-1200 – 1300-аад оны дунд хүртэл христитгэл Монгол нутагт хамгийн оргил цэгтээ хүрч байсан түүх бий-
Библийн номуудыг дараа дараагийнхаа үедээ уламжлуулдаг маш хүчтэй уламжлал израилчуудад байсан
-Библи гэж ямар утга учиртай ном юм бэ гэдгээс хоёулаа яриагаа эхэлье?
-Библи нь нэг ном биш олон номын эмхэтгэл юм. Энэ олон номыг ерөнхийд нь хоёр хэсэгт хуваадаг. Манай эринээс өмнөх (МЭӨ) зуунуудад бичигдсэн номуудыг нь Хуучин гэрээ, манай эринээс (МЭ) хойш бичигдсэн номуудыг нь Шинэ гэрээ гэж нэрлэдэг. Шинэ гэрээ нь Христийг ирснээс хойш бичигдсэн, ерөнхийдөө Есүс Христ гэж хэн бэ гэдэг дээр төвлөрсөн номууд.
Протестант уламжлалын дагуу Библийн эмхэтгэлд 66 ном багтдаг. Эдгээр 66 ном нь тодорхой нэг цаг хугацаанд, нэг хүн бичсэн ном биш. Ерөнхийдөө 1000 – 1400 жилийн хугацаанд, янз янзын мэргэжилтэй, өөр өөр газар оронд амьдарч байсан 40 орчим хүн бичсэн гэж үздэг. Мэдээж ихэнх бичигч нь одоогийн Израил улсын газар нутагт амьдарч байсан. Бичсэн хүмүүсийг нь харвал, хаан, мэргэн ухаантан, гүн ухаантан, татварын байцаагч, шүлэг яруу найрагч, цаашлаад энгийн хоньчин, загасчин хүмүүс ч бий.
Зарим номыг нь Библийн хэллэгээр Эш үзүүлэгч нар буюу Бурханы үгийг шууд дамжуулдаг хүмүүс “Бурхан надад үгээ хэлсэн тэр үгийг нь би дамжуулж байна” гэж шууд дамжуулах байдлаар бичигдсэн номууд байгаа.
Библийг бичлэгийн төрлийн хувьд бас хэд хэд ангилж үздэг. Хуучин гэрээ нь хууль заавар, түүх, мэргэн ухааны, эш үзүүллэгийн ном гэж хуваагдана. Хууль зааврын номууд буюу Тораа /еврейгээр/ дотор нь нарийн хуулиудаас эхлээд амьдралын ерөнхий зааварчилгаа бий.
Ялангуяа Бурхан израилчуудад хандан хэрхэн амьдрах тухай, “та нар бол миний гэрээний харилцаа тогтоосон ард түмэн учраас миний өгөх энэ зааврын дагуу амьдрах ёстой” гэсэн утгатай хууль заавар бий. Дараагийн ангилал болох түүхэн номуудад дэлхийн үүсэл, Израил үндэстний үүслийн тухай өгүүлнэ.
Мэргэн ухааны номуудад нь амьдрал, түүний утга учир, хүн хэрхэн, юуны төлөө амьдрах ёстой, мөн амьдралд юун нь хэцүү, сайн, муу вэ гээд хэд хэдэн гүн ухааны суурь асуудал агуулсан байдаг. Харин эш үзүүллэгийн номуудад Бурханы үгийг дамжуулдаг хүмүүсээр дамжиж Бурханы хэлсэн үг хамаарна.
Шинэ гэрээний хувьд, үндсэн хэдэн төрөлтэй. Эхэнд нь Есүсийн энэ дэлхий дээрх амьдралын хэсэг орно. Есүс хэрхэн төрсөн, сургаалаа заасан, хийж байсан эдгэрэл гайхамшгууд, хэрхэн цовдлогдсон, гурав дахь хоног дээрээ амилсан, тэнгэр лүү одсон тухай бий. Эдгээрийг Сайнмэдээний номууд гэж нэрлэдэг. Нөгөө нэг нь Есүсийг тэнгэрт одсоноос хойш дагалдагчид Есүсийн үг сургаалыг Израил болон бусад улс үндэстэнд хэрхэн тарааж байсан тухай өгүүлдэг.
Дараагийн нэг том ангилал нь захидлууд. Энэ нь Есүсийн анхны 12 шавь нараас болон тэдэнтэй ойрхон байсан хүмүүс өөр хотуудад байгаа дагалдагч нарт хандаж бичсэн зааварчилгаа болон гарсан янз бүрийн асуудалд нь хариулт өгсөн зааврын шинжтэй номууд.
Шинэ гэрээний хамгийн сүүлийн бүлэг нь Илчлэл ном. Энэ номд, Есүсийн дагалдагчдыг итгэл дээрээ бат байхыг сануулж, мөн дэлхийн төгсгөлийн тухай өгүүлсэн зураглал байдаг. Энэ нь бэлгэ тэмдгийн үг хэллэгээр бичигдсэн. Тиймээс Илчлэл номыг махчилж, үгчлэн шууд ойлгож болохгүй. Бэлгэ тэмдгийг зөв тайлж уншиж, ойлгох ёстой юм.
-Мянга гаруй жилийн хугацаанд өөр өөр газар, өөр өөр хүмүүс энэ олон номыг бичиж, өдгөө хүн төрөлхтний гар дээр Библи гэдэг нэр доор ирсэн байна. Яаж өдий хүртэл хадгалагдаж ирсэн нь сонирхолтой байна?
-Христитгэл талаасаа харах юм бол эдгээр номыг Бурхан хүн төрөлхтөн ялангуяа израилчуудад хандаж хэлсэн үг юм. Тиймээс үүнийг сүнслэг утгаар нь тайлбарлавал, Бурхан үгээ өгсөн учир өөрийнхөө үгийг хадгалж, хамгаалж, өдийг хүртэл агуулгын өөрчлөлтгүйгээр хадгалж ирсэн гэдэг итгэл байна.
Хүний талаас харвал, Библийн номуудыг дараа дараагийнхаа үедээ уламжлуулдаг маш хүчтэй уламжлал израилчуудад байсан. Энэ үгийг хуулдаг, судалдаг, хадгалж, хамгаалдаг томилогдсон мэргэжлийн, сургагдаж бэлтгэгдсэн хүмүүс болох гүүш нар байсан.
Тэд Библийн номуудыг нэг эхээс гараараа хуулна. Хуулсныгаа үндсэн эхтэйгээ тодорхой аргуудаар шалгадаг байсан байгаа юм. Хамгийн энгийнээр гэхэд л эхтэйгээ үсгийн тоо, үгийн тоо, мөрийн тоогоор нь тоолж нэг бүрчлэн тулгадаг байх жишээний.
-Библи нь израилчуудад зориулсан л Бурханы үг юм шиг ойлголт төрж байна. Бүх хүн төрөлхтөнд зориулсан гэдэг яг тэр “шилжилт” нь аль хэсэгт бий болсон бэ?
-Есүс энэ дэлхий дээр ирснээр энэ бүхэн болсон. Библиэс харвал, Бурхан одоогийн Ойрх Дорнод дахь Үүр гэдэг газраас Авраам гэдэг хүнд одоогийн Израилын газар нутаг руу яв гэдэг заавар өгсөн. Ингэхдээ Бурхан Авраамд “чи тэр нутагт суурьшин, өнөр өтгөн болно” гэдэг амлалтыг өгч, нэрийг нь Аврахаам болгосон. Энэ Бурханы амлалтын дагуу Аврахаам явж, өнөр өтгөн болж, Израил үндэстэн бий болсон.
Тэгэхээр Есүсийг энэ дэлхий дээр ирэхээс өмнөх түүхийг харахаар Израил гэдэг үндэстнээр дамжуулан бусад үндэстэнд Бурхан өөрийгөө ойлгуулах, таниулах зорилго төлөвлөгөөтэй байсан гэдэг нь харагддаг. Есүс энэ дэлхий дээр ирээд, өөрөө ч “Би хүн төрөлхтнийг аврахын төлөө, надаар дамжуулан хүмүүс Бурхан Эцэгийг таних боломжтой болно” гэдэг мэдээг өгсөн.
Ялангуяа Шинэ гэрээнээс эхлэн Бурхан өөрийгөө таниулах авралын мэдээгээ бүх үндэстэнд өгсөн юм байна гэдэг нь тод харагдаж, хүмүүс ойлгож, үүнийг нь тараасан. Уг нь Хуучин гэрээн дээр Шинэ гэрээний энэ санаа байдаг ч тод харагддаггүй нь зөвхөн израилчуудад хандсан юм байна гэдэг ойлголтыг өгөх нь бий.
Тэгэхээр бүх үндэстэн рүү чиглэсэн хөдөлгөөн Есүсийг энэ дэлхий дээр ирснээс хойш буюу одоогоос 2000 гаруй жилийн өмнө эхэлсэн гэсэн үг.
Маш олон шинжлэх ухаан христитгэлийн суурин дээр тулгуурлаж хөгжсөн
-Өнөөдөр дэлхий дээр 2.3 орчим тэрбум хүн Есүс Христэд итгэдэг гэсэн статистик байна. Европ, Америк тивийн өндөр хөгжилтэй улсууд христитгэлтэй байдаг. Мөн шинжлэх ухааны нээлтүүд болон урлаг, хөгжим, соёл гээд бидний сонгодог гэж үздэг хэсгүүд ч Есүстэй холбогдоод байх шиг харагддаг?
-Есүсийн сайнмэдээ нь хүмүүсийн амьдралыг өөрчлөх чадалтай, өөрчилдөг мэдээ. Гэрэл гэгээ, найдвар, баяр хөөрийг авчирдаг, амьдралын утга учрыг ойлгуулдаг. Дэлхий болоод хүнийг бүтээсэн Бүтээгч Бурханыг нь ойлгуулж өгдөг. Энэ мэдээнд итгэсэн хүний амьдралд эерэг өөрчлөлтүүд гардаг. Тийм ч учраас Есүст итгэсэн олон хүн өөрийнхөө амьдралд амсаж байгаа тэр сайн сайхныг бусдад хуваалцъя гэдэг зорилгоо өөр өөрийн аргаар илэрхийлдэг.
Тухайлбал, зураач хүн зургаараа, хөгжимчин, дуучин хүн аялгуу, дуу хөгжмөөрөө, эрдэмтэн хүн судалгаа шинжилгээгээрээ, энгийн хүн ч бусдыг хайрлах гээд бүх боломжит байдлаар илэрхийлдэг.
Маш олон шинжлэх ухаан христитгэлийн суурин дээр тулгуурлаж хөгжсөн байдаг. Нэгэн жишээ гэвэл, хосписын үйлчилгээ байна. Христитгэлт хүмүүс энэ үйлчилгээг үүсгэсэн байдаг. Энэ дэлхий дээрх амьдрал нь дуусаж байгаа хүмүүсийг амьдралаа Христэд итгэх итгэл найдвартайгаар дуусгаж, энэ амьдралын дараа ч амьдрал бий шүү гэдгийг ойлгуулдаг гэсэн үг.
Европ тив бол тэр чигээрээ христитгэл суурин дээр хөгжсөн. Есүсээс хойш одоогийн Туркийн газар нутгаас тал тал тийшээ Христийн сайнмэдээ тархсан байдаг. Нэг болон хоёрдугаар зуунд Европ тал руугаа дагалдагч нар сайнмэдээг маш сайн тараасан. Үүний нөлөөгөөр Европ удалгүй христитгэлтэй болсон.
Христитгэл нь тухайн улс орондоо шашны том өөрчлөлт авчирч, итгэл үнэмшил нь тэр чигээрээ солигдож, Библи суурьтай болжээ. Үүнээсээ үүдээд хүн гэдэг Бурханы бүтээлийн үнэ цэн тодорхой болж, хүн төрөлхтнийг хайрлаж байгаа Бурханы хайрыг харуулах энэрэнгүй үзэл нийгмийн хөгжилд шууд орж ирдэг. Ингэснээр тухайн үнэт зүйлс нь нийгмийг өөрчилж, хөгжүүлдэг.
Европын бүх улс орон, цаашлаад Европоос гаралтай Америк, Австрали тивийн улс орнуудын нийгмийн хөгжил маш олон зуун жилийн турш христитгэлийн суурин дээр явагдсан.
Олон шинжлэх ухааны суурийг тавьсан маш олон хүн христитгэлтэй байсан. Бурхан гэж байдаг юм байна, Бурхан гайхамшигтай зүй тогтолтой дэлхий ертөнцийг бүтээсэн юм байна гэдэг суурь итгэл үнэмшил дээр эрэл хайгуул хийсэн учраас өөр өөрийнхөө салбарт маш жижигхэн зүйлээс авхуулаад судалж, сонирхож шинэ нээлтүүдийг хийсэн байдаг.
-Хүмүүс шинжлэх ухаан, шашин хоёрыг сөргөлдүүлэх хандлагатай байдаг шүү дээ. Шашин шүтдэг гэхээр мухар сүсэгтэй, шинжлэх ухааныг үгүйсгэдэг нэгэн ч юм шиг. Тэгэхээр христитгэл бол шинжлэх ухааныг хөгжүүлэх хөшүүрэг ч болж байсан болж таарах нь ээ?
-Яг үнэндээ бол христитгэл, шинжлэх ухаан хоёр сөргөлдөхгүй, харин ч бие биеэ дэмждэг. Шинжлэх ухаан аль хэдийнээ бий болчихсон зүй тогтлыг судалж, нээж байгаа хэрэг. Жижиг эд эсээс эхлээд гариг ертөнцийн түвшинд хүний хүчнээс үл хамааран явагдаад байгаа тэр зүй тогтлыг л судлаад, олж тогтсон нээлтүүдийг бид шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Үүнд харин ч христитгэл маш том суурь болдог. Энэ гайхамшигтай зүй тогтлыг Бурхан бүтээсэн юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх итгэлээс эхлэх юм бол үүнд утга учир бий, зорилго, үнэ цэн, ач холбогдол байгаа гэдэг зарчим гарч ирнэ.
Анагаах ухаан, амьтан ургамал судлал, биологи, сансар судлал, хэл, соёл, нийгэм судлал гээд бүх л шинжлэх ухааны ард Бурхан бий гэдэг үзэл санаа. Шинжлэх ухаанууд энэ үзэл санаа дээр анх эхэлсэн.
Гэхдээ сүүлийн нэг, хоёр зуунд Бурханыг үгүйсгэх, шинжлэх ухаанаас түлхэж гаргах, сөргүүлэх гэж оролдсон хандлага байсан. Одоо ч бий. Гэхдээ энэ бол сайн буюу тэнцвэртэй зүйл биш. Харин ч шинжлэх ухаан, христитгэл хоёр хамт байх нь өөрөө утга учиртай, зөв юм.
-Христитгэлийн гол ямар урсгал чиглэлүүд байдаг вэ?
-Христитгэл нь Католик, Протестант, Ортодокс буюу Үнэн алдартан гэсэн гурван гол ерөнхий урсгал чиглэлтэй. Мэдээж эдгээрээс салаалж гарсан хоорондоо ялгаатай маш олон урсгал чиглэлүүд бий.
-Дээрх гурван гол урсгал нь нэг Библи хэрэглэдэг үү?
-Жаахан жаахан ялгаатай Библи хэрэглэнэ. Дотор нь байгаа номуудын хувьд ялгаатай гэсэн үг. Протестантууд 66 номтой Библи хэрэглэдэг. Харин католик Библид тэр 66 номоос гадна нэмэлт 7 ном бий. Ортодокс буюу Үнэн алдартан нь католиктой ерөнхийдөө төстэй. Гэхдээ ортодоксын зарим урсгал чиглэл нь зарим номыг хүлээн зөвшөөрөхгүй, нэмэлтээр өөр номууд нэмэх зэрэг ялгаа байгаа.
Католикууд бол Христэд итгэгчид хэмээх том “айлын” нэг хэсэг нь
-Тэгэхээр Ромын Пап гэхээр бүгд христитгэлтнүүдийг хамаатуулж ойлгодог нь
буруу байх нь ээ?
-Католикууд бол Христэд итгэгчид гэдэг нэг том “айлын” нэг хэсэг нь гэсэн үг.
-Ромын Папын есдүгээр сарын эхээр Монголд албан айлчлал хийх тухай албан мэдээнд Монголд 1500 орчим католик итгэгч нар байгаа гэсэн байсан. Харин та нэг нэвтрүүлэгт орохдоо 30-40 мянган христитгэлтэн Монголд бий гэсэн байсан. Тэгэхээр Монголд протестантууд илүү байдаг байх нь ээ?
-Монголд байгаа христитгэлтнүүдийн дийлэнх нь протестант чиглэлийнх байгаа. Ортодокс чиглэлийнх маш цөөн. Монголд байгаа ортодокс итгэгчдийн ихэнх нь манай улсад байнга оршин суудаг оросууд байдаг.
-Монголчууд Христийн шашныг харийн шашин гэх хандлага их байдаг л даа. Манай энэ газар нутагт христитгэл хэзээ орж ирсэн байдаг вэ? Ийм судалгаа шинжилгээ байдаг уу?
-Христитгэл Монголд долдугаар зуунд Торгоны замаар орж ирсэн гэж үздэг. Есүсийг тэнгэрт одсоны дараа дагалдагч нар тал бүр тийшээ сайнмэдээ тараах үйлст гарсан. Ингээд баруун талын чуулгануудын /сүмийн/ төв нь Ромд, зүүн талын чуулгануудын төв нь одоогийн Станбул буюу тухайн үеийн Константинопольд, харин Дорнын чуулганы төв нь Багдадад байсан.
Багдадын энэ төв нь зүүн тийшээх Торгоны зам дагаж Монгол, Хятадын нутаг руу орж ирсэн христитгэлийн салбаруудын төв болж байсан. Монгол нутагт христитгэл долдугаар зуунд орж ирсэн гэдгийг нотлох археологийн олдворууд, бичиг үсгийн баримтууд олон бий. Сүүлийн үед хийж буй судалгаа, шинжилгээнүүд ч олон бий.
Монголчуудын дунд Библиэс гаралтай еврей, грек нэрийг монголжуулсан нэртэй хүн олон байсан
-Монголын газар нутаг дээр христитгэл хамгийн хүчтэй байсан үе гэвэл хэзээ
вэ?
-Манай эриний 1000-аад оны хавьцаа нэг овог тэр чигээрээ Христэд итгэлээ, тэгээд усан угаалга хийлгэлээ, овгийн удирдагч нь залбирдаг майхантай, майхан дотроо загалмайтай, айргаар “хайрын зоог” барьдаг гэсэн түүхийн баримт бий. Энэ нь цааш дэлгэрсэн.
Их Монгол Улсыг бүрдүүлж байсан зургаан аймгийн дөрөв нь буюу Хэрэйд, Мэргэд, Найман, Онгууд христитгэлтэй, эсвэл христитгэлтнүүд дийлэнх нь байсан гэж үздэг. 1200 – 1300-аад оны дунд хүртэл христитгэл Монгол нутагт хамгийн оргил цэгтээ хүрч байсан болов уу гэж хувь судлаачийн хувьд хардаг. Үүнийг тэр үеийн түүхэн тэмдэглэлүүд, археологийн олдворууд гэрчилдэг. Энэ цаг үед олон чухал үйл явдал болсон байдаг.
-Тэдгээр үйл явдлуудаас заримыг нь ярьж өгөөч?
-Тэр үеийн Монгол нутагт байсан Христийн чуулганууд нэлээд өндөр зохион байгуулалттай байсан байдаг. Багштай, сургуультай, шавьтай, багш нар нь зэрэг цолтой. Багдадад байгаа төв буюу эх чуулгантайгаа харилцаа холбоотой, заавар зөвлөгөө авдаг, удирдагч нарыг нь томилдог байсан.
Монголын хатад, жанжид дотор христитгэлтэй хүн олон байсан нь харагддаг. Тэдний нөлөө ч их байсан байдаг. Нэг түүх ярья. Онгууд аймгаас гаралтай, христитгэлт багш, шавь хоёр Йерусалим орж мөргөл хийхээр гарчээ. Тэд дайн байлдааны улмаас замдаа Багдадад саатаж, цааш явж чадаагүй. Тэндээ шавь Марк нь Дорнын чуулганы тэргүүн нь буюу католик сүмийнхээр бол Пап нь болсон. Багш Бар-саума нь Баруун Европ руу Аргун хааны элчээр томилогдон Ром хот, Франц улсад очиж байсан түүхтэй.
Аргун хаан Барсаумагийн гараар Ватикан руу улс төрийн агуулгатай захидал явуулж байжээ. Тэр захидлын хуулбар манай хэд хэдэн музейд бий. Христийн Дорнын чуулганы оргил үе нь яг энэ цаг үе байдаг. Энэ үед тус чуулганыг монгол хүн удирдаж байсан гэдэг нь Христэд итгэгч монголчууд итгэл үнэмшлийн хувьд маш өндөр боловсролтой байсан гэдгийг харуулдаг.
Судлаад үзэхээр, монголчууд дунд Библийн утгатай эсвэл Сири Библиэс авсан еврей, грек нэртэй хүмүүс нэлээн байсан байдаг. Энэ нь үе уламжилсан итгэл үнэмшилтэй байж, багаасаа итгэл үнэмшлээрээ боловсорч, хүмүүжиж ирсэн хүмүүс олон байсан гэдгийг харуулдаг.
Мөн өөр нэгэн чухал үйл явдал гэвэл, 1289 онд Жиованни гэдэг нэртэй католик санваартан Ватиканаас Монголын эзэнт гүрний нийслэлд ирсэн түүхтэй. Тэр одоогийн Бээжин орчимд суурьшиж, христитгэлтэй Гиоргис гэдэг ноёны зөвшөөрлийг авч католик сүм байгуулсан байдаг.
Жиованни 1305 онд Ватикан руу “Би татар хэлийг маш сайн мэддэг болсон. Шинэ гэрээг бүхэлд нь, мөн Дуулал номыг орчуулж, гоёмсог үсгээр бичүүллээ” гэж захидал бичсэн байдаг. Энэ нь Библийн орчуулга гэдэг утгаараа монгол хэл дээр хийгдсэн Библийн анхны орчуулга болж түүхэнд үлдсэн.
-Христитгэл хэзээ Монгол нутагт буурсан бэ?
-Монголын эзэнт гүрэн задарсан тэр үеэс. Миний хувьд Эзэнт гүрний задрал нь христитгэл буурахад их нөлөөтэй байсан гэж үздэг. Учир нь Эзэнт гүрний үед Дорнод болон Барууны хооронд чөлөөтэй, аюулгүй явах боломжтой байсан. Харин задарснаар энэ бүхэн үгүй болж, Монголд байгаа чуулганууд Багдадад байсан эх чуулгантайгаа холбоо харилцаатай байх, заавар зөвлөгөө авах нь багассан, тасарсан. Дээрээс нь
Ойрх Дорнодод Исламын шашин улам хүчирхэгжсэн. Дээр дурдсан Дорнын чуулганыг удирдаж байсан монгол угсаатан удирдагч Марк маань Исламын шашны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, нэлээн зовж, хавчигдсан ч итгэгчдээ хамгаалсаар байгаад тэндээ нас барсан байдаг.
Христитгэл буурсан өөр нэг шалтгаан бол Монгол газар нутагт буддизмыг төрийн шашин болгосон явдал байдаг. Эдгээр улс төрийн нөхцөл байдалтай холбоотой том шалтгаануудын улмаас христитгэл өнөөгийн Монголын газар нутагт буурсан.
-За ингээд бараг 1990 он хүртэл Монгол нутагт христитгэл тасарсан гэж хэлж болох уу?
-За яг тэгж хэлж болохгүй. 1800-аад оны үеийг харвал, Ар Монгол талд бага зэрэг, харин Буриадын нутаг, ялангуяа урагшаагаа одоогийн Өвөр Монголын нутагт христитгэл дэлгэрч, нэлээн хадгалагдсаар байсан байдаг. Энэ талын түүхийг баримт, дурсгалууд нэлээд их бий. Харин илгээлтийн эзэд Монгол нутагт сайнмэдээ тараахаа зогсоогоогүй.
1800 оны эхээр халимагуудын дунд эрдэмтэн Исаак Шмидт амьдарч байсан. Түүнийг Монгол судлалыг үндэслэгч гэж үздэг. Тэрээр халимаг хүмүүсийн дунд амьдарч, хэлийг нь сурч, монгол хэлний дүрмийн номыг бичиж, монгол-герман-орос толь бичиг бичсэн хүн.
1819 онд Библийн номуудыг монгол хэл рүү орчуулан хэвлүүлж эхэлжээ. Матайн сайнмэдээ номыг орчуулж, хэвлэсэн нэг хувь Үндэсний төв номын санд байдаг.
Бид дөрвөн жилийн өмнө энэ орчуулгын 200 жилийн ойг тэмдэглэж байлаа. 1827 онд Исаак Шмидт Шинэ гэрээг бүтнээр нь орчуулж, хэвлүүлсэн. Мөн Исаак Шмидт халимаг аялга, тод үсгээр Шинэ гэрээг орчуулсан.
Мөн тэр цаг үед сайнмэдээ тараах зорилгоор буриад хүмүүсийн дунд амьдарч байсан илгээлтийн эзэд Библийг эх хэлэх болох еврей, арамей, грек хэлнээс нь монгол хэл рүү орчуулж, 1840 онд Хуучин гэрээг хэвлүүлсэн.
Хэвлүүлэхдээ хэвлэлийн машин, хэвлэгч хүнийг нь Буриадад авчирч хэвлүүлсэн түүхтэй. Тэд удалгүй Оросоос хөөгдөж, нутаг буцсан боловч ажлаа үргэлжлүүлсээр 1846 онд Шинэ гэрээг монгол хэлээр Лондонд хэвлүүлсэн. Энэ Шинэ гэрээний хоёр хувь нь Ариун бичээс нийгэмлэгийн Библийн музейд бий. Эдгээр орчуулсан Библи монголчуудад таарагдаж, борлуулагдаж байсан түүх бий.
Дурдвал 1850-1880 аад онд Монголд амьдарч, үйлчилж байсан илгээлтийн эзэн Жеймс Гильмор байна. Тэрээр “Монголчуудын дунд” гэдэг нэртэй ном бичиж байсан. Хэдэн жилийн өмнө энэ ном монгол хэлээр орчуулагдан гарсан.
Христитгэлийн нөлөөгөөр сири үсгээс уйгуржин монгол бичиг бий болсон
-Библи Монголын соёлд нөлөөлсөн жишээ байдаг болов уу?
-Бидний хувьд хамгийн баримттай нэг зүйл бол христитгэлийн нөлөөгөөр сири үсгээс уйгуржин монгол бичиг бий болсон тухай юм. Багдадад төвтэй христитгэлтнүүд Торгоны зам дамжин явахдаа сири хэл дээрх Библиэ уншиж, залбирч, зан үйлээ хийж явдаг байж. Монгол бичиг нь сири үсгээс гаралтай. Сири үсэг нь ерөнхийдөө баруунаас зүүн тийшээ, бас зарим тохиолдолд дээрээс доошоо бичдэг, үсэг нь үгийн эхэн, дунд, адагт өөр өөрөөр бичигддэг. Монгол бичиг хэрхэн үүссэн талаар хоёр хувилбар дэвшүүлдэг.
Нэг нь Сири Библи нь согдуудад нөлөөлж, согд бичиг үгсээр дамжин монгол бичиг үүссэн, харин нөгөө хувилбар нь сири үсгээс шууд монгол бичиг үсэг зохиогдсон гэдэг. Өөрөөр хэлбэл, христитгэл бидний бичиг үсгийн соёлд шууд нөлөө үзүүлсэн гэдгийг харуулдаг тод ул мөр. Хэлзүйн ухааны болон Барууны эрдэмтэд энэ түүхэн баримтыг мэддэг. Монголчууд үүнийг тэр бүр сайн мэддэггүй ч энэ бол үнэн баримт.
Өөр нэг нь, христитгэлийн нөлөөн дор зохиогдсон кирилл үсгийг монголчууд өнөөдөр хэрэглэж байна. Кирилл, Методиус гэдэг нэртэй грек ах, дүү хоёр слав гаралтай хүмүүсийн дунд сайнмэдээ хүргэх зорилгоор амьдарч байхдаа грек цагаан толгойноос санаа авч кирилл үсгийг зохиожээ. Энэ кирилл үсгийг бид оросуудаар дамжуулан өөрийн бичиг үсгээ болгон ашиглаж байна. Монголын хамгийн удаан хугацаанд, тууштай хэрэглэж байгаа хоёр бичиг үсэг маань хоёулаа христитгэлтэй холбоотой.
-Христитгэл тэгэхээр монголчуудын хувьд 1990-ээд онд л орж ирсэн шинэ шашин биш болох нь ээ?
-Тийм ээ. Энэ газар нутаг дээр болон монгол угсаатны дунд маш их ул мөрөө үлдээсэн итгэл үнэмшил гэж хэлж болно. Олон зууны туршид зарим цаг үед хөгжиж, ихээхэн тархаж байсан, зарим үедээ буурч, хумигдаж байсан түүхтэй шашин. 1990 оны хувьд бол шинэ гэхээс илүүгээр Монгол нутагт дахин дэлгэрсэн шинэ давлагаа гэж тайлбарлах нь зөв болно.
-Ромын Пап Монгол Улсад есдүгээр сарын эхээр айлчлах гэж байна? Энэ нь Монголын христитгэлт хүмүүсийн хувьд хэр ач холбогдолтой вэ?
-Католик итгэл үнэмшлийн хувьд Папын байр суурь бол Есүсээс хойш өнөөдрийг хүртэлх Христийн чуулганыг тэргүүлж байгаа удирдагч тэргүүн юм. Тэгэхээр Есүсийн чуулганыг удирдаж байгаа тэргүүн нь ямар нэг улс оронд очно гэдэг их өндөр ач холбогдолтой.
Христитгэлийн хоёр мянган жилийн түүхэнд анх удаа Католик сүмийн Пап лам манай улсад айлчилж байгаа үйл явдал учраас улс төр, түүх, шашин, итгэл үнэмшлийн хувьд аль аль талаасаа ач холбогдолтой. Католик итгэл үнэмшилтэй хүмүүс Монголд цөөн тоогоор байгаа ч ийм улс орныг Папын хувьд зорин ирж байна гэдэг бол манай улсад ач холбогдол өгч байна гэсэн үг.
Дээрээс нь нэг мэдээлэл нэмж хэлэхэд, Монголд байгаа Католик сүмийн тэргүүн болох хамба лам Жиоржо Маренго саяхан Ромын католик чуулганы Кардинал болсон. Кардинал гэдэг нь Папыг сонгодог онцгой бүлгийн гишүүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, католик сүмийн хамгийн дээд эрх мэдэлт бүлэг гэж хэлж болно. Тэгэхээр Монголд байгаа хамба лам Кардиналын гишүүн байсан түүх байхгүй.
-Таны ярианаас “манай музейд бий” гэдэг үг хэд хэд гарлаа л даа. Тэгэхээр ямар музейн тухай яриад байна вэ?
-Манай Ариун бичээс нийгэмлэгийн байранд Библийн музей бий. Энэ музей Библийг болон Библийн түүхийг сонирхсон хэн бүхэнд нээлттэй. Энэ өдрүүдэд манай Ариун бичээс нийгэмлэгийн 20 жилийн ой болж байгаа. Ариун бичээс нийгэмлэг нь Библи орчуулга, хэвлэл, тараалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Христитгэлийн бүх урсгал чиглэлтэй хамтран ажилладаг.
-Библийг нэг уншиж үзэх юм сан гэдэг бодолтой хүнд та зөвлөөч. Аль номоос нь эхэлж уншвал зүгээр вэ?
-Эхлээд мэргэн ухааны номуудаас нь уншиж үзээрэй гэж зөвлөх байна. Сургаал үг номд амьдрал, амьдралын зорилгын тухай, зөв сайн зан чанар, хөдөлмөрч байх тухай гээд амьдралд зайлшгүй хэрэгтэй мэргэн ухаан маш их бий. Дараа нь Гүн ухаантны үг (Номлогчийн үгс) , Дууны дуун (Соломоны дуун), Дуулал зэрэг номыг уншихыг санал болгож байна. Үүний дараагаар түүхийн номууд руу орвол илүү ойлгоход тус болно.
-Монголд Христийн гаж буруу урсгалууд нэлээн байх шиг байна. Аль нь гаж буруу, аль нь эрүүл зөв урсгал чиглэл юм бэ гэдгийг хүн ялгахад хэцүү шүү дээ. Тэгэхээр та маш энгийнээр энэ зөв, буруу сүмийг ялгах зөвлөгөөг өгөөч?
-Христитгэл нь Библи суурьтай, Есүс төвтэй байх ёстой. Христийн сайнмэдээ гэдэг нь “Есүс бидний төлөө загалмай дээр цовдлогдон үхээд, дараа нь үхлээс амилсан. Есүсээр дамжин бид гэм нүглийнхээ шийтгэлээс аврагдана” гэсэн мэдээ шүү дээ.
Гаж урсгал хүний тархийг угаах дээр төвлөрч ажилладаг. Энэ нь ямар хэлбэрээр илрэх вэ гэхээр хүнд сонголт өгөхгүйгээр, илт шахна, дарамт үзүүлнэ, айдас дээр тулгуурлана. Мөн солонгос юм уу, Барууны юм уу нэг хүнийг хэт шүтнэ. “Энэ бол онцгой хүн”, “энэ хүн Бурханаас онцгой ийм даалгавар авсан” гэх зэргээр тэр хүнийг Есүсээс илүүгээр тодруулан дөвийлгөдөг. Тэр хүний хэлсэн үг, үйлдэл нь илүү нөлөөтэй байж тэр хүний заавар сургаалаар явах, тахин шүтэх байдал харагдана.
Зөв урсгал чиглэл үнэнийг танд хэлж өгнө, харин итгэх эсэх сонголтыг та өөрөө хийнэ. Гаж урсгал ихэнхдээ хүнийг шахах, айдсаар нь дарамталж, сүрдүүлдэг, за тэгээд нэг холбогдчихвол утсаар яриад салахгүй, гэрт ирээд гарахгүй. Мөн “та энэ шалгуурыг давж байж ийм тооны шилэгдсэн хүнд багтана, энэ хичээлийг заавал хий, үүнийг заавал цээжил” гэх мэт тархи угаалтыг хийдэг нийтлэг хандлагатай байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
What a waste of lifetime!
худлаа ярьж байна
Түүхэн баримт, судалгаа шинжилгээний ололтод тулгуурлан сайхан ярилцлага өгсөнд Доктор Баяраад талархал илэрхийлье.
Монгол түмнээ соён гэгээрүүлэх ирээдүйн ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилт хүсье.
наад үлгэртээ өөрөө л итгэ
Сайхан шаан гэж энэ үү
Ха ха больж үз!