2024-12-03, Мягмар
-23 C
Ulaanbaatar

Дараагийн Өмнөд Солонгос болох эрхэм зорилготой нүүдэлчдийн ардчиллын баянбүрд

Австралийн “Sydney Morning Herald” сонинд сэтгүүлч Эрик Бэгшоу манай орны тухай ингэж бичжээ.

Олон мянган жилийн турш нүүдэллэн амьдарсаар ирсэн далайд гарцгүй хуурай уур амьсгалтай Монголын ард түмэн аливаа гамшиг тохиолдоход хурдан дасан зохицох онцгой чадвартай болжээ. Харин одоо монголчууд хүн ам, хөрөнгө мөнгө, эрх мэдлийн төвлөрөл үүсэхэд хүргэсэн даяар эдийн засгийн урт хугацааны өөрчлөлтөөс хоцрохгүйг ихэд хичээн чармайж байгаа аж.

Монголын 43 настай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1990 онд тус улс ЗХУ-ын нөлөөллөөс ангижран ардчилсан тогтолцоотой болсноос хойшхи хамгийн өргөн цар хүрээтэй шинэчлэл хийхийг эрмэлзэж, энэхүү үйл явц одоо ид өрнөж байна.

Оюун-ЭрдэнэТус улсын Засгийн газар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг МАН дараагийн сонгуульд төрийн эрх мэдлээ алдах эрсдлийг ч үл харгалзан Шинэ Зеландынх шиг ард түмний пропорциональ төлөөлөл бий болгох үүднээс УИХ-ын одоогийн мажоритар тогтолцоогоо эргэн харах болжээ. Үүнээс гадна тус улсын хамгийн нэр нөлөөтэй зарим гэр бүл өртөж болох авлигатай тэмцэх кампанит ажлыг эхлүүлж, аварга том хоёр хөрш Орос, Хятадын хэт хамаарлаас салах алхмуудыг ч хийж эхэлжээ.

Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд байрлах өрөөндөө ярилцлага өгөхдөө, “Манай улсад бусдаас нууж хаагаад байх юм үгүй ээ. Бид шинэчлэл хийхийг л эрмэлзэж байна” гэсэн юм. Харвардын их сургуулийг төгссөн бөх хүний бие хаатай тэрээр ЗХУ-д боловсрол эзэмшээгүй Монголын анхны удирдагч гэдгийг энд тэмдэглэмээр байна.

Тус улсын хүн амын 70 хувийг 35-аас доош насныхан бүрдүүлдэг аж. Л.Оюун-Эрдэнээс ярилцлага авсан ням гаригт түүний ажлын байрны гадаа Улаанбаатарын төв талбайд барьсан гэрийг тойрч хүрээлсэн оюутан залуус санаа бодлоо хуваалцан чөлөөтэй ярилцаж, хүүхдүүд цахилгаан морь унан хөгжилтэй нь аргагүй тоглож байлаа. Харин тэднээс өмнөх өсвөр үеийнхэн төрийн механизмд үүссэн гажиг ужгирч, хорин жилийн дотор арвандөрвөн Засгийн газар солигдож, эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай болохын гэрч болсон юм.

Улмаар Ковид 19-ийн цар тахал дэлгэрэхэд Хятад хилээ хааж, дараа нь Орос Украинд дайн эхлүүлсэн нь эдгээр хоёр орны дунд оршдог Монгол Улсад таагүй нөлөөлсөн нь мэдээж.

Харин Л.Оюун-Эрдэнэ Монголын хөдлөх цаг болсон гэж үзжээ. Тэрээр ярихдаа, “Дээрх хоёр ноцтой үйл явдлын үед Ерөнхий сайдаар ажиллах хувь надад тохиосон. Үүссэн нөхцөл байдлаас бид ямар нэг давуу тал олж авах ёстой байлаа. Харин одоо бидний хамгийн чухал зорилт бол эдийн засгаа хараат бус, бие даасан болгох явдал” гэсэн юм.
Үүний тулд Л.Оюун-Эрдэнэ гадаадын хөрөнгө оруулагчдыг ятган баялаг ихтэй ч тогтворгүй хэвээр байгаа харьцангуй залуу ардчилалтай Монголд “азаа үзэн” орж ирвэл хожино уу гэхээс алдахгүй гэдгийг сайтар ойлгуулах шаардлага тулгарч буй.

Оюун-ЭрдэнэМонголд түүнчлэн олон арван жилийн турш ноёрхсон хоёр намын улс төрийн тогтолцоо үгүй болж байна. Шинээр бүрэлдэж буй тогтолцооны дагуу Ерөнхий сайд Засгийн газрын танхимыг удирдаж, Ерөнхийлөгч хянагч, тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх болсноор, фракц, бүлэглэлүүдэд хуваагдсан улстөрийн өрсөлдөгч хүчнүүд Ерөнхий сайд нарыг ар араас нь хялбархан огцруулдаг байсан цаг ул болох төлөвтэй.

Монголын улс төрийн тогтолцооны шинэ загвар нь тус улсын дараа дараагийн Засгийн газруудыг аливаад зөвшилцөлд хүрч, урт хугацааны бодлого явуулахад түлхэц болохын зэрэгцээ засаг солигдох бүрт тогтворгүй байдал үүсдэг явдлыг хазаарлахад хүргэх учиртай ажээ.

Монголын парламентын дарга, туршлагатай улстөрч Г.Занданшатар ярилцлага өгөхдөө, “Бид тогтворгүй нөхцөл байдалд амьдарсаар өнөөг хүрсэн. Тэр нь тодорхой бус, ойлгомжгүй орчин үүсгэдэг байлаа. Харин одоо бид таатай орчин бүрдүүлэх тухай хий хоосон ярианаас бодит ажилд шилжиж, хууль тогтоомжоо шинэчилж байна. Манай улс дарангуйллын өнгөрсөн үеэсээ салахын төлөө тэмцэж буй дэлхийн жижиг улс орнуудад үлгэр дууриалал болж чадна гэдэгт би итгэдэг юм. Хоёр аварга хөршийнхөө дунд хавчуулагдсан эх орноо бид ардчиллын баянбүрд гэж нэрлэдэг билээ” гэж байв.

Хоёр их хөрш нь Монголын удирдагчдыг ихээхэн таагүй нөхцөл байдалд оруулдаг байна. Тус улс бензин шатахуунаар ОХУ-аас үндсэндээ бүрэн хараат хэвээр байгаа бөгөөд экспортынхоо 90 хувийг цорын ганц төмөр замаараа Хятад руу гаргадаг учир арга ч үгүй.

Иймд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг төрөлжүүлж, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч, дижитал санхүү зэрэг дэвшилтэт салбарыг нэвтрүүлж хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхээр Австрали зэрэг гуравдагч хөршүүдтэйгээ шинэ шинэ гэрээ байгуулсаар байна.

Монгол Улс Орос, Хятадаар дамжин орж ирдэг шилэн кабелиар интернетэд холбогддог. Тэгвэл тус улсын Засгийн газар хиймэл дагуулын тусламжтайгаар интернетед холбогдох талаар Элон Маскийн “Starlink” компанитай идэвхтэй хэлэлцээ хийж эхэлжээ. Гэсэн хэдий ч Л.Оюун-Эрдэнийн шинэчлэл тус улсын эдийн засгийн хүндрэлийг давахад хангалтгүй гэж үзэгсэд цөөнгүй.

Сөрөг хүчний удирдагч Л.Гантөмөр Монголын эдийн засгийн форумд үг хэлэхдээ, “Бид олон арван жил өнгөрсний дараа анх удаагаа нэлээд тогтвортой тогтолцоог бий болгоод байна. Гэхдээ л эдийн засаг дахь төрийн оролцоог аль болох хумьж, маш үрэлгэн төрийн өмчит компаниудын тоог эрс цөөрүүлэх шаардлагатай. Уул уурхайн салбараас олдог нэг доллар тутмын 99 цент улсын зардалд явж, ганцхан цент нь цэвэр ашиг болон үлдэж байна шүү дээ. Иймд би хувийн хэвшлийнхнээс төр засагт бөхийлгүй илүү бие даасан зоригтой үйл ажиллагаа явуулаасай гэж хүсч байна” гэжээ.

Австралийн уул уурхайн “Rio Tinto” компани Монголын Засгийн газартай зөрчил маргаан ихтэй хэдэн жилийг ардаа орхин орлого ихтэй ажиллаж эхэлнэ гэдэгт найдаж байгаа аж. Ашигт малтмалын олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох аварга том тус компани Монголын Засгийн газраас Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалтад өөрийн талаас оруулах ёстой 3.4 тэрбум ам.долларын өрийг өнгөрсөн жилийн сүүлээр өршөөж тэглэжээ. Ингэснээр зэсийн нөөцөөр дэлхийд дээгүүрт ордог Оюутолгойд өнгөрсөн гуравдугаар сард гүний уурхайг ашиглалтад оруулан олборлолт явуулж эхэлсэн юм.

Рио Тинто“Rio Tinto” компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон Оюутолгойн бүтээн байгуулалтыг Солонгосын дайны дараа дэлхийн томоохон ган үйлдвэрлэгч “POSCO” компани Өмнөд Солонгост ган хайлуулах үйлдвэр барьж байгуулсантай зүйрлэжээ.

Тэрээр, “1970 онд Өмнөд Солонгос төмрийн хүдэргүй, коксжих нүүрсгүй, гангийн үйлдвэргүй байсан юм. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ ердөө 100 ам.доллартай тэнцэж байв. Иймээс ч Дэлхийн банк зэрэг ихэнх олон улсын санхүүгийн байгууллагын зүгээс ”POSCO“ компанийн удирдлагад хандан Өмнөд Солонгост ган хайлуулах үйлдвэр байгуулах “солиотой” төлөвлөгөөнөөсөө эртхэн татгалзахыг зөвлөжээ.

Гэвч ”POSCO“ компани зорьсноосоо ухралгүй бүхий л саад бэрхшээлийг даван Өмнөд Солонгост барьсан үйлдвэрээсээ асар их ашиг олсны дээр тус улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг өдөөсөн юм. Өдгөө Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох ДНБ даруй 52 мянган ам.долларт хүрчээ. Тэгвэл тэр үеийн Өмнөд Солонгосын адил өнөөгийн Монголд үсрэнгүй хөгжих гэсэн асар их амбиц, алсын хараа байна” гэсэн билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img