2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Нобелийн шагналт Элизабет Блэкберн: Хөгшрөлтийг удаашруулах боломжтой

Америкийн эрдэмтэн, физиологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналтан, биологич Элизабет Блэкберн хөгшрөлтийн талаарх шинжлэх ухааны онол дээрээ үндэслэн хөгшрөлтийг удаашруулах аргыг олсон нэгэн. Тэрбээр юуны өмнө, стрессээ даван туулахыг зөвлөжээ. Ингэхдээ аутизм буюу бусдаас өөрийгөө тусгаарлах өвчтэй хүүхдүүд болон ужиг өвчтэй хүүхдээ асран халамжилдаг эхчүүдийн зан араншинг судалсан байна. Стрессийг даван туулах чадвар сайтай эхчүүдийн хувьд хромосомын төгсгөлийн хэсгүүд (теломер) нь илүү удаан хугацаанд богиносдог болохыг судалгааны дүн харуулжээ. Теломер гэдэг нь хромосомын яг төгсгөл хэсэгт байрлах ДНХ-гийн нарийхан хэсгийг хэлдэг байна. Теломер богиноссоноор хөгшрөлт явагддаг аж.

Э.Блэкберний хувьд хромосомыг теломер хэмээх механизмаар хамгаалдгийг илрүүлж, теломераза гэдэг нэртэй фермент байдгийг нээсэн учир 2009 онд Нобелийн шагнал хүртэж байсан юм. Дараагийн нэг зөвлөгөө бол хоёр сарын дотор өдөрт 12 минут бясалгал хийдэг хүмүүсийн теломерийн өөрчлөлт нь удааширч байжээ. Түүнчлэн хүмүүстэй харилцаж, найз нөхөдтэй болох нь чухал юм. Мөн мөнгө олох нь хөгшрөлтийн процессыг удаашруулдаг байна. Судалгааны дүнд өндөр орлоготой хүмүүсийн теломер нь мөнгө бага олдог хүмүүсийнхтэй харьцуулахад илүү урт байжээ. Тэгвэл стрессээ яаж таних вэ.

Анхаарал төвлөрөхгүй байх, байнга ядарсан мэт санагдах, айдас түгшүүртэй мэдрэмж төрөх, ойр ойрхон бие засах, гүйлгэх шинж тэмдгүүд илэрдэг байна. Мөн жижиг зүйлд хэт сүртэй хариу үйлдэл үзүүлэх, байнга уурлах, “тэсрэх”, толгой өвдөх, хоолны дуршил багасах, бэлгийн дур хүсэл буурах, цочромтгой болох, хөлрөх, ходоод мушгирах, амьсгал түргэсэх, идэвхигүй болох шинж тэмдэг илэрч байвал та стресст орсон гэсэн үг. Стресс үүссэн үед арга хэмжээ авахгүй бол хүндэрдэг аж. Хүндэрвэл өвчний шинж тэмдэг илэрдэг гэнэ. Яадаг гэхээр цээж хорсох, ходоодны шарх, гүйлгэх, өтгөн хатах, цусны даралт ихсэх, зүрхний өвчлөл, багтрах, шээсний замын үрэвсэл, холестролын түвшин ихсэх, дархлалын системийн эмгэгүүд, астма, харшил, арьсны эмгэг үүсдэг байна.

Стрессийг удирдах хэдэн арга бий гэж тэрээр зөвлөжээ. Стресс үүсэхэд ойлгож хүлээж авах хэрэгтэй юм байна. Би уурлаж болохгүй шүү гэж хаалт хийх хэрэггүй. Би ууртай байна, хэцүү байна гэдэгтэйгээ эвлэрэх учиртай гэнэ. Стрессийг бууруулах стратегиуд бий аж. Юу хийвэл тайвширдаг вэ, түүнийгээ хайж олох нь чухал юм байна. Амьсгалын дасгал хийх, гэрээ цэвэрлэх, бясалгал хийх гээд өөртөө хэрэгтэй, тохирохыг нь сонгох ёстой аж. Сонирхуулж хэлэх нь бясалгал хийх нь залуужуулах, хөгшрөлтийг удаашруулах чухал хэвшил гэдгийг эрдэмтэн, судлаачид судлаад гаргаад ирчихсэн. Энэ талаарх мэдээлэл интернэт орчинд хангалттай бий.

Тохируулж идэх нь урт наслахад нөлөөлдгийн тод жишээ нь Японы Окинава арлынхан. Урт наслалтаараа гайхагддаг энэ арлынхан ходоодныхоо 80 хувийг л дүүргэдэг юм байна. Нобелийн шагналт Э.Блэкберн бас яг энэ арлынхныг судалж байж. Тэрээр арлынхныг судлаад “Хамгийн чухал нь хэт цадахгүй байх, бага зэрэг өлөн явах нь урт наслах гол үндэс” гэж дүгнэжээ. Төгсгөлд нь онцлоход уламжлалт анагаахынхан хүний ходоод хоёр гарын алгыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй гэж үздэг юм. Ходоодоо дөрөв хуваагаад, дөрөвний хоёр хувьд нь хоол, дөрөвний нэг хувьд нь шингэн, үлдсэн хэсэг нь хоосон байх учиртай хэмээдэг.

Ходоодоо дүүртэл идэх нь элэг өөхлөлт, таргалалт, бодисын солилцооны өөрчлөлтөд хүргэдэг. Үүний үр дүнд зүрх судасны өвчлөл, хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг байна. Бүх өвчний үндэс ходоодноос эхтэй гэдэг нь цаанаа ийм учиртай. Өмнөх хоол нь шингээгүй байхад нэмж идэх хэрэггүй гэж уламжлалтын эмч нар зөвлөдөг. Ийм нөхцөлд ходоод байнга ажилладаг гэнэ. Ингэснээр эс шингэх өвчний үндэс тавигддаг байна. Энэ нь эцсийн дүндээ хавдарт хүргэдэг эрсдэлтэй аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img