2024-12-26, Пүрэв
-19 C
Ulaanbaatar

Дамбын Төрбат: Эжийгээ өөд болоход паспортны зургийг нь бариад Лхагвасүрэн ах дээр уйлаад очсон

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбаттай Шаргаморьт дахь гэрт нь очиж бүтэн өдөржин хөөрөлдөж билээ. Бидний яриа баяртай, гунигтэй, бас сайхан хүмүүсээ дурссан халуун нулимстай, үнэн сэтгэл зүрхнээс ундарсан. Төрбат найрагч тэртээ тавин таван онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөг хэмээх газар эхээс мэндэлснээс хойш авьяас билгийн моринд ч дөрөөлж, аж төрлийн буулганд ч зүтгэж, газар дээрх ганц бурхан эжийгээ алдчихаад дээшээ тэнгэр хол явсан үе бий гэнэм. Хүн бүхний амьдралд л ийм юм тохиодог биз. Бид тэгэхдээ хүний амьдралын дандаа бараан бүхнийг түүгээд яриад байсангүй. Өөрөө ч өөдрөг хүн болохоор тэмээний бурантгийг тэр зүгт тэгтлээ ч нэг их залаад байсангүй. Мань хашир зурагтаар гараад байдаг мундаг тогооч нараас дутуугүй гал тулгачин хүн юм. Ус тос, давс хачрыг сайхан тааруулангаа яриагаа урсгана. Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын шавь гэдгийг маань мэдэх учраас тэрээр тэнгэрт одсон андаа дурсаж “Манай Дашбалбар галыг унтраалгүй бадраадаг, хүнийг их асааж чаддаг хүн байж дээ. Яг ний нуугүй хэлэхэд манай үеийнхнийг ганц бадрааж, асааж урагшлуулдаг хүн чинь Балбар байж. Бавуугийн Лхагвасүрэн ахаас би их “айна”. Айх хүнтэй байна гэдэг гайхамшиг. Ах минь тэгтэл тэнгэр бурхандаа явчихлаа гэж байлаа.

-Та Дашбалбар найрагчтай наяад оны нэгэн үеийнхэн. Цаадахь чинь омголон зантай хүн болохоор тан шиг төрийн цагдаад “дургүй” л байсан байлгүй?

-Манай Дашбалбар чинь их энгийн хүн байсан юм ш дээ. Чи мэдэх байлгүй дээ.

-Ерэн найман онд хонхны баяраар маань манайд ирэхдээ нээрээ такси энэ тэр ч гэлгүй алхаад ирж байсан юм байна шүү…

-Одоо цагт тогтуун, тохитой улс их болжээ. Бидний үе их сайхан байсан. “Залуучуудын үнэн” сонины 1979 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн Майн баярын дугаар дээр O.Дашбалбар бид хоёрын шүлгүүд зурагтай хэвлэгдэж байлаа.

Манай Балбар Хотын эвлэлийн хороонд ажиллаж байсан үе. Их хөлөрдөг залуу байсан. Их халуунд улаан ноолууран цамц өмсчихсөн залуу анх ирж, бид хоёр танилцаж байсан.

-Зөвлөлт холбоот Улсаас тракторын сургуулиа дүүргээд ирчихсэн байсан үе нь үү?

-Тэр үед Хотын Эвлэлийн хороонд ажиллаж байсан. Шаравын Сүрэнжав гуай олж ирээд ёстой нэг алт эрдэнэ олчихсон юм шиг баярлаж байсан үе л дээ. Миний шүлгүүд “Залуучуудын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Дашдондог гуайд байлаа.

-Төрийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуайд уу?

-Ээ дээ. Бид хоёр нас ойролцоо үе тэнгийн хоёр залуу болохоор сайхан үерхсээн. О.Дашбалбарын маань “Комсомол” тэргүүтэй шүлгүүд гарч байлаа. Үүний дараа наймдугаар сарын 31-нд утга зохиол судлаач, шүүмжлэгч С.Билэгсайхан багш товчхон өмнөх үг бичээд миний таван шүлгийг “Утга зохиол, урлаг” сонинд тавьж өгсөн.

Миний зураг тавигдаагүй ч тухайн үедээ сайн шүлэг гарлаа гэж шуугьж байсан. 1980 оны “Цог” сэтгүүлд Дэмбээгийн Мягмар багшийн өмнөх үгтэй миний долоо, найман шүлэг гарснаар утга зохиолд хөл тавьж байлаа.

-Та чинь ер нь анхнаасаа л Монголын авьяас билгийн тэнгэр нөхдөөр амгайвчлуулаад, замчлуулаад явчихсан юм биш үү?

-Наян оны хавар Зохиолчдын хорооны коридорт явж байхад Бэгзийн Явуухулан гуай “Чи Төрбат уу, нөхөр минь , ороод ир” гэхээр нь өрөөнд нь ороход “Чиний ном 1982 оны хэвлэлийн төлөвлөгөөнд орсон. Номоо сайн бэлдээрэй. Редактор томилно. Тэрийг дараа нь жич хэлнэ” гэхэд хөл газар хүрэхгүй л баярлаж байлаа.

Харамсалтай нь би тэр агуу хүнтэй тэгэхэд л ганцхан удаа уулзсан даа. Үүний дараахан Б.Явуухулан гуай бурхан болсон. Явуухулан гуайг бурхан болсны хойно Дэндэвийн Пүрэвдорж багш залгаад “Чиний “Улаан жигүүр” номын редактораар дэлдэн Бадарчийг томиллоо. Очиж шүлгээ үзүүлээрэй” гэлээ.

-Дэлдэн Бадарч гэж Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Пунцагийн Бадарч гуай биз?

-Өө, тийм. Тэгж л миний “Улаан жигүүр” ном гарч байлаа даа. Бадарч багш миний амьдралд олон баяртай мэдээ сонсгосон хүн. Юмны ерөөл гэж байдаг юм шиг байгаа юм.

-За, ямар ерөөл байв?

-Пүрэвдорж багш “Дэлдэн Бадарч чиний редактор шүү” гэж хэлэхэд би шүлгүүдээ Түмэнбаяраар шивүүлсэн.

-Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Цэрэнтулгын Түмэнбаяр мөн дөө?

-Тэр үед Түмэнбаяр Улсын архивын бичээч байсан. Миний шүлгүүд дал наяад орчим нимгэхэн ном болж байлаа. За, тэгээд яахав, утга зохиолын дугуйлангийнхаа эрхлэгч Д.Даваашарав гуайгаар Бадарч багшийн гэрийг заалгаж аваад очлоо. Багшийнх Мэргэжилтний 20-ийн цаана нэг давхар байранд амьдарч байсан юм. Даваашарав гуай “Цүнхэндээ юмтай очоорой” гээд хоёр шил архи авч өгч байлаа. Тэр үеийн хүний чанар ямар ч сайхан байсан юм.

Надад яг үнэндээ мөнгө байгаагүй. Тэр хоёр шил архиа Дундговьд хуульчаар ажилладаг ахынхаа үлдээсэн хуучин цүнхэнд хийгээд “Номоо үзүүлэх гэсэн юм аа” гэсээр одооны энэ их том найрагч Пунцагийн Бадарчийн очиж байлаа.

-Ээ, гэгээн минь гэж…

-Тэр чинь 1980 оны арваннэгдүгээр сар юм. Бадарч гуай гучин есөн оны Халх голын дайны жил төрсөн гэдэг чинь дөч гаруй насандаа ид сайхан явж байж. Тэгээд миний номыг ойр зуур үзэж байгаад “За, би дахиад үзье. Алсдаа болох байлгүй дээ” гээд цааш нь тавьчихлаа. Тэгснээ “Чи цагдаа хүн үү. Одоо миний хүү сургуульд л орох хэрэгтэй дээ” гэлээ.

-Нөгөө хоёр “юм”-аа гаргаагүй юу?

-Тэр үед нь би авчирсан зүйлээ яаж гаргахаа мэддэггүй. Босох гэж байснаа болиод цүнхээ үзүүлж “Багш аа, энд нэг юм байгаа” гээд нөгөө хоёр юмаа үзүүллээ. Тэгсэн “Өө, энэнээсээ эхэлдэг байхгүй юу” гэдэг юм.

Удалгүй Ичинноров эгч орж ирээд “Энэ нөгөө шүлэг бичдэг хүү Төрбат уу. Би шүлгүүдийг нь харсан. Сайхан шүлэгтэй хүү дээ” гэлээ. Ингэж л миний анхны ном гарч байсан даа. Тухайн цагт ном гаргана гэдэг бүтээлээ өгнө, төлөвлөгөөнд орно, хэвлэгдэнэ гээд олон шат дамждаг байсан даа.

-Уран бүтээл ч аль ч цаг үед “зөөлхөн боорцог” байгаагүй байх аа?

-“Улаан жигүүр” маань 1980 онд анх төлөвлөгөөнд орж, 1983 онд хэвлэгдэж байсан. Номоо хэвлэгдтэл л нэрийг нь зүүдэлж, хүлээж байлаа даа. Хэвлэгдэх номын жагсаалт гэж гарна. Тэрнээс номынхоо нэрийг байн байн харна аа. Их хүлээсээн. Тэгэхэд Б.Лхагвасүрэн ахын “Уянгын тойрог” ном зэрэг гарсан. Хоёр цэнхэр ном зэрэг гарсаан. Б.Лхагвасүрэн ахын ном шуугиан тарьсан.

Миний номын талаар хүмүүс ам сайтай. Ингээд байж байтал С.Эрдэнэ гуай дуудлаа. Тэр үед би Их сургуульд орчихсон амьдрал минь дээшилсэн үе байсан ч ижий минь бурхан болчихсон ганцаараа болсон үе байсан. Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч С.Эрдэнэ гуайн дуудсанаар oчтол “Анхны номын баяр хийнэ ээ” гэдэг юм. Гэхдээ манай улс хийгээд байдаггүй” гэхэд нь би “Юу бэлдэх вэ” гэж асуулаа. Тэгсэн Эрдэнэ гуай жуумалзаад “1983 оны хоёрдугаар сард цагаан сарын өмнө юм уу, хойно болно шүү” гэж хугацаа заагаад “Хэдэн гожин бэлдэнэ шүү дээ” гэлээ.

Ламжавын Мягмарсүрэнгийн “Урины шувуу”, Д.Төрбатын “Улаан жигүүр” гэсэн хоёр номын баяр хийлээ. Битүү зохиолчид суучихсан. Дожоогийн Цэдэв дарга зүрхний хагалгаанд орчихсон, ирээгүй. Орлогч дарга Доржийн Гармаа гуай байсан. Эрдэнэ баавай удирдаад. Тэгж Бадарч багш миний анхны номын баярт мэдээг сонсгосон. Тэрүүгээрээ миний хань Шүрээ бид хоёр зөндөө юм авсаан.

-Юу юу авав?

-Хөргөгч авсан. Зурагт авсан. Нэг диван авсан. Шүрээ маань Барилга архитектурын хяналтын хороонд ажилладаг байсан юм. Тэндээс гэр өгөөд. Миний муу ээж бид хоёрын дөрвөн ханатай гэр чинь бүрээс, туурга ч байхгүй, хэцүү байсан юм шүү дээ. Муу эжий минь дөрвөн жил хэвтэрт байсан юм.

-Ээ, хөөрхий…

-Би чинь нэг цагдаа. Цалин мөнгө хомс, хариугүй л амьтан. Ёстой нэг хоногийн хоолтойгоо л явсан. Эжий минь наян нэгэн оны найман сарын 18-нд бурхан болсон юм. Ах нь бас болоогүй ээ, “Улаан жигүүр” номынхоо өмнө
“Сарны гэрэл мэт цагаахан сүүгээ хөхүүлж
Нарны туяа мэт гэгээхэн хайраа ивээсэн эжийнхээ дурсгалд зориулав!” гээд биччихсээн.

Ижий өнгөрөхөд би хоёр л баяр дуулгасан л даа. Нэг нь “Хүүгийн чинь ном гарах боллоо” гэж хэлсэн. Нөгөө нь зургадугаар сард элсэлт өгөөд МУИС-д тэнцчихсэн. Энэ хоёр баяраа хэлсэн юм.

-Ээж нь тухайн үед хэдтэй байв?

-Миний 25-ны жил шүү дээ. Бас л хатуу л өнгөрч байв. Ээж маань 73-тай байсан юм уу. Би чинь ижийнхээ дөчин есний жил дээр гарсан, бас их орой төрсөн хүн шүү. Аав минь их залуухан хүн байсан байна лээ. Саяхан бурхан болсон байх. Наян хэд хүрч байж бурхан болсон. Аав, ээж цуг амьдраагүй ээ.

Аав тэр Дэлгэрхангай сумын хүн. Би аавтайгаа их хожуу уулзсан. Агуу их Дашдооров л надад “Танай аав чинь манай суманд байдаг юм байна лээ ш дээ” гэж хэлсэн. “Тракторын жолооч Буддорж гэдэг хүн” гэж. Тэгээд би сүүлд золгож барьж, тэр хүн бас манайд ирж “Хүү минь, энэ тэр” гэж л байсан. Тэгээд яахав дээ, дэргэд нь өсөөгүй, хажууд нь байгаагүй болохоор хүний хүн шиг санагддаг л юм билээ.

-Пунцагийн Бадарч найрагч танд олон сайхан мэдээ занги сонсгож байлаа гэсэн дээ?

-Нэг баяр нь тэр анхны номын тухай сайхан мэдээ юм. Хоёрдахь баяр нь 1991 оны шинэ жилийн өмнөхөн юм аа, утас дуугарч байна. Манайх 55519 гээд их гоё утастай болчихсон, Шүрээ бид хоёр байранд орчихсон үе.

Утсаа авсан чинь Бадарч багш ярьж байна. “За, миний хүү, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал авчих шиг боллоо” гэж байна. Би ч одоо баярлалгүй яах вэ дээ. “Үгүй ээ, тэгээд юу гэж өгч байгаа юм” гэлээ. Тэнэг л дээ, “Ямар бүтээлд л” гэж байгаа санаа нь тэр. “Могойн чуулган” шүлэглэсэн романд чинь өгч байгаа юм байна аа, баяр хүргэе” гэж байна.

-Хөөрөөд л явчихна биз?

-“Үнэн ч байж мэднэ, худлаа ч байж мэднэ. Багш согтуу ч байсан байж мэднэ” гэж бодоод Шүрээдээ хэлсэнгүй. Тэр үед Баярмаа МЗЭ-ийн даргын үүдэнд суудаг байсан юм аа. Тэгэхэд Бавуугийн Лхагвасүрэн ах дарга байсан юм аа.

Баярмаа утасдаад “Танд Зохиолчдын эвлэлийн шагнал олгосон. Хүрээд ирээрэй” гэлээ. Тэгээд хүрээд очсон Лхагвасүрэн ах гардуулж өгсөн юм. Тэр үед чинь МЗЭ-ийн шагналыг гурван мянган төгрөг дагалддаг байсан.

-Өө, их нэр хүндтэй шагнал байж?

-Тэр үед мөнгө нугараад зургаан мянга ч болсон юм уу. Дугтуйд багтахгүй их мөнгө өгсөн юм. Надтай цуг Данзангийн Нямсүрэн, Жагдалын Лхагва, Жаргалын Барамсай хамт авсан юм. Бид дөрвүүлээ авсных гээд дээр хоёрдугаар давхарт Барамсай ахын өрөөнд ороод сайхан хундага тулгачихаад хурлын танхим руу яваад ортол манайхан хүлээж байлгүй яах вэ дээ. Тэнд ч орчуулагч Ц.Хасбаатар гуай инээгээд, Дооров ч нуг нугхийгээд сууж байгаа юм чинь.

Хэдүүлээ яахав дээ, гурав гурван шил архи авч тэр хавийн улсад өглөө. Зохиолчдын эвлэлийн буян, шинэ жил дөхөж байгаа гээд дарга нар ч сүйд майд болсонгүй. Тэндээс Дооров, Долгорын Ням гуай, П.Бадарч багш, Хасбаатар гуай нар намайг дагалаа. Манайд ирлээ. Хороон дээрээс авгайдаа утасдчихсан. Тэгсэн Шүрээ идээ будаа засчихсан байсан. Бадарч багшийн дуулгасан хоёрдахь баяр энэ.

-Гурав дахь баяр нь юу байв?

-Багш бид хоёрынх зэргэлдээ шахуу зусна. Энүүхэн Шаргаморьтод шүү дээ. Хоёр мянга дөрвөн оны үед Дэндэвийн Пүрэвдорж багшийн “Монголын уран зохиолын академи”-аас намайг төрийн шагналд нэр дэвшүүлэхгүй юу.

“Пүрэвдорж багш долоо дэвшээд авсан шагнал. П.Бадарч багш тав зургаа дэвшээд аваагүй шагналыг би юу гэж аваа аж дээ” гэж дотроо бодоод Пүрэвдорж багшид “Дэмий юм хийж байна даа” гэх ухааны юм хэлсэн.

-Та тэр үед өнөө олон романаа биччихсэн байсан биз дээ?

-Арван хоёр жилийн цуврал романуудаа бичээд эхэлчихсэн байсан л даа. Гэхдээ Пүрэвдорж багш “Зүрхэн тарни” шүлгийн түүврээр дэвшүүлсэн л дээ. Академийн зөвлөлийн хурлаар ороод явуулчихлаа гэсэн.

Зохиолчдын хорооноос бас хоёр гурван хүний нэр явж байна. Хороо бол үндсэн байгууллага, манайх бол дагалдагч шахуу байгууллага. Тэгсэн дам сураг сонсох нь ээ яруу найргийн салбар зөвлөлийн дарга нь Б.Лхагвасүрэн ах гэж байна аа. Ингээд байж байсан чинь утас дуугараад Бадарч багш ярьж байна.

“Миний хүүгийн юм ч нэгийн даваа давчихлаа шүү” гэж байна. Мэргэжлийн таван хүний гар дамжиж уншсан л хэрэг шүү дээ. Салбар салбараас бүтээл ирнэ шүү дээ. Хоёрдахь хурлаар “Хоёр инженер шалгарчээ. Зохиолчид, урлагийнхнаас чимээгүй байна” л гэж байсан. Тав зургаа хоногийн дараа Монголын уран зохиолын дээд сургууль дээрээ хичээл тарчихсан, харих санаатай сууж байсан чинь Зохиолчдын эвлэлийн гурван давхрын шатаар нэг их амьсгаатай хүн өгсөөд ирж байна. Тэгсэн чинь Лхагвасүрэн ах ороод ирлээ.

-Та чинь сургуулийн захирал болохоор орой тардаг байсан байлгүй?

-Сургуулийн захирал болохоор хамаг өрөө мөрөөгөө цоожилж байж явдаг байхгүй юу. Лхагвасүрэн ах, Сэтгүүлчдийн холбооны дарга байсан С.Цэрэндоржийг дагуулчихсан ороод ирлээ. Цэрэндорж өврөөсөө “Алтан түрүү” гэдэг архи гаргаад тавьчихлаа шүү. “Юм болсон л юм байна” гэж бодлоо доо.

Лхагвасүрэн ах “Миний хүү төрийн шагналтай л болчих шиг боллоо. Ямар ч байсан манай салбар зөвлөлөөс гараад явчихсан. Нэг дээшээ явчихаар зүгээр байдаг юм аа” л гэж байна. (Домогт найрагчийг жигтэйхэн адилхан элэглэж ярив. Л.Б)

-Б.Лхагвасүрэн найрагчийг архи огт уудаггүй гэдэг. Та цуг ууж байв уу?

-Ууж байсан.

-Ер нь гайгүй уух уу?

-Гайгүй шүү. Бид хоёр чинь Дундговьд нэг хамт очсон юм. Тэр чинь Лхагвасүрэн ах ид нэрд гарч байсан наян хэдэн он. Дундговийн Эвлэлийн хороо “Илгээлтийн эздийн чуулга уулзалт” ч бил үү зохион байгуулаад. Яруу найрагч Дандарын Миеэгомбо гуай тэнд ажиллаж байсан. Тэр үед архины хуурай хууль гарчихсан архи олдохгүй бэрх үе байсан.

-Картаар өгөх үү?

-Картаар ч өгөхгүй. Бүр юу ч байхгүй. Миеэ бид хоёрыг гэрээрээ ор гэж байна. Орсон, эхнэр нь Цэцэгээ гээд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга. Тохь амьдралтай сайхан айл байна.

Миеэ чинь аймгийн Цагдаагийн газрын дарга. Тэгээд ч архи олдохгүй тийм хатуу байсан. Тэгсэн Миеэ “Лхагвасүрээн хө, гар аргын юм л байна ш дээ хө” гэж байна.

-Найруулсан архи уу?

-Самгоон самгон.

-Өө, бүр аюултай юм байж?

-Би яахав, татчихлаа. Лхагвасүрэн ахынх байгаад байх юм. Сүрхий чанга юм, тэр нь. Нэг тийм шар туяатай юм. Лхагвасүрэн ах яг явахынхаа өмнө талыг нь уучихаад талыг нь надад өглөө. Буудалдаа очоод хэвтээд өгсөн. Буудал засвартай. Нэг давхрын цонхоор гаднаас нь шат тавьчихсан.

-Будантай байтугай эрүүл хүн ч ороход хэцүү биз дээ, тэр чинь?

-Тэрүүгээрээ мөлхөж орж байгаа юм. Өглөө Лхагвасүрэн ах “Төрөө үхлээ” л гэж байна. Миний дотор ч муу байна. “Энэ Миеэ юу өгчихвөө” боллоо. Тэр самгон чинь дотрыг “алдаг” юм байна лээ.

Маргааш нь Эвлэлийн хорооны Сайнбаяр гэж бүсгүй бид хоёрыг баахан залуустай Сүм хөх бүрдэд авчирч байсан. Тэр үед Ш.Дулмаа гуайн “Амьдрал хайр дээр тогтдог” дуу ид гарчихсан. Автобус дүүрэн залуус хангинатал дуулаад гараад шидчихсэн.

Залуус нөгөөхийг чинь яаж ийгээд олно шүү дээ. Бараг авдар архи автобусны ард тавьчихсан байгаа юм чинь. Тэгж бид хоёр шараа тайлж байсан байхгүй юу. Лхагвасүрэн ах яахав, автобусанд ганц татсан. Тэгээд татахаа больчихно л доо. Тамхи баагиулаад, алиа хошин юм яриад явна л даа. Сүмийн амралтад тэгж гурав хоносон. Тэгэхэд муу “Сумын заан” явж байсан.

-Яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэн ч сайхан онгодтой хүн дээ?

-Эрүүлийг хамгаалах яамны хяналтын ажил хийж байсан юм аа даа. Тэр шугамаараа л тэр Сүм хөх бүрдийг шалгаж явсан бол уу. Сайнбаяр маань “Энүүхэн энд Долгорын Нямаа гуайн ээж амьдардаг” гэж хэлээд.

Долгор гэж хөгшин дээр Лхагвасүрэн ах бид хоёр очиж байсан. Долгор гуай “Манай Ням одоо Оросоос гарсан юм байх даа. Ер ирэхгүй юм” гээд сууж байсан сан. Ням найрагч “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч гээд гадаад, дотоод томилолт гээд завгүй л байхгүй юу. Баасан эгчийг “Баянгол” ресторанд ажиллаж байхад Лхагвасүрэн ах биднийг үе үе дуудаж хоол, архиар дайлдаг байсан.

Нэг их баяр бол Ш.Гүрбазарын анхны дуу гарсан юм аа. Хоёр хүн хосоороо дуулдаг их сайхан дуу. Тэрийг тэмдэглэж визитний өрөөнд бид найрлаж л байсан. Баасан эгчийн хишгийг их олон ч хүртсэн дээ. Сүүлд Лхагвасүрэн ахынд ороход юм гаргаад өгнө. Өөрөө юм яриад хараад сууж байдаг л байсан. Бидний хооронд амьдралын баяртай, гунигтай мөн ч гайхамшигтай цаг хугацаа элж үлдсэн дээ.

-Та нэг л гунигтай болоод явчих чив…

-Ээж маань бурхан болчихоод. Хэнд хандахаа мэдэхгүй амьтан л байлаа. Лхагвасүрэн ахынх Дэнжийн мянгад. Ёстой л Цэдэндамбаа гуайн хэлснээр хүүхдүүд нь шпрот шиг унтаж байна. Лхагваа ах “Миний хүү яасан” л гэж байна. “Ээж байхгүй болчихсон” л гэлээ.

Тэгсэн нэг хөнжил хуу татсан чинь зураач хүү Саранхөхөө нь сэгсгэсхийтэл босоод ирлээ. “Чи бос. Яруу найрагчийн ээж өнгөрчихсөн байна” гэж байна. “Миний хүү, одоо яахав. Юу хэрэгтэй байна” л гэж байна. “Зургийг нь л зуруулах гэсэн юм” гэлээ. Паспортны зургаас өөр юм байхгүй.

Би чинь эжийтэйгээ цуг зургаа ер авахуулж байгаагүй юм билээ. Хүн мөнх байх юм шиг л боддог юм билээ. Тэгээд муу паспортны зургийг нь барьчихсан л уйлаад очсон. Миний ээжийн хөшөөний чулуун дээр нэр, төрсөн төгссөн оныг нь наян нэгэн оны наймдугаар сард Лхагваа ах сийлж өгч байсан юм. Зурсан зураг нь одоо ч миний номын санд өлгөчихсөн байж байдаг юм. Лхагвасүрэн ах, Бадарч багш, Пүрэвдорж багш нартай учирсан минь яруу найрагч хүний хувь заяагаар барилдсан гэдэг юм уу, эсвэл номоор хоол олж идэх хүний хувь учрал байдаг юм шиг байна лээ.

Сэнгийн Эрдэнээ гуай манайд ирж хонож байсан. Долгорын Ням гуайг манайд хоносон шөнө ээж нь бурхан болчихоод санд мэнд явж байлаа. Дараа нь надад Ням гуай “Танайд хоносон шөнө бол миний эжийтэйгээ байсан хамгийн сүүлчийн шөнө байлаа” гэж гэж байсан.

Манай яруу найрагчид чинь юмыг дандаа ингэж сайхан цайруулж боддог улс. Аливаа юмыг сайхан цайруулж хэлдэг, сэтгэлийг нь сүлж явдаг зан манайханд бүгдэд нь бий. Дандаа сайн хүний гар дамжиж явж дээ. Миний хамгийн анхны багш чинь Ламжавын Лувсандорж найрагч шүү дээ.

-Та ч уран бүтээлчийн хувьд гайхалтай хөдөлмөрч хүн дээ?

-Би бол өдөр болгон бичээд суудаг хүн биш. Бичихгүй өдөр байхад бодохгүй цаг мөч гэж байдаггүй юм шиг байгаа юм. Их Нацагдорж гуайн гэргий Пагмадуламын тухай “Суут найрагчийн сувд шиг бүсгүй” гэж роман гаргасан. Тэр роман арван дөрвөн долоон хоног бестселлерийг тэргүүлсэн.

Жанжин Дэмидийн тухай хоёр боть роман гаргасан. Түүхэнд гэрэлтэж явсан, мартагдсан улсын хувь заяаг зөв, гэрэл гэгээтэй талаас нь тодруулж бичих бол утга зохиолын үүрэг мөн. Хоёрдугаарт, хувь хүнийхээ хувьд буян хийж байгаа үйл гэж бодож баримтат намтар романы тал руу нэлээд орсон. “Мөнхийн үсэг” групп, “Болор судар” хэвлэлийн газар миний 12 романыг гуравдахиа хэвлэсэн.

Арван хоёр роман гуравдахиа хэвлэгдэнэ гэдэг их хувь заяа гэж бэлгэшээж байгаа. “Дархансэргэлэн” компанийн захирал Батмөнх, гэргий Доржсүрэн хоёрын сайхан сэтгэлийн буян өнөө ч намайг “Мөнхийн үсэг”-тэй холбож өгч дээ. Роман, ном бичих нэг хэрэг. Харин зохиол бүтээлийг маань уншигчдад хүргэнэ гэдэг соёлын өмнө хүлээж байгаа том буян юм даа.

-Меценат буюу ивээн тэтгэгч гэдэг ч их буянтай үйл юм шиг байгаа юм аа?

-Меценат гэдэг чинь генерал байсан юм билээ. Уран зураг, урлагийг их ивээн тэтгэдэг хүн байж. Мань эр нэг хууль санаачилсан нь “Меценатын хууль” гээд түүхэнд үлдчихсэн. Тэр яадаг хууль вэ гэхээр ном, жүжиг ивээн тэтгэсэн аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөх тухай юм билээ.

Бид энэ талаар “Монголын уран зохиолын дээж-108” ботийг бүтээх үеэр их ярьсан. Ялангуяа Лодонгийн Түдэв багш их ярьж байсан.

-Та “Монголын уран зохиолын дээж-108” ботиос ашиг олсон уу?

-Зуун найман ботиос татвар авдгаараа авсан. Төр үүнд нэг их туслаагүй. Намбарын Энхбаяр дарга минь 25 сая төгрөг өгсөн. Дараа нь би тавин ботиороо төлсөн. Би одооны энэ гурван залууг ном талдаа гайгүй юм бол уу гэж бодсон.

-Төрийн гурван өндөрлөг үү?

-Тийм. Занданшатарыг би угийн мэднэ. Бид нар нэг онгоцоор нисэж танай Баянхонгорт очиход чи явсан юм уу, үгүй юу. Танай Баянхонгорт бууж шүлэг уншчихаад буцаад нисээд ирж байсан юм. Онгоцон дотор “Грегус” буюу шувуут архи гэгчийг анх харсан. Энэ утга зохиолд элэгтэй их сайхан залуу.

-Бүтээгчид сүүдэрт үлдээд байдаг нэг гашуун үнэн байна аа?

-Төр засгаас дуучин, хуурчин, бүжиглэгч, жүжиглэгч гэх мэтийн хүмүүсийг л дэмждэг. Үүсгэгч уран бүтээлч гэдэг зохиолч-яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач гурав л байдаг байхгүй юу. Үүсгэгчдээ дэмжихгүй гүйцэтгэгчээ дэмжээд туугаад байдаг. Тэд нар нь яахав дээ, урдуур ордог зүс царай сайтай болохоор нь тэднийг уран бүтээлч гээд байдаг.

Тэгээд өнгөжөөд мөнгөжөөд, хүний бүтээлээр баяжаад, мөлжөөд яваад байдаг. Монголын уран зохиол жудо бөх шиг дэлхийн дэвжээн дээр дуурьсаад сүйд болохгүй л байна. Алсдаа Монголын уран зохиол дэлхийд гарч л таарна. Яагаад дэлхийд гарах их найдлага байна вэ гэхээр Чингис хааны тухай утга зохиол руу дэлхий аяндаа нэг хошуурна.

-Одоо ч хошуураад байгаа юм биш үү?

-Ерөөсөө тэр өвгөн байхад л бид газар шороогоо ч ухахгүй болоод байх юм байхгүй юу. Бид хуучнаасаа сайныг авмаар юм шиг байгаа юм. Социализмын яг төгсгөл дээр Монгол Улс яагаад утга зохиолын дөрвөн мундаг орчуулагч бэлдсэн юм бэ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хасбаатарын Мэргэн, Лувсанвандангийн Нарангэрэл, Нарантуяа энэ дөрвийг Монголын зохиолчдын эвлэлээс бэлдсэн шүү дээ.

Мэргэн бол монголоос англи руу, англиас монгол руу чөлөөтэй хөрвүүлдэг хүн байлаа. Энхбаяр бас тийм чадвартай. Монголын утга зохиол дэлхийд гаръя гэвэл зохиолоо англи руу л орчуулах ёстой ёо доо. Тэгж байж гарна. Тэр мэтээр бодвол англи хэлтэй утга зохиолын ажилтан бэлдэх хэрэгтэй.

-Та сүүлийн үед ямар кино бүтээл туурвив?

-Кино гэдэг ерөнхийдөө залуу насны л ажил байгаа юм. Миний нэг зохиолоор “Зохиомж” сургуулийн захирал Цогтбаяр нэг кино хийсэн. Богд хааны тухай киноны хоёрдугаар анги нь. Натурт Амарбаясгалант хийд рүү гарч байлаа. Нэгдүгээр ангийнх нь зохиолыг Дарма Батбаяр багш бичсэн. Мэргэжлийн, сургууль номыг нь заадаг улс гайгүй кино хийсээн.

-Та ингэхэд хэдэн кинотой зохиолч вэ?

-Арван хэдэн юм байдаг юм шүү. “Алт амилах цаг”, “Бүсгүй завилгаа”, “Алиа салбадай”, “Танихгүй сэтгэл”, “Булингар” энэ тэр гээд. Татварын тухай “Танихгүй сэтгэл” гэдэг хамгийн муу кино маань л өдөр бүр шахуу гарах юм. Ямар учиртай юм. Бунтар гуай чинь гэхэд миний дөрвөн киног хийсэн юм шүү дээ.

-Ямар кинонууд билээ?

-“Галын урсгал”, “Ирж яваа цаг”, “Халаасны өрөө”, “Булингар” гэсэн дөрвөн кино. Жумдаан нэг кино хийсэн юм. Тэр бүр Францын фестивалиас тэргүүн байрын шагнал хүртэж байсан юм.

-Яадаг кино юм?

-Хандмаа нарын тухай “Тэнгэрийн сахил” гэж. Миний “Хонин холбоо” роман бий ш дээ.

Д.Төрбат-Тийм…

-Тэрний л нэгдүгээр бүлэг л дээ. Тэр романыг бичиж байхад “Могойн чуулган” гарчихсан байсан. Овоо хийморь золбоо орчихсон, дараачийн романаа бичиж байхад Жумдаан уншиж үзчихээд “Энүүгээр кино хийе” гээд.

Тэр үед Монголкино үйлдвэр жилд зургаахан кино хийдэг байсан үе л дээ. Таван киноны зохиол батлагдчихсан. Нэг кино зохиол байхгүй гээд зогсож байсан. Жумдаан чинь хөдөлгөөнтэй хүн юм чинь “Бид хоёр кино зохиол бичиж байгаа” гээд Шүрээгээс гуйчихсан. Мань эр өглөө радио дуугарахад л орж ирнэ. Тэгж зохиолоо биччихээд кино найруулагч Сэлэнгэсүрэн ахыг манайд авчирсан байхгүй юу.

Сэлэнгэсүрэн ах Кино үйлдвэрийн уран сайхны удирдагч. Мань эр манайд ирж хоноод, гурвуулаа сайхан зохиолоо яриад маргааш өглөө нь Сумхүү гуайтай, Бунтар гуайтай уулзаад бүтэж байсан. Буяа бол миний дөрвөн киног хийчихсэн хүн чинь “давайе” л гэнэ шүү дээ. Тэгээд уран сайхны тэр дор нь цуглуулаад ерэн оны өвөл Эрдэнэдалайн хаягдсан дуганд натурт гарч байсан юм. Тэр бол гайгүй кино болсон шүү. Монгол кинонуудаас дэлхийн зиндаанд гарсан ч гэдэг юм уу, тийм киноны нэг байгаа юм.

-Кино зохиол байхгүй учраас олигтой кино гарахгүй байна гэцгээдэг боллоо?

-Худлаа худлаа. Кино зохиол зөндөө байлгүй яадаг юм. Найруулагчид байна шүү дээ, жинхэнэ найруулагч биш зүгээр л нэг зуучлагч маягтай болцгоочихоод байгаа. Сумхүү шиг, Жигжид гуай шиг, Бунтар шиг жинхэнэ мэргэжлийн аваргууд байхгүй болчихсон ийм л хачин үе бидэнд таарчихаад байгаа юм л даа хө.

-Таныг яруу найргийн моринд дөрөөлүүлсэн уянгын их найрагч Ламжавын Лувсандорж гуай мөн ч залуухан харамсалтайгаар бурхан болсон гэдэг байх аа?

-Хүний сайхантай уулзаж учирч, хүслийн дээдээ гүйцээхэд тус болсон яруу найргийн минь их сартваахь Лувсандорж багшийгаа бодохоор нулимс унагамаар гунигтай санагддаг юм.

Их аварга Цэрэнтогтох, начин Тогоо, миний муу багш гурав машинаа араас нь түрж явахдаа улаан гэрлийг нь хаачихгүй юу. Тэгсэн араас нь Тэрэлжид юм хүргэж явсан самосмоол машин хүрч ирж дайраад газар дээрээ бурхан болчихсон гэдэг юм. Манай муу Лууяа багш чинь Явууд жаахан тааруу.

-Өөрөө их оргилсон авьяастай найрагч байсан болохоор жаахан арсалдаад байдаг байсан юм бол уу?

-Тийм шүү. “Аа үхсэн, Явуу бол нохойн баас” гэдэг байсан байхгүй юу. Үүнийгээ хэнд ч хэлнэ. Цалингаа буухаар намайг дуудна. Баянголд оруулаад хуйцай авч өгнө. Тэгээд пиво авч өгнө. Жаахан сууна. Тэгж байхад Мишигийн Цэдэндорж гуай орж ирдэг байхгүй юу. Өө, мань эр чинь цав цагаан хувцастай, Лхагважавыгаа дагуулчихсан ороод ирнэ. Тэр олон хүн дотор содон гэж юу гэх вэ. Хоёр цагаан хун ороод ирж байгаа юм шиг л санагддаг сан.

-Лхагважав нь сайхан хүүхэн үү?

-Сайхан хүүхэн. Ёстой нүд дүүрэн бор хүүхэн. Цэ-тэй суухаас өмнө венгрүүдтэй явж байсан юм гэнэ лээ.

-Энэ их олон роман бичээд л байдаг?

-Есөн өрлөгийн тухай “Тэнгэрийн тэмдэг” гэж есөн боть хийж байна. “Маршалын нууц товчоо” гэж найман боть байна. Арван хоёр жилийн романууд байна. Би юуг хэлэх гээд байна гэхээр Монголын төлөө ёстой нэг юугаа ч хайрлаагүй хүмүүсийг цуврал болгож үлдээе гэж бодсон. Ерөнхийдөө гучин боть роман юм. “Сүүтэй сахиус” цуврал маань “Их дагинын далд түүх” гээд Дондогдулам хатнаар эхэлдэг. Төгсгөл нь “Суут найрагчийн сувд шиг бүсгүйн нууц” гэсэн Пагмадуламын тухай роман минь юм. Энэ хоёрын дунд “Жанжны Янжмаа”, “Хурц билэгт дара эх” гэсэн хоёр роман одоо хэвлэгдсэн.

-Хурц билэгт дара эх нь хэн юм?

-Богд хааны дүү Лувсанхайдав Чойжин гэж байсан. Одоо Чойжин ламын сүм гэж бий еэ дээ. Энэ хүний хатан байсан хүний тухай. Лувсанхайдав Чойжин чинь 1918 онд чойжин бууж байгаад таалал болчихсон юм. Тэрнээс хойш өргөмөл хүүхдүүд нь ч хэцүү болсон, тэр хурц билэгт дара эх ч хэцүү болсон. Тэр Сүрэнхорлоо нь манай Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын бодит хүн. Хувьсгал тэр авгайг чинь үзээгүй. Хамаг хөрөнгийг нь долоон удаа хураасан байдаг. Монголын хамаг язгууртнууд аж төрж байсан Элбэг амгалант гацаа буюу Амгаланбаатар хотод байхад нь өргөмөл охин Дашцэдэн нь нас биед хүрээд залуу жанжин Лхагвасүрэнтэй суусан байдаг юм. Энэ тухай роман юм.

“Сүүтэй сахиус” цуврал маань Богд хааны хатан Гэнэнпилийн тухай бичлээ. Ингээд бүсгүй хүний таван роман болсон. Би яах вэ дээ, өөрийгөө гучин таван роман биччихэд болчихно гэж бодоод байгаа юм. Санаанд орсон юмаа бичиж л байна. Хүн өтөлнө. Хэдэн жилийн нас байгааг би хэлж мэдэхгүй. Тиймээс сайхан дурсамжууд бичих ёстой. Би Бадарч багшийг зэмлэсэн.

-Юу гэж зэмлэх вэ. “Юм юмнаасаа” гээд дурсамжийн хөөрхөн ном гаргасан шүү дээ?

-“Та ерөөсөө юм бичихгүй юм” гэж зэмлэсэн. Тэр номыг чинь надаар загнуулж байж бичсэн юм шүү дээ. Энэ урдхан Шаргаморьтод байхдаа бичсэн юм. Нэг очсон овоо шүү. Ичинноров эгч мэнд сэрүүн байсан. Сүүдрэвчинд нөгөө Моохой гэдэг муураа өвөр дээр тавьчихсан сууж байна. “Багш минь юу хийж сууна” гэсэн “Чиний даалгавраар нэг дурсамжирхуу юм бичиж сууна” гэж их дургүй маягтай сууж байсан.

Нөгөө цаасныхаа дээд өнцөгт “П.Бадарчийн 70 насны ойд зориулав” гээд биччихсэн ч байх шиг. Тэр бас онигоо. Өөрийнхөө насны ойд ямар амьтан юм бичиж байсан юм бэ. Тэгэхэд муу багшийгаа өрөвдөх ч шиг. Бид хоёр ч яахав дээ. “Нууц товчоо”-гоос эрүүлжүүлэхэд ч цуг орж явсан. Элдвийн юм үзсэн. Бадарч багш бид хоёрын хувьд үзээгүй юм байхгүй. Лувсандорж багштайгаа тэгж явж чадаагүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img