2024-12-25, Лхагва
-21 C
Ulaanbaatar

Хятад улс дэлхийн автомашины зах зээлийг асар хурдтайгаар эзэлж байна

Манай урд их хөрш автомашины аж үйлдвэрээ асар богино хугацаанд хөл дээр нь босгон дэлхийн зах зээлийг маш хурдан эзлэх болсон талаар Их Британийн “ВВС” агентлагийн цахим хуудаст ингэж бичжээ.

Хятад улс ердөө өнгөрсөн жил Германыг ардаа орхин автомашин экспортлогч орнуудын жагсаалтад хоёрт бичигдэж эхэлсэн. Тэгвэл энэ жилийн эхний хагаст Японыг ч гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн том автомашин экспортлогч орон болж хувирлаа.

Нэр хүнд бүхий олон улсын хэд хэдэн шинжээч нэлээд хэдэн жилийн өмнөөс тус улс дэлхийн автомашины зах зээлд ноёлж эхлэх талаар таамаг дэвшүүлж ирсэн ч энэ нь ямар ч өөдрөг төлөвлөгөөнөөс хэд дахин хурдан хэрэгжиж нэгэнт бодит байдал болжээ. Иймд өрнөдийн орнууд дэлхий ертөнц бараг тэр чигээрээ Герман, Япон, Америк, Францад үйлдвэрлэсэн машин унаж байсан үеийг эргүүлэн авчрах шуурхай сөрөг арга хэмжээнүүд авахад хүрээд байна.

“Made in China” бичээстэй Хятадын автомашины аж үйлдвэрийн экспортын гол бүтээгдэхүүн нь одоохондоо АНУ-ын “Tesla” компанийн тус улс дахь үйлдвэрийн цахилгаанаар ажилладаг суудлын автомашин. Гэвч Хятад 100 хувь бие дааж дотооддоо зохион бүтээсэн цахилгаан машины зай төдийгүй иж бүрэн автомашин үйлдвэрлэн алхам алхмаар дотоодын хэрэглэгчдээ байлдан дагуулаад дэлхийн зах зээлийг маш хурдан эзэлж байна.

Тус улс ирээдүйн буюу цахилгаан автомашины аж үйлдвэрийг аравхан жилийн дотор хөл дээр нь босгоод зогсохгүй автомашины экспортоор дэлхийд тэргүүлэх боллоо. Яаж ингэж чадав аа?

хятад машин

Хятадын удирдлага юуны түрүүнд цахилгаан автомашины зайг үйлдвэрлэхэд нэн чухал ашигт малтмал, ялангуяа газрын ховор элементийн бүх нөөцийг хяналтдаа авч, цахилгаан автомашины аж үйлдвэрийг шаардлагатай хөрөнгө оруулалтаар гар таталгүй, цаг алдалгүй хангажээ.

Хятадын эдийн засагт сүүлийн жилүүдэд илрэх болсон доголдлууд ч автомашины аж үйлдвэрийнх нь амжилтад сөргөөр нөлөөлсөнгүй. Удаан үргэлжилсэн хямрал Хятадын коммунист нам Си Зиньпиний удирдлага дор хөгжил цэцэглэлтийн урьдынх шиг өсөлтийг хангах чадварт тус улсын иргэд улам ихээр эргэлзэхэд хүргэж буй. Энэхүү эргэлзээ хүмүүсийг мөнгөө гамтай зарцуулахад хүргэн Хятадын дотоодын хэрэглээг сэргээх эдийн засгийн зорилтын хэрэгжилтийг хойш нь татах болжээ.

Энэ нь тус улсын автомашины аж үйлдвэрт харин ч ашигтайгаар эргэсэн гэлтэй. Дотоодын эрэлт буурсан нь автомашин үйлдвэрлэгчдийг илүүдэл бүтээгдэхүүнээ гадаадад борлуулах бүхий л арга хэрэглэхэд хүргэжээ.

Үүнд ойрын 10-15 жилийн дотор цахилгаан автомашинд бүрэн шилжих Европын “ногоон” шинэчлэлийн зорилт дэм болсон нь ойлгомжтой.

Нөгөөтэйгүүр В.Путин Украиныг эзлэх түрэмгий дайн өдөөсөн нь Оросоос өрнөдийн автомашин үйлдвэрлэгчдийг дайжихад хүргэсэн. Үр дүнд нь Хятад хөгжингүй орнуудад худалдах нэгэнт боломжгүй болж буй бензин, дизелиэр ажилладаг автомашинуудаа борлуулах хаяа дэрлэсэн хөршийнхөө томоохон зах зээлийг “бэлгэнд” авсан билээ. Хятадаас Орост экспортлосон автомашины тоо ганцхан жилийн дотор даруй долоо дахин нэмэгдэж, өдгөө Орост борлогдож буй бүх машины тэн хагасыг Хятадад үйлдвэрлэсэн гэх статистик тооцоо гарчээ.

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн шуурхай байлдан дагуулал эдийн засгийн хоригт боомилогдсон Орост таалагдсан бол Европт мэдээж үгүй.

27 улсыг нэгтгэсэн 450 сая хүн амтай Европын холбоо зөвхөн АНУ-тай дүйцэхүйц аварга том чинээлэг зах зээл учраас Хятадад угсарсан цахилгаан машин ачсан хөлөг онгоцууд тус холбоог голлон зорьдог. Учир нь Хятад улс АНУ-тай маш хурцадмал харилцаатай ч Европын холбоотой одоогоор худалдааны таатай дэглэмтэй. Гэвч одоогийн нөхцөл байдал Хятадад тун удахгүй таагүйгээр эргэх төлөвтэй.

Юу гэвэл, Европын комиссийн дарга Урсула фон дер Ляйен Европын холбооны бодлогын үндсэн чиглэлүүдийг тодорхойлдог жил бүрийн уламжлалт уулзалт дээр мэдэгдэхдээ, “Хятадын хямд цахилгаан автомашинууд дэлхийн зах зээлийг дүүргэлээ. Энэ нь тус улсын Засгийн газар асар их тэтгэлэг, татаасаар үнийг зохиомлоор унагаснаас үүдэлтэй” гэсэн юм.

Он гарсаар Хятадаас Европын холбоонд экспортлосон автомашины тоо хоёр дахин нэмэгдэж, Хятадад угсарсан цахилгаан автомашин Европын зах зээлийн 8 хувийг эзлэх болжээ. Европт үйлдвэрлэсэн ижил төрлийн цахилгаан автомашинуудаас Хятадынх дунджаар 20 хувиар хямд учир дээрх хувь ойрын хоёр жилд 16 хүртэл өсч болохыг Европын комисс анхааруулсан байна.

хятад машинИймд Европын комисс Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн шударга бус өрсөлдөөнийг шалгахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний үр дүнд Хятадад угсарсан цахилгаан зайтай бүх автомашинд нэмэлт татвар ногдуулах магадлал их юм. Үүнд Хятадын “BYD”, “XPeng”, мөн Хятадын компаниудын мэдэлд очсон Шведийн “Volvo”, Английн “MG” брэндүүд төдийгүй Хятадын үйлдвэрүүдэд угсарсан “BMW”, Францын “Renault”, Америкийн “Tesla” автомашинууд хамаарах нь тодорхой.

Европын комиссийн шалгалт явуулах шийдвэрийг Европын холбооны аж үйлдвэрийн гол хоёр орон болох Герман, Францын удирдлага нэгэн дуугаар сайшаасан бол Хятадын Засгийн газар гомдолтойгоо илэрхийлжээ. Тус улсын Худалдааны яамны мэдэгдэлд, “Европын холбооны зүгээс улаан цайм протекционист бодлого явуулах нь дэлхийн автомашины зах зээлийг гажуудуулах аюултай. “Шударга өрсөлдөөн” гэх нэрийдлээр автомашины аж үйлдвэрээ ийн хамгаалах нь Европын холбоо, Хятадын эдийн засаг, худалдааны харилцаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй” гэжээ.

Хятадын Засгийн газар цахилгаан болон холимог (гибрид) хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлд 57 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэж олон улсын үнэлгээний “AlixPartners” компани тооцоолсныг “Reuters” агентлаг уламжилжээ. Тэгвэл энэ жилийн эхэнд тус улс дээрх төрлийн автомашины үйлдвэрлэлд 72 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэх дөрвөн жилийн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо зарласан. Хятадад түүнчлэн муж, орон нутгийн хэмжээний тэтгэлгүүд ч их аж. Үүнээс гадна цахилгаан автомашины хэрэглээг дэлгэрүүлэхийн тулд Хятадад 6 сая гаруй зай цэнэглэх цэг бүхий дэлхийн хамгийн том сүлжээ бий болгожээ.

хятад машинХятадын Засгийн газар 20 жилийн турш ийнхүү өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлсний үр дүнд тус улс цахилгаан автомашины зайн дэлхийн зах зээлд тэргүүлэгч болсон юм. Энэхүү бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн 37 хувийг Хятадын “CATL”, 15 хувийг “BYD” компаниуд тус тус хянадаг болсон тухай “Financial Times” сонинд өгүүлжээ. “CATL” компанийн зайг “Tesla”, “BMW”, “Volkswagen”-ий цахилгаан автомашинуудад тавьдаг бол “Ford” технологийг нь худалдан авч АНУ-ы Мичиганд “CATL” зайны үйлдвэр барьж эхэлжээ.

Зайны зах зээлд ноёлсныхоо дараа Хятад эцсийн бүтээгдэхүүн буюу ирээдүйн технологи гэгдсэн цахилгаан автомашины үйлдвэрлэлээр ч дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан.

Эхлээд дотоодын багтаамж ихтэй зах зээлээ эзэлсэн нь мэдээж. Тус улсад сүүлийн арван жилд анх удаа Германы “Volkswagen” бус “BYD” хамгийн их зарагддаг автомашины брэнд болжээ. Харин одоо дэлхийн зах зээлийг эзэлж байна.

Өрнөдийн орнуудын автомашины аж үйлдвэр Хятадтай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт, төр засгийн дэмжлэггүйгээр, мөн технологийн дараагийн шатны нээлт хийлгүйгээр хүч тэнцүүгүй өрсөлдөөнд ялагдах аюул нэгэнт нүүрлэжээ.

Үүнийг АНУ, Европын холбоо, Япон, Өмнөд Солонгосын удирдлага хожуу боловч ухамсарлан технологийн дэвшлийн маш чухал энэ салбарыг хүч хавсран тэтгэн хөгжүүлэх алхмуудыг эхнээс нь хийж эхэллээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img