2024-12-22, Ням
-27 C
Ulaanbaatar

Английг дампуурлаас аварсан “төмөр хатагтай”

Их Британийн домог болсон “Төмөр хатагтай” Маргарет Тэтчер. XX зууны дэлхийн түүхийг бүтээлцсэн энэ гайхамшигт эмэгтэйн талаар домог мэт яриа хөвөрсөөр байдаг. Англи орон хөлөг онгоц далайд живэх лугаа адил сүйрлийн ирмэгт тулж ирсэн үед чухамдаа “Төмөр хатагтай” л шилдэг улстөрч гэдгээ харуулж, улс орноо дампуурлаас аварсан юм. Ер нь түүнийг яагаад “Төмөр хатагтай” гэх болов.

Тийм ширүүн дориун хүн байв уу. Эсвэл хатан зоригтой, ухаалаг улстөрч гэдгээр нь онцолж ингэж нэрлэв үү. Ямарч л байсан гүн хүндэтгэлтэй сонсогдох энэ нэр тив дэлхийд түүний имижийг тодорхойлж өгсөн юм.

Зөвлөлтийн нөлөө бүхий хэвлэл “Төмөр хатагтай” нэрийг анх даян дэлхийд цуурайтуулжээ. 1976 оны нэгдүгээр сарын 24-нд “Улаан од” сонин Маргарет Тэтчерийг Их Британийн парламентад хэлсэн үгийн хариуд “Төмөр хатагтай айлгаж байна…” гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлж. Энэ хоч Тэтчерт ихэд таалагдсан төдийгүй тэрээр 1979 оны парламентын сонгуульд “Их Британид Төмөр хатагтай хэрэгтэй” гэсэн уриатайгаар оролцсон байна.

Үнэндээ британиудын өөрсдийнх нь хэлдгээр бол “Төмөр хатагтай” гэдэг нь тийм ч таатай нэр биш ажээ. Тэрээр 1970-аад онд Их Британийн нийгмийн халамжийн гол хэсэг болсон “Хүүхдийн сүүний хөтөлбөр”-ийг цуцалчихаж. Олон мянган хүүхэд Засгийн газраас үнэ төлбөргүй сүү хүртдэг байсан боловч Маргарет төсвийн зардлаа хэмнэх зорилгоор энэ хөтөлбөрийг зогсоож, эцэг эхчүүдийн голыг харлуулсан гэдэг. Сөрөг хүчнийнхэн түүнийг “төмөр зүрхтэн” гэж нэрлэх болов.

margaret-thatcherЭмэгтэй хүн байж хүүхдүүдэд хатуурхлаа гэж шүүмжлэв. “Тэтчер бол сүүний дээрэмчин” гэсэн үгсийг парламентын хуралдааны үеэр сөрөг хүчин ёстой нэг шидэлж өгч байв. Тэр байтугай Лондоны “Сан Таймс” сонин Их Британийн “Хамгийн муу эмэгтэй”-гээр тодруулж, эгэл иргэд нь “Цуст эмэгтэй” гэж нэрлэжээ. Уурхайчид ажил хаялт зарлаж, Тэтчерийг гудамжинд явж байхад нь хүмүүс түүн рүү хог хүртэл шидэж байж. Ерөнхий сайдын ажлыг дөнгөж хүлээж аваад байхдаа Тэтчер үнэ төлбөргүй тараадаг хүүхдийн сүүг хассан болохоор аргагүй биз гэж ажиглагчид үздэг байв.

Бүсээ чангалах бодлого явуулсны хүчинд тэрээр 19 сая ам.долларын хэмнэлт гаргажээ. Тэтчер “Та нар хүчтэнийг сулруулах байдлаар сул доройг өөгшүүлж болохгүй. Баячуудыг хоосруулж байж, ядууст туслах нь бүр ч утгагүй. Үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжиж байж энэ улс орон хөл дээрээ босч ирнэ” гэсэн Америкийн Ерөнхийлөгч Авраам Линкольны үгийг иш татаж байжээ.

1979 оны тавдугаар сард Тэтчер Баруун Европын түүхнээ Засгийн газрыг толгойлсон анхны эмэгтэй болсон юм. Тэрээр нийгмийн зарим халамжийг маш зоригтойгоор цуцалсны хүчинд Их Британийн эдийн засгийг хөл дээр нь босгож чаджээ. Ард түмэн түүнд талархаж эхэллээ. Ийнхүү “Төмөр хатагтай” гэсэн нэр зоригт эмэгтэйн илэрхийлэл болж олонд түгжээ.

Эдийн засгийн хямралын дохио хангинаад эхэлчихсэн энэ үед манай улстөрчид сонгуулийн амлалтаас төрсөн их халамжид баяртай гэж хэлэх зүрхгүй л байгаа. Чухамдаа энэ үед Маргарет Тэтчерийн хийсэн зоримог алхам эргэж харахаар л жишээ.

Тэтчерийн гадаад бодлогодоо хийсэн бас нэгэн зоримог шийдвэр гэвэл 1982 онд Фолклендын арал дахь Аргентины довтлогоог сөрсөн явдал. Тулалдаан болсон газраас хэдэн мянган километрийн зайд орших Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчерт тийш нь цэрэг илгээхэд үнэндээ ядах юм байсангүй. “Фолклендын арал мэтийн ийм өчүүхэн газрын төлөө дайн хийх нь ухаангүй хэрэг” хэмээн Тэтчерийн намын нөхөд нь шүүмжилж байв. Хямралд нэрвэгдсэн улс орноо аврах нь эн тэргүүний ажил байх ёстой гэж хэвлэлүүд бичицгээж байлаа. Гэсэн ч Тэтчер тас гүрийсээр.

Найман мянган цэрэг бүхий 98 хөлөг онгоцыг Фолклендын арал руу илгээжээ. Тэр ялагдлаа ялалт болгов. “Та аз харьсан ийм үед юу хийх гэж байна” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Азгүй гэнэ үү. Азгүйтнэ гэж бодохын ч хэрэггүй шүү” хэмээн хариулсан гэдэг.

Маргарет Тэтчер 1925 оны аравдугаар сарын 13-нд жирийн нэгэн наймаачны гэр бүлд төржээ. Дайны ид хүнд бэрх жил. Грантем хэмээх жижигхэн хотоос хүмүүс дайжиж, илүү амар тайван амьдарч болох газрыг хайцгаана. Харин Тэтчерийнх л нүүсэнгүй. Эцэг Альфред Робертс ном унших дуртай байлаа. Хэдэн охидоо их сургуулийн улс төрийн итгэл сонсгохоор дагуулж явна.

Гэрт нь ч улс төрийн тухай яриа өрнөнө. Бяцхан охин Тэтчер энэ бүхэнд оролцдог байжээ. Гэрт нь их хатуу дэг үйлчилдэг байсан гэнэ. Ажлын өдөр хэн ч амрах ёсгүй, тайвширч тоглох хориотой. Кино, мөхөөлдөс, тоглоом зэргийг хатуу хуваарийн дагуу л зөвшөөрнө. Энэ бүхэн Тэтчерийг бие даасан, байр суурин дээрээ хатуу зогсдог болоход нөлөөлсөн нь дамжиггүй.

Тэрээр Оксфордын их сургуулийг химич мэргэжлээр дүүргэж, оюутан ахуй насандаа Консерватив намын гишүүн болсон бөгөөд парламентын сонгуульд өрсөлдсөн хамгийн залуу эмэгтэй гэдгээр олны танил болжээ. Үнэхээр яндашгүй эрч хүчтэй, тууштай, нэг барьж авсан ажлаа зуурсаар байж эцсийг нь үздэг зан Тэтчерт бүр оюутан ахуйд төлөвшчээ.

margaret-thatcherХуванцрын үйлдвэрт ажиллаж байхдаа аливаад өнөөх л хатуу зан чанараараа ханддаг, үүнээс болж зарим ажилчидтай сүрхий муудалцдаг байж. Тэрээр ажилдаа галзуу мэт шаргуу. Намын нэгэн хурлын үеэр тухайн үед автомашин сонирхогчдын хорхойг хөдөлгөж байсан “Ягуар” машинтай залуутай танилцжээ. Маргарет ирээдүйн нөхөр, бизнесмэн Дэнистэй танилцсан нь энэ. Тэд 1951 онд гэрлэжээ. Удалгүй Марк, Кэрол гэдэг ихэр хүүхэдтэй ч болов. “Их энгийн, хэзээ ч товчлох боломжгүй нэр байгаасай гэж бодсондоо ийм нэр хайрласан” гэж Тэтчер хожмоо дурссан байдаг.

1975 онд Маргарет тухайн үедээ Их Британийн хамгийн нэр хүндтэй албан тушаал болох Консерватив намын тэргүүний суудалд томилогджээ. Тэрээр улам бүр эрс шийдэмгий, илүү ажил хэрэгч гэгдэж байв. Маргарет гадаад төрх байдалдаа ихэд анхаардаг. “Төмөр хатагтай” ямагт дотроосоо ямар нэгэн гэрлээр гийх мэт өөртөө итгэлтэй, ямар ч айдасгүй харагддаг. Үүнийгээ тэрээр эцэгтэйгээ холбож тайлбарладаг. 1979 онд Ерөнхий сайд болмогцоо Букингэмийн ордны арга хэмжээнд оролцохдоо “Би амьдралд тэмцэгч байх чанарыг эцгээсээ авсан юм. Эцэг маань байгаагүй бол би ийм амжилтад хүрэхгүй байсан” гэж хэлж байв.

Тэр Ерөнхий сайдын суудлыг авснаас хойш нэг л зарчмыг хатуу баримталж ирсэн юм. Их Британийг дэлхийн тавцанд товойлгон гаргаж, нэр хүндийг нь өргөхийн тулд “Хүн бүр ажиллах ёстой” гэж уриална. Гар хумхин суух, сул дорой зан чанарыг үзэн яддаг байсан бөгөөд төрийн өндөрлөгт байгаа хүмүүс ч шаргуу,ажил хэрэгч, үнэнч байхыг тэрээр шаарддаг байж. Үнэхээр ч Тэтчер Их Британийг Черчиллиэс хойш дэлхийд өөрийн гэсэн байр суурьтай болгож чадсан түүхэн улстөрч.

Зарим ажиглагчийн үзэж буйгаар, Тэтчер улс төр, улс орны амьдралд хэт анхаарснаас болж гэр бүлээ орхигдуулсан гэдэг. Хүү Марк нь эрх танхи, биеэ хэт тоосон, эхийнхээ албан тушаалд найдсан хүн болж төлөвшсөн тухай шүүмжлэл үе үе дэгдэж байсны цаана ийм шалтгаан байж ч мэдэх юм. Маркийн тухай олон улсын чанартай хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон, Эквадорын Гвинейн улсад төрийн эргэлт хийх гэж байгаад бүтэлгүйтсэн гэх мэт шуугиан шүүмж тухайн цагтаа олны анхааралд байсан нь бодитой үнэн юм. Тэтчерийн найзууд нь “Тэрээр улстөрчийн хувьд ихээхэн амжилтад хүрсэн. Гэхдээ эх хүний хувьд бүрэн ялагдсан юм” хэмээн хэлсэн гэдэг. Цус харвалтаас үүдэн ой санамжаа алдах болсон М.Тэтчер 2013 оны дөрөвдүгээр сарын 18-нд орчлонгоос буцсан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img