-Юуны өмнө манай уншигчдад та өөрийгөө танилцуулаач.
-Намайг Өнөржаргал гэдэг. 22 настай. АШУИС-д хүний их эмчийн 5-р курсийн оюутан. Хичээлийнхээ хажуугаар “Noble academy”, “YMCA English Center” гэсэн өөрийн старт хоёр компанийг үүсгэн байгуулан, удирдах зөвлөлд нь ажилладаг.
“Nobel academy” -ийг залуучуудын дуу хоолойг нэгтгэх зорилготой. Мөн шинэ үеийн залуучуудыг хүчирхэг, ёс зүйтэй, мэдлэгтэй болоосой гэдэг үүднээс үүнд хувь нэмэр оруулахаар байгуулсан.
-Таныг саяхан IELTS-ийн хамгийн дээд оноо болох 9.0 оноог авсан гэж сонссон. Энэ оноог авсан хүн манай улсад хэр олон байдаг вэ?
-Тиймээ би өнгөрсөн зургаадугаар сард энэ оноогоо авсан. Миний сонссоноор надаас гадна таван хүн байдаг гэсэн. Миний хувьд хамгийн залуу нь юм байна лээ.
-IELTS 9.0 оноо хүн бүрийн аваад байдаг оноо биш. Яг энэ оноог авахын үнэ цэнийг та юу гэж тайлбарлах вэ?
-Миний хувьд, англи хэлний хамгийн дээд оноог автал сурна гэдэг нь тухайн хэлнийхээ үзэсгэлэн гоог мэдэрч байгаа гэх юм уу даа. Тухайн хэлнийхээ гоо сайхныг бүрэн утгаар нь ойлгож байгаа нь хамгийн үнэ цэнтэй нь санагддаг. Өөрөөр хэлбэл, эх хэлтэйгээ дүйцэхүйц сурч байна гэсэн үг юм л даа. Тэгэхээр тухайн хэлний дотор орж, мэдрээд эхэлдэг.
-Англи хэл хэзээнээс эхэлж сурсан бэ?
-Би ЕБС-аа хувийн, улсын гээд олон сургууль дамжиж төгссөн. Сурч байхдаа дундаж л англи хэлтэй хүүхэд байсан.
Тухайн үедээ хаана ч сурсан байсан сурсан англи хэл маань миний мэдрэмжид хүрдэггүй, хоёрын хооронд сурах байдлаар л явсан даа. Арван хоёрдугаар ангидаа хүн бүрийн адилаар гадаад явах ёстой, англи хэл сурахгүй бол болохгүй гэсэн шаардлага гарч ирсэн. Тэгээд англи хэлийг сурахаар шийдвэр өөртөө гаргасан.
-Анх яг хаанаас нь эхэлж англи хэлийг сурсан бэ?
-Надад манай гэр бүлийн гурван үеийг дамжсан англи хэлний дүрмийн ном байсан. Тэр нь Cambridge press хэвлэлийн газрын Raymond Murphy гээд зохиолчтой “English Grammer in Use” гэдэг ном.
Энэ номыг 20 жилийн өмнө нагац ах маань хэрэглээд дараа нь манай ээж болон үеэл эгч хэрэглэсэн. Тэр ном надад бараг 10 жилийн өмнө ирсэн байсан. Надад байх хугацаандаа хуудас нь урагдчихсан, зарим хуудас нь алга болчихсон, үсгүүд нь бүдгэрчихсэн, үнэр нь бүүр хуучин номын үнэр шингэчихсэн байсан.
Тухайн үед, энэ номын гэр бүлд байгаа түүх, одоо байгаа байдал нь надад их үнэ цэнтэй санагдсан. Би энэ номын 120 гаруй бүлгийг гурван сарын хугацаанд бие даан хийж, дуусгасан. Ингэж, тэгж хий гэсэн зааварчилгаа надад байгаагүй, өөрийнхөө л хийсэн. Номоо хийж дуусгаад “юмны ард гарсан” гэдэг мэдрэмж авсан нь надад гоё байсан.
Бас англи хэлний дүрэм мэддэг болсон санагдсан. Тэгээд өөрийгөө сорих бас гадагшаа тэтгэлэгт хэрэгтэй гэж бодон хоёр ч олимпиадад орсон чинь хоёуланд нь тэргүүн байр авчихсан. Энэ нь надад “ийм амархан байсан юм уу Англи хэл” гэдэг бодлыг өгсөн. Тэгээд л англи хэлийг сурах амархан санагдаад ирсэн дээ.
-Тэгээд л үргэлжлүүлээд бие даагаад сурчихсан уу?
-Үгүй ээ. Тэгээд би IELTS-д бэлддэг ESB Mongolia -ийн курс сууж, тэндээ IELTS-ийн анхны шалгалтаа өгсөн. Эхний шалгалтаар 6.5 оноо авсан. Тухайн үедээ Монголд энэ өндөр, хангалттай оноондоо ордог байсан. Өөртөө бол маш их сэтгэл ханамжтай байсан. Тэр баяраа хуваалцах гээд нагац ах руугаа залгаж хэлтэл “өө чи иймхэн оноо аваад, наадах чинь юунд ч өрсөлдөхгүй” гэж хэлсэн.
Манай нагац ахыг хүмүүс мэдэх байхаа Олон улсын Гаагын шүүхийн өмгөөлөгч Н.Орчлон гэж хүн бий. Намайг англи хэл сурахад маш том хувь нэмэр оруулсан хүн л дээ. Н.Орчлон ахын хэлсэн үг надад “би цаашлах ёстой юм байна” гэдгийг ойлгуулсан. Тухайн үедээ би 17 настай байсан ч орчуулгын товчоонд цагийн ажилд орсон.
Дараа нь англи хэлний сургалтын төвд хагас цагийн багшаар орж ажиллан ахиж бүтэн цагийн багш болсон. Эдгээр ажлууд нь надад англи хэлээ илүү сайжруулах практик болж, нөгөө талаасаа илүү сайн сурах шаардлагыг бий болгосон.
-Чиний хувьд англи хэлний “учир начрыг” олсон гол гогцоо нь хаана байсан вэ?
-Гол эхлэл нь тэр дүрмийг гараас гаргасан нь байсан. Дүрмээ дууссаны дараа өөртөө урам зориг авсан хэсэг. “Англи хэл амархан юм байна”, “би бол чаддаг юм байна” гэдэг нь. Тэгээд дараа нь багшилсан чинь англи хэлнийхээ гүн рүү орж, гоо үзэсгэлэнг нь мэдэрч эхэлсэн. Түүнээс цааш бол хүн өөрөө тэгээд явчихдаг юм байна лээ (инээв).
-Англи хэлний гоо үзэсгэлэн гэж та яриа эхлэх цагаас л хэллээ. Энэ нь яг юу юм бэ? (сур.инээв)
-Англи хэл бол нэг санааг 110 хувь илэрхийлж чаддаг хэл. Уран зохиол уншлаа гэхэд тэр уншаад байгаа зүйл маань нүдэнд 100 хувь бүрэн бууж чаддаг яг кино үзэж байгаа мэт дүрслэлтэй.
Миний хэлээд байгаа гоо үзэсгэлэн нь энэ юм. Надад англи хэл яг цэцэг шиг санагддаг юм (инээв). Дэлбээлээд л дэлбээлээд л сурах тусам анхилуун үнэртээд….
-Чи өөрөө англи хэлний дээд оноог авсан туршлагатай, нөгөө талаасаа сургалтын төвөөрөө дамжуулан олон хүнд англи хэл заадаг хүн. Тэгэхээр чиний туршлагаар монгол хүн англи хэл сурахдаа түгээмэл юун дээр хамгийн алдаад байна вэ?
-Ерөөсөө эхний гол шалтгаан нь өөрийгөө хөдөлгөх хүчээ олох. “Англи хэл сурахгүй бол өөр арга байхгүй” гэсэн гарцаагүй нөхцөл байдалд өөрийгөө оруулах хэрэгтэй.
Миний хувьд, 12-р ангидаа гадаад охинтой харилцдаг байсан юм. Тэгээд л өөрийгөө ойлгуулахын тулд англи хэл сурахаас өөр аргагүй болсон. Дараа нь би англи хэл бусдад зааж эхэлсэн нь намайг улам сайжрах гарцаагүй байдалд оруулсан.
Учир нь энэ мөнгөтэй холбогдсон. Мөнгө хөөх нь сайн биш ч би илүү мөнгө олохын тулд илүү өндөр түвшний англи хэл заах ёстой болсон. Өөрөөр хэлбэл IELTS-ийг заахын тулд би IELTS- ийн илүү өндөр оноотой болох ёстой болсон гэсэн үг. Тэгэхээр миний хувьд нэгт, гадаад охин, хоёрт, мөнгө хөдөлгөх хүч болсон. Тиймээс яг ийм гарцаагүй шалтгаанаа олох хэрэгтэй.
-Тэгэхээр одоо таныг хөдөлгөх хүч юу байна вэ. IELTS-ийн хамгийн дээд оноог авчихлаа шүү дээ?
-Цаашаагаа мэдээж явах ёстой. Би нээх шашинлаг хүн биш л дээ гэхдээ дэлхийн хамгийн алдартай Библи гээд ном байна. Манай ажил дээр нэг ширхэг байдаг юм. Библийн тэр уран зохиолын хэллэг, ашиглагдаж байгаа үгс.
Уншихаар би яагаад ч тэгж гоё бичиж чадахааргүй байгаа юм. Тэр номыг англиар уншиж дуусгамаар байна. Мэдээж оноогоор миний англи хэл сурах нь хязгаарлагдахгүй. Одоо бол англи хэлээ илүү үзэсгэлэнтэй болгох хүсэл нь намайг хөдөлгөх хүч юм уу даа.
-Монголчууд тэр чигээрээ л хэл сурах “аянд мордчихсон” байгаа. Нийтлэг байдлаар ихэнх нь нэг түвшиндөө гацчихсан байдаг санагддаг. Энэ гацаанаасаа яаж гарах вэ?
-Хамгийн эхэнд яг юуны төлөө сурч байгаа вэ гэдэг зорилгоо л ойлгох хэрэгтэй. Зүгээр нэг ойлгох биш. Тэр зорилго маш тодорхой нүдэнд нь харагддаг байх хэрэгтэй. Зорилгоо илүү тодорхой болгох тусам илүү сурна гэсэн үг.
Хоёрдугаарт нь, манай улсад англи хэлний талаарх худал ойлголт хэвшсэн байна.
Тухайлбал, “Англи хэл бол хэцүү”, “IELTS өгөх нь хамгийн дээд цэг” гэх мэтээр хэт мэдээллийн пропаганда явагдсанаас хүмүүс англи хэлийг маш хүндээр хүлээгээд авчихсан.
Гэтэл IELTS бол хэлний түвшин шалгах нэг л тест шүү дээ, хэн ч чадах боломжтой байдлаар энэ шалгалтыг зохиосон, тиймээс хүмүүс чадаж байгаа бол та ч чадна гэсэн үг. Бас нэг англи хэл хэцүү гэдэг төөрөгдөлд оруулж байгаа зүйл нь англи хэлний сургалтын төвүүд болон сургуулиудын багш нарын чанаргүй байдал.
Тэгэхээр чаддаг, чаддаггүй хооронд байгаа боловсон хүчний чадвар сайжрахгүй бол доор нь сурч байгаа хүн багшаас илүү гарах магадлал бага.
Тухайлбал, Багш нь IELTS 9.0 авчихаар шавь нарт маань “өө IELTS 9.0 авах боломжтой юм байна” гэдэг бодит мэдрэмж авч, амархан санагдана гэсэн үг. Нэг л жишээ хэлье, манай сургалтын төвүүд оноо сурагчдадаа амалдаг бол аймшигтай төөрөгдөл.
Хүн хүний суралцах чадвар, хичээл зүтгэл өөр байхад ийм амлалт өгөхөө сургалтын төвүүд болих хэрэгтэй. Яг чаддаг нь чаддаг зүйлээ хийх хэрэгтэй гэж би боддог.
-Тэгвэл англи хэлийг бие даан сурах боломжтой юу?
-Болно. Гэхдээ зөв чиглүүлэг хэрэгтэй. Монголын нөхцөлд нас наснаас хамаарна. Сүүлийн үеийн хүүхдүүд яаж сурснаа мэдэхгүй явж байгаад сурчхаж байгаа.
Харин 30-аас дээш насныхан бол дээр жишээ татаж хэлсэн пропаганда болон боловсролын системийн хохирогч болчихсон хүмүүс. Тэр хүмүүст “өө амархан юм байна” гэдэг нөлөөлөх өөрийнх нь үе тэнгийн англи хэлтэй бүлэг гарч ирж байж л тархиных блок нь гарна гэж би боддог.
-Дээр хэлсэнчлэн наснаас хамаарсан өөр өөр байдлыг харгалзан англи хэл сурах зөвлөгөө өгөөч?
-Орчин үеийн хүүхдүүд бол анхаарал төвлөрөх чадвар богино болчихсон. Тиймээс тэдэнд олон давтамжтай, богино хичээл хүртээмжтэй. Жаахан хүүхдүүдэд дан дүрмээр биш сонирхолд нь нийцсэн, хэрэглээгээр дамжуулах байдлаар зовоохгүйгээр заах үр дүнтэй.
Үүнд, тоглоом, бичлэг гээд олон зүйлс нэрлэж болно. Харин 30 болон түүнээс дээш насныхан дүрмээсээ эхлээд жаахан ойлгодог болсны дараа, хэлээ сайжруулах жижиг техникүүдийг ашиглах хэрэгтэй.
Жишээ нь, ямар ч хамаагүй англи номыг толины өмнө 15 минут унших, караокед дуулах дуртай бол англи дуунууд дуулж болно. Тэгэхдээ эдгээрийг орчуулж ойлгоход зовох шаардлагагүй зүгээр л уншаад л, дагаад л дуулаад байх хэрэгтэй.
Тархинд чинь дүрэм чинь орчихсон учраас түүнийгээ гаргахын тулд амаа дасгах хэрэгтэй гэсэн үг. Уншаад, чанга яриад, дуулаад байхаар нүд чинь англи текстүүдийг тогтооно, дасна, ам чинь англи тестүүдийг гаргаж сурна гэсэн үг.
Энэ толины өмнө 15 минут уншдаг техник надад үнэхээр тустай байсан. Анх 70 настай америк багш надад “2 жил өдөр бүр үүнийг хийвэл чи надаас илүү ярьдаг болно” гэж хэлж байсан. Энгийн мэт боловч маш үр дүнтэй техник байсан.
Мөн Англи хэл сурахын тулд өөрийнхөө эхлэх цэгээ олоод эхлүүл. Монголчуудын нийтлэг нэг сул тал бол эхлүүлсэн зүйлээ дундаас нь хаядаг.
Тэгэхээр л нөгөө хөдөлгөх хүч хэр хүчтэй байгаагаас хамаарна гэсэн үг. Зорилгоо тодорхой болгож байж л хүн тууштай байна. Тэгэхээр хамгийн гол түлхүүр бол “тууштай байдал”. Нэг өдөрт 100 үг цээжлэх биш, нэг өөрт нэг л үг цээжил, гэхдээ үүнийгээ тууштай, тасралтгүй өдөр бүр хий, ингэж бага багаар ахиж хийвэл үр дүнтэй шүү.
-Эцэг, эхчүүд энэ асуултыг сонирхож байгаа байх. Та олон хүүхдэд англи хэл заадаг. Хувийн болон улсын сургуульд сурдаг хүүхдүүдийн англи хэлний ялгаа хэр ажиглагддаг вэ?
-Маш ялгаатай. Хувийн сургуулийн хүүхдүүд яах аргагүй илүү байдаг. Мэдээж олон шалтгаан бий. Нэг талаасаа хувийн сургууль өндөр цалинтай учир англи хэлний өндөр мэдлэгтэй багш нар хичээл зааж байна.
Нөгөө талаасаа хувийн сургуульд багаасаа англи хэл сурчихсан, суурь англи хүүхдүүд сурч байна. Тэнд шинэ хүүхэд орж ирэхэд англи хэлтэй орчин угтаж авч байна гэсэн үг. Ийм хүрээлэлд орсон ямар хүүхдийн англи хэл сайжирчихдаг.
Хэдийгээр нийгэм ийм тэгш бус байгаа нь буруу ч яах аргагүй л ялгаа нь илт байдаг.
-Залуу хүний хувьд асууя. Таны яг одоо хамгийн их санаа зовж буй ямар асуудал байна вэ?
-Орчин үед амьдрал хэт хялбар болчихсон гэж би хувьдаа боддог. Энэ нь залуучуудыг нийтээр нь сул дорой болгож байна. Тиймээс ч “Noble academy” -ыг үүсгэн байгуулсан.
Манай академийн уриа нь “knowledge, power, ethic” гэсэн гурван үг бий.
Залуучуудад мэдлэг, ёс зүй нь тодорхой хэмжээнд байна. Харин “хүчирхэг” байдал алга. Залуу үе маань хүчтэй байгаасай, идэвхтэй амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Яг одоо өөрт нь өгөгдсөн потенциал, боломж, нөөцийг ашиглахгүй байх нь хамгийн том “гэм нүгэл” гэж би ойлгодог.
Тиймээс өөрт байгаа боломжийг алдалгүй, өөрт байгаа потенциалаа бүрэн дүүрэн ашигладаг Монгол улсын хүчтэй иргэн байгаасай гэж залуучуудыгаа уриалмаар байна. Миний бас нэг санаа зовдог асуудал бол Монгол хэлний дархлааны асуудал. Бодитоор алдагдаж байгаа надад санагддаг.
Англи хэл сурлаа гээд монгол хэлээ мартана, орхино гэсэн үг биш шүү дээ. Лаг англи хэлтэй байлаа гээд монголдоо амьдарч байж монгол хүнтэй англи хэлээр ярих шаардлага байхгүй. Монгол хэлээ бид хайрлаж, хамгаалах үүрэгтэй. Тиймээс Монгол хэлэндээ би маш их хайртай.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцага хүргэсэнд маш их баярлалаа.
ярилцлага