хэд хэдэн тонноор нь хольж хутгаж, нэг багц болгож байж шинжилгээ өгөхгүй бол барахгүй. Бид тэгж байгаа юм чинь бусдад нь бүр хэцүү нь ойлгомжтой. Ийм байж болохгүй, хүнсний хамгийн гол баталгаа болох шинжилгээг үнэн зөв гаргах нь их чухал.

-Бид тийм шинжилгээ хийж чадаж байна уу?

-Харамсалтай нь чадахгүй байна. Мэргэжлийн хяналтаас хүн ирэхээрээ өмсч зүүснийг хараад “Наад хувцас чинь халтар юм биш үү” гэсэн хэмжээнд л байгаа. Мэргэжлийн хяналтын газар одоо байхгүй болсон л доо. Ер нь энэ чигийн албаны хүмүүс хамгийн чухал нь юу билээ, хамгийн аюултай нь юу вэ гэдгийг анзаардаггүй.

-Зөгийн балны хувьд хамгийн том аюул гэвэл юу байж болох вэ?

-Зөгийд өвчин гарсан үед эмтэй тэжээл өгдөг. Монголд бараг тэгдэггүй ч гэсэн оросууд эмтэй тэжээлийг замбараагүй хэрэглэдэг. Манай компани нэг удаа Оросоос зөгий авлаа. Худалдаж авсан зөгийнүүд маань балтайгаа ирчихэж. Тэр балыг Япон руу шинжилгээнд явуулсан чинь антибиотиктой гарчихаж байгаа юм. Зөгийн балны доторх антибиотикийг судалж, шалгадаг газар Монголд байхгүй. Хүнсний аюулгүй байдал хэцүү болсны нэг жишээ л дээ. Хүнс хийх явцдаа янз бүрийн аюултай юм байна гэдгийг үйлдвэрлэгчид ойлгох нь их чухал. Үйлдвэрлэгчид энэ бүхнийг ойлгочихвол аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд асуудал байхгүй.

-Манайхан Орос зөгийн балыг хямд учраас их хэрэглэдэг. Антибиотиктой зөгийн бал хэрэглээд яваа юм байна л даа. Үндэсний зөгийчид маань, жишээ нь танай компани эмтэй тэжээл өгч байна уу, зөгийнүүддээ. Өвчин гарвал яаж эмчилдэг юм бол?

-Зөгийний өвчин гарна л даа. Эм хэрэглэхгүйгээр эмчлэх арга бий. Тэр аргыг хэрэглэхэд хугацаа их шаарддаг учраас хохиролтой байдаг. Хохирол амсахгүйн тулд антибиотиктой тэжээл өгчихдөг. Жил гаруйн өмнө ОХУ-аас баахан зөгийн бал орж ирсэн юм. 2022 оны гуравдугаар сард бараг хориод тонн зөгийн бал орж ирсэн санагдаж байна. Гэтэл бидэнд “Монголд савлагдсан Оросын зөгийн бал” гэсэн шошготой бүтээгдэхүүн харагддаггүй. Зөгийнд өвчин гарсан үед манайх шинээр зөгий гаргахгүй, үржүүлэхгүй арга хэрэглэдэг. Үржлийг нь зогсоодог гэсэн үг. Ихэнх өвчнийг авгалдайнууд авчихдаг юм. Үржлийг нь зогсоочихоор ямар ч өвчин аажимдаа эдгэдэг. Монголд тийм ноцтой өвчин байдаггүй. Хэрвээ айхавтар ноцтой өвчин дэгдвэл устгахаас өөр аргагүй.

-Хойноос орж ирсэн зөгийн балыг “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой зардаг байх эрсдэл өндөр л юм байна?

-Магадгүй. Шинжилгээг нь хийх газар байхгүй нь маш том асуудал. Хаана яаж савлаад байгааг нь хэн ч мэдэхгүй байна гэдэг том эрсдэл. Хүнсний аюулгүй байдлыг бид энэ мэтээр анхааруулж таниулж явах гарц л үлдсэн байна. Хэрэглэгчдэд нэг том алдаа бий. Мал, амьтанд хайнга хандаад хурааж, бэлдсэн зүйлийг эко гэж андуурдаг. Зөгийн балны хувьд гэхэд л зөгий байгалийн цэцгээс дураараа очиж авсныг нь сайн гэж боддог. Хүний гар орохгүй байх тусмаа сайн юм гарна гэж үздэг. Үнэн хэрэгтээ тийм биш. Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй газрын ойролцоох цэцэгсээс бал хураасан зөгий байвал яах вэ? Тийм бал эко байж чадах уу? Энэ мэт олон асуулт гарч ирнэ. Сайн юм хийе гэж хүсч зорьсон хүний ажил, сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн л аюулгүй.

-Органик, эко гэсэн ойлголтын талаар ингэж бодож яваагүй юм байна шүү. Би л хувьдаа их сайн бүтээгдэхүүн гэж ойлгосоор ирсэн…?

Ибүкүро Томоко-Аюулгүй хүнс гэдэг их өөр ойлголт. Малын тэжээлээс эхлээд яригдах учиртай. Яг уурхайн хажуу дахь цэцэгсээс бал хураасан бол яах вэ? Уурхайн үйл ажиллагааны бүсийн ойролцоох хэсгийн цэцэгсээс хураасан зөгийний балнаас хүнд металл гарах нь ойлгомжтой. Зөгий балны тухайд уламжлалт арга гэж Монголд үгүй. Саяхнаас л хөгжиж эхэлсэн аж ахуй.

-“Томокогийн жигнэмэг”-ийнхээ түүхий эдийг хаанаас авдаг вэ?

-Зөгийн бал орцонд нь багтсан, Сэлэнгэ аймагтай холбоотой, гадаад хүмүүст бэлэг, сувинер болохоор бүтээгдэхүүн хийе гэж бодоод “Томокогийн жигнэмэг”-ээ хийж эхэлсэн. Мэдээж амттай, аюулгүй байх ёстой. Манайх Сэлэнгэд “Алтан тариа”-ны үйлдвэртэй ойрхон байдаг юм. “Алтан тариа” -гааса масло, гурилаа сонгосон. Гаднаас худалдаж авсан зүйл гэвэл элсэн чихэр байна. Манай жигнэмэг кофе, байхуу цайны амттай гэсэн төрлүүдтэй. Тэр утгаараа амт оруулагч бүтээгдэхүүнээ гаднаас авч байна. Жигнэмгээ Сэлэнгийн, Монголын брэнд болгох гэж хичээнэ дээ.

-Ингэхэд танайх хэчнээн төрлийн зөгийн бал үйлдвэрлэдэг вэ?

-Зөгийн балны хувьд рапсын, байгалийн цэцэгсийн, ганга өвсний гэж гурван төрлөр үйлдвэрлэж байна.

-Ганга өвснөөс гаргаж авсан зөгийн бал гэхээр сонирхолтой санагдаж байна. Амт нь ямархуу бол?

-Их содон гоё амттай. Өнгөрсөн жил багавтар авсан учраас одоогоор дэлгүүрт байхгүй.

-Пэйж хуудас нээсэн харагдсан. Хоолоор дагнасан контентууд хийх нь гэж ойлгосон…?

-Гол сэдэв нь мэдээж хоол. Гэхдээ өөр ч зорилго бий. Намайг фэйсбүүкээр дагадаг хүмүүсийн ихэнх нь 25-35 насны эмэгтэйчүүд юм байна. Эднийгээ урамшуулах, баярлуулах контентууд олныг хиймээр байна. Хүүхдүүдтэй эмэгтэйчүүд нөхрөөсөө илүү их ядардаг. Биеэрээ ч, сэтгэлээрээ ч. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэй хүн өөрийнхөө төлөө юу ч хийж чадахгүй.

Нийгмээсээ гээгдсэн мэт мэдрэмжтэй амьдардаг. Залуу насаа эргээд дурсахад нийгмээс тасарчихлаа гэж бодохоосоо айгаад гадагшаа их гардаг байж. Тэр хэрээрээ их ядардаг, хүүхдээ хаячихсан юм шиг гэмших мэдрэмж төрнө. Бага насны хүүхдүүдтэй бүсгүйчүүд нөхөр шигээ гадуур чөлөөтэй явахаараа гэмших мэдрэмжид эзлүүлдэг. 25-35 насныхан гэхээр гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд байдаг л даа. Энэ бүсгүйчүүдэд өөрийгөө хүлээн зөвшөөрөх мэдрэмж төрүүлэхээр, урам өгөхөөр контент хийе гэж бодож байна. Илүү сайхан амьдрах сэдэл сэжүүр өгөх юмсан, “би ганцаараа биш юм байна” гэсэн бодолтой урамтай алхахад нь хөг өгөх юмсан гэж бодож байна.

-Охиныхоо хоёр насны төрсөн өдрийг “наполеон”-той тэмдэглэсэн дурсамж чинь олон ээжид дулаахан дотно мэдрэмж өгөхөөр юм билээ шүү…?

-Төрсөн өдрийн бялуу нь яг үнэндээ наполеон байгаагүй юм аа. Тэргүүн байсан юм. Тэргүүн гээд биччихсэн чинь нэг хүн чатаар “Тэргүүн” гэдэг архины зураг явуулдаг байгаа (инээв). Тэгээд “наполеон” болгоод биччихсэн хэрэг. Тэр үед би нөхөргүй байсан юм. Мөнгө муутай, их ядарч байсан цаг л даа. Гадаад хүн болохоор тэр үү, эсвэл зүгээр л тийм хандлага нийтлэг байсан уу маш олон хүн өөлнө, гоочилно.

Ялангуяа найз биш хүмүүсээс тийм өнгөтэй үг их сонсоно. Одоо миний насан дээр ч ийм зовлонтой яваа хүн олон байх. Тэр хэцүү мөчөө одоо эргээд бодох нь ээ муухай биш санагддаг. Пэйжээ хөтлөхдөө үүнийг л мэдрүүлэхсэн гэж хүсч байгаа. Толстой амьдралын зовлонгийн тухай “Анна Каренина”-даа “Жаргалтай хүний амьдрал ойролцоо, зовлонтой хүмүүсийн амьдрал өнгө янз бүрийн” гээд биччихсэн. Зовлон нээрээ л олон янз. Мөнгөний, гэр бүлийн гээд жагсаавал урт жагсаалт гарах байх. Зовлонг ингэж харвал мөнгөгүйн зовлон тийм том асуудал биш. Зовлонг даван туулсан түүхээ ярихаар яг тэр зовлонг туулж яваа хүмүүст том урам болдог. Тийм бодлоор таны сонирхсон түүхээ бичсэн юм. Монголд энгийн хүний түүх гэж байдаггүй. Энгийн хүний амьдралыг харуулсан уран зохиол ч ховор. Энгийн хүний амьдрал түмэн өнгөтэй шүү дээ, уг нь. Нэг компанийн дундаж ажилчны амьдралыг харуулсан нэвтрүүлэг байна уу гэхээр мөн л алга.

-Нээрээ л таны оруулсан “наполеон”-той пост “Томоко ч энэ зовлонг туулаад гараад ирж, би ч туулах ёстойгоо туулаад явж байна, амьдрал маань сайхан л байна шүү дээ” гэсэн сэдэл өгнө гэдгээрээ илүү үнэ цэнтэй юм байна.

-Миний зорьж бодсон зүйл энэ сэдлийг төрүүлэхсэн гэсэн хүсэл л байсан. Залуу бүсгүйчүүдийг стресст оруулдаг зүйл өчнөөн. Наад зах нь гэхэд үеийнх нь найзууд гээд харахаар хоорондоо зиндаархдаг.

-Тийм хандлага ч тод анзаарагддаг шүү. Ингэхэд та ярилцах бүрдээ өмсч ирдэг өнөө бор цамцаа өмсөхөө бүр больжээ.

-Тэр цамц чинь урагдчихсаан (инээв). Урагдаагүй бол өмсөөд ирэх байлаа.

-Томоко чам руу бүсгүйчүүд асуудлаа ярьж чат бичдэг үү?

-Би ер нь хүний зовлон сонсдог төрлийн хүн биш л дээ. Яг сэтгэлээ нээж хандсан тохиолдол байхгүй. Харин заримдаа дэмжлэг хүссэн чат ирдэг. Иймэрхүү дэмжлэг дээр ямар бодолтой явдгаа би танд өмнөх ярилцлагадаа их тодорхой хэлсэн.

-Урам авлаа гэсэн утгатай сэтгэгдэл ирж байна уу?

-Наполеонтой постны доор тийм агуулгатай коммент их байсан.

-Ингэхэд охин нь их жаахандаа Монголд ээжтэйгээ амьдраад эхэлжээ. Япон хэлэндээ хэр вэ?

-Ой гарантайгаасаа л ээжтэйгээ Монголд амьдарч эхэлсэн. Япон хэлэндээ муу шүү. Сонсоод ойлгодог ч нарийн зүйлсийг ойлгодоггүй. Монголоор жишээлж хэлэх гээд үзье. Монгол бүсгүйчүүд нөхрийгөө хар хүн гэдэг дээ. “Манай хар хүн” гэвэл шууд хар арьстай хүн гэж ойлгох хэмжээний япон хэлтэй бүсгүй бий, манай охин (инээв).

-Охин чинь Япон руу эмээ, өвөөдөө хэр очиж байна вэ?

-Короногоос хойш очоогүй. Одоо очих гэж байгаа. Сонирхуулж хэлэхэд охин маань хүүхэдтэй болсон. Нөхөр бид хоёр зээдээ амь. Манай нөхөр бүр илүү хайрлана. Зээ маань пийпаа тоорой үзэх их дуртай. Манай хүн дуртай киноных нь баатрыг харуулна гээд Сэлэнгийн хогийн цэг дээр очиж гахай харуулсан байгаа юм. Өнөөх нь сонирхоод жигтэйхэн хөөрч баяссан гэсэн (инээв).

И.Томоко: Аавын минь өвөг дээдэс самурай цолыг 300 гаруй жилийн өмнө худалдаж авсан юм билээ

И.Томоко

-Та өвөг дээдсийгээ самурай хүмүүс байсан гэсэн Аав, ээж, удам судрынхаа талаар сонирхуулаач, Томоко?

-Ээж минь урд нутгийн хүн. Харин аав хойд нутгийнх. Аавын маань гэр бүл нутгийн толгой баячууд байсан юм билээ. Ээжийн гэр бүл өөрсдийгөө болгох хэмжээний амьдралтай хүмүүс байсан гэдэг. Ээж удмаа ярьдаггүй учраас ээжийнхээ өвөг дээдэс ямар хүмүүс байсныг би сайн мэдэхгүй.

Одоо эргээд бодох нь ээ ээж удмынхаа тухай мэдэхгүйдээ биш ярих дургүй байсан юм шиг санагддаг. Аавдаа хаягдсан болохоор удмаа ярих дургүй байж дээ гэж боддог юм. Ээжийн ээж их сонин хүн байсан. Амбаар шиг жижигхэн сууцанд амьдарна. Авсан цалингаа сүлжээний бүтээгдэхүүн, захиалгын хувцсанд үрчихнэ. Ганган гэж жигтэйхэн. Мөнгө олдог ч хэтэрхий үрэлгэн, хэрэглээгээ зохицуулах ямар ч чадваргүй хүн байсан. Эмээг нас барахад гэрээс нь захиалж хийлгэсэн шинэ хувцаснууд өчнөөнөөрөө гарч ирсэн. Ээж тэр хувцаснуудыг нь юу ч хэлэлгүй дуугүйхэн шатаачихаж билээ. Тухайн үед эмээгээс үлдсэн шинэ хувцаснууд надад таарахаар байсан ч ээж шуудхан шатаасан нь цаанаа учиртай байсан болов уу. Ээждээ гомдсон сэтгэлээ л тэгж илэрхийлсэн байх гэж боддог юм.

Ээж минь хааяа хааяа “Би их хэцүү амьдралд өссөн өрөвдөлтэй хүн. Та нар намайг хайрлах ёстой шүү” гэж хэлдэг байсан нь санаанаас гардаггүй. Токсик харилцаа байгаагүй л дээ. Гэхдээ л их “даам байсан” (инээв). Аав ээжийг их хайрлана. Эргээд бодохоор хайр, өрөвдөх сэтгэлийн аль нь давамгайлсныг хэлж мэддэггүй юм. Аав минь баян айлын хамгийн бага хүү. Аав, ээждээ нэг ч загнуулж үзээгүй гэдэг. Манай Японд нутгийн аялгуунууд маш том ялгаатай. Аавынхаа талынхантай хэл нэвтрэлцдэггүй байлаа (инээв). Аав маань улсын нисгэгчээр тав орчим жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн бий.

-Нисгэгч гэхээр онгоц жолооддог байсан гэсэн үг үү?

-Онгоцны жолооны багш байсан юм. Түрүүн та өвөг дээдсийг маань самурай хүмүүс байсан тухай санууллаа. Сонирхуулж хэлэхэд аавын талын өвөг дээдэс гурван зуу гаруй жилийн өмнө самурай цолыг худалдаж авч байсан юм билээ. Манай удам наймаачин ихтэй байсан гэдэг. Долоо найман үеийн өмнөх өвөө маань тухайн цагийн Токио руу очиж л дээ. Токиогоос ирэхдээ “Токиод амьдрал их сайхан байна. Наймаачид, тэрбайтугай тариачид хүртэл ном уншдаг юм байна. Номын наймаа их ашигтай бизнес гэдгийг олж мэдлээ” гээд цаасны түүхий эд болох кола модыг тарьж эхэлсэн түүхтэй. Эхэндээ тарьсан модоо Токиогийн ойролцоох үйлдвэрт тушааж яваад сүүлдээ өнөө модныхоо суулгацыг зардаг болж. Бүр сүүлдээ торго хийдэг хүр хорхой үржүүлж эхэлсэн байдаг. Миний Ибүкүро овгийг самурай цол худалдаж авсан тэр өвөөд минь нутгийн эзэн нь өгсөн байдаг юм.

-Ямар утгатай үг юм бол?

-Торго хийх сав гэсэн утгатай үг. Хамгийн сонирхолтой нь манайхан дээд үедээ тариачин явсан ч цугаар бичиг үсэгтэй сүрхий хүмүүс байж. Тийм учраас түүхээ бичиж үлдээсэн хэрэг л дээ. Бичиж үлдээсэн тэр түүхийн зах зухаас би танд яриад сууж байна (инээв). Цаг хугацаагаар аялаж болдогсон бол тэр өвөөтэйгөө л уулзмаар санагддаг. Их сүрхий хүн байсан байгаа биз.

-Харин тийм байна. Японд эд хөрөнгөө хүүхдүүддээ хувааж өвлүүлдэг үү, эсвэл өөр ёс бий юу?

-Самурай нарын газрыг дайны дараа улсаас хурааж авсан юм билээ. Манай өвөг дээдсийн газар гэхэд л гурав, дөрвөн уул дамнасан асар том нутаг байсан гэдэг. Өв хөрөнгөний тухайд япончууд удмаа хадгалахын тулд бүх хөрөнгөө том хүүдээ өвлүүлдэг. Аав шиг айлын бага хүүхдэд юу ч ногдохгүй гэсэн үг. Тийм учраас өв хөрөнгө нь үлдэж чаддаг. Манай өвөг дээдсийн амьдардаг байшин өнөөг хүртэл байгаа нь цаанаа ийм учиртай.

-Самурай цолыг худалдаж авч болдог байжээ дээ, хэдэн зууны өмнө?

-Сэргэлэн, сийрэг хүмүүс нь авч байсан учраас л манай өвөг дээдэс самурай цолыг худалдаж авсан байх.

-Самурай цол худалдаж авч байсан өвгөөсөө хойшхи, газраа хураалгасны дараах уг удмынхаа сонирхолтой хүмүүсийн талаар яриач?

-Аавынхаа өвөөгийн төрсөн дүүг дурсмаар байна. Мэйжигийн үед сургууль төгссөн эмэгтэй л дээ. Тухайн цагт сургууль ном үзсэн эмэгтэй нүдний гэм байлаа. Хөдөө нутагт бол өдрийн од шиг бүсгүй байж. Европ стилийн цаас гараад ирчихсэн учраас цаасны мод явахаа байсан тэр үед манай гэрийн хөрөнгийн суурийг тавьсан хүн. Хөрөнгөтэй айлд бэр орсон ч элдэв дарамт, ёс жаягийг нь тэвчилгүй гэртээ ирсэн гэдэг. Сургууль, ном үзсэн, Токиогийн эмэгтэйчүүдийн сургуулийг төгссөн хүн учраас өөрийнхөөрөө байхыг илүүд үзэж л дээ. Сургуульд математик заадаг сүрхий хүн байсан юм билээ. Аавыг төрөхөөс өмнө, дайн дуусангуут компаниуд хөрөнгө оруулалт татах гээд маш их хувьцаа гаргаж эхэлж. Миний танд яриад байгаа эмээ маань ялах дуртай учраас онгоцны, төмөр замын, хөдөө орон нутгийн автобусны компаниудын хувьцааг худалдаж авч л дээ. Гэтэл төд удалгүй өнөө компаниудынх нь хувьцаа огцом өсч. Тэр эмээг нас барахад зөвхөн хувьцааных нь татварт таван сая ам.доллар төлсөн гэхээр маш их хөрөнгө өвлүүлсэн байгаа биз.

-Тухайн үед таван сая доллар гэхэээр асар их мөнгө байна шүү. Их сүрхий хүн байжээ.

-Их сүрхий хүн байсан юм билээ. Манай Японд хүргэн авах гэсэн ойлголт бий. Охинтой айл хүргэн гуйдаг. Айлыг тэргүүлэх хүн заавал эрэгтэй хүн байх учиртай учраас охинтой аав, ээжүүд хүргэн болох хүнээ өргөж авдаг. Ингэснээр тухайн айлын хүү болж байгаа гэсэн үг л дээ. Ийм ёс үйлдээд охинтойгоо гэрлүүлдэг. Одоо ч ийм ёс Японд байгаа. Хөрөнгөтэй айлд хүргэн орсон хүний хувьд тухайн айлын хүү гэж хүлээн зөвшөөрөгдсөнөөр эд баялгийг нь өөрийн юм шиг санаж арвижуулж хямгадна гэсэн ухаан энэ ёсны цаана бий. Танд яриад байгаа эмээ маань удмынхаа хэд хэдэн залууг хөрөнгөтэй айлд ийм ёс жаягаар хүргэн болгосон байдаг юм. Манайхаас нэг айлд гурван үеэрээ хүргэн орсон түүх ч байдаг. Ингээд бодохоор яалт ч үгүй айхавтар хүн байж. Зан аашийн хувьд хэцүүхэн байсан ч манай удамд домог болоод үлдчихсэн эмэгтэй.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img