-Говийн аймгуудад ажиглагдаж буй хэт халалтыг уул уурхайн үйл ажиллагаатай холбон шүүмжлэх өнцөг сошиалаас анзаарагдаж байна. Хэт халалтын шалтгааныг шинжлэх ухааных нь үүднээс тайлбарлавал…?
-Аль нэг салбараас болж хэт халалт болох ямар ч үндэсгүй. Шинжлэх ухааны наад захын ойлголтгүй хүмүүс л тийм зүйл ярина. Бид дэлхий гэж нэг л гараг дээр амьдардаг. Одон орон судлаачид олон жилийн бүтээлээрээ нар сарны харилцан үйлчлэл гэх мэт бүгдийг судлаад тогтоочихсон.
Яг өдийд, зургадугаар сарын 21, 22-нд дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээрээ 23 градусаар налуу эргээд хойд хагас буюу Төв Ази, манай бүс нутагт нарны тусгал их болж буй үе. Эсрэгээрээ өмнөд хагас буюу Латин Америкийн Чили, Аргентинд хүйтэрч байгаа. Хоёрдугаарт анх удаа ч халж байгаа юм биш. 2016 онд Ла нинья гэдэг үзэгдэл болоход дэлхий нийтээр маш их халалт болж байгалийн гамшигт үзэгдэл болж байсан. 2010 оны зун гэхэд л ОХУ-д зуны турш халж асар их хохирол учирсан.
Ийм тохиолдол өчнөөн бий. Одон орон, цаг уур талаас нь харахад байнга тохиолддог үзэгдэл гэж ойлгож болно.
-Та өмнөх ярилцлагадаа Ла нинья идэвхжиж байгаа гэж онцолсон. Сая ч хэллээ. Ла нинья хэт халалтын шалтгаан болж байгаа гэж. Ла ниньягийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбар өгөөч, манай уншигчдад?
-Олон улсын байгууллага, цаг уур судлаачид дэлхийн цаг уурыг судлаад олон жил болж байгаа. Цаг уурын байгууллагын бүртгэсэн мэдээлэл гээд харвал Америк, Их Британи гэх мэт улсуудын тухайд 150 гаруй жилээр тоологдоно. Орчин үеийн цаг уурын байгууллага үүсээд бараг зуу гаруй жил болж байна. 1960-аад оноос хойш хиймэл дагуул хөгжлөө.
Цаг уурын хувьд маш том дэвшил авчирсан зүйл. 2000-аад оноос хойш тооцоолох компьютер хурдтай хөгжлөө. Энэ бүхэн цаг уурын судалгаанд маш том өөрчлөлтүүд авчирч байгаа юм. Хөгжлийн энэ явцдаа Номхон далай дээр цаг уурын ийм өөрчлөлт болдгийг дал, наяад онд анх тогтоосон байдаг. Дөрөв таван жил өнгөрсний дараа Номхон далай дээр усны температурын өөрчлөлт ажиглагддаг. Зарим жилүүдэд Латин Америк талдаа усны температур нь илүү хүйтэн болдог. Эсрэгээрээ зарим жил ус нь халдаг.
Хөрдөг жилийг нь Ла нинья гэдэг. Ус нь халдаг жилийг Эль ниньо гэдэг. Латин Америкийн нутгийн иргэдийн хэлээр бол хүү, охин гэж нэрлээд байгаа хэрэг. Одоо болж буй үзэгдлийн тухайд Латин Америк талдаа илүү чийглэг байх нөлөө үзүүлнэ. Ус нь халж байгаа учраас хур тунадас ихтэй байна гэсэн үг. Эсрэгээрээ илүү халалт нь Австрали болон Зүүн өмнөд Азид ажиглагдана гэж ойлгож болно. Судлаачид 1998 онд болсон тохиолдлыг ярьж байна. 2016 онд бас ийм үзэгдэл болсон. Үүнээс болж олон улс орнууд хохирол амссан.
-Манайд хэт халалтаар илэрч буй энэ үзэгдэл хэчнээн хугацаагаар үргэлжилдэг бол?
-Нэгэнт эхэлсэн бол 2-3 жил үргэлжилдэг гэдэг. Өөрөөр хэлбэл ирэх хоёр гурван жилийн турш Ази талдаа нэлээд халалттай байна гэсэн үг. Ийм судалгааг маш олон байгууллага хийж байна. Зөвхөн дэлхийн цаг уурын байгууллага биш. Хималай тойрсон улсуудын хамтарсан цаг уурын судалгааны байгууллага гэж бий. Энэ байгууллага Хималайн уулыг судалдаг юм. Хималайн уулын байдал тухайн бүс нутгийн цаг агаарт хэрхэн нөлөөлөхийг судалдаг газар л даа. Энэ байгууллагын судалгаа дөрөв, тавхан хоногийн өмнө гарлаа. Тэр судалгаан дээр хүртэл Хималайн уулын мөс улам ихээр хайлж буй тухай онцолсон байна.
-Тэгэхээр энэ халалт 2025 он хүртэл үргэлжлэх нь ээ?
-Дэлхийн цаг уурын байгууллага, Их Британийн цаг уурын байгууллага, Засгийн газар хоорондын уур амьсгал судалдаг байгууллага гэх мэт олон газар хэт халалт хоёр, гурван жилийн турш үргэлжлэнэ гэдэгтэй санал нэгдэж байгаа.
-Хэт халалтын нэг эрсдэл нь аадар буух гэж сонсч байсан юм байна. тийм эрсдэл бий юү?
-Уур амьсгал судалдаг Засгийн газар хоорондын байгууллагын үе шаттай хэд хэдэн судалгаа гарсан байгаа. Гурван удаагийн цуврал тайлангууд бий. Агаар мандал, далайн ус, Антарктидын мөсөн бүрхэвчийн тухай гээд маш олон талаас нь судалдаг юм. Эдний судалгаануудад удаа дараа байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихэсч байна гэсэн дүгнэлт гарсан.
Манайхан ч гэсэн ярьдаг даа. “Шиврээ бороо удаан ордог байснаа бүр больжээ, халж халсны эцэст гэнэт аадар бороо ордог боллоо” гэж. Төв Азийн гэх мэт хуурай уур амьсгалтай орнуудад энэ үзэгдэл түгээмэл болж байна. Ойрын нэг сарын прогнозыг авч үзье. Говийн бүсээр үргэлжилсэн халалт бараг долоо, найм хоног үргэлжилж байна. Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дундговийн нутгаар үргэлжилж байгаа. Ер нь эдгээр аймгуудад энэ зун тун амаргүй байна.
Халалт таваас дээш хоног үргэлжлэхээр бэлчээрийн ургамал хатахаас эхлээд олон асуудал бий. Хөрсний чийг байхгүй болно гэсэн үг. Дундговиос урагшаа хөрсний чийг дандаа тэг байгаа. Тэгэхээр ургамал ургах боломжгүйд хүрч бэлчээрийн асуудал хурцаар тавигдаж таарна.
-Ингээд харахаар говийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх улам л эрсдэлтэй болсоор байх нь…?
-Тэгнэ. Мал аж ахуй эрхлэхэд улам л таагүй болж байгаа. Тэгэхээр дунд хугацаандаа говийн бүсийн мал аж ахуйгаа ямар байдлаар хөгжүүлэхээ маш сайн бодох хэрэгтэй. Ер нь хангай тал руугаа мал аж ахуйгаа хөгжүүлэх чиг барих шаардлагатай.
-Тариалан эрхлэгчдийн хувьд энэ зун ямар нэг эрсдэл байна уу, цаг уур талаасаа?
-Хангайн бүсээр харьцангуй гайгүй байгаа. Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн нутгаарх хур тунадас олон жилийн дундаж хэмжээндээ байна. Ургамлын ургац дээр дулааны баланс гэж бий. Дулааны балансын талаас харахад үр тарианы болц дээр санаа зоволтгүй. Цаг хугацаандаа хурааж авах эсэх дээр л асуудал гарч магадгүй. Хэнтийд усалгаатай тариалан хэрэгтэй болох байх.