“Чингис хаан, монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн энэ сарын 14-нд Франц улсын Нант хотын Бретанийн гүнгийн ордон буюу Chateau des ducs de Bretagne музейд нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэн ирэх оны тавдугаар сарын 5 хүртэл үргэлжлэх юм. Музейн цахим хуудаст үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг онцолжээ.“Чингис хаан, монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Франц улсын хувьд Чингис хаанд зориулсан анхны томоохон үзэсгэлэнд тооцогдож байгаа аж. Үзэсгэлэнгийн өөр нэг онцлох зүйлийг зохион байгуулагчид нь “Франц, Европын томоохон музейн үзмэрээр баяжуулсан явдал” хэмээн тодотгож буй.
Энэхүү үзэсгэлэнд барууны улс орнуудад урьд өмнө нь сонирхуулж байгаагүй үзмэрүүд багтжээ.Тодруулж хэлбэл Чингис хааны үндэсний музейн онцгой үзмэрүүдийг өрнийнхөн сонирхох нь. Монгол, Франц хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнгийн нээлтийн өдөр Монгол Улсын Морин хуурын чуулга “Чингис хаан” концертоо тоглохоор болжээ. Морин хуурын чуулгынхан Нант хотын консерваторид морин хуураа эгшиглүүлэх аж.
Chateau des ducs de Bretagne музейн цахим дэлгүүрт үзэсгэлэнгийн каталогийн урьдчилсан захиалгыг аваад эхэлчихэж. 38-50 еврогоор үнэлсэн, хатуу хавтастай 324 хуудас бүхий тус каталогийг энэ сарын 14-нөөс худалдаалах юм байна. Каталогид Чингис хаан музейн цуглуулгуудаас гадна хувийн ховор цуглуулгууд багтжээ. Парисын Нантерийн их сургуулийн дундад зууны түүхийн багш, Монголын түүхийн мэргэжилтэн Мари Фаверогийн удирдлага дор бүтээсэн уг каталоги Монголын соёлын өвийн гайхамшгийг өрнийнхөнд жинхэнэ утгаар мэдрүүлнэ хэмээн зохион байгуулагчид нь онцолж байна.
Үзэсгэлэнгийн хүрээнд“Монгол гар урлалын нээлтийн долоо хоног” болох нь. Уран бичлэг, үнэт эдлэл, модон болон төмөр хийц гээд Монголын үндэсний гар урлалын гайхамшгийг харуулсан бүтээлүүдийг монгол гэрт дэлгэн сонирхуулах аж.
“Чингис хаан, монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэн дэлгэгдэх Chateau des ducs de Bretagne музей байрлах цайз нь Франц улсын Луара-Атлантик муж дахь Нант хотын зүрхэнд Гэгээн Пьерийн сүмийн дэргэд байрладаг юм. Энэхүү цайзыг 1840 онд Францын Соёлын яамнаас түүхэн дурсгалт газрын жагсаалтад багтаажээ. Өдгөө тус шилтгээнд Нант хотын түүхийн музей байрлаж байна.
Хотын захиргаа уг газрыг сэргээн засварлах хөтөлбөрийг ерээд оноос эхэлж, 15 жилийг зарцуулжээ. Тус музей гурван жилийн турш олон нийтэд хаалттай байсны эцэст 2007 оны хоёрдугаар сарын 9-нд дахин нээгдсэн юм. Цайзад байрлах Нантын түүхийн музей нь 32 өрөөтэй, 850 Францчуудад “Чингис хаан” тоглолтоо толилуулах Монголын морин хуурын чуулга 1994 оны 6 дугаар сарын 1-нээс Засгийн газрын шийдвэрээр Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны бүрэлдэхүүнд орсон түүхтэй. Тус чуулгын хамгийн анхны гадаад дахь тоглолт 1996 оны хоёрдугаар сард ОХУ-ын Улаан-Үд хотод болж байж.
Тэр цагаас хойш Япон, БНХАУ, Буриадын бүгд найрамдах улс, ӨМӨЗО, Хойд Солонгос, БНСУ, Австри, Швейцарь, Канад, Турк, АНУ, Франц, Австрали, Макао, Герман, Итали, ОХУ, Тайвань, Вьетнам, Хонгконг, Бельги, Португали, Казакстан, Халимаг зэрэг олон оронд үндэснийхээ морин хуурын аялгууг хүргээд байна. АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони, Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог ОХУ-ын Большой театр, өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд болон Австралийн Сидней опера хаузт эгшгээ хүргэсэн Морин хуурын чуулга монгол хөгжмийн урлагийн гайхамшгийг тун удахгүй францчуудад мэдрүүлэх нь.