2024-12-21, Бямба
-18 C
Ulaanbaatar

Баяртай, Маргалла-Могойн толгодын цайз: Бхуттогийн гоёмсог хос шаахай

Манай нийтлэлч Д.Аззаяагийн “Баяртай, Маргалла-Могойн толгодын цайз” тэмдэглэл уншигч танд цувралаар хүрч байна. Бидний огт мэдэхгүй, соёл шашин тэс өөр, алс холын Пакистаныг гаднаас нь биш дотроос нь өнгийж бичсэн түүний нийтлэл шинэ мэдрэмж , ховор содон мэдээллээр дүүрэн болжээ.

  Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Хотынхны хамгийн их очдог газар бол видеоны дэлгүүр, тэнд бас бүгд л таарна, шинэ, хуучны кинотой СD худалдаж аваад гэртээ үзнэ. Гэтэл 2007 оны хавар, нэгэнт юу болов гэмээр хоёр нүднээсээ бусдыг халхалсан хар хижабтай эмэгтэйчүүд видеоны дэлгүүрийг эсэргүүцэн “Лал Масжид”-ийн үймээн гэх хэрэг дэгдээлээ. Хотын ганц видеоны дэлгүүрийг, порно кино зардаг, цөөхөн хэдэн массажны газрыг биеэ үнэлэх төвийг хаа, үйл ажиллагааг зогсоо гээд л үймээн самуун болов.

Лал Масжид Улаан сүм нь хэт туйлшрагчид үзэл номлолоороо нэртэй нэгэн. Химилайн нурууны бэл тэгшхэн тал дээр 1965 онд Маулана Мухемад Абдуллах улаан тоосгоор сүм босгоод Лал Масжид-Улаан сүм гэгдэх болж. Уг сүмийнхэн 1980 оноос эхлэн шашны хэт туйлшран даврах бодлыг баримталж эхэлснээр 1998 онд М.М.Абдуллах алагдсан юмсанж.

Сүмийнхээ үйл хэргийг хоёр хүү нь үргэлжлүүлж, эелдэгхэн зантай, зөөлөн дуутай хэмээгдэх Рашид Гази дүү нь 9 дүгээр сарын 11-ний Америкт халдахын өмнөхөн Осама Бин Ладентэй уулзсан тухай өөрөө ярьсан байна. Түүнийг хорлон сүйтгэх бүлгүүдтэй далдуур холбоотой гэж сэжиглэх үндэс бий гэж пакистанчууд ярьдаг.

Мадраса-шашны сургуулийн семинарын сурагч охид эмэгтэйчүүд гадны барууны кино зарахыг хориглохыг сануулж, дэлгүүрт дайран орж кино сд -ийг овоолон шатаах, массажийн газарт ажилладаг зургаан хятад, гурван нутгийн эмэгтэйг хулгайлан барьцаанд авч, Лал Масжидийн үзэл номнолыг дэмжих мянга мянган хүнийг босгох уриалга хийж, амиа золиослогчдоор сүрдүүлэн боссон юм.

Нэл хар хувцастай, алд алд цагаан хулс барьсан эмэгтэйчүүд олноороо нүүгэлтэхэд тэдэн дээр, буу зэвсэглэсэн эрчүүд нэгдэн, цагдаагийнхантай мөргөлдөж, замууд хаагдаж, хот түгшүүрийн байдалтай. Засгийн газартайгаа тохироо хэлэлцээнд хүрч чадалгүй даамжирч, сүмээ тойруулан бэхлэлт босгож, гал нээлцэж байдал хэцүүдсэнд 7 дугаар сарын 7-ны өдөр ерөнхийлөгч П.Мушарраф бууж өгөхийг тулган шаардах бичиг хүргүүлж, тарж явах боломж өгсөн гэдэг.

улаан сүмМөн л тохиролцож чадалгүй байсаар гурван өдрийн дараа, хагас цэрэгжсэн цагдаагийн эрх мэдэл байлдааны армийнханд шилжиж, сүм рүү дайран орж цус асгаруулан нам даржээ. Төр шашны ийм мөргөлдөөн нийгмийн хамгийн эмзэг сэдэв тул, яг хэдэн хүн амь насаа алдсаныг хэн ч тодорхой гаргаж чадахгүй багцаагаар 300- 400 хүн алагдсан гэх юм билээ.

Англи Америкуудтай хамтран “Терроризмтэй тэмцэх дайн”, “Афганистаны дайн”-ыг П.Мушарраф дэмжин зааварласан ч, түүний ур чадвар дутсанд гадныхны итгэл алдарч, дотооддоо түүний нэр хүнд суларч эхэлсэн төдийгүй засгийн газраа эсэргүүцсэн “Хуульчдын хөдөлгөөн”, үүнтэй уралдах мэт ямар нэгэн хэмжээний том жижиг аллага байнга болно. 2006 онд амиа золиослогчид найман газарт дэлбэрч байсан бол 2007 онд дөчин дөрөв болж өссөн юмсанж.

Үймээн дарагдах мэт жаахан амсхийх хэдий ч унтраагүй галын оч мэт. Чимээгүй уугисаар унтрах, түймэр адил дүрэлзэж шатахыг хэн ч таашгүй. Хүн барьцаалах, охидын сургуулийг галдах, зах зээлийн газарт бөмбөг дэлбэрэх, гадаадын иргэнийг барьцаалах оролдлого байнга л гарна. Тэр газраар битгий яв, энэ газарт битгий саат гэх сануулга гар утсанд үргэлж ирдэг болов.

Хөрш улс Афганистанд Талибанчууд хүчээ авч, зочид буудалд эмэгтэй хүн байхыг мэдвээс уурлан дургүйцэж буудлаас гаргахыг шаардаж, сахал тавиагүй эр хүнийг барьж зоддог гэхмэт мэдээ байнга чих дэлсэх тул сэтгэлд тун түгшүүртэй. Нийгэм амгалан тайван болсон ч өөрийн мэдэлгүй тувт муу муухай хар барааныг бодох, үхэл хагацал тохиолдох бий хэмээн үргэлж түгших, хань ижил үр хүүхдэдээ хий санаа зовдог сэтгэхүйтэй болж хувирдаг, их муухай.

Өглөө их эртээ, би сэрчихээд цонхон тушаа тарьсан хэдэн цэцэг навчныхаа шарласан хэсгийг түүн зогсож байтал түс тас хийх битүү бөглүү чимээ манай хашаан дотор гарч эхлэв. Гүйж очоод хөшигний завсраар дадсан зангаараа сэм шагайтал, юу болсон гэж санана. Эвтэй найртай байдаг өнөөх Тара, Миэгүл хоёр, үүдээр тарьсан хамаг сайхан цэцгүүд дээр минь өнхрөлдөн, дээр доороо орж хэмх нүдэлдэж байх нь тэр. Хавь ойрын жолооч, цэцэрлэгч нар сандран гүйлдэн ирж салгаад байгаа юм уу талцаж үзээд байгаа юм уу мэд, бөөн ноцолдоон.

Нэг харсан Тара, Миэгүлийн сахалнаас таталцан зулгаахад ам хамар нь муруйгаад хачин аймаар. Би сандарч нөхрөө дуудлаа, хөвгүүд маань ч гүйлдэн ирж хажууд зогсоод, нэг нь Тарагийн талд нөгөө ньМиэгүлийг өмөөрч хоорондоо талцваа. Нөхөр маань хам хум хувцсаа сольж салгахаар гарав. Миний хамгийн санаа зовж байсан зүйл маань уурын хар мунхагаар биенийгээ буудаж алах бий гэж түгшиж байсан юм. Тарагийн дээр Миэгүл мордоод суучихсан зангидсан гараа нударгалан балбаж байхад нь нэг юм болиулав.

-Би юунаас ч айхгүй армийн хүн, танай хашаа руу хүн довтолбол эцсээ хүртэл үзээд дуусна хэмээн газар дэвсэн ёсолж, эрч хүч нь багтан ядаж явдаг Тара маань дийлдсэндээ хорсон бахардаж буй бололтой. Цээж нь түхэлзэн бачимдаж байснаа гэнэт алгаараа нүүрээ даран асгаруулав. Надад хачин эвгүй санагдаж хурдхан цонхноос холдов, удаж удаж нөхөр маань орж ирлээ.

Нутаг усаар нь нэгийгээ ад шоо үзэж, яс үндсээр доор дээр гэж чалчих ийм л юманд хүргэдэг аюултай, Миэгүл тэсэж байгаад гэнэт дэлбэрсэн нь энэ аж. Мадам Зимал таягаа тулчихсан хаа нэгтээ таардаг байснаа харагдах нь цөөрч, зузаан нөмрөгөө нөмөрч тагтан дээрээ гарахдаа тэргээ хүнээр түрүүлэн, нарлан сууж, өтгөн аагтай цайгаа атгачихсан унтаж байдагсан. Сэвэлзсэн зэврүүн өдөр мадам Зимал бурхны зүг одож, үеийн бололтой цөөн хөгшид, зарим хөршүүд, армийн голдуу хүмүүс, Англид байдаг хүү нь ирж үдсэн билээ.

Амьдрал байдгаараа л үргэлжилж, хүүхдүүд хичээлдээ явж, Пакистанд амьдардаг гадныхан төрөл бүрийн сургалт явуулж, үзэсгэлэн нээж, худалдаа гаргаж, олон ч ажлуудыг хамтарч хийцгээнэ. Амралтын өдрүүдэд Кубын элчин сайдын яамнаас латин бүжгийн багш хичээл заадаг байв. Зунжин ажилдаа дарагдаад Монгол явж чадаагүй, нөхөр маань амралтын хэдэн өдрөө ондоо багтаан авч, шинэ жилээр Улаанбаатарт хэд хоног ч гэсэн байхаар болж явав.

улаан сүмИсламабадад байнга л тог тасарна, удалгүй тэгээд ус тасрах тул ус, лаа, газын зуух авч, хүнс будаагаа хүртэл нөөцөлдөг болов. Улс орон тэр чигтээ улс төржиж, 2008 онд болох сонгуулиар амьсгалж эхэллээ. Хээл хахуулийн хэргээс болж хилийн чанадад байсан ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн хэргийг хүчингүй болгожээ. Б.Бхутто Карачи хотын нисэх буудалд газардахад хэдэн мянган хүн цугларч, дараагийн ерөнхий сайдын сонгуульд ялалт байгуулах хамгийн боломжтой хүн хэмээн хэвлэл мэдээллээр шуугина.

Тэгж байтал нь “Амиа золиослогч хоёр бөмбөг дэлбэлж, 140 хүн амь үрэгдэж, 402 хүн шархдаж, Б.Бхутто азаар амьд гарлаа” гэх мэдээ улс орныг доргиоход бид ч дагаад л донсолно. Шинэ он гарах дөхөж байсан үе, хоол ундаа хийж дуусаад орон нутгийн суваг харж суутал Равалпиндид хэдэн мянган хүн цугларч оволзож Б.Бхутто цуглаанаа хийж дуусаж байгаа бололтой.

Машиныхаа онгорхой дээврээр гараа далласаар явахад пиг шавсан улс усны үер адил араас нь даган хуйлрах аж. Хүмүүс гүйлдэн бужигнаж байтал буу дуу тас хийж, залгуулаад бөмбөг дэлбэрч зурагт харлаад явчихав. Тэгэхэд хот чив чимээгүй болчих мэт аймшигтай санагдаж дотор пал хийлээ. Бидний гар утаснууд энд тэндгүй чичигнэн дуугарч, гэрээс гарч болохгүй, гадуур байгаа бол шууд гэх харь гэх анхааруулга ирлээ.

Бүх сувгаар Б.Бхуттогийн цусан дунд хутгалдан хоцорсон гоёмсог шигтгээтэй хос шаахайг зурагтаар харуулж, эмнэлэг хүрэх замдаа нас нөхцсөн, хорин хоёр хүн амиа алдлаа гэж мэдээлэв. Сумны хамгаалалтай машиныхаа дээврийг онгойлгож биеэ гаргаж явах ёсгүй байж. Ердөө хоёр гуравхан метрийн зайтай зогсож байсан эр угсруулан гурав буудаж хороожээ.

Ерөнхийлөгч П.Мушарраф гурван өдрийн гашуудал зарлан, онцгой байдал тогтоож, хаа сайгүй армийнхан эргүүлээр явж гудамж хов хоосон ажин түжин. Улс орныбайдал ямар түгшүүртэй байгааг Миэгүл, Тара хоёрыг харахад л андашгүй. Буугаа атгаатай бидний зүг зовнингуй харж, гараад явах бий гэсэн шинжтэй болгоомжилно. Үймээн самуун тасрах нь байтугай үргэлжлэн байсаар шинэ он гарлаа.

Заримдаа замхаагдаж хүүхдүүдийг гаргахгүй сургуульд нь хорьж, биднийг явуулахгүй тохиолдлууд гардаг болов. Хаа нэгтээ бөмбөг дэлбэрэх чимээ сонсогдож, гадны хүмүүс рүү довтолж, гар хийцийн хадаас шилний хагархай элдэв металын ялтсаар хийсэн бөмбөг дэлбэрч, канад залуугийн нүдийг сохолж, хэд хэдэн хүн хотод шархдаж гэмтэв. Өглөө сургуульд явах болоход манай хүүгийн ангийн хүүхэд Испанийн элчин сайдын хүү бууны сум нэвтрэхгүй машинтай ирж, хөвүүдийг маань авч явна. Тэр машины хаалгыг нээж хаах гэдэг хэр баргийн хүн дийлмээргүй хүнд юм билээ.

Хавартай амар мэнд золгож, хүүхдийн сургууль тарж, хоёр бор хүүгээ хөтлөөд нутгийн зүг явахад, ажил ихтэй нөхөр минь биднийг гаргаж өгөөд торойн ганцаар үлдэхэд сэтгэл жигтэйхэн оргиж, хоолой эрхгүй зангирав. Бидэнтэй хэдэн англи залуучууд хамт явж таарч “Надаам” үзнэ, надаамын морин уралдааныг заавал харна, “надаамын хуушуур иднэ” хэмээн хоорондоо чанга ярихад нь бага хүү маань “надаам, надаам, надаам” гэж дууриан инээдээ барьж ядан явав. Монголдоо ирэхэд ямар сайхан амар амгалангийн орон, эр эмээрээ ялгаргахгүй, шашин шүтлэгээрээ салахгүй, үймээн самуун үхэл зовлонг хоорондоо үйлдэхгүй, эртний хуучин балмад зан заншлыг хүчээр тулгахгүй, балчир жаахнуудыг боолчлохгүй гээд зөндөө сайхан мэдэрч байлаа. Бид хөвгүүдээ өөр газар сургуульд явуулж, би ганцаараа Пакистан буцлаа.

Нөхөр маань зайлуул хоол унд хийхдээ тун чиг тааруухан, намайг ирнэ гээд, хөргөгчөө дүүртэл чихжээ. Тэгээд шууд аваад идэх гэхээр бас олигтой юм байхгүй, бид Марриот зочид буудлын нэг давхарт байдаг Японы ресторан орохоор болж захиалга өгөв. Рестораны тогооч япон эр Исламабададаа нэртэй нэгэн, зөвхөн түүний хийсэн хоолыг идэхээр хүмүүс зорьж ирнэ. Олон газар орны япон хоолны газраар мөн чиг их орсон доо, одоог хүртэл Марриотын тэр тогооч шиг тийм амттай сайхан хоол хийдэг хүнтэй таараагүйюмдаг. Ресторан орой долоо цагт л онгойно, гэдэс өлсөж хоол идмээр байдаг.

-Хоёулаа НҮБ-ын клуб явъя, долоон цаг хүртэл хүлээхээр би өлсөөд байна гэтэл нөхөр,

 Чи боов жимс идээд аргалж бай, дороо л долоон цаг болчихно, тэгээд сайхан хоол идье гэв.

Нөхрөө ятгаж гуйхын завсар ахин ахин хэлсээр, бид НҮБ-ын клуб руу давхилаа. Тэнд зарим нөхөдтэйгээ таарч хоол идэж сайхан болоод гэртээ ирэв. Замын ядаргаа бүрэн гараагүй би буйдан дээрээ сууж, нөхөр маань галын өрөөнд цай аягалж байтал аймшигт нүргэлсэн чимээ гарч манай шилэн том хаалга хагарч бутран нурлаа.

улаан сүм-Бөмбөг бөмбөг гэж би өөрийн мэдэлгүй босон харайж шат өөд гүйж, “хүүхдүүд хүүхдүүд” гэж орилов.

Нэг харсан нөхөр маань гараас барьчисан “хүүхдүүд маань энд байхгүй ш дээ, тайвшир тайвшир” хэмээн хэлэхэд гэнэт ухаан орж билээ. Марриот зочид буудлыг дэлбэлсэн байлаа, маш хүчтэй дэлбэрэх бодисуудыг хольсон 600 кг ачаатай машин шууд дайран орж ирэхэд харуулынхан буудсан ч бүгд дэлбэрсэн аж. Буудалд ажилладаг бидний хэзээний танил болж ярьж хөөрч явдаг, цэл залуухан сайхан хүмүүс бүгд алга болчихсон гэхэд хачин муухай, уйлмаар хар дарсан зүүд мэт.

Чехийн элчин сайд, англи, америк, дани, герман, саудын араб гээд 54 хүн амь алдаж, 226 хүн шархдаж түлэгдэж тахир дутуу болсон юм. Амь үрэгдсэн улсыг нэр усыг улс орноор жагсаагаад сонинд гаргаж, дэлбэрэлтийн 20 метрийн өргөнтөй, 6 метр гүнзгий нүхний зураг тавьсан байлаа. Хэзээ хойно очиж үзэхэд тэр гэх тэмдэггүй том хар нүх байсансан.

Таван давхар, 258 өрөөтөй шил толь болсон буудлын үнэт эдлэлийн тансаг дэлгүүрүүд, зоогийн газрууд гээд өчнөөн эд хөрөнгө бүгд шатаж, олон ч хүн амь алдаж бэртсэн юм даа. Ингээд л хотын төвийн барилга, айлуудын ихэнх нь цонх, шилэн хана хаалга үгүй болж, гялгар уутаар таглан навсагануулж эхэллээ. Шилний захиалганд дарагдсан газрууд өдөр шөнөгүй ажиллаж, хүргэлт хийж, шоргоолж адил ажиллаж байв.

-Чи өнөөдөр миний аврах гэж Монголоос иржээ. Би тэнд бараг өнжилгүй очиж япон шөл уудаг байсан гэж нөхөр маань хэлэхэд,

Islamabad

-Хоёр бор хүүгийн минь заяа биднийг түшиж дээ гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Амьдрахад хамгийн аюултай улсаар дэлхийд Пакистан нэгд орж, гэр бүлээрээ ажиллаж амьдрахыг хориглосон орон болж, эхнэр хүүхдээ бүгдийг гаргах заавар ирлээ. Бидний олон найзуудын дотроос хамгийн түрүүнд Өмнөд африкийн цагаан арьстан найз маань явахаар болж, гэртээ бүх найз нөхдөө урьж, оройжин хамтдаа шуугиж байгаад, маргааш нь гурван охин, гурван нохой, хоёр мууртайгаа явсан. Тэгээд л бүгд цувран буцацгаасан.

Баяртай, Маргалла- Могойн толгодын цайз!

Khuda Hafiz, Миэгүл, Тара Allah Hafiz, Исламабад.

“Чимээгүй салхи” номноос авав.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img