2024-12-26, Пүрэв
-26 C
Ulaanbaatar

Наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын найруулагчаар ажиллах Н.Жанцанноровын морин хуурын талаарх 8 эшлэл

Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров өнөө жилийн Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын найруулагчаар ажиллахаар болсон. Энэ эрхмийн морин хуурын талаар хэлсэн онцлох найман эшлэлийг хүргэе.

  • Батчулуун багшийг Морин хуурын чуулга байгуулах үед морин хуур гэдэг биелгээ дагадаг, Ардын дуу бүжгийн чуулгын найрал хөгжимд хэдхэн хүн сууж байдаг, Норовбанзад гуайг дуулахаар ганц морин хуурч гарч ирж суудаг төдий л байсан. Бидний бага залуугийн морин хуурын үүрэг ерөөсөө тэр. Фестиваль явбал Жамъян гуай Шумины “Бодол”-ыг тоглосон болно. Тэгэхээр дэлхий яаж хүлээн зөвшөөрөх юм. 1989 онд. Би хөгжмийн зохиолчдын холбооны даргын албатай. Гэтэл Өвөр Монголд морин хуурын нийгэмлэг байгуулах гэж байна, эрхэм дарга таныг алдартай хөгжимчин Жамъян гуайтай хамт урьж байна гэдэг юм. Батчулуун, Жамъян багш хоёртой явлаа. Тэр үед нэг юм бодогдлоо доо хө. Монгол Улсын үндсэн хөгжим нь, Ардын дуу бүжгийн чуулгын оркестрт тав, зургаахан юм сууж байгаа, гэтэл Хятадад морин хуурын нийгэмлэг байгуулж байдаг, тэрэнд нь бид мэт нь очиж байх юм, энэ юу болоод байна аа гэсэн бодол төрж байна шүү. Нөгөө хоёртоо хэлэх үгийг нь чиглүүлж өглөө. Би ч гэсэн хоёрын хооронд юм хэлсэн боллоо. Баяр хүргэе, гэхдээ яг шинжлэх ухаан, судалгаа талаасаа та бүхэн бидэнтэй сайн хамтарч ажиллахгүй бол морин хуурын цаашдын хөгжилд эерэг нөлөө үзүүлэхэд хэцүү гэсэн утгатай үг хэлчихээд ирсэн. Тэр үед би Намын төв хорооны гишүүн, Хөгжмийн зохиолчдын холбооны дарга болохоор бас ч гэж шийдвэр гаргах эрх мэдэлтэй. “Алтан намар” хөгжмийн наадмаа шууд л морин хуурын наадам гэж нэрлэсэн. Анх удаа 108 морин хуур цуглуулж морин хуурын наадам болгосон нь ийм түүхтэй. Чибулагийг нь авчирч тоглуулж “доош нь хийж” өгөөд мо¬рин хуураа дэлхийд сонсгох ажил эхэлсэн дээ. Мэргэжихийг ч урьсан. Тэгээд морин хуурын нийгэмлэг байгуулж Жамъян гуайг ерөнхийлөгчөөр нь тавьчихлаа. 1989 онд буюу тэр жилдээ.
  • Алдартай эрдэмтэн Хангины Гомбожав гуай Америкаас Монголд ясаа тавимаар байна гэсэн санал тавьсныг Мэргэжих гуай дуулгадаг юм. Садангийнх нь хүн л дээ. Гомбажав гуайг авчирлаа. Гэтэл ирснээсээ хойш хоёр, гурав хоногийн дараа галзуураад Шар хаданд хэвтэж, тэндээ нас барчихсан. Алтан өлгийд оршуулахаар боллоо. Би оршуулах комиссынх нь орлогч дарга. Сталины номын сангийн хоёрдугаар давхраас гаргахаар боллоо. Тэр үеийн жишгээр үлээвэр хөгжмөөр гаргана гээд тохирчихлоо. Гэтэл Америкийн ЭСЯ-ныхан манай иргэн учраас ша¬рил дээр нь улсынхаа тугийг бүтээнэ гэдэг юм. Бодлоо. Монгол хүн нас барчихаад байдаг, гэтэл Америкийн туг тавих гээд байдаг. Тэгээд эцэст нь үлээвэр хөгжим авахгүй гэж хэллээ. Морин хуурын дөрвөл тоглуулъя гэж шийдээд ардын дуу энэ тэрээс бүтсэн уйтгартай хөгжим найрууллаа. Гомбожав гуайг анх удаа мо¬рин хуураар гашуудлын хөгжим тоглож гаргаж байгаа юм. Зориг гаргасан хэрэг л дээ. Тийм том эрдэмтэн нас барсан болохоор томчууд бүгдээрээ очсон. Дараа нь хүн бүр “Жанцанноровоо морин хуураар гаргана гэдэг чинь их сайхан юм байна, зүрхэнд очсон аялгуу байна шүү” гэж байна. Тэрнээс хойш дарга нар морин хуур л сайхан юм гэж ярьдаг болсон. Гэнэт анзаарсан хэрэг л дээ. Тэгээд Батчулуун Морин хуурын чуул¬га байгуулсан.
  • Морин хуурын чуулгын олон улсын харилцаа энэ тэрийг нь би хариуцна. Тоглох юмтай байлгахын тулд тоглох юмыг нь сайн хийж өгнө. Улаан-Үүд рүү гарах ажлыг нь анх зохион байгуулж байлаа. Тэр үед чинь Улаан-Үүд гадаад шүү хөөе. Буриадуудын нүд орой дээрээ гарсан. Багш өгөөч морин хуураа сэргээе болоод явчихсан. Гэтэл дараа нь япончууд сонирхоод.

Японд гэхэд 416 япон хүн морин хуур сурч татаж байна. Хоёр жил тутам Жанцанноровын морин хуурд зориулсан бүтээлийг хэн сайн хөгжимдөх вэ гэсэн уралдаан улсынх нь хэмжээнд болдог. Уралдааных нь үр дүнгээр Монголоос уран бүтээлчид очиж миний бүтээлээр концерт тоглодог. Бид олон улсын морин хуурын наадам гэж хоёр жил тутам хийнэ. Арваад улсаас хүрээд ирнэ. Сүүлийн мэдээ гэвэл Германы хөгжмийн дээд сургуулийн хийлийн дөрвөн багш морин хуур сурчихсан. Халтуур хийнэ гэж жигтэйхэн гэж сонссон. Морин хуураар жазз тоглоно. Хийлээр тоглохоос хамаагүй илүү хүнд хүрдэг гэсэн.

  • Морин хуур хийлийг бодвол болхи хөгжмийн зэмсэг. Хялгас нь татна, сунана, эгшигнүүдийн хооронд хол зайтай. Хийлэн дээр гаргадаг эгшгийг морин хуур дээр ашиглахын тулд хуруугаа нэлээд алцайлгах хэрэг гарна. Тэгэхээр хурдтай техник энэ тэр гаргахад бэрхшээлтэй.Морин хуурыг сонссон гадны өөр соёлтой улсын сэтгэл хөдлөөд байгаа нь цаанаа шалтгаантай. Хийл бол төмөр утсыг хялгасаар үрдэг. Гэтэл морин хуур хялгасыг хялгасаар үрдэг. Органик зүйл органик зүйлтэйгээ нэгдэж байгаа учраас органик аялгуу гарч таарна. Органик аялгуу учраас хүн гэдэг юмыг нь хөндөж байгаа хэрэг л дээ. Их товчоор хэлбэл хүн гэдэг амьтны хүн доторх сэтгэлийг “үймүүлж” чадах эгшиг морин хуураас гардаг. Хөгжим сонсоод сэтгэл хөглөгдчихлөө гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ хөгжим сонсоод сэтгэлийнх нь хөг алдарч байгаа л хэрэг. Хөг орж байгаа биш, алдарч байгаа юм. Хөгжим сонсоод зөв гээд явж байсан замаа эргэж харахад хүрдэг. Явж буй зам маань болж байгаа юм уу гэж эргэлзэж эхэлдэг… Морин хуураас гарч байгаа эгшиг амьтай, сүнслэг. Онгирох, үндэстнээ өндөрт тавих гэсэн санаагаар энэ үгийг хэлж байгаа юм биш л дээ. Хүний ширхэг үсийг шинжлээд хүний тухай мэдээллийг бараг бүрэн авч болно. Тэгэхээр үс гэдэг амьтай зүйл. Амьтай юмыг амьтай юмаар үрэхээр амьд эгшиг гарна. Жинхэнэ хүн гэж бодогдох гүн чанар, морин хуурын эгшиг хоёр холбогдож буйг дэлхий дахин сонсоод мэдэрч байгаа хэрэг. Нэг л өөрийнх нь юм шиг мэдрэмж төрдөг. Жишээ нь, морин хуур сонсоод нэг л өөрийнх нь юм шиг мэдрэмж итали хүнд төрдөг гэсэн үг. Тийм учраас дэлхий дахин морин хуур руу хошуурч эхэлж байна.
  • Италичууд хийл гэж нэг юм хийсэн. Тэгээд дэлхийн хөгжим болгосон. Өнөөдөр Чинбат гэдэг монгол хүн монгол хүндээ италийн хөгжим зааж байна. Тэгэхээр итали хүн Ром хотод итали хүндээ морин хуур заахыг үзмээр байна. Ингэх л юм бол бид томчуудын яриад байдаг өнөө тусгаар тогтнол, соёлын дархлаа, уламжлал гэдэг юмаа ярихаас илүүтэй авдрандаа хийгээд авлаа гэсэн үг. Өнөөдөр гитарыг хэзээ хэн ч испаничуудын хөгжим гэдэггүй. Дэлхий испаничуудыг хэрэглэж байна. Ж.Бадраа гуай энэ рүү явж байсан. Тэгэхээр энэ хүн оюун санааны үнэ цэн талаасаа яах аргагүй манай соёлын түлхүүр улсын нэг.
  • Зөвхөн үндэсний хөгжмийн зэмсэг гээд монгол хүн хуурдаад явбал дэлхий нийтийг хамарсан хүчтэй үзэгдэл болж чадахгүй. Гитар шиг болгох хэрэгтэй. Гитарыг испани үндэсний гэж өнөөдөр хэн ч хэлэхгүй. Гитар гэдэг хөгжим ахуйн, урлагийн аль ч түвшинд бүрэн хэмжээгээр даяаршчихсан. Хийл, төгөлдөр хуур ч ялгаагүй. Ойр зуурын хэрэглээгээрээ гитар хамаагүй өргөн л дөө. Манайхан үндэсний юмыг минь хүмүүс биднээс илүү хийчихвэл яана аа гэсэн харам сэтгэлгээтэй. Өнгөрсөн зуунд байж болох ч одоо тэгээд хэрэггүй. Өнөөгийн ертөнцөд өөрийнхөө юмыг хэдий чинээ дарна, төдий чинээ унтарна. Аюулгүй байдалтай холбоотой биш л бол. Манай үндэсний бөх, морь, сурнаас дэлхийд авах юм их бий. Малчин соёлтой холбоотой асар их юм дэлхийд хэрэгтэй байна. Борцыг Австралид ч юмуу худалдаалах стандартыг л бий болгох учиртай. Жишээ нь, утах арга байна. Утахдаа бид уураар биш, утаагаар утдаг.
  • Бусад хүн муудаа морин хуур хийж чадаагүй хэрэг биш л дээ. Бид муудаа гитар хийгээгүй ч юм биш. Үндэстнүүдийн өөрийнх нь онцлог хэн ч давташгүй зүйл хийлгэдэг юм. Давтагдашгүй тэр зүйлийнх нь үр шимийг бусад үндэстэн хүртэх учиртай. Дэлхий даяараа тэгж л соёлын ололт дээр тулгуурлаж явдаг. Төгөлдөр хуур, машин, компьютер гээд бидний хэрэглэж байгаа бүхнийг өөр үндэстнүүд хийсэн. Бас бидний чадсан юм тэдэнд дутагдаж байгаа. Тэдэнд дутагдаж байвал бид чаддаг юмаараа урд нь яваа гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр зүйлээрээ дэлхийг хөтлөх боломж бидэнд бий. Чаддаг юмаараа дэлхийг хөтөлж байж л өрсөлдөөн яригдана. Өнөөгийн бүх үндэстний сэтгэлгээ, чадамжийн өндөрлөг дээр өөрийнхөө үндэстнийг хамт авч явна л гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл чадахгүй юмаа сурч, чаддагаараа хөтөлж байж бусадтай зэрэгцээ явна.
  • Дараагийн 100 юм уу, 300 жил морин хуур гэдэг хөгжим дэлхийн сонгодог байх огт боломжгүй гэж хэлсэн хүн хаана байна? Хэдэн зууны дараа морин хуур дэлхийн сонгодог болохыг үгүйсгэх аргагүй. Боломжтой гэж би баталж чадахгүй. Гэхдээ боломжгүй гэж хэн ч хэлэхгүй. Италийн хийл урласан мастерууд “300 жилийн дараа Азийн үндэстнүүд бидний хийлээр найрал хөгжим тоглоно” гэж бодож зориогүй. Зүгээр л хүмүүст хүргэе, хүн болгоныг тоглодог байлгахыг зорьсон. Тэгээд сонгодог болсон. Бид тэр л үе дээрээ явж байна. Өмнөд монголчууд өөрийн морин хууртай. Гэхдээ манайхыг дагаад асар хурдтай явж байна. Хятад хүн маш сайхан хуурдаж байна. Намайг ингэж хэлэхээр хужаа цустай гэнэ л дээ. Яагаад болохгүй гэж. Бид Хятадын хуучираар хуучирдаж байхад тэд хуурдаж болно. Манай ятгачид хятад ятга бариад дэлхийн хөгжимчид болчихсон. Морин хуур бариад нэг хятад хүн дэлхийн хөгжимчин болог л дээ. Одоо европчууд морин хуурыг маш их сонирхож байна, морин хуурыг дагаад монгол хувцас сонирхож байна. Тэдний өдөр тутмын гоёл, дадал болж эхэлж байна. Ингээд харахаар бид урагшилж байгаа. Мэргэжил мэргэжлээрээ, чаддаг чаддагаараа урагшлах нь л хөгжил юм.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img