…Говийн пүнхийсэн халуун өдрүүдийг Ухаа худагийн ажилсаг залуус үл ажран хөдөлмөрлөнө. Тэдний хөлс, хүчээр өндийн босч буй үндэсний томоохон бүтээн байгуулалттай танилцахаар очсон минь энэ….
2011 оны 6 дугаар сард бичсэн “Ухаа худаг ба Монгол брэнд” аян замын тэмдэглэл маань ийн эхлэх ажээ. Тэгээд цааш үргэлжлэв.
….“Говь нутаг үйлдвэржиж эхэллээ. Уул уурхайн шинэ цагийн үйлдвэрүүдийн эхлэлийг Ухаа худагийн Нүүрс баяжуулах үйлдвэр тавив. “Монгол”-оор овоглох коксжих нүүрс дэлхийн “хар алт”-ны зах зээлийн ширүүн өрсөлдөөн дунд орж, өөрийн үнэ цэнээ ахиулах асар том боломжийг “Нүүрс баяжуулах үйлдвэр” нээж байгаа юм…
Тэр үеийн ийм нэгэн гэгээн бүтээн байгуулалт нүдний өмнө одоо ч зурагдсан хэвээр байна. Үнэхээр ч 2011 оны зургадугаар сарын 11-ний өдөр буюу одоогоос 10 жилийн өмнө ашиглалтад орсон Ухаа худагийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь Монголын аж үйлдвэрийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал болж билээ.
Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл нүүрсийг түүхийгээр биш, угааж боловсруулан дэлхийн зах зээлийн стандартад нийцсэн, баяжуулсан бүтээгдэхүүн болгон өнөө хэр экспортолж байгаа Монголын цорын ганц аж ахуйн нэгж “Энержи Ресурс” байсаар байна.
Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо төр 2014 онд гаргаж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлоё хэмээн “тунхаглах”-аас бүр гурван жилийн өмнө хувийн хэвшлийнхэн аль хэдийнэ энэ ажлыг амжуулчихаад байв.
“Ухаа худаг” коксжих нүүрсний уурхай үүцээ дэлгэж, олборлолтоо эхлүүлсний 15 жилийн ой энэ жилд тохиож буй. Аж үйлдвэржилтийн сэргэлт гэж дээр дооргүй ярьж байгаа өнөө цагт бол энэ чухал, тэмдэглүүштэй ой. Хэдий тийм ч “Энержи Ресурс”-ийнхэн ойгоо компанийн хүрээнд даруухнаар тэмдэглэж, уламжлалт наадмаа ёслол төгөлдөр хийлээ.
Товчхон түүх өгүүлэхэд, тэртээ 2009 онд “Энержи Ресурс” ХХК-ийн Уурхайн алба нь анх 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 9 ширхэг хүнд даацын тоног төхөөрөмжтэй хөрс хуулалтаа эхлүүлж байлаа.
Түүнээс хойших 15 жилийн хугацаанд 470 сая метр куб уулын цул, 91 сая тонн нүүрс олборлон, Ухаа худаг уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэрийг 84 сая тонн нүүрсээр “тэжээгээд” байна. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус компани 40 сая дахь нүүрсээ хүлээн авч баяжуулсныг эргэн саная.
2023 оны хувьд нэг сард болон хагас жилд баяжуулсан түүхий нүүрсний тоо хэмжээгээрээ түүхэн рекорд тогтоолоо. Тодруулахад, 7 дугаар сард 1,309,852 тонн нүүрс хүлээн авч баяжуулсан (сарын рекорд), оны хагас жилд 6,784,940 тонн нүүрс хүлээн авч баяжуулсан зэрэг нь одоогоор тогтоогоод байгаа түүхэн амжилт юм шүү. (Г.И)
“Ухаа худаг ба монгол брэнд” сурвалжилга тэмдэглэл цааш ийн үргэлжлэв.
…Гагнуурын алхны үзүүрт очис үсрэн, аварга станцын “араг яс”-ыг босгох ажил мөнхүү түрүү жилийн зуны халуунтай зэрэгцэн өрнөж байхтай таарч билээ. 18 мегаватт гэдэг тийм ч бага хүчин чадал биш. Даланзадгадын цахилгаан станц хүчин чадлаа удахгүй 9 мегаваттад хүргэх гэж байгаа. Тэгвэл Ухаа худагийн цахилгаан станц дор хаяж гурван том аймгийг гэрэл цахилгаанаар бүрэн хангах хэмжээний чадалтай байх юм…
Монголд анх удаа дотоодын чадварлаг инженерүүдийн ур ухаанаар говь нутагт орчин үеийн шилдэг технологи бүхий Цахилгаан станцын бүтээн байгуулалт ид өрнөж буйтай танилцсан маань энэ.
Тэр жилийнхээ есдүгээр сард ашиглалтад орсон Цахилгаан станц Ухаа худаг уурхай болон олон жилийн турш тог цахилгаангүй байж ирсэн Цогтцэций сумыг байнгын эрчим хүчээр хангаж эхэлсэн юм. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ цойлж “Супер цикл” Монгол Улсад “морилон ирсэн” тэр цагт “Энержи Ресурс”-ийн залуу инженерүүд Монголын говь нутагт чухамдаа гайхамшгийг бүтээж байлаа.
Нүд дүүрэн инээмсэглэх монгол залуус мэдсэн сурсан бүхнээ Монголдоо, Монголын уул уурхайн салбартаа чинхүү сэтгэлээр зориулж явааг хараад тэр үед бахдаж байснаа нуух юун…
2010 оны 11 дүгээр сард “Mongolian Mining Corporation” нэрээр “Энержи Ресурс” Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, Монголын компаниудаас анх удаа олон улсын зах зээлд амжилттай гаргасан түүхэн амжилтыг дэлхийн уул уурхайн хэвлэлүүд дуу дуугаа аван мэдээлсэн юм.
Хонконгийн хөрөнгийн биржийн цанг зоримогхон цохиод, англиар чөлөөтэй ярих Ж.Оджаргал захирлаас хэвлэлүүд “Танай компани цаашид хэрхэн ажиллах вэ?” гэж асуухад “Мөнгө босгоно гэдэг маш том хариуцлага” хэмээн товчхон хариулж билээ.
Тэрхүү торгон мөчид. “Дэлхийн дэвжээн дээр өөрийгөө харуулах өргөн хүрээтэй боллоо” хэмээх анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай үг тэмдэглэлийн шарласан хуудсанд маань тодоос тод үлдсэн байх юм.
Ухаа худаг уурхайн 15 жилийн түүхийг эргээд харахад “Энержи Ресурс” компани шинэ цагийн уул уурхайн салбарт анхны гэх тодотголтой олон бүтээн байгуулалтын эзэн байж ирэв.
Анхны IPO, анхны утаагүй Цахилгаан станц, анхны Баяжуулах үйлдвэр, анхны авто зам (Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам), анхны хороолол (Цэций хороолол), ажилчидаа зориулсан анхны кэмп (Галлерей кэмп), анхны Чингэлэгт тээврийн терминал (Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК-тай хамтран байгуулсан) гээд дурдаад байвал олон. Монгол улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсэд нэгдсэн 8 компанийн нэг бол “Энержи Ресурс”.
2023 онд нийгэм, эдийн засагт хамгийн өндөр хувь нэмэр оруулсан ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтын гуравт мөнхүү гуравт тус компани эрэмблэгдлээ. МҮХАҮТанхимаас жил бүр гаргадаг жагсаалтын эхний аравт тус компани 10 дахь удаагаа шалгараад байгаа юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Энержи Ресурс” нэгдэн орж, 2030 он гэхэд Өмнөговь аймагт 40 сая мод тарих амлалт аван ажиллаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нийгмийн хариуцлагын үүргээ ухамсарлан, Ухаа худагийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээ “Энержи Ресурс”-ийнхэн үнэ төлбөргүй нийлүүлж ирснийг бид мэднэ.
“Хөөх, өрөөнүүд нь ямар аятайхан юм бэ. Энд ирж амьдарвал ч сайхан байна даа” хэмээн шинэхэн барилгын үүдээр хөл тавьсан танилцах багийнхан “дуу алдаж” байлаа.
Будаг нь ханхалсан шинэ сууцандаа ердөө чемодантай хувцас, ганц нэг сав суулгаа бариад ороход л болно доо” гэж Ц.Баяраа захирал бяцхан тайлбар хийв. Өрөө бүрт орчин үеийн тавилгууд угсарч өгөх гэнэ…
“Ухаа худаг ба Монгол брэнд” сурвалжилга маань дөнгөж ашиглалтад ороод байсан Цэций хорооллын амьдралаар ийнхүү үргэлжлэв.
Ажилчдынхаа гэр бүлээрээ тав тухтай амьдрах боломжийг олгосон “Цэций” хороолол өнөөдөр Цогтцэций сумын орчин цагийн хорооллын жишиг загвар болон сүндэрлэж буй билээ.