2024-11-25, Даваа
-18.3 C
Ulaanbaatar

“Рио Тинто”-гийн ТУЗ-ийн дарга Монголын зэс үйлдвэрлэлийн ирээдүйг өөдрөгөөр харж байна

Монголын эдийн засгийн форумыг сурвалжилсан Австралийн сэтгүүлч Брэд Томпсоны ийм гарчигтай нийтлэл “The Australian Financial Review” сонинд хэвлэгджээ.

“Рио Тинто”-гийн ТУЗ-ын дарга Доминик Бартоны хэлснээр, олон улсад капитал хөрөнгө улам үнэд орж өрсөлдөөн ширүүссэн нь онц чухал ашигт малтмалын салбарт компаниудын нэгдэх, нэгнээ залгих, худалдан авах үйл явцын үнийг өдөөх болсон ч уул уурхайн аварга том тус компани Монгол дахь байр сууриа бататган бэхжүүлэхийг эрмэлзсээр байгаа ажээ.

Ноён Бартон түүнчлэн Оюутолгойг 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болгохыг зорьж буй “Рио Тинто”-гийн үйл ажиллагаа Монголын талд үүссэн хүлээлттэй тэр бүр нийцэж байгаагүйг хүлээн зөвшөөрсөн юм.

ОюутолгойТэрээр Улаанбаатарт болсон Монголын эдийн засгийн форумын үеэр үг хэлж энэ талаар ярихдаа, “Бид үүнээсээ сургамж авч ажиллахыг эрмэлзэж байна. Уурхайд урт хугацааны хэтийн төлөвийг харгалзан хөрөнгө оруулдаг учиртай. Зам зуур элдэв саад тотгор гарч болох ч бидний харилцаа нэгдмэл алсын хараа, хүсэл эрмэлзэл дээр тогтсон байхад тэр нь ердөө л замд таарах өчүүхэн товгор төдий зүйл болж хувирна” гэсэн юм.

Өнгөрсөн оны эхээр “Рио Тинто” Монголын Засгийн газрын Оюутолгой төсөлд өөрийн талаас төлөх ёстой байсан 2.4 тэрбум ам.долларын өрийг чөлөөлөлжээ. Ийм маягаар хоёр тал цөөнгүй санал зөрөлдөөнөө нэг тийш болгон шийдэж чадсан байна.

“Рио Тинто” болон Монголын өнөөгийн Засгийн газрын хооронд шийдэлгүй үлдсэн цөөн хэдэн эмзэг асуудлын нэг нь Оюутолгойн төлөх татварын хэмжээ. Удаан үргэлжилсэн татварын маргааныг хоёр тал хэлэлцэж эхэлсэн тул үүнтэй холбоотой олон улсын арбитрын шүүхийн үйл явцыг түр зогсоожээ.

“Рио Тинто” 2010 оноос хойш Оюутолгойн бүтээн байгуулалтад 15.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд цаашид уурхайн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд нэмж илүү их хөрөнгө оруулалт хийх юм байна.

Тус компани даяар эдийн засгийг цахилгаанжуулах явцад дэлхий нийт зэсийн асар их хомсдолтой нүүр тулна гэж тооцож байгаа аж. Ноён Бартон форумын үеэр хэлэхдээ, “Даяар эдийн засгийг цахилгаанжуулах зорилтод хүрэхийн тулд дэлхий дахинд ойрын 25 жилд дор хаяж 700 сая тонн зэс шаардлагатай. Чухам энэхүү төлөв байдал “Рио Тинто”-г Монгол руу хөтөлсөн” гэж байв.

ОюутолгойӨмнөговь аймгийн элсэн цөл дэх Оюутолгойн уурхайн 34 хувийг эзэмшдэг Монголын талын уурхайн барилгын зардалд гаргах учиртай байсан 2.4 тэрбум ам.долларын өрийг өнгөрсөн оны эхээр чөлөөлснөөр далд уурхайн бүтээн байгуулалтыг гацааж байсан гол саад арилжээ.

Үүний дараа “Рио Тинто” 3.3 тэрбум ам.доллараар Оюутолгойн төслийг анхлан боловсруулагч “Turquoise Hill” компанийг өөртөө залгиж нэгтгэх үйл явцыг дуусгавар болгон өмчлөлийн бүтцийг хялбарчилж, төслийн 66 хувийг дангаар эзэших болсон аж.
Хөгжиж буй тус оронд үерийн гамшиг тохиолдсонтой давхцсан хоёр өдрийн энэхүү эдийн засгийн форумын анхаарлын төвд түүнчлэн Монгол Улсын авлигатай тэмцэхэд гаргаж буй хүчин чармайлт байлаа.

Монгол Улс 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласнаас хойш авлигын хэрэгт буруутгагдсан 17 хүнийг хилийн чанадаас эх орондоо шилжүүлэн авчирчээ. Монголын Засгийн газар түүнчлэн Интерполд хандан сүүлийн таван сарын хугацаанд авлигын хэргээр эрэн сурвалжлагдаж буй 92 иргэнийхээ талаарх олон улсын эрүүгийн цагдаагийн тус байгууллагын “улаан мэдэгдэл”-ийг авах хүсэлт гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад хээл хахууль газар авч, төрийн өмчит нүүрс олборлогч нэгэн компанид томоохон авлигын хэрэг илэрсэн нь олон нийтийг бухимдуулж, 2022 оны сүүлээр өргөн олныг хамарсан ч тайван болж өнгөрсөн эсэргүүцлийн жагсаалд хүргэсний дараа дээрх алхмуудыг хийжээ.

Ноён Бартоны Монголын эдийн засгийн форум дээр хэлсэн үгийг үргэлжлүүлэн хүргэхэд, тэрээр даяар эрчим хүчний өөрчлөн байгуулалт, эдийн засгийн хүч Ази руу шилжих болсон явдал, технологийн үсрэнгүй дэвшил зэрэг нь Монголын хөгжилд ташуур болох нь дамжиггүй гэсэн юм.

ОюутолгойТүүний үзэж буйгаар, дэлхий ертөнцөд өдгөө өргөн далайцтай, асар хурдтай өөрчлөлт болж буй нь магадгүй хүн төрөлхтний сүүлийн 300 жилийн түүхэн дэх хамгийн чухал нь байж болох ажээ. Энэхүү өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлс гэвэл хөрөнгийн зах зээл дэх шинэ чиг хандлага, бизнесийн уламжлалт төвүүдээс хувийн хөрөнгө гадагшлах болсон явдал, геополитик дахь шилжилт хөдөлгөөн, даяаршилд хандах шинэлэг сэтгэлгээ зэрэг юм байна.

Ноён Бартон эцэст нь, “Рио Тинто” өөр газар хөрөнгөө байршуулж болох байсан ч бид Монголын ирээдүйд туйлын итгэлтэй учраас далайд гарцгүй, Хятад, Орос хоёрын хооронд хавчуулагдсан орныг сонгосон билээ. Үүнээс гадна “Рио Тинто” капитал хөрөнгө улам бүр үнэтэй болж, ширүүн өрсөлдөөн нэн ялангуяа онц чухал ашигт малтмалын салбарт компаниудын нэгдэх зэрэг үйл явцыг өндөр өртөгтэй болгосон амаргүй үед Монголд орж ирснийг тэмдэглэх нь зүйтэй” гэж хэлсэн билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img