Ярилцлагын эхлэлийг ЭНД дарж уншина уу.
-Өмнө ярилцахад та өвөг дээдсийгээ самурай хүмүүс байсан гэсэн Аав, ээж, удам судрынхаа талаар сонирхуулаач, Томоко?
-Ээж минь урд нутгийн хүн. Харин аав хойд нутгийнх. Аавын маань гэр бүл нутгийн толгой баячууд байсан юм билээ. Ээжийн гэр бүл өөрсдийгөө болгох хэмжээний амьдралтай хүмүүс байсан гэдэг. Ээж удмаа ярьдаггүй учраас ээжийнхээ өвөг дээдэс ямар хүмүүс байсныг би сайн мэдэхгүй. Одоо эргээд бодох нь ээ ээж удмынхаа тухай мэдэхгүйдээ биш ярих дургүй байсан юм шиг санагддаг. Аавдаа хаягдсан болохоор удмаа ярих дургүй байж дээ гэж боддог юм. Ээжийн ээж их сонин хүн байсан. Амбаар шиг жижигхэн сууцанд амьдарна. Авсан цалингаа сүлжээний бүтээгдэхүүн, захиалгын хувцсанд үрчихнэ. Ганган гэж жигтэйхэн. Мөнгө олдог ч хэтэрхий үрэлгэн, хэрэглээгээ зохицуулах ямар ч чадваргүй хүн байсан. Эмээг нас барахад гэрээс нь захиалж хийлгэсэн шинэ хувцаснууд өчнөөнөөрөө гарч ирсэн. Ээж тэр хувцаснуудыг нь юу ч хэлэлгүй дуугүйхэн шатаачихаж билээ. Тухайн үед эмээгээс үлдсэн шинэ хувцаснууд надад таарахаар байсан ч ээж шуудхан шатаасан нь цаанаа учиртай байсан болов уу. Ээждээ гомдсон сэтгэлээ л тэгж илэрхийлсэн байх гэж боддог юм. Ээж минь хааяа хааяа “Би их хэцүү амьдралд өссөн өрөвдөлтэй хүн. Та нар намайг хайрлах ёстой шүү” гэж хэлдэг байсан нь санаанаас гардаггүй. Токсик харилцаа байгаагүй л дээ. Гэхдээ л их “даам байсан” (инээв). Аав ээжийг их хайрлана. Эргээд бодохоор хайр, өрөвдөх сэтгэлийн аль нь давамгайлсныг хэлж мэддэггүй юм. Аав минь баян айлын хамгийн бага хүү. Аав, ээждээ нэг ч загнуулж үзээгүй гэдэг. Манай Японд нутгийн аялгуунууд маш том ялгаатай. Аавынхаа талынхантай хэл нэвтрэлцдэггүй байлаа (инээв). Аав маань улсын нисгэгчээр тав орчим жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн бий.
-Нисгэгч гэхээр онгоц жолооддог байсан гэсэн үг үү?
-Онгоцны жолооны багш байсан юм. Түрүүн та өвөг дээдсийг маань самурай хүмүүс байсан тухай санууллаа. Сонирхуулж хэлэхэд аавын талын өвөг дээдэс гурван зуу гаруй жилийн өмнө самурай цолыг худалдаж авч байсан юм билээ. Манай удам наймаачин ихтэй байсан гэдэг. Долоо найман үеийн өмнөх өвөө маань тухайн цагийн Токио руу очиж л дээ. Токиогоос ирэхдээ “Токиод амьдрал их сайхан байна. Наймаачид, тэрбайтугай тариачид хүртэл ном уншдаг юм байна. Номын наймаа их ашигтай бизнес гэдгийг олж мэдлээ” гээд цаасны түүхий эд болох кола модыг тарьж эхэлсэн түүхтэй. Эхэндээ тарьсан модоо Токиогийн ойролцоох үйлдвэрт тушааж яваад сүүлдээ өнөө модныхоо суулгацыг зардаг болж. Бүр сүүлдээ торго хийдэг хүр хорхой үржүүлж эхэлсэн байдаг. Миний Ибүкүро овгийг самурай цол худалдаж авсан тэр өвөөд минь нутгийн эзэн нь өгсөн байдаг юм.
-Ямар утгатай үг юм бол?
-Торго хийх сав гэсэн утгатай үг. Хамгийн сонирхолтой нь манайхан дээд үедээ тариачин явсан ч цугаар бичиг үсэгтэй сүрхий хүмүүс байж. Тийм учраас түүхээ бичиж үлдээсэн хэрэг л дээ. Бичиж үлдээсэн тэр түүхийн зах зухаас би танд яриад сууж байна (инээв). Цаг хугацаагаар аялаж болдогсон бол тэр өвөөтэйгөө л уулзмаар санагддаг. Их сүрхий хүн байсан байгаа биз.
-Харин тийм байна. Японд эд хөрөнгөө хүүхдүүддээ хувааж өвлүүлдэг үү, эсвэл өөр ёс бий юу?
-Самурай нарын газрыг дайны дараа улсаас хурааж авсан юм билээ. Манай өвөг дээдсийн газар гэхэд л гурав, дөрвөн уул дамнасан асар том нутаг байсан гэдэг. Өв хөрөнгөний тухайд япончууд удмаа хадгалахын тулд бүх хөрөнгөө том хүүдээ өвлүүлдэг. Аав шиг айлын бага хүүхдэд юу ч ногдохгүй гэсэн үг. Тийм учраас өв хөрөнгө нь үлдэж чаддаг. Манай өвөг дээдсийн амьдардаг байшин өнөөг хүртэл байгаа нь цаанаа ийм учиртай.
-Самурай цолыг худалдаж авч болдог байжээ дээ, хэдэн зууны өмнө?
-Сэргэлэн, сийрэг хүмүүс нь авч байсан учраас л манай өвөг дээдэс самурай цолыг худалдаж авсан байх.
-Самурай цол худалдаж авч байсан өвгөөсөө хойшхи, газраа хураалгасны дараах уг удмынхаа сонирхолтой хүмүүсийн талаар яриач?
-Аавынхаа өвөөгийн төрсөн дүүг дурсмаар байна. Мэйжигийн үед сургууль төгссөн эмэгтэй л дээ. Тухайн цагт сургууль ном үзсэн эмэгтэй нүдний гэм байлаа. Хөдөө нутагт бол өдрийн од шиг бүсгүй байж. Европ стилийн цаас гараад ирчихсэн учраас цаасны мод явахаа байсан тэр үед манай гэрийн хөрөнгийн суурийг тавьсан хүн. Хөрөнгөтэй айлд бэр орсон ч элдэв дарамт, ёс жаягийг нь тэвчилгүй гэртээ ирсэн гэдэг. Сургууль, ном үзсэн, Токиогийн эмэгтэйчүүдийн сургуулийг төгссөн хүн учраас өөрийнхөөрөө байхыг илүүд үзэж л дээ. Сургуульд математик заадаг сүрхий хүн байсан юм билээ. Аавыг төрөхөөс өмнө, дайн дуусангуут компаниуд хөрөнгө оруулалт татах гээд маш их хувьцаа гаргаж эхэлж. Миний танд яриад байгаа эмээ маань ялах дуртай учраас онгоцны, төмөр замын, хөдөө орон нутгийн автобусны компаниудын хувьцааг худалдаж авч л дээ. Гэтэл төд удалгүй өнөө компаниудынх нь хувьцаа огцом өсч. Тэр эмээг нас барахад зөвхөн хувьцааных нь татварт таван сая ам.доллар төлсөн гэхээр маш их хөрөнгө өвлүүлсэн байгаа биз.
-Тухайн үед таван сая доллар гэхэээр асар их мөнгө байна шүү. Их сүрхий хүн байжээ.
-Их сүрхий хүн байсан юм билээ. Манай Японд хүргэн авах гэсэн ойлголт бий. Охинтой айл хүргэн гуйдаг. Айлыг тэргүүлэх хүн заавал эрэгтэй хүн байх учиртай учраас охинтой аав, ээжүүд хүргэн болох хүнээ өргөж авдаг. Ингэснээр тухайн айлын хүү болж байгаа гэсэн үг л дээ. Ийм ёс үйлдээд охинтойгоо гэрлүүлдэг. Одоо ч ийм ёс Японд байгаа. Хөрөнгөтэй айлд хүргэн орсон хүний хувьд тухайн айлын хүү гэж хүлээн зөвшөөрөгдсөнөөр эд баялгийг нь өөрийн юм шиг санаж арвижуулж хямгадна гэсэн ухаан энэ ёсны цаана бий. Танд яриад байгаа эмээ маань удмынхаа хэд хэдэн залууг хөрөнгөтэй айлд ийм ёс жаягаар хүргэн болгосон байдаг юм. Манайхаас нэг айлд гурван үеэрээ хүргэн орсон түүх ч байдаг. Ингээд бодохоор яалт ч үгүй айхавтар хүн байж. Зан аашийн хувьд хэцүүхэн байсан ч манай удамд домог болоод үлдчихсэн эмэгтэй.