2024-12-22, Ням
-19 C
Ulaanbaatar

Б.БААСАНСҮРЭН: Европ, Азийн 300 гаруй эмэгтэйн үргүйдлийг эмчлээд байна

Үргүйдэлтэй гэсэн онош сонссон Ази, Европын олон бүсгүйд үрийн зулай үнэрлүүлсэн монгол эрдэмтэн Якутад цаа судлан амьдардаг. Цаа гэдэг амьтны бүх л зүйлийг уламжлалт анагаах ухаанд ашиглах ёстой хэмээн зориод аль хэдийнэ гайхамшгийг бүтээчихсэн яваа Б.Баасансүрэн эрдэмтэн өнгөрсөн зун Монголдоо ирээд буцсан юм. Цааны цусан эвэр зэрэг эд эрхтнийг өвс ургамалтай хольж үргүйдлээс эхлээд хорт хавдрыг хүртэл анагааж, эмчилж яваа түүнтэй арван жилийн өмнө уулзаж амьдралынх нь адармаатай хэрнээ сонирхолтой түүхийг яриулж байв. Хуучны танилтайгаа цаг болзон ярилцахаар зорьж очсон ч үзэсгэлэнг нь сонирхсон олны хөл хөдөлгөөн дунд тухтай хууч хөөрөх боломж бидэнд олдоогүй юм. Гэхдээ холын хүний үг бүр авах, санах сонин ихтэй байдаг хойно, буурал эрдэмтэнтэй хагас цаг хөөрөлдөх үедээ өчнөөн хэрэгтэйг яриулжээ. Түүнтэй ярилцсанаа таны өмнө дэлгэе.

-Тантай анх уулзахад зуугаад эмэгтэйн үргүйдлийг эмчиллээ гэж байсан. Дэлхийн өнцөг булан бүрээс таныг зорих бүсгүйчүүдийн цуваа хөвөрсөн хэвээрээ юу?

-Хэвээрээ шүү хүүхээ. Өвөө нь анх чамтай ярилцахдаа 168 хүний үргүйдлийг эмчилсэн гэж ярьж байсан даа. Өдгөө 300 гарчихсан яваа. Европод том шагнал хүртсэнээс хойш тэр зүгийн бүсгүйчүүд их ирэх болсон шүү. Германаас, Англиас гээд олон орноос зорьж ирэх юм. Эх хүний зовлон, үргүй амьдрахын шаналал гэдэг чинь их хэцүү. Японоос бүсгүйчүүд ирнэ. Хятадаас нэг хүн ирж байсан. Өвөр Монголоос ч зорьж очдог.

-Та тэр үед “Цааны цусан эврийг монгол шар тостой хамт хэрэглэж төөнүүр хийж эмэгтэйчүүдийн хүйтэн савны өвчнийг анагаасан” гэж байсан. Яг яаж эмчилснээ ахиад сонирхуулаач?

-Монгол шар тосыг тос холих маягаар гаргаж авдаг юм. Тос холино гэдэг их нарийн. 21 эмийн ургамалтай цай орно. За тэгээд гурил, мэхээр үзэм домбон сахар, бага зэргийн ээзгий гээд жинхэнэ монгол уламжлалаар тосоо хайлж анхны монгол шар тосны ханаагүй хүчлийг гаргаж авсан.

Тэрийгээ цусан эвэртэйгээ буцалгаж байгаад эмэгтэй хүний хүнд өвчнүүдийг дарсан даа, өвөө нь. Якутад 150 төрлийн эмийн ургамал байна. Цаа нь тэр бүхнийг идэж байж миний яриад байгаа булчирхай, цусан эвэр үүсч байгаа хэрэг юм даа.

-Та үргүйдэл ихэссэн шалтгааныг сүрхий хэлж байсан шүү. Охид бүсгүйчүүд шагайн чөмгөө дааруулснаас бүх шалтгаан үүдэж байна гэж ирээд…?

-Монгол бүсгүйчүүд дороосоо их даардаг нь маш буруу. Ялангуяа эмэгтэй хүмүүс улаан чөмгөө дааруулбал хүүхэд гарахгүй байх эрсдэл өндөр. Улаан чөмөг гэдэг нь шагайны чөмөг. Дааруулж огт болохгүй хэсэг. Дээр үед хоёр, гурван давхар өмд өмсөөд улаан чөмгийг л царцуулж хөргөж болохгүй гэдгийг хүмүүс мэддэг байсан бол өнөөдөр охид, бүсгүйчүүдэд үүний аюулыг хэлээд өгөх хүн ховорджээ.

Улаан чөмөг 37 градусын халуунд байх ёстой. Бүдүүн гэдэстэйгээ адил хэмд байх учиртай. Үүний шалтгааныг өвгөн ах нь нээсэн ухаантай. Тэгж байж бактери вирусээ хамгаалдаг юм. Үргүйдэл нөлөөлөх дам шалтгаанууд ч олон байна. Химийн хортой юм их идэж байна.Хөдөлгөөн маш их дутагдаж байгаа анзаарагдах юм. Муу хөлсөө гаргаж чадахаа больж. Компьютерийн ард өдөржин ажиллачихаад орой нь буйдан дээрээ телевиз хараад хэвтчихээр ганц үргүйдэл ч биш өвчнөөн өвчний үүдэл шалтгаан болчихож байна л даа.

-Сүүлийн жилүүдэд Оросын байдал хүндэрчихлээ. Таны эрдэм ном, эмчилгээний ажилд нөлөөлж байна уу?

-Нөлөөлж байна аа, хүүхээ. Оросын байдал хүндэрсэн хэцүү цагт өвгөн ах нь номоо л бичиж суулаа. Хөвсгөлийн цаа бугаа нэлээд судаллаа. Хойд тундрт гучин жил болохдоо хоёр нарны хооронд эрдэм шинжилгээнийхээ ажлыг л хийж амьдарлаа. Зэрлэг цаа бугынхаа бүх эрхтнийг макро, микро элементтэй, химийн найрлагатай нь судлаад авлаа шүү. Баас, шээс, цусыг нь хүртэл судалсан.

-Та түрүүн эмч цаа байдаг гэв үү?

-Байна аа. Тэндэхийн зэрлэг цаа буга чинь өөрсдийнхөө биеийг өөрсдөө Монголд байхгүй ургамлаар эмчилчихдэг. Эмч цаа өнөө өвсийг нь зууж авчраад бусдыгаа эмчилнэ гэхээр чамд сонин санагдаж мэднэ. Гэхдээ л тэгдэг. Чононд хөөгдөөд бэртсэн цаандаа авчирч өгсөөр байгаад хавиргыг нь хачин сайхан эдгээчих жишээг яг дэргэдээс нь харсан шүү, өвөө нь. Яг л гагнасан мэт эдгэсэн байсан.

-Ямар ургамал юм бол?

-Дэлхийн биологид зүй ёсоор судалж шинжлээгүй ургамал. XIII зуунаас эхлээд Якутын айхавтар бөөнүүд хэрэглэж байсан юм билээ. Өөрсдөө хоёр гурван янзаар нэрлэдэг. Нэг нэршил нь чонын ургамал. Энэ ургамлыг сүүлийн 13жил нарийн судаллаа. Өвчин зовлонтой, хорт хавдартай хүмүүст хэрэглүүлж үзлээ. Бага зэргийн амжилт олж л байна. Якутын ид шидтэй энэ ургамлыг патенжуулах ажил байна аа, өвгөн ахад нь.

-Цааны сүрэгт яг энэ эмч цаа шиг өөрийн үүрэгтэй цаа гэж байх уу?

-Байлгүй яахав. Хөтлөгч цаа гэж бий. Зайлшгүй аюулаас хамгаалах үүрэгтэй. Баатар цаа гэж байна. Чоно дайрлаа гэхэд баатар цааны командаар цааны сүрэг дороо эрчтэй хуйлран эргэлдчихдэг. Баатар цаа нь оройлдог гэсэн үг. Ингээд эргэлдчихээр сүрэг рүү дайрсан араатан цуцчихаж байгаа юм.

-Та сая цааны хорголыг хүртэл судалсан гэлээ. Эмчилгээнд хэрэглээд эхэлчихсэн гэсэн үг үү?

-Цааны дөрвөн улирлын хорголыг нарийн судаллаа. Энэ дундаа зун, намрын хоргол нь төөнө эмчилгээнд үр дүнгээ өгч байна. Ер нь зэрлэг цаанаас хаях юм үгүй. Якутад амьдардаг хүмүүс тэр хүйтэнд аж төрөх эрч хүчээ цааныхаа махнаас авна шүү дээ. Мах нь C витамин ихтэй.

Цаа их гайхамшигтай амьтан. Байгалиа ямар гоё хайрлаж аж төрнө гээ. Иддэг ургамлынхаа үрийг өөрсдөө тараагаад явна. Хоргол нь бордоо болно. Ер нь байгальд оршино гэдэг их том урлаг. Байгалиа хайрлаж байж хайр хишгийг нь хүртэнэ гэдгийг амьтад мэддэг, мэдэрдэг. Хүн ч гэсэн байгалийнхаа хайр хишгийг хүртдэг шигээ байгалиа хайрладаг бол хэчнээн сайхан бэ гэж бодох л юм. Өвгөн ах нь цааг бурханы амьтан гэж сүсэлдэг. Бурханы энэ сайхан амьтныг судлахад хүний нэгэн нас хүрэхгүй юм даа. Гэхдээ энэ амьтны жаран хувийг нь судлаад өгчихлөө л гэж өөртөө олзуурхал төрж яваа.

Нас дараад ирэхээр өмнөх шигээ эрчтэй ажиллахаа больчих юм. Жаран настайдаа хийж байснаа хийж чадахгүй ч болж байх шиг. Харандаа, баллуур нийлүүлж суухад хүндрэлтэй болж байна. Ялангуяа өвөл. Энэ жил гэхэд л Тувад хоёр метрийн цастай, 60-72 хэмийн хүйтэн байлаа.

-Та одоо буцаад хэзээ ирэх вэ? Эх нутагтаа хэсэг амьдаръя гэж бодно биз?

-Одоо яваад нэлээд удах болов уу. Эх орондоо гурван жилийн дараа суурьших нь уу яах нь сайн хэлж мэдэхгүй байна. Одоо би эх орондоо ирчихвэл бурхандаа мордчихно шүү дээ, хүүхээ.

-Яагаад тэр вэ?

-Байгаль нь өөр, идэж уудаг минь ондоо болчихсон. Тундртээ урцанд амьдраад сурчихсан хүн Монголдоо идээшиж өгөхгүй байх. Махнаас эхлээд таарах тохирох юм олдохоо больжээ, өвөөд нь.

-Та Якутад байхдаа жилийн дөрвөн улиралд урцанд амьдардаг хэрэг үү?

-Тэгнэ шүү дээ. Эмчлүүлэх үедээ л төв барааддаг.

-Дэлхийн дулаарал явагдаж, цаг уур өөрчлөгдөж байгаа нь тэнд, Якутад мэдрэгдэх юм уу?

-Мэдэгдэж байна. Хойд мөсөн далайн цэвэр уур амсгал хөлдүү хэмээрээ байдаг. Гэтэл өөрчлөгдөөд эхэлчихсэн. Нарны зон бага багаар халуун болж байгаа нь анзаарагддаг. Цэвэр хөлдүү газар борооны ус шиг гэсээд байна гэдэг чинь цаанаа юм хэлээд байгаа биз.

Би ямар нарыг судалсан биш, нарийн ширийнийг нь тайлбарлаж чадахгүй. Хойд тундрынхаа цас, мөснөөс уур амьсгал өөр болжээ гэдгийг мэдрээд яваа жирийн л нэг өвгөн судлаач. Бороо өөр болж байна.

Өмнө нь орж буй борооны усаар цайгаа чанаад уудаг байлаа. Гэтэл одоо борооны тэр цэнгэг ус булингартай ч юм шиг болчихсон. Цасны өнгө хойгуураа арай ч өөрчлөгдөхгүй байна. Гэхдээ наагуураа өнгө нь өөрчлөгдөж байна шүү. Нутаг, ус, бэлчээр ажиж явдаг хүнд энэ мэтээр мэдэгдэх л юм.

-Та цааг шинжлэх ухаанчаар судлаад эд эрхтнийг нь өвс ургамалтай хольж эмчилгээнд хэрэглэдэг хүн. Гэтэл манайд байдал эсрэгээрээ. Гөрөөсний халуун цус ууна гэх мэтээр их туйлшрах юм. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Шинжлэх ухаангүй л юм болоод байна. Жишээ нь баавгайн арьсыг гэрт оруулдаггүй гэдгийг мэдэхгүй юм. Нүдний хараа, элгэнд маш хортой шүү дээ. Аливаад шинжлэх ухаанчаар хандмаар байна. Гэхдээ нөгөө талаас нь харахаар бидэнд бас нэг том алдаа бий. Гадаадад сургууль төгсөөд ирчихээрээ бүхнийг мэддэг гээд хамраа сөхчихдөг. Уламжлалт ухаантайгаа хослуулж байж ид чадлыг олно шүү дээ, тэр эрдэм нь.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. Сократ бурхан биш хүн, Будда ч бурхан биш хүн….яахав жаахан гэгээрсэн хүн…Тэрнээс Бурхан биш юм…. Будда дэлхий ертөнцийг бүтээгээгүй. Будда нарыг бүтээгээгүй, будда хүнийг бүтээгээгүй ….зүгээр л сайхан сургаал зохиож түүнийхээ дагуу амьдрах гэж хичээсэн САЙН ХҮН БАЙЖЭЭ………..,хөөрхий…….Гэхдээ тэр одоо үхчихсэн. Тэр үхчихсэн учир бидэнд юу ч хийж өгч чадахгүй. Бидний залбиралыг ч яаж сонсохов дээ……….Тэрэнд орвол Чингэсээ л шүт. Будда бол төвд хүн байсан….

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img