2024-12-20, Баасан
-27 C
Ulaanbaatar

Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2.6 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат компанид хийсэн хяналт, шалгалтын дүн мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготой байгаа. Хувийн хэвшлүүд нь төрийн аливаа дарамт шахалтгүйгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Харин Монгол Улсад улс төрийн болон хууль хяналтын байгууллагууд нөлөөлөл үзүүлэх замаар давуу боломжийг өөртөө олж авсан хэд хэдэн тохиолдол бий болсон. Үүний нэг жишээ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр болоод байна.

2022 оны дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаас тус үйлдвэрт 25 хоногийн хугацаатай санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийх ажлын хэсэг гаргасан.

Энэхүү хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр 2014-2021 онд буюу нийт долоон жилийн хугацаанд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд нь 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалтыг бий болгосон талаарх дүгнэлт бодитоор гарч ирсэн. Эдгээр зөрчлийг хянаж, шалгах ажил АТГ-т явагдаж байна” гэлээ.

“ДОЛООН ЖИЛИЙН ХУГАЦААНД БОРЛУУЛСАН ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛЫН ҮНИЙН ЗӨРҮҮ НЬ 840.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ТОГТООГДСОН”

Мөн үргэлжлүүлэн “Түүнчлэн санхүүгийн тайланд хийсэн хяналт, шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. 240.8 тэрбум төгрөгийн концессын төлбөрийг авсан зөрчил байгаа. Үүнийг 2018 онд гаргасан шийдвэрээр буцаан төвлөрүүлэх ёстой ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн 312.4 тэрбум төгрөгийн зээлийн асуудал бий. Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкнаас тус үйлдвэрийн нэрээр зээл авхуулаад “Кью Эс Си” ХХК-руу шилжүүлж авсан гэсэн үг. Өнөөдрийг хүртэл буцааж төлөгдөөгүй байгаа төлбөр.

Мөн 840.9 тэрбум төгрөгийн төмрийн хүдрийг зарж борлуулсны зөрүү гарч байна. Гааль дээр тооцогддог жишиг үнээс хэт доогуур үнээр төмрийн хүдрийн баяжмалыг зарж борлуулсан. Энэ дундаа өөрсдийн хамаарал бүхий компаниудад хүртэл зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж гэрээ хэлцэл хийж өгсөн байна гэсэн үг. Долоон жилийн хугацаанд борлуулсан төмрийн хүдрийн баяжмалын үнийн зөрүү нь 840.9 тэрбум төгрөг тогтоогдсон” гэдгийг хэлэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img