2024-12-21, Бямба
-26 C
Ulaanbaatar

П.БАТХУЯГ: Мөнх бус гэдэг үгэнд эргэлздэг. Энэ бие л мөнх бус байх, оюун санаа мөнх гэдэгт итгэдэг

-Хатуу үгийг зөөллөж хэлдэг болчихвол хэнд ч юу ч хэлэхгүй, үнэн үгийг сэтгэлээсээ хэлж чадахаа байчихвал юу ч бичихгүй-

МОМОГИЙНХОО ГЭГЭЭН ДУРСГАЛД

Момогийн төрсөн өдрийг дотны бүхэн нь дулаахан дурсамжтайгаар тэмдэглэж байна. Гэгээн тунгалагханаар инээмсэглэн, эгэл даруухнаараа амьдарч ёжтой үгээ хэлээд сууж байх ёстой Момо өнөөдөр бидний дунд алга…. “Эрхэм багштанд мэндэлсэн өдрийн мэнд хүргэе. Заа нэг үгээ хэлж манай хэвлэлд тус дэм болох уу даа…” гээд залгах өдөр байлаа, өчигдөр. Момог хүнд үгүй гэж хэлж байхыг хараагүй. Тэр “Заа” л гэх байсан, “Сургууль дээрээ байнаа л” гэх байсан. Түүний хэвлэлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагыг авсан өдрөө их тод санаж байна. Тэр өдрийг яг тэр өнгөтэй нь магад хэзээ ч мартахгүй биз ээ. Түүнтэй тэр өдөр уулзаж ярилцахдаа дэмий нэг асуулт асуусандаа одоо ч гэмшдэг. Сүүлийн уулзалт, сүүлийн ярилцлагаа яг энэ цаг үед таны өмнө дэлгэх ёстой юм шиг санагдаад нэмж өмнөтгөл бичиж сууна….Момо минь, бидний эрхэм Момо….

Сэтгүүлч А.Мөнхжин 2023.09.09.

-Судалдаг, шүүмжилдэг хүн гэж олон хүн боддог юм шиг байгаа юм. Үнэндээ би уншдаг, уншсанаа бичдэг. Амьдралыг ажигладаг ажигласнаа бичдэг л хүн-

Зохиолч, судлаач, шүүмжлэгч, багш гээд олон гуншинтай ч “Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг” гэдэг нэр нь илүү ч үгүй, дутуу ч үгүй өөрт нь яг оносон нэгэн эрхэмтэй уулзаж ярилцлаа. Тэр үргэлж тэрслүү гэмээр хурц хийгээд гашуун үнэний дууч болж суудаг ч гудамжинд таарахад хаанаас нь ч харсан сонгодог зохиолын эзэд ийм л хүмүүс байсан байхдаа гэж бодогдмоор нэгэн. Намрын борооны сүүлч шавхарч, салхи хуйсагнасан нэгэн өдөр алчуур ороолттойгоо ноцолдон явтал нэг л танил зохиолын хэсэг рүү яваад орчих шиг санагдав. Хэний ямар зохиолыг нь санахгүй юм. Өөрийнхөө оршихуйг хольж сүлэн бичдэг зохиолчдынх л байх. Гэхдээ зохиол, зохиолчоосоо өөр байхад дургүй уншигч л даа. СУИС-ийн өмнөх гудамжинд будаг нь халцарсан ногоон хашааны наагуур бор хүрэмний халаасанд гараа лав шургуулсан, туранхайвтар нэгэн хүн үл ялиг бөгтийн хана нь халцарсан намхан байшинтай ташралдан алхаж яваа үзэгдэв. Үс нь салхины эсрэг өрвийн босч нүүрэндээ гүн бодрол тээн урагшилна. Газраас салхиар боссон навчис толгойг нь тойрон эргэж байгааг анзаарсан шинжгүй тэр алхана. Үнэхээр сонгодог зураглал. Тэр гарцаагүй зохиолч. Одоо тэр болхи модон ширээ сандалтай буйдхан кафед ороод зөөгчийг дуудахгүйгээр хүлээн цонхоор ширтэх байх…

2021 оны намар.

-Урт намар болж байна. Хүний сэтгэл цаг улирлын өнгө аястай байх нь бий. Таны хувьд намар мэдрэмж авчирдаг вэ?

-Намар ч болдгоороо л болж байна. Ирэх аравдугаар сарыг дүүргээд шаргалтчихвал сайхан л байна. Бид чинь ерөөсөө урт шаргал намар, дэлгэр сайхан зун, өнтэй өвөл, хахир багатай хавар гээд байгаль дэлхийгээ таатай сайхан байхыг л эртнээс хүсдэг улс. Тиймдээ ч өвөлгүй зунаараа, хаваргүй намраараа, сэр сэр салхитай, бур бур хуртай газар оронтой байх мөрөөдлөө үлгэр туульсдаа шингээж үлдээсэн байна. Монгол хүн жаахан уйдамхай, олон зантай, тууштай биш гэдэг чинь магадгүй бидний сайн муугаас биш дөрвөн улиралтай газар орны маань байгалийн ааш аяг нөлөөлдөг байх л даа. Цаг улирал жилд дөрвөнтөө солигдож, түүнийгээ дагаад бидний сэтгэл бөмбөрч байдаг санагддаг. Хавар аяндаа л дотроос инээд түрээд байдаг шүү дээ. Намар нэг л гуниглаад, зун ийш тийшээ агаар салхинд зугаалж, хаашаа ч хамаагүй явмаар, өвөл шинэхэн цасны үнэр, тас няс хийсэн жавар салхинд зогсмоор болдоггүй монгол хүн ховор шүү дээ. Миний хувьд намар баяр, гуниг хоёрын хослол. Яагаад ч юм бэ, намар төрсөн бас намар нүд аних байх гэсэн сонин мэдрэмж үе үе төрдөг юм.

-Ямар нэг улирал эсвэл өдөртэй ч юм уу холбоотой дурсамж сэдэрдэг үү?

-Байлгүй яах вэ? Аавыгаа, эмээгээ, багшийгаа гээд хайртай хүмүүсийнхээ тэнгэрт дэвшсэн намрын өдрүүдийг сэтгэл дэнслэн дурсдаг. Ялимгүй гунигтай. Харин эхнэртэйгээ анх болзсон, аав болсон, анхны номоо хэвлүүлсэн гээд бас намрын гэгээн сайхан дурсамжтай өдрүүдийг хөөр баяр дүүрэн нэхэн санадаг.

Ер нь би өөрийгөө намрын хүн гэж мэдэрдэг. Хамаг сайхан бүхэн амьдралд минь намар цогцолж, харамсмаар явдлууд намар л амьдралд минь тохиосон байдаг юм. 102дугаар сарын 12-нд аавыгаа алдаад 12-дугаар сарын 10-нд өөрөө аав болж байсан юм даа. Би учрал тохиол учир шалтгаанд итгэдэг.

-Насны намар ер нь хэзээ ирдэг юм шиг байна?

-Насны намар наашаа ирж яваа байх даа. Тун ойртжээ. Гэхдээ яг хэзээ, яаж ирдгийг нь ёстой мэдэхгүй. Лав ирнэ гэдгийг нь мэднэ. Нуруу бөгтийх, хуруу монийхтой хамт ирдэг ч байж мэднэ. Үгүй бол шанаанд ганц нэг буурал үсний сор гялтагнахад ирдэг ч юм уу? Ер нь бодож байгаагүй юм байна. Өчигдрөөс өнөөдөр өөр, өнөөдрөөс маргааш өөр байхад таван жилд бол бүх юм өөрчлөгдөх нь аргагүй. Ядаж л тавхан жилийн өмнө энд тэнд авахуулсан зургаа харахаар царай зүс яаж өөрчлөгдсөн болох нь илхэн байдаг. Харин итгэл үнэмшил, үзэл бодлын хувьд нэг их өөрчлөгдөхийг хүсдэггүй. Гэвч зарим талаар өөрийн эрхгүй өөрчлөгдөөд байгаа тал бий.

Батхуяга

-Хүн ер нь их өөрчлөгддөг амьтан юм шиг. Жишээ нь хэдэн насан дээрээ эсвэл ямар учир шалтгаанаар бодол санаагаа, чиг зорилгоо өөрчилж байсан бэ?

-Тийм дээ, их бага хэмжээгээр өөрчлөгдсөнөөр нь л дүгнэхээс хүн ер нь их өөрчлөгддөг амьтан л даа. Хорин хэдэн насандаа ном уншихгүй бол хол явахгүй юм байна гэж ойлгоод уншиж эхэлсэн минь намайг их өөрчилсөн. Чиг зорилго ч тодроод ирсэн. Итгэл ч төрсөн. Өөрийгөө ч мэдэрсэн. Бусдыг гадарлах болсон. Эргэлзэхгүй бичиж эхэлсэн. Тэр л том өөрчлөлт байх. Одоо ч гэсэн бичингээ уншихыг, уншингаа бичихийг л эрхэмлэдэг. Судалдаг, шүүмжилдэг хүн гэж олон хүн боддог юм шиг байгаа юм. Үнэндээ би уншдаг, уншсанаа бичдэг. Амьдралыг ажигладаг ажигласнаа бичдэг л хүн.

-Залуу насанд заавал алдаж байж ухаарах ёстой юм уу? Нас явахаар ухааждаггүй гэдэг дээ. Энэ тухай?

-Залуугийн алдаа сайхан. Ядаж алдаагаа засах цаг хугацаа байна. Харин одоо чи бидний өдийд насанд алдаад байвал чиний хэлдгээр үнэхээр хөгшин тэнэг л болох байх даа. Хожимдсон ухаарал энэ тэр гэсэн дуу шүлгэнд дургүй. Хожимдож ухаараад яах юм. Алдаж байхдаа л ухаараад алдаагаа засаад явахыг л тэр дуу, шүлгээрээ сурталчилмаар санагддаг юм. Заавал залуу насанд алдаж ухаарна гэж байхгүй байх. Саяхан уншиж байсан юм. Австралийн парламент “хөгшин”, “залуу”, “тэнэг” гэж хүнийг хочлон гадуурхахыг хуулиар хориглосон гэнэ лээ. Залуу тэнэг, хөгшин тэнэг болдог. Залуу тэнэг олон жил эрдэм сураад мэдлэгтэй л хөгшин тэнэг болж ирэв гэх мэт үгс чинь нас яваад ухаан нэмэгддэгүйг л хэлээд байгаа хэрэг. Харин ухаан нас ахих тусам төгөлдөрждөг. Гэхдээ хэсэгхэн хугацаанд. Тэгээд зөнөнө, мунхарна. Тэр үедээ хүн зогсож сурах хэрэгтэй. Зөнөчхөөд залууст ад болоод явснаас уулын мухарт нэг байшин бариад тэндээ суугаад ухаантай залуу явсан насаа дурсахгүй юу.

-Хүн өтлөх тусмаа илүү аав ээжийгээ боддог болдог юм шиг. Та ээжийнхээ тухай яриач?

-Сайн аав ээжийн үр хүүхэд болж төрнө гэдэг чинь олдошгүй хувь. Зарим залуус мухар сүсэг, пүү паа гэх байх л даа. Удахгүй тэд ч бас над шиг бодолтой болно. Нас ахих тусам аав, ээжийгээ их боддог болох чинь тэдний чамд асгасан сэтгэлийн дээд цэг дээр, насан дээр чи очиж байгаа нь тэр. Тэгээд эргээд харсан чинь далай шиг их сэтгэл цэлэлзэж байна. Тэр нь яахав дээ, хэн чамд үнэнч, хэн чамд хайртай, хэн чамаас хэзээ ч урвахгүй байсаар ирснийг ойлгож байгаа юм.

Миний муу ээж онцгой эрдэм чадалтай, сүйхээ самбаатай хүн бишээ. Хэдэн хүүхдийнхээ төлөө сэтгэл зовинож, бурхан шүтээндээ залбирч суудаг жирийн эх. Гэхдээ бусдын эхээс өөр. Учир нь намайг л алдаж гишгихвий, өвдөж шаналахвий гэж үргэлж шаналж, зөвхөн намайг сэтгэлдээ мөнхөд хамгаалах гэж ирсэн, миний хамгаалагч.

-Ааваасаа юуг өвлөж авсан бэ?

-Яруу найраг. Аав минь залуудаа шүлэг бичдэг байсан юм. Уг нь авто инженер хүн л дээ. Би аавынхаа хүсэл мөрөөдлийг хэр чадлаараа гүйцээж яваа. Аавынхаа бичээгүйг бичиж хэвлүүлээгүйг хэвлүүлэх хувь надад оногдсон байх гэж санадаг. Би зөвхөн Батхуягийн биш аавынхаа ачааг бас энэ уран зохиолд үүрч яваа ч юм билүү. Бас л мухар сүсэг яриад эхэллээ гэх байх даа. Анатоль Франс хэлсэн санагдана. “Гавьяаг ганцаараа бүтээсэн гэж бодно уу? Үгүй дээ, эцэг өвгөд чинь хэдийн далайд гарсан хөлөг онгоцны хитэг дээр зогсоод чамайг ерөөж байна” гэсэн байдаг. Би түүнд итгэдэг. Нэрийн минь өмнө Пүрэвхүү гэж нэр бий. Аав минь хэзээд надтай хамт байгаа гэж үздэг учраас бичсэн бүхнийхээ төгсгөлд гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг гэж заавал тодотгож тавьдаг юм. Гарцаагүй гэдэг нь аав ч гарцаагүй, би ч гарцаагүй гэсэн санаа. Би уран зохиолд өчүүхэн алдартай бол тэр аавын ч алдар. Түүний надаар дамжуулж, надтай хамт уран зохиолд хийж буй гүйцэлдүүлээгүй үйл хэрэг.

-Одоо өсөж торниж хорвоог хажуугаасаа харж таньсан орчныхоо…?

-Аав ээж минь аль ал нь Архангайн улсууд. Би бол Хайлаастын аманд гэртээ унаад, Бага тойргийн байшин дунд өссөн хотын хүүхэд. Зундаа Яргайтын богины зусланд зурам эргүүлж, гол сахиж, жараахай шүүрдэж явлаа. Хотын хүүхдүүд юу хийдэг, яадаг байсан бүгдээс нь хоцролгүй гар бие оролцож, сайн муугийн дундуур салбайж явсан. Би нэг тийм намтарчилсан юм ярих жаахан дургүй. Сайд дарга нар шиг ямар сонгуулийн сурталчилгаа хийж байгаа биш. Хүмүүст нэг их сонирхолгүй. Нам дагасан бол нэг хурган хуцан дарга болох байсан биз. Тэгээд гоё намтар зохиогоод шил толь шиг амьтан гялалзах гэж оролдох биз. Нэгэнт тэгээгүйгээс хойш уран зохиолоо яривал яасан юм.

-Бүгд л танаар уран зохиол яриулдаг. Харин надад П.Батхуяг нь сонирхолтой байна л даа. “Хүрээ хөвгүүд” гээд бүлгэм байсан. Одоо тэр хөвгүүдийн тухай эргээд юу бодогдож байх юм?

-Одоо бол “Хүрээ ахан дүүс” бүлгэм. Уран бүтээлийн, амьдралын минь салшгүй найзууд. Арван хэдэн наснаасаа салахгүй үерхсэн одоо нас 40 гарч нас тогтож яваа эрчүүд. Биднийг уран зохиол холбосон. Түүнээс биш эрх мэдэл, эд хөрөнгө биш. Бид өөрсдийнхөө зорилго тэмцлээс урваагүй. Зарим хэрэгт өвс мэт бөхийсөн байж болох ч цаад мөн чанараараа хулс мэт өндийсөн улс. Ямархан мөрөөдөлтэй хөвгүүд гүйж явснаа тэд мартаагүй цагт би л лав мартахгүй.

Би хувьдаа тэр цагийн “Хүрээ хөвгүүд”-ийн дуулианаар биш одоогийн “Хүрээ ахан дүүс”-ийн амжилтаар бахархах дуртай. Зохиолчдын хороо, номын сан, кино театр, утга зохиолын дугуйлан хэсэж явсан тэр өдрүүддээ би хайртай. Өөр юу хэлэх вэ. Тэд намайг хайрласаар байвал би ч хайрласаар байна. Харин хайрлахгүй болчихвол би хайрлуулах хүмүүсээр дутаагүй. Тэгээд л тэр.

-Хүн залуу байхдаа дэлхийг эргүүлчихмээр л мөрөөддөг. Тэгээд буурсаар буурсаар амьдралд дасан зохицох ч гэх юм уу дагаж урсах, хүлээн зөвшөөрдөг болдог ч юмуу. Үнэнээ хэлвэл яг хэн болно гэж мөрөөдөж байсан бэ? Харин өнөөдөр хэн болсон байна?

-Олон сайхан зүйл мөрөөдсөн. Одоо ч мөрөөддөг. Хүн жаахан зөөлөрдөг тал нь амьдрал байна. Гэхдээ хэлэх үгээ хэнээс ч нуухгүй. Хатуу үгийг зөөллөж хэлдэг болчихвол хэнд ч юу ч хэлэхгүй. Үнэн үгийг сэтгэлээсээ хэлж чадахаа байчихвал юу ч бичихгүй гэсэн бодолтой. Би хүний сайнд баярладаг, сайн бүтээлд догдолдог. Түүнээс биш далдхан атаархаад дагжиж суудаг нь биш. Залуу хүн нэг сайхан шүлэг бичсэн байхад л өөрөө биччихсэн юм шиг хөөрдөг. Ахмад зохиолчдоос гарна гэж санаагүй сайхан бүтээл гарахад ч баярладаг. Уран зохиолд шударга ёс тогтоохсон гэж мөрөөдаж явлаа. Одоо ч мөрөөддөг. Зохиолч болно гэж мөрөөдөж явсан. Бүр тавдугаар ангид байхаасаа. Түүнээс биш төрийн баатар, түмний манлай болно гэж санаж явсангүй. Өнөөдөр хэн болов гэж үү? Мөрөөдсөөр яваа дунд эргэм насны зохиолч, аав, багш, нөхөр, ах, атаархуулагч, бачууруулагч, зарим хүний нөмөр нөөлөг, зарим хүний шавар бурхан болж дээ.

-Хайрын тухай ер нь ямар бодолтой явдаг вэ?

-Эрих Фромм “ Хайрлах урлаг” номондоо хайрыг үзэн ядах, үнсэн таалах, шүтэн дээдлэх, шүлэнгэтэн дайрах, тэсэлгүй хашгирах, тэсвэрлэн гарах үйл ажиллагаа гэсэн утгатай өгүүлбэр бичсэн байдаг. Би яг тодорхой санахгүй байна. Хайр агуу энэ тэр гэдэг улс угтаа хайрыг огт ойлгоогүй байх нь элбэг. Магтаж муулаад маньд юу ч наалдахгүй олон зүйл амьдралд байдаг. Тэдний нэг нь хайр. Би залуудаа Монгол ардын нэг дууг олон удаа сонссон. “Үрэл гэдэг модоороо өлгийг минь зассан аав минь дээ, өвлийн шөнийн хүйтэндээ өндийж хөхүүлсэн ээж минь” гэж. Гэтэл саяхан сонссон чинь аньсага сормуус чийгтэж байна билээ. Энэ хайр. Надаас хойш энэ гурван хүүхэн яах бол гэж эхнэр хүүхдээ бодсон чинь хоолойд нэг юм тээглэж байна билээ. Энэ хайр. Энгийн бүхэнд жинхэнэ хайр оршино. Хайраа, хайраа гэж янаг дуудах хүмүүсийн хооронд хайр огт байхгүй байж ч мэднэ.

-Зохиолчид гэж олон хүүхэнд дурлаж олон шүлэг бичсэн ойчиж боссон л амьдралтай хүмүүс байх юм. Та харин эхнэртэйгээ их эвтэй эетэй харагддаг.

-Хүн хүний зам мөр өөр шүү дээ. Зохиолч гэхээр л жолоогүй дурладаг хүмүүс гэх бодол цаг үетэйгээ хамт өнгөрсөн. Ер нь зохиолчдын дотоод сэтгэлийг дутуу үнэлдэг, мэдэрдэг. Өнгөцхөн дүгнэдэг гэж би боддог. Тэр хайр дурлалаас болоод унаж босдог тийм зохиолчдын үе дууссан. Тэд аливааг ул суурьтай судалдаг, судалж байж бичдэг, тулхтай сэтгэдэг, өвөрмөц сэтгэлгээгээрээ байнга ялгардаг нийгмийн оюун санааны манлайлагчид болсон. Өмнө нь ч тийм байсан. Манайд яахав дээ, юм бүхэн жаахан эсрэгээрээ тавилттай. Архи дарс, авгай хүүхэнд дуртай зарим нэгнийх нь сул талыг л сурталдчихсан. Түүнээс биш хамгийн журамтай, хамгийн нинжин, хамгийн энэрэнгүй сэтгэл зохиолчдод л байдаг. Амьдрал хойно ам зөрөх зүйл байлгүй л яах вэ?

Би амьдралыг эр хүн ухаанаараа авч явж, эхнэр хүн уянгаар чимэх ёстой гэсэн бодолтой. Амьдралын минь модон дээр итгэж суусан авгай гэдэг шувуугаа элдэв түгшүүргүй яруухан донгодуулж байх юмсан гэсэн хүсэлтэй. Өнөө урт холын бодолд дараатай явна гэдэг шиг энэ заяаны эрхээр учирсан бол эвтэй байхсан гэсэн бодолд даруулдаг даа. Хэр чадлаараа хичээдэг.

-Эр хүн гэж эм хүнгүй бол эв аяа олдоггүй жаахан дорой амьтад мөн үү?

-Үнэндээ сэтгэлийн дэнсэн дээр жинлэх юм бол эрчүүдийн сэтгэл илүү эмзэг, нарийн мэдрэмтгий л дээ. Гаднаас нь харахад бүдүүн бааздуухан ч дотоод сэтгэлдээ тийм биш. Өнгөн дээрээ хатуу ширүүн юм шиг ч нидэр дээрээ торгон утасны хөвөрдсөн зөөлөн сэжүүр шиг улс юм шиг байгаа юм. Эмэгтэйчүүд харин тэдэнд золиг шиг зан гаргаад чулуу шиг болгочихдог юм биш үү? Тэгчхээд нэг их эрчүүд бүтэхгүй гэж дүгнэх дуртай. Тэгж өөрсдийгөө баясгадаг, ямар ч гэм буруугүй мэтээр сэтгэлээ хуурдаг зантай улс бололтой юм билээ. Харин ч бүр эв аяа эвлэгхэн олдог, шулуухан шударга нөхөрлөдөг, нөхөрлөлдөө үнэнч, нэг нэгнийхээ сайн ойлгодог сайн талтай. Хавирга сүвээгээ хатгалдах, хоорондоо эвдрэх явдлын цаана тэд өөрсдөө биш тэдний цаана гэмгүй царайтай нуугдах эмэгтэйчүүдийн, эхнэрүүдийн явуулга байдаг. Уран зохиолын нэг айхтар сэдэв энэ. Үнэн болоод л тэр олон зохиол бичигдсэн байж таарна.

Хөөрхий Макбет яалаа. Бидний сайн мэдэх жишээ гэхэд л Тэмүжин, Жамуха хоёр юунаас болж салж нүүв гэхэд Жамухын эхнэрээс их болжээ гэж “Нууц товчоо”-нд бичээ биз дээ. Бид дорой буурайдаа биш гэнэн итгэмтгийдээ л буруудаж явдаг улс. Ийм л байна.

-Хийж үлдээнэ гэснийхээ хэдэн хувьд нь явна вэ?

-Хувь гаргаад тооцож үзэж байсангүй. Тэгэх ч утгагүй, бас боломжгүй зүйл. Хийх ёстойгоо, хийх учиртайгаа л хийж явна. Социалист эдийн засгийн таван жилийн төлөвлөгөө гэдэг шиг зүйл байхгүй. Үлдээхийн тухайд бол үлдэх нь үлдэнэ л биз. Үлдэхгүй бол тэр л биз. Миний санаа зовох хэрэг биш. Гэхдээ хааяахан “Юу л хийгээд байна даа” гэх эргэлзээ төрдөг л юм. Бичсэн бүхэн минь төгс биш гэдгийг би мэднэ. Бас хүрзний үзүүрт өртөлгүй шороонд булаатай орхигдсон төмс шиг тавилантай зохиолууд бичээгүйгээ ч мэднэ.

-Энэ цаг хугацаандаа өөрийнхөө хувьд ямар нэгийг өөрчилж чадсан, өөрчлөхийг хичээсэн ч юм уу гавьяагаа хэлээч гэвэл?

-Их бага хэмжээгээр Монголынхоо ирээдүйн залуусын оюун санаанд нөлөөлсөн. Тэднийг араасаа алхам ч болтугай дагуулсан гэж боддог. Амьдралынхаа хандлага, байгаа байдлаараа үлгэрлэхийг хичээсэн. Өөр ч гавьяа гээд байх юу байхав дээ. Гавьяатай эсэхийг минь би биш бусад хүмүүс хэлэг.

Өөрийн хувьд ихэрхэг зангийн эсрэг тэмцдэг, бүр яснаасаа үзэн яддаг болсон. Өөрчлөлт мөн үү? Эх нутгаа үл тоодог, элгэн саднаа үл ойшоодог хүмүүст их харшилтай болсон. Энэ л өөрт бий болсон өөрчлөлт гавьяа байх даа.

-Мөнх бусын тухайд юу гэж бясалгадаг вэ?

-Өдөр болгон бясалгадаг. Би байна, би байхгүй болно гэж бодохоор айж түгшихээс илүү амар амгаланг мэдэрдэг. Алив бүгд хэмжээтэйг алхам тутамдаа санадаг. Мөнх бусын тухай олон ч шүлэг бичсэн дээ. Тэр тоолондоо түүнийг бясалгаж, хэзээ ч юм бэ ирэх тэр нэг өдрийг төсөөлж боддог. Үнэнээ хэлэхэд мөнх бус гэдэг үгэнд эргэлздэг. Энэ бие л мөнх бус юм байгаа биз. Оюун санаа мөнх. Өөр дүр байдлаар өөр цагт үргэлжилнэ гэж боддог. Багаас хөгшид итгүүлчихсэн, би ч бүрэн итгэчихсэн. Мөхөж сэхэхийн шалтгаантай болохоос мөнх бусын орчлон бишээ.

-Таны амьдрал хэн нэгэн зохиолчийн амьдралыг давтаж байгаа бас үзэл санаа нь адил санагдаж байсан уу?

-Зарим зохиолчийн амьдралтай адил төстэй санагддаг зүйл байдаг л юм. Үзэл санааны хувьд тэр. Алганы хээ давтагддаггүй гэдэгтээ адил адил төстэй зүйл амьдралд тохиолдож болох ч ав адилхан байх боломжгүй. Би бол би. Тэр хүн бол тэр л хүн. Одоо хэт шүтээд дуурайгаад байдаг зохиолч байхгүй. Монголд бүр ч байхгүй. Бага залуудаа хайртай зохиолчдоо дуурайж тэдний амьдралаар амьдрах гэж оролдож үзсэн. Бүтэшгүй зүйл гэдгийг нь ойлгоод больсон. Бусдад таалагдах гэж оролдож явсан үе бий. Хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгдөх гэж хөөрцөглөж явсан ч үе бий. Одоо тэр бүхэн нэгэнт ард хоцоржээ. Тоовол тоо. Тоосонгүй гэж гомдохгүй, гонсойхгүй. Муулвал муул. Муулсан гэж өс санахгүй. Сэтгэлийн өр авлага нэхэж гомдоллож горойхгүй. Зарим залуу зохиолчийг сэтгэлдээ дотночлон хайрлаж, хэлдгээ хэлж, тэдний төлөө хийдгээ хийсэн. Үзэл заавал нийлэх албагүй. Тиймээс зам ч нийлэх хэрэггүй гэж боддог. Чиний асуулттай холбоогүй шахуу хариулт болчихлоо.

-Үхлийн тухай айхгүй асуудаг, ярьдаг хүн цөөн л дөө. Би харин асуумаар байна. Сүүлчийнхээ өдрийг төсөөлж байсан уу? Тэр өдөр ямар байгаасай гэж..

-Сүүлчийнхээ өдрийг төсөөлөхөөр нар л хамгийн түрүүнд санаанд ордог юм. Тэр өдөр нарлаг байгаасай гэж. Нүдээ анихад сүүлчийн удаа аньсаганд нарны гэрэл мэдрэгдэж байвал сайхан.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img