-Уран бүтээл туурвина гэдэг таны хувьд ажил уу, аз жаргал уу?
-Сайхан. Сайхан л гэж хэлье. Зовлонтой бол хийхгүй шүү дээ. Хамгийн сайхан нь бичиж байх үе. Бичээд дараа нь “Би ямар сайхан шүлэг биччихэв ээ, яаж ийм сайхан зүйл бичиж чадав аа” гээд л тэрэндээ баясаж, баярлах нь аз жаргал юм. Ном болоод хэвлэгдээд гарчихсан байх сайхан л даа. Гэхдээ бичиж байхдаа амссан аз жаргалыг гүйцэхгүй.
-Уран бүтээл хийх эрч хүч, энергийг та ихэвчлэн хаанаас олж авдаг вэ?
-Нам гүмээс. Анир чимээгүй юм бүхнээс. Гадаа гараад салхи, өвс, ногоо, тэнгэрийг харахад л сайхан. Нам гүмийг мэдэрч түүнтэй хамт оршиж байж уран бүтээл туурвиж буй юм. Түүнээс биш хурал дээр хүмүүс шуугилдаж байхад ч юм уу, нэг тийм орчинд ямар онгод орж ирэх вэ дээ…
-Ер нь та хүмүүсээс их дөлдөг. Хүмүүстэй харилцана гэдэг танд хэцүү байдаг уу?
-Хэцүү нь юу байх вэ. Гол нь хэл амаа ойлголцохгүйд л хэцүү нь байгаа юм. Уран бүтээлч хүн бол харилцааны хүн биш юм л даа. Нэг үгээр, хэлмэрч биш юм. Нам гүмтэй л харилцаад сурчихсан улс. Нам гүмтэй оршиж, нам гүмийг бий болгоод байгаа юм. Хүнээс дөлөх шалтгаан нь энэ.
-Тэгвэл уран бүтээл хийхийн эцсийн зорилго нь юу юм?
-Уран бүтээлч гэж хэн юм, яах гэж уран бүтээл хийдэг юм гэхээр хүн өөрийгөө илэрхийлэх гээд байгаа юм. Хүмүүсийн тайзан дээгүүр алхаад байгаа нь, зурж байгаа нь, бүр хэрэлдэж байгаа нь ч өөрийгөө илэрхийлэх гээд байгаа хэрэг. Харин энэ бүхний эцэст уран бүтээлч хүн өөрийгөө шүүдэг. Хүн гомдоосон, эсвэл алдсан бол энэ бүхнийхээ нүглийг бүтээлдээ очиж наминчилдаг байхгүй юу. Эцсийн эцэст наминчлал. Наанаа нэг их чухал зорилготой бүтээл хийгээд байгаа мэт боловч бидний далд ухамсар цаанаа нүглээ наминчлаад байгаа юм.
-Та уг нь хайгуулч хүн. Харин яагаад мэргэжлээ солих болсон юм бэ?
-Анх бага сургуулийн дөрөвдүгээр ангид байхдаа Лодойдамбын “Алтайд” романыг уншчихаад “Би зохиолч болно” гэж бодох болсон. Тэгээд зохиолч болохын тулд хайгуулч болох хэрэгтэй юм байна гэж бодсон. Дараа нь бодож байснаараа сургуульд явж, хайгуулч боллоо.
Гэтэл уран зохиол, амьдрал хоёр зөрсөн л дөө. Гэхдээ би геологийн анги төгссөндөө харамсдаггүй юм. Хэрэв би монгол хэлний юм уу, сэтгүүлийн анги төгссөн бол энэ дайтай байж чадахгүй. Яагаад гэвэл, өөрт маань дутуу байсан бүх юмыг албан журмаар сургасан нь надад их хэрэг болсон.
Шинжлэх ухаан, дээд математик гээд инженер хүн юу мэдэх ёстой юм, тэр бүгдийг би албаар сурсан. Харин бусад бүх цагт өөрийнхөө дураар урлаг, уран зохиолоо уншдаг байлаа. Намайг уран зохиолын ертөнцөд орж ирэх үеийн хэсэг нөхөд бий. Урианхай эдийн засагч, Лхагвасүрэн цахилгааны инженер, Дашням олон улсын харилцааны эдийн засагч гээд бүгдээрээ өөр өөр мэргэжилтэй.
Миний үеийнхний хэн нь ч монгол хэлний анги төгсөөгүй. Тэд бүгд логик сэтгэлгээг заалгасан, шинжлэх ухаанаа мэднэ. Энэ бол давуу тал. Нөгөө талаас, геологич бол үнэхээр сайхан мэргэжил. Орчлонд цөөхөн сайхан мэргэжил байдаг. Багш, эмч, тэгээд хайгуулч. Яагаад гэвэл, бүгдээрээ эхнэр хүүхэдгүй хорин хэдтэй залуучууд хээр гарч, үүргэвчтэй чулуугаа хувааж үүрээд, өлсөж цангасан нэгэнтэйгээ ааруулаа хуваан идэж, даарсан нэгэндээ дулаан хувцсаа өмсгөж, яг л нэг гэр бүлийнхэн шиг амьдардаг. Хээр гараад бүгд адилхан, дарга, цэрэг гэх юм байхгүй, үнэхээр сайхан мэргэжил.
-Уран бүтээлч болоход тань юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
-Миний ганц тоглодог тоглоом бол чулуун тоглоом байсан. Бас цэцэрлэгт яваагүй маань намайг уран бүтээлч болоход чухал нөлөө үзүүлсэн. Яг одоогийн цэцэрлэгийн насан дээр би морь унаад хонь хариулдаг байлаа. Цэцэрлэгийн ахлах насан дээр хурдны морь унадаг байлаа. Хээр хөдөө хонь хариулаад явна, мориноосоо бууна, буцаад мордоно, хонио хааш нь эргүүлэх вэ, энэ хорхойд хүрэх үү, үгүй юу гээд бүх юмыг өөрөө шийдээд явсан учраас маш эрт бие даасан хүн болсон. Би бага сургуулийн дөрөвдүгээр ангиасаа л зохиолч болно гээд явсан. Тэрнээс хойш аав надад ер анхаарал тавьж байгаагүй. Даалгавраа хийнэ үү, байна уу хамаагүй. Цагаан сараар хүн мөнгө өгөхөд аав надаас авдаггүй байсан. Би тэр мөнгөөрөө ном авна. Энэ бүхэн надад биеэ даахад их тус болсон.
-Таны төлөвшилд багадаа тоглож өссөн чулуун тоглоом нөлөөлсөн болов уу?
-Одооны хүүхэд дэлгүүрт ороод “Аав аа, ээж ээ, би барби авна, буу авна” гэж байна. Харин чулуугаар тоглодог хүүхэд өөрөө тоглоомоо олно. Чулуугаа үзэж байгаад “Энэ морь шиг, энэ үхэр шиг юм байна” гээд ургуулан бодно. Зүгээр байгалийн чулууг морь, тэмээ, арслан, заан гэж харснаар хийсвэр сэтгэлгээ нь маш их хөгжиж байгаа юм. Чулуун тоглоом гэдэг ийм их нөлөөтэй. Тэгээд байгальтайгаа шууд харилцана. Ер нь хөдөө өссөн хүүхэд их хэрсүү болдог.
Гэхдээ өнөө үеийн хөдөөний хүүхэд өөр болсон. Ээж аав нь бэлэн тоглоом аваад өгчихдөг болохоор чулуун тоглоомоор тоглохгүй байна. Тэгэхээр тэр хийсвэр сэтгэлгээ нь хөгжихгүй. Энэ хамгийн өрөвдөлтэй. Орчин үе хүнд бүх юмыг зааж өгдөг. Үүнийгээ соёл гэдэг. Үүний цаана нөгөө л бизнес явагдаж байдаг. Хүнд хоол идэх тухай зааснаараа мөнгө авч байгаа юм.
Нүүдэлчдийн соёл иргэншлийн үед бол хонио хариулахаа хүнээр заалгахгүй, бүгдийг өөрөө сурна. Би хонио хаана хариулах вэ, хэдийд хонио эргүүлэх вэ гээд бүгдийг өөрөө шийднэ.
-Тэгэхээр одоо яах нь дээр вэ?
-Одоо тэгээд мөхдөг л байх даа. Эргэлт байхгүй. Хүн төрөлхтөн эргэж чадахгүй. Яагаад гэвэл бүгд тэжээвэр амьтад болсон. Ний нуугүй хэлэхэд, энэ бол мөхөл, хүн төрөлхтөн мөхөл рүүгээ явж байна. Үүнээс гарах гарц байхгүй. Ухрах газар байхгүй, бүгд төөрсөн байгаа. Монголчууд нүүдэлчдийн соёл иргэншилтэй байхдаа нэг юмыг өчнөөн зориулалтаар хэрэглэдэг байсан. Дээл гэдэг хувцас хээр гараад хөнжил болно, жаахан яваад жорлон болно. Ухаандаа, айл нүүлээ гэхэд дээвэр туурга нь тэмээний хом болчихно. Гэрийн оосор бүслүүр нь ачаа тээшээ тэгнэх татлага болно. Харин одоо бол мөнгө олохын тулд бүгдийг нь салгаад, нэг юмыг 2-3 зориулалтаар хэрэглэхийг болиулчихсан…
-Одоо эргээд бодохоор таны бага наснаас юу хамгийн сайхан санагддаг вэ?
-Хурдны морь унах их сайхан байсан. Тухайн үед хэцүү гэж бодогдож ч байгаагүй. Өнөө үед хурдны морь гараан дээр очиход өмнүүр нь дээс татаж, бүх морьдоо зэрэгцүүлж зогсоож байгаад туг дохидог болсон. Тэгээд дээсээ унагахад бүх морьд зэрэг пархийтэл давхидаг. Харин бидний морь унаж байх үед туг байхгүй, гэв гэнэт л “Эргээд!” гэж хашхирна. Тэгээд, юу ч харагдахгүй битүү улаан шороон дунд хэсэг давхихад өмнөх морьдын туурайгаар шидэгдсэн чулуу нүүр нүдгүй мөндөр шиг цохилно. Тийм болохоор гараанаас хамгийн түрүүнд гарах хэрэгтэй. Араас морь ирж байвал яах вэ, өгсүүр газар яах вэ, одоо хэд гуядах вэ гээд, мөн арын морь хол байвал морио амраахаа хүүхэд өөрөө л мэднэ.
Үүнээс гадна, хурдны морь ямагт урагш тэмүүлэх тэмүүлэлд сургадаг. Сүүлийн үед, хурдны морь унах нь хүүхдийн амь насанд аюултай, хүүхдийн эрх гэсэн юм ярьж байгаад долоогоос доош насны хүүхдийг хурдны морь унахыг нь болиулсан. Энэ маш буруу. Хурдны морь унана гэдэг бол эр зоригийн сургууль, эр хүн болж, хүн болж байгаа нь тэр. Би таван настайдаа морь унасан. Ойчиж л байдаг, тэр бол зүгээр. Тэр европын орон манайх хоёр чинь өөр. Чингисийн Монгол хүчирхэг байсан нь 5-6 настайдаа морь унаж, эр зоригийн сургууль хийдэг байсных. Одоо тэр сургууль байхгүй болсон.
Одооны эмэгтэйчүүд яагаад жендер гээд, бүгдээрээ ерөнхий сайд болох гээд байна вэ? Эрчүүдийн чансаа муудсан болохоор тэр. Эрчүүдийн чанар яагаад муудсан юм гэвэл, эр зоригийн сургууль байхгүйнх. Дээр үед нүүдэлчин, далайчин эрчүүд хүч чадлаараа хоолоо олж гэр бүлээ тэжээдэг, эмэгтэй нь хүүхдээ өсгөж, гэрээ өөд нь татаж, эр нөхрөө хүлээдэг байж. Харин одоо үед, энэ суурьшил гэдэг юм эр, эмийн ялгааг байхгүй болгочихож байгаа юм.
Хоёулаа л адилхан хөдөлмөрлөнө, зэрэг гэртээ ирнэ. Тэгэхээр эрчүүд эмэгтэйчүүдээс илүү эр зоригтой, хүч чадалтай байх шаардлагагүй болчихоод байгаа юм. Иргэншлээс болоод эр хүний чанар доошлоод эмэгтэйчүүдийн түвшинд ороод ирж байна. Энэ бол хүний хөгжлийн буруу зүй тогтол.
Одооны эрчүүд хайртай дуртайгаа ч хэлж чадахгүй, олигтойхон хүүхэн байхад эргүүлж чадахгүй “За яршиг, энэ намайг ядуу гэж голох байх” гэнэ. Энэ чинь ямар юмны хайр байдаг юм, тэр бүсгүйнхээ араас үхтлээ дагаад явж чадахгүй байна шүү дээ. Хараад байхнээ, одооны залуус дурлаж, хүсч мөрөөдөж чадахгүй, зүгээр дуурайгаад байгаа юм. Яг л киноны кадр шиг.
Гудамжинд тэврэлдээд, хайр дурлалын хамаг нандин сайхан юмаа танилцах хугацаандаа өнгөрөөчихнө. Тэгээд хүсч тэмүүлэх зүйлгүй болчихсон хойноо гэрлэхээр амьдрал нь сонирхолгүй санагдаж, амархан уйдаж байна шүү дээ. Гэрлэлээ гээд илүү сайхан юм юу ч нэмэгдэхгүй, харин ч хариуцлага ороод ирнэ. Миний насны хүмүүс үүнийг их шүүмжилж байна. Шүүмжлээд нэмэргүй л дээ, цаг үе нь өөр юм чинь.
-Олигтойхон хүүхэн гэхээс, бусад улс оронтой харьцуулахад Монгол хэр сайхан хүүхэнтэй орон бэ?
-Ер нь аливаа улс оронд сайхан хүүхэн бий. Сайхан хүүхэн байхгүйгээр оршин тогтноход хэцүү л дээ. Харин манай Монгол ийм цөөхөн хүн амтай байж ийм олон сайхан хүүхэнтэй байна гэдэг нэг талдаа сайхан, нэг талдаа аймшигтай. Юу гэхээр, Монголд эрчүүдээсээ эмэгтэйчүүд нь олон. Гэтэл Хятадад эрчүүд нь хамаагүй олон. Энэ бол үндэстэн оршин тогтноход их аюултай.
-Уг нь тооны хувьд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ойролцоо төрдөг гэдэг биз дээ. Гэтэл яагаад манайд эрчүүд нь цөөхөн байдаг юм бол?
-Ойролцоо төрдөг. Ухаандаа удамшлын зүй тогтол алдагдсан байхгүй юу. Хятадад нэг айл нэг л хүүхэдтэй байх хууль гаргасан. Тэгэхээр тэд хүүгээ илүү тогтоохоо бодно шүү дээ. Тэгсээр байгаад эрчүүдийнх нь тоо их болчихож байгаа юм. Манай улсын хувьд бол, эмэгтэйчүүд олон байвал хүн амын өсөлтөнд хэрэгтэй. Үүнээс гадна ихэвчлэн эрчүүд, сайхан сайхан залуучууд дандаа гадагшаа явж байна. Тэд гадаадад очоод гадны хүнтэй гэрлэж байна. Тэгэхээр хүйсийн тэнцвэрт байдал улам алдагдана. Энэ их аюултай. Энэ бол төрийн бодлого алдагдсантай холбоотой. Магадгүй энэ түр зуурын хямралыг даван туулбал гайгүй болох байх.
-Таны явж үзсэн орнуудаас хамгийн сайхан санагдсан нь ямар орон бэ. Юугаараа сэтгэлийг тань татав?
-Улс орнуудаас хамгийн сайхан нь Энэтхэг. Хар нялхаасаа л би Энэтхэг явж үзэх юмсан гэж боддог байсан. Энэтхэгийн уран зохиол, тэмдэглэлийг их уншдаг байлаа. Очихоор үнэхээр гайхамшигтай. Яах вэ, Америк, Герман, Францын дэргэд бол хоцрогдсон орон. Ядуус ихтэй, өндөр өндөр байшин байхгүй, байшингууд нь орчин үеийнх биш, зүгээр л дөрвөлжин. Гэвч хүмүүс нь ямар их эрх чөлөөтэй, хэчнээн сайхан ёс суртахуунтай гэх вэ.
Энэтхэгт би согтуу хүн хараагүй, Драмасала хотод тамхи татаж байгаа хүн хараагүй. Гайхмаар байгаа биз. Гуйлга гуйж байгаа хүн нь ямар жаргалтай сууж байна вэ, тэгээд хөл нүцгэн. Тийм учраас надад үнэхээр гайхамшигтай байсан. Европын орнууд бол нэг л ижил хэв загвартай шүү дээ. Би Вьетнам, Камбуж явж үзсэн. Энэтхэг шиг сайхан орон байгаагүй. Яагаад тийм байна вэ гэхээр, Энэтхэг бол бурхан багшийн орон. Энэтхэг Жавахарлал Неруг, Махатма Гандиг төрүүлсэн орон. Тэр их агуу суутнууд нь сайхныг бүтээсэн. Хэрэв намайг өөрийнхөө очиж үзсэн улс орон руу дахиад яв гэвэл би Энэтхэг явна. Бас дахиад яв гэвэл би дахиад л Энэтхэг явна.
Манайхан бол сүсэг бишрэлгүй болчихсон улс шүү дээ. Зүгээр л бурханаар өөрийнхөө хүсэл эрмэлзлийг гүйцэлдүүлэх гэсэн хүсэлтэй. “Надад тэгж өгөөч, ингэж өгөөч” гээд бурханыг хэрэглээ болгоод байгаа юм. Энэ бол шүтлэг биш. “Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд” гээд хэчнээн муухай хорхой байсан ч “Энэ бол байгальд хэрэгтэй. Би үүний хүчинд амьд байна” гэж ойлгоод жинхэнээсээ хайрлаж шүтнэ гэдэг өөр.
Энэтхэгчүүд бол үнэхээр сүсэг бишрэлтэй. Зөвхөн нэг жишээ дурдахад, Далай багшийн ордонг барихдаа тэр газар ургасан модыг тойруулаад барьчихсан. Тэр мод нь Далай багшийн ордон дотор ургасаар байгаад бүр гуравдугаар давхартай зэрэгцээд ирсэн. Дээвэр нь задгай. Энэтхэгчүүд байшин барихдаа нэг ч мод, чулууг тайрч, ховхолдоггүй. Хадны хажууд барихаар болбол тэр хадыг ховхлолгүйгээр байшин дотроо оруулаад юм уу, нэг талынх нь хана болгоод барьчихдаг. Энэ бол чин үнэн сүсэг бишрэл юм. Далай багшийн өргөө гурван давхар хамгаалалттай, тэнд хүн ороход дохиоллоор шалгаж оруулдаг. Тэгсэн хэрнээ өргөөн дотор нь сармагчин дүүлээд л явж байна. Далай багш ном залж байхад дэргэдүүр нь нохой зүгээр л явж байна, сүсэгтний хаясан юмыг идээд л.
-Зарим хүмүүс Энэтхэг, Төвөдийг мухар сүсэгт хэт автсанаасаа болоод хөгжиж дэвждэггүй гэж ярьдаг. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Д.Б. Хөгжил гэдгийг маш зөв ойлгох хэрэгтэй юм л даа. Хувь хүн ч, улс орон ч ялгаагүй. Энэтхэгчүүд хөгжлийг маш зөв ойлгодог хүмүүс. Ихэнх улс оронд хүн өөрийн хэрэгцээ, ая тухтай, жаргалтай байхад зориулаад өндөр барилга, баахан үйлдвэр бариад байна. Энэ хөгжил биш. Хөгжил гэдэг бол хүн өөрийгөө хөгжүүлэх юм. Энэтхэгчүүд бол бүр эрт МЭӨ V зууны үеэс хүний хөгжлийг алхам тутамдаа хаяж гээлгүй авч явсан учраас өнөөдөр ийм сайхан байгаа юм.
Хүн дээд үедээ нисдэг байсан гэдэг бол батлагдсан зүйл шүү дээ. Энэ домог биш. Бүр сударт байдаг юм. Хүн нисдэг, гэрэлтдэг байгаад, мах идээд гэрэлтэхээ байсан гэдэг. Харин сүүлдээ нисдэг байхын тулд багаж хийчихсэн. Оюун ухааны энэ нээлт нь хүнийг өөрийг нь хөгжүүлэхгүй байгаа юм. Хүний эд эрхтний маш нарийн бүтцэд орж судалж нээлт хийж байгаа ч таван минутын дараа хүн юу бодохыг мэдэж чадахгүй л байна шүү дээ.
Ингэж хүн өөрийгөө хөгжүүлэх ёстой байтал ахуйгаа хөгжүүлчихэж байгаа учраас оюун ухаан, сэтгэлийн хөгжил нь уначихаж байгаа байхгүй юу. Хэрэв оюун ухаанаа хөгжүүлсэн бол хүн өөрөө нисдэг байх байсан.
-Тэгэхээр хүн заавал шүтлэгтэй байх ёстой гэсэн үг үү?
-Ямар нэг юмыг “Ямар гайхамшигтай, ид шидтэй юм, энэ яасан сайхан юм” гээд бишрэхийг шүтлэг гэж хэлж байгаа юм. Ямар ч шүтлэггүй хүн бол юунд ч бишрэхгүй болно. Юунд ч бишрэхгүй хүн юуг ч хайрлахгүй. Шүтлэггүй байх шиг аймшигтай юм байхгүй. Яагаад өнөөдөр манайд ийм аюултай муухай хэргүүд гараад байна гэхээр шүтэх бишрэх ариун нандин юм байхгүй байгаагийнх.
Тэр их хоцрогдсон Монгол гэж бичигддэг байсан үед яагаад тийм муу хэрэг гардаггүй байсан юм? Бүгд шүтлэгтэй, амгалан байсан учраас Европыг дагаж хөгжөөгүй. Идэх юм байна, өмсөх хувцас байна, өөр юу хэрэгтэй юм гээд. Яагаад хоцрогдсон юм гэхээр ухаан дутсандаа биш, шаардлагагүй учраас л хөгжөөгүй. Яагаад Чингис хаан дэлхийн талыг эзэлчихээд буцаад нөгөө л Хэрлэнгийн хөдөө аралдаа хүрээд ирж байгаа юм? Тэр их алт мөнгө, орд харш хэрэггүй болоод л тэр шүү дээ.
-Бараг бүх хүн л Монголыг буурай хөгжилтэй ядуу орон гэдэг. Харин та юу гэж боддог вэ?
-Манайхан хэрэглээний талаасаа л буурай хөгжилтэй гэж хэлээд байгаа юм. Хөгжлийг нэг хүнд оногдох бүтээгдэхүүнээр хэмжээд байгаа юм. Түүнээс биш, манайх шиг боломжийн хөгжилтэй орон байхгүй. Ийм өргөн тал нутагтай, 40 сая малтай, 2,4 сая хүнтэй орон яаж ядуу байх юм бэ? /Эрхэм уншигч та 2008 оны ярилцлага гэдгийг болгооно уу. Ж.Б/. Ядуу байгаа нь бол арчаагүй л байгаагийнх. Арчаагүйгээсээ болоод ажил хийхгүй байна. Вьетнамд яадаг гээч. Өглөө босоод уут шиг юм бариад Улаан мөрөндөө хөвөөд л байна.
Энэ нь хорхой түүж байгаа юм. Тэгээд нөгөөхөө шарж иднэ. Ямар байна?! Тэгэхэд манайх ямар гайхмаар тунгалаг ус, агаар хэрэглэж байна вэ. Вьетнамд бүрэн амьсгалж болдоггүй юм шүү дээ. Тасалгаандаа бол сэрүүцүүлэгчтэй, харин гадаа гарахаар хувцас нороод, олигтой амьсгалж ч болохгүй. Цэвэр ус гэж байхгүй. Тэр Улаан мөрөн чинь үерийн дараах ус шиг, тэнд юу байгаа нь мэдэгдэхгүй. Анх тэнд очоод “Ямар азаар би Монголд хүн болж төрөв өө” л гэж бодсон.
-Ер нь хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сурвал л аз жаргалтай байх боломжтой юм шиг…?
-Тийм. Өөрт оногдсон юмандаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Дундуур дүүрэн гэж айхавтар үг бий. Дундуур хэрнээ дүүрэн гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр, дундуур учраас асгахгүй, дүүрэн учраас нэмэх шаардлага байхгүй гэсэн үг. Тиймээс дундуур юмаа дүүрэн гэж бодох ёстой. Өөрт юу оногдоно, оногдсон юмаа хайрлах хэрэгтэй. Намайг оюутан байхад хуучин муу ямбий цүнхнээсээ салдаггүй нэг багш байсан. Тэр хүнд хувцас, цүнх чухал биш. Тэгсэн хэрнээ дандаа шинэ юм ярина. Тэр хүнийг өвдөж байхыг би үзээгүй, лав өлсөж цангадаггүй байх. Манайхан баяжихыг их л хүсэцгээх болж. Баян хүн ч их болж байна. Хамгийн гол нь, баяжаад дараа нь яах вэ гэдэг л чухал.
Дэлхийн толгой баян Билл Гейтс буяны сан байгуулсан. Тэр сангаараа дамжуулж дэлхийн өч төчнөөн орны 200 сая өлссөн хүнд хоол хүргэх гэж байна. Баяжихын утга энд байгаа юм. Дэлхийн хоёр дахь том баян Уоррен Баффет гэж хүн байна. Түүнтэй хамт сууж хоол идэхийн тулд хүмүүс өчнөөн саяыг төлөөд оочерлож байна. Харин тэр мөнгийг ядуучуудад өгдөг. Баяжихын утга энэ. Түүнээс биш утга учиргүй баяжаад дараа нь яах юм?
Ер нь бол эдийн баялгийг хөөхөөр оюуны баялаг нь хоосордог байхгүй юу. Маш олон залуус их гоё юм ярьдаг. “Зохиол бичье гэхээр мөнгө алга. Баяжиж байгаад зохиолоо бичнэ” гэдэг. Гэтэл баяжсаны дараа зохиол бичих гэхээр чадахгүй болсон байдаг. Тийм хяслантай. Оюуны хэрэгцээ, биеийн хэрэгцээ хоёр тэнгэр газар шиг зөрж байдгийн жишээ энэ. Ахуйн хэрэглээ өндөр болох тусам оюуны хэрэглээ багасч байдаг.
-Эрх чөлөө гэдгийг хүн хэрхэн ойлгох ёстой юм? Ахуйд баригдахгүй байх нь эрх чөлөө мөн үү?
-Үүнийг ойлгоход үнэхээр хэцүү юм шиг. Ихэнх хүмүүс эрх чөлөөг эрхтэй хольж хутгаад байгаа юм. Сонгох, сонгогдох эрх ч гэдэг юм уу. Юугаа өмсөх нь, юу худалдаж авах нь миний эрх гэдэг. Харин эрх чөлөө бол маш өндөр хариуцлага. Өөртөө хариуцлага ухамсарлах нь эрх чөлөө. Эрх чөлөөтэй хүн бусдын эрхэнд халдахгүй. Энэ нь боловсондоо биш, өөрийнх нь эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хангагдах учраас эрх чөлөөтэй хүн бусдыг хүндэлдэг.
Эрх чөлөө бол аз жаргалтай байхын үндэс. Яагаад гэвэл, чи сэтгэл тайван, аз жаргалтай байхын тулд эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Хэн нэг хүн чамд “Маргааш ажилдаа байж байгаарай, байхгүй бол ажлаас хална шүү” гэж хэлэхэд чи тэнд нь баймааргүй бол яваад л өгөх хэрэгтэй. Ингэж чадах зориг бол эрх чөлөө. Эсвэл “Энэ хүнд тус болъё доо. Энэ миний хариуцлага” гэж бодож байгаа бол байж л байх хэрэгтэй. Энэ чинь мөн л эрх чөлөө. Одоо бол хүмүүс зүгээр л эрхээ эдэлж байгаа юм. Эрхээ ч бас бүрэн эдэлж чадахгүй л байна шүү дээ.
-Залуу, бас сайхан байхын тулд хүн ямар байх ёстой вэ?
-Би ертөнц дээр хоёр сайхан юм бий гэж боддог. Нэг нь цэцэг, нөгөө нь бүсгүй хүн. Энэ хоёр сайхан зүйл ертөнцийг их зөөллөөд байгаа юм. Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” гэсэн нь үүнтэй ч холбоотой.
Ер нь хүн “Яасан сайхан бүсгүй вэ, ямар сайхан цэцэг вэ, ямар сайхан уул вэ?” гэж үргэлж сайхан юманд тэмүүлж байх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд өтөлнө гэж сайхныг мэдрэх мэдрэмжээ алдахыг л хэлдэг. Манайхан болохоор эсрэгээр ойлгодог шүү дээ. Хайдав гуай хэдэн настай билээ, гэтэл хэчнээн сайхан дуулаад, цэвэр гоё харагдаж байна вэ. Тэр хүн тусгай юм хэрэглэдэггүй, хоолны хорио байхгүй. Тэгсэн хэрнээ урлагийн хүн болохоор үргэлж сайхан юм руу тэмүүлж явдаг, бас багш.
Багш хүн гэдэг өсч өндийж яваа хүмүүсийн дунд ажилладаг. Сайхан юм хүнийг сайхан л болгодог. Тийм учраас ертөнцийн сайхнаас хүртэх нь л хамгийн чухал. Сайхныг эдлэх их буруу. Яагаад гэвэл, эдэлсний дараа тэр юм сайхан биш болчихдог.
-Ариун нандин байхын утга учрын талаар танаас асуумаар байна…?
-Сайхан асуулт байна. Магадгүй, нас жаахан яваад ухаан сууж байгаагийнх биз, хүнд хамгийн чухал хоёр л зүйл байна, нэг нь амар амгалан, нөгөө нь ариун тунгалаг, гэгээн байх гэж би бодох болсон. Өөр юун тэр эрдэм ном. Хүн яах гэж ном сурч байгаа юм бэ гэвэл сэтгэл санаагаа ариун тунгалаг болгох гэж, сэтгэлээ цэвэрлэх гэж. Хүнийг ертөнц угаас ариун тунгалаг бүтээсэн шүү дээ. “Нүдээ нээгээгүй гөлөг нэг сайхан” гэж үг бий. Монголчууд гэдэг чинь тэнэг улс биш. Нүдээ нээгээгүй гөлөг гэдэг тийм гэнэн ариун. Нүд нь нээгдэхээр орчлонгийн муухайг харчихдаг байхгүй юу. Хүүхэд ариун л гэдэг, тийм биш шүү дээ. Хүүхэд юм мэдэхгүй гэж бодоод томчууд хүүхдийн дэргэд муу муухай юм хийгээд, хэрэлдээд, зодолдоод байдаг. Тэгэхээр хүүхэд өсч өндийхдөө экологийн хэлээр бол бохирдсон амьтан болж хувирч байгаа юм. Данзангийн Нямсүрэнгийн шүлэг байдаг.
Сар хиртсэн шөнө шүлэг бичиж болдоггүй
Шаргын ууланд ооно эврээ хугалчих гээд шүлэг бичиж болдоггүй… гээд. Энэ бол ариун сэтгэхүй. “Тэнд чи минь дээл оёод хуруугаа хатгах гээд байхаар сар хиртсэн шөнө би шүлэг бичиж чадсангүй” гэж. Тэгэхээр ариун гэдэг бол гэгээн сайхан. Хүн юуны төлөө ном уншиж, зохиол бичиж байгаа юм? Ариусахын л төлөө шүү дээ. Бүх юм эндээс л эхэлнэ. Тэгээд ариун тунгалаг, амгалан болно. Үүнээс өөр жаргал гэж байхгүй. Сэтгэл санаа, оюун ухаанаа жаахан ч гэсэн гэгээрүүлэх юмсан. Миний эцсийн зорилго бол энэ.
– Баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.
2008 он.
Эх сурвалж: “Гоо даль” сэтгүүл