-“Монголросцветмет” нэгдэлд ажиллаж байсан тухайн үеийн сайхан дурсамжаасаа хуваалцана уу?
-Сайхан дурсамж олон бий.
Эхнэр маань мөн Баяжуулах үйлдвэрт технологичоор ажиллаж байсан болохоор надад сайхан санагддаг. Бидний хувьд баяжуулах үйлдвэрийн технологи , металл авалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт их анхаардаг байлаа. Хэд хэдэн төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах ажлыг зохион байгуулсан.
Х.Бадамсүрэн, Даваасамбуу нарын монгол нөхөдтэйгээ энэ үед хамт ажилладаг байлаа.Х.Бадамсүрэн гэхэд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч болж, Даваасамбуу Засвар, механикийн цехийн дарга байж байгаад Баяжуулах үйлдвэрийн дарга болж дэвшиж байлаа.
1998 оны эдийн засгийн хямралын үед үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой барьж байх зорилгоор Америк руу экспортлох бүтээгдэхүүний нөхцөл
шаардлагыг биелүүлэхийн төлөө ажиллаж байв.
-Манай улсын далд уурхайд анх олборлолт явуулж ирсэн нь “Монголросцветмет” нэгдэл үү?
-Жоншны ордуудад хүдрийн биет том хэмжээгээр тархдаггүй, жижиг судлуудаар дамжин байршдаг тул олборлох, боловсруулах нарийн технологи шаарддаг. Тавин жилийн тэртээ байгуулагдсан Бэрхийн далд уурхайд шпур өрөмдлөгөөр хүдрийг олборлон өндөр чанарын баяжмал гарган авч байсан. Бор-Өндөрийн далд уурхайд механик гар аргаас өөрөө нэвтрэн явагч техникүүдийг үйлдвэрлэлд анх нэвтрүүлсэн.
-Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрт 2007-2008 онд хийж гүйцэтгэсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн бодлогын талаар Та мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?
-1986 онд Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш 20 жил буюу 2006 оныг хүртэлх хугацаанд уг үйлдвэрт зарим шат дамжлагын тоног төхөөрөмжийн өөрчлөлт хийгдэж ирсэн. Хүдрийг ангилан ялгах, хүдрийн гарцыг нэмэгдүүлэхийн тулд далд уурхайд өөрөө явагч газрын доорх төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн юм. Энэ бүхэн баяжуулах үйлдвэрт боловсруулах хүдэр олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад ач холбогдолтой байлаа.
Баяжуулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хуучирч, элэгдэж муудаад байсан 2006 оны үед техник, технологийн шинэчлэл хийхээр төсөлболовсруулж, хамтарсан үйлвэрийн төлөөлөн Удирдах Зөвлөлийн зөвшөөрч,улмаар тоног төхөөрөмжийн угсралтын ажлуудыг хийж эхэлсэн. Хоёр, гурван жилийн дотор хөвүүлэн баяжуулах хэсэгт шинэчлэл хийсэн юм.
Тэр үед жоншны үйлдвэрүүдэд үндсэндээ механик төрлийн хөвүүлэн баяжуулах бага хүчин чадалтай машинуудыг ашиглаж байлаа. Хамгийн том машин нь 6м3 хүчин чадалтай. Үүнийг Бор-Өндөрийн үйлдвэрт суурилуулсан бөгөөд амжилттай ажиллаж үр өгөөжөө өгсөн гэж бодож байна.
-“Монголросцветмет” нэгдэл байгуулагдаад 50 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд энэ тэргүүлэх үйлдвэрийн манай хоёр орны эдийн хамтын ажиллагаа, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж ирсэн үр өгөөжийг Та хэрхэн харж байна вэ?
-Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг хоёр орны улс төрийн дээд түвшинд шийдэж байлаа. Тэр үеийн уул уурхайн том үйлдвэрүүдийг барьж байгуулахад ихээхэн хөрөнгө оруулалт шаардаж байв.
Монгол-Оросын хамтын ажиллагааны хөгжлийн сайн эхлэл болж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжин тэлж, Монгол улсын эдийн засгийн өсөлтийг түргэтгэж чадсан нь чухал ач холбогдолтой юм.
Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн хүрээнд үйлдвэрлэлийн барилга байгууламжаас гадна нийтийн орон сууц, сургууль, цэцэрлэг, ясли, спортын том ордон байгуулагдсан.
Аливаа том уурхай арван түүнээс олон жилийн хугацаанд ажиллахаар бол хот суурин байгуулах зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл уурхайд гэр бүл, хамт олноороо олон жил ажилладаг шүү дээ. Тэр үеийн удирдлагын хувьд ажиллаж, амьдрах орчноо аль болох сайхан нөхцөлтэй болгох бодлогыг баримталж байлаа.
Үйлдвэр байгуулахын тулд олон арван мэргэжилтнийг Дарханы Политехникумд сургаж ирсэн.
Бор-Өндөрийн ил ба гүний уурхай, баяжуулах үйлдвэрүүдэд ажиллаж байсан уурхайчид болон инженерүүд одоо Оюу Толгой төсөлд ажиллаж байна. Энэ бол Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэх том сургууль болж өгсөн гэж үзэж байна.
Б.БУЯННЭМЭХ