2024-09-08, Ням
17 C
Ulaanbaatar

“Пари Сен Жермен”-ийг орхиж буй Лионел Месси “Барселон”-руу буцах уу, Саудын Арабыг зорих уу

Дэлхийн бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг хэмээн зүй ёсоор тооцогддог Лионел Месси энэ сарын 24-нд 36 нас хүрнэ. Энэ насанд дийлэнх хөлбөмбөгчин хэдийнэ зодог тайлсан байдаг бол “Аргентины шидтэн” харих яагаа ч үгүй, уран тоглолтоороо үзэгчдийг баясгасаар байгаа билээ. Тэрээр энэ сарын 3-нд Катарын тэрбумтнуудын эзэмшдэг Францын хамгийн алдартай, бас хамгийн баян баг “Пари Сен Жермен”-ий бүрэлдэхүүнд сүүлийн удаа талбай дээр гарсан юм.

Үүний дараа түүнийг хэрхэх талаар орон орны хөлбөмбөгийн шинжээчид янз бүрийн таамаг дэвшүүлсээр. Тэдгээрээс хамгийн их магадлалтай хоёр нь, Лионел Месси хөлбөмбөгчний гялалзсан карьераа эхлүүлэн 21 жилийн турш хүчин зүтгэсэн Испанийн “Барселон”-руу буцах, эсвэл Саудын Арабын хөрөнгө мөнгө ихтэй “Аль Хилял” багийн тоглогч болох явдал аж.

“Барселон”-ы ахлах дасгалжуулагч Хави багийнхаа удирдлагад хандан домогт хөлбөмбөгчнөө буцаан авахыг уриалсан удаатай. Тус багийн хөгжөөн дэмжигчид ч үүнийг хүсч буй нь тодорхой. Гэвч асуудлын гол нь “Барселон” санхүүгийн шударга тоглолтыг зөрчсөн хэргээр ихээхэн алдагдал хүлээсэн. Үүнээс гадна өртөг өндөртэй одыг эргүүлж авахын тулд өнөөгийн хэд хэдэн түлхүүр тоглогчоо үнэ хүргэн зарах шаардлагатай тулгарна. Тийм шийдвэрт хүрнэ гэдэг бас л эргэлзээтэй. Угаасаа Лионел Месси “Барселон” олон арван сая ам.долларын гэрээг нь сунгаж чадаагүйн улмаас 2021 оны долдугаар сард “Пари Сен Жермен”-рүү шилжсэн юм.

Лионел Месси

Тэгвэл Саудын Арабын “Аль Хилял” энэ долоо хоногийн эхээр Лионел Мессид хоёр жилийн дотор даруй 1.2 тэрбум евро төлөхөд бэлэн гэж мэдэгдсэн тухай “Foot Mercato” сонин мэдээлсэн нь дуулиан тариад байна. Энэ нь мэдээж маш их мөнгө. Гэвч Лионел Месси ядаж л ирэх жилийн “Копа Америка” буюу Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл Европын аль нэг хүчтэй лигт тоглох эрмэлзэлтэй тухай яриа цөөнгүй гарсан билээ. Тэгвэл Английн Премьер лигийн “Манчестер Сити” гээд хэд хэдэн баг “Аргентины шидтэн”-ийг сонирхож буй мэдээлэл тархсан ч тэгсгээд намжсан юм. Иймд тэрээр шууд Саудын Арабт тоглож эхэлнэ гэдэг нь юу л бол гэж хөлбөмбөгийн олон шинжээч үзэж байна.

Домогт хөлбөмбөгчин чухам яагаад Францын Лиг 1-д хоёр дараалан аваргалаад буй “Пари Сен Жермен”-ийг орхихоор шийдсэн нь бас сонин. Катар эзэд Лионел Мессиг урихдаа хамгийн гол нь багаа нэр хүндтэй Аваргуудын лигт түрүүлэх зорилт тавьсан ч үүндээ өнөө хэр хүрч чадаагүйдээ сэтгэл дундуур байгаа болов уу.

Үүнээс гадна “Барселон”-ы хөгжөөн дэмжигчид Лионел Мессиг бараг л бурханчлан шүтдэг байсан бол “Пари Сен Жермен”-ий хөгжөөн дэмжигчдийн нэлээд хэсэг нь түүнийг багаасаа хөөж зайлуулахыг шаардаж, тоглолтын эхэнд түүний нэрийг зарлахад, мөн бөмбөгт хүрэх тоолонд исгэрч, илт дургүйцэн “бүүүү” гэж хашгирах явдал цөөнгүй тохиолддог байв. Өрсөлдөгч бус өөрийнх нь багийн хөгжөөн дэмжигчид ингэж хандах нь ямар ч мундаг тоглогчийн сэтгэл зүйд таагүй нөлөөлнө дөө.

Тэр ч бүү хэл өнгөрсөн тавдугаар сард “Пари Сен Жермен”-ий удирдлага бухимдсан хөгжөөн дэмжигчдийн халдлагаас сэргийлэн Лионел Месси, ахлах дасгалжуулагч Галтье, мөн Неймар, Вератти нарын амьдардаг байшингийн хамгаалалтыг чангатгахад хүрсэн юм.

Лионел Месси

Хөгжөөн дэмжигчид баг нь сулхан “Лорьян”-д шившигтэйгээр хожигдсон, мөн Лионел Месси зөвшөөрөлгүйгээр дур мэдэн Саудын Араб руу зорчин хоёр долоо хоног тоглох эрхээ хасуулсанд ихэд ундуйцжээ. Лионел Месси төдөлгүй багийнхнаасаа, хөгжөөн дэмжигчдээсээ албан ёсоор уучлал гуйхад хүрсэн ч энэ нь байдлыг бүрэн намжаагаагүй.

Угаасаа Лионел Месси Барселонд шигээ Парист хоёр жилийн дотор бүрэн идээшиж, хөгжөөн дэмжигчдийнх нь хайр хүндэтгэлийг татаж чадсангүй. Тэгээд ч Францын шар хэвлэлүүдэд түүний гэр бүл амралтын өдрүүдээ Парист өнгөрөөх дургүй, байнга Барселоныг зорьдгийг дэлгэсэн нь дайран дээр давс нэмсэн биз ээ.

Гэхдээ л алдарт хөлбөмбөгчин “Пари Сен Жермен”-д тоглосон хоёр жилд тус багт дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг урьд өмнө байгаагүйгээр хандуулснаас гадна Францын Лиг 1-ийг сонирхон үзэгчдийн тоо ч эрс нэмэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ улиралд гандан бууршгүй Лионел Месси 21 гоол оруулж, 20 гоолын дамжуулалт хийсэн юм. Ер нь тэрээр Парисын энэ багт тоглохдоо 74 тоглолтод нийт 32 удаа гоолджээ. Ийм үзүүлэлтийг хэн хангалтгүй гэх вэ дээ. Иймд “Аргентины шидтэн” тоглосон хоёр жилийг “Пари Сен Жермен” төдийгүй Лиг 1-т удаан дурсан санагалзах нь тодорхой.

Лионел Месси“Пари Сен Жермен”-ий ахлах дасгалжуулагч Кристоф Галтье домогт хөлбөмбөгчин тус багийг орхиж буй тухай анх мэдээлэхдээ, “Надад түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчнийг дасгалжуулах завшаан тохиосныг нэр хүндийн хэрэг гэж үздэг. “Парк де Пренс” цэнгэлдэх хүрээлэн дэх сүүлийн тоглолтдоо гарахад нь үзэгчид түүнийг халуун дулаанаар хүлээн авна гэдэгт найдаж байна” гэжээ.

Лионел Андрес Месси Куччиттини нь 1987 оны зургадугаар сарын 24-нд Аргентины Росарио хотноо ган хайлуулах үйлдвэрийн ажилчин Хорхе Орасио Месси, цэвэрлэгч Селиа Мариа Куччиттинийн гэр бүлд отгон хүү нь болон мэндэлжээ.

Лионел Месси том ах Матиасынхаа тоглодог хүүхдийн хөлбөмбөгийн “Грандоли” багт тавхан наснаасаа тоглож эхэлсэн аж. “Грандоли”-гийн талбай гэрээс нь хол орших тул түүнийг эхэндээ эмээ Сели нь хүргэж өгдөг байжээ. Эмээ нь түүнийг мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг хамгийн ихээр хүсдэг байсан гэнэ. Иймд эмээ нь 11 настай байхад нь нас барахад оруулсан гоолуудаа түүнд зориулдаг болжээ. Бяцхан Месси маш хурдтайгаар өрсөлдөгч багийнхаа тоглогчдыг ээлж дараалан хуурч гоол оруулдаг тул “Грандоли”-гийн дасгалжуулагч Дон Апа түүнийг Диего Марадонатай эрхгүй харьцуулдаг байсан аж.

Түүнийг 13 нас хүрэхэд төрөлх хотынх нь хөлбөмбөгийн агент, Испанийн “Барселон”-той холбоотой ажилладаг Мартин Монтеро, Фабиан Солдини нар анзаарчээ. Тэгээд 2000 оны намар Лионел Месси эцгийнхээ хамт Испанид хүрэлцэн ирж “Барселон”-ы хүүхдийн багт шалгуулан өөрөөсөө хоёр ах 15 настай хүүхдүүдтэй тоглон ер бусын авьяасаараа тус багийн спортын захирал Карлес Решакийг гайхшруулжээ. “Барселон”-ы хүүхдийн баг Лионел Месситэй гэрээ байгуулан жилд 100 сая песетийн цалин, өөр бусад нэмэлт төлбөрт төлөхөөс гадна гэр бүлд нь 120 мянган еврогийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Үүний дараа Мессигийнхэн гэр бүлээрээ Барселон руу нүүсэн аж. Ийнхүү ирээдүйн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин 13 насандаа анхны гэрээгээ байгуулж, гэр бүлээ тэжээж эхэлсэн түүхтэй.

Өдгөө түүнд түрүүлээгүй тэмцээн, хүртээгүй шагнал гэж үгүй. Аргентины шигшээ багийн ахлагч Лионел Месси багаа дэлхийн аварга, Өмнөд Америкийн аварга, олимпийн аварга болгож байв. Дэлхийн оны шилдэг хөлбөгчний “Алтан бөмбөг” шагналыг тэрээр долоон удаа, хамгийн олон гоол оруулсан шилдэг мэргэн буучийн “Алтан пүүз” шагналыг зургаан удаа хүртсэн юм.

Лионел МессиЛионел Месси “Барселон”-ы бүрэлдэхүүнд УЕФА-гийн Аваргуудын лигт дөрөв, Европын супер цом, багуудын ДАШТ-д тус бүр гурван удаа түрүүлжээ. Мөн 10 удаа Испанийн аварга болж, Испанийн цомд долоо, тус улсын супер цомд найман удаа түрүүлсэн байна.

Харин “Пари Сен Жермен”-д шилжиж ирээд тэрээр хоёронтаа Францын аварга болж, тус улсын суперцомд нэг удаа түрүүлж амжжээ.

Үүнээс гадна Лионел Месси өнгөрсөн онд Катарт болсон ДАШТ-ээр Германы Лотар Маттеусын тус тэмцээнд хамгийн их буюу 25 тоглолтод оролцсон дээд амжилтыг ахиулж 26 болгосон юм.

Ийм ялгуусан амжилтад хүрээд буй долларын тэрбумтан хөлбөмбөгчин цаашид хэрхэх нь хэн бүхний анхаарлыг татаж буйд үнэндээ гайхах зүйлгүй ээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img