2024-11-21, Пүрэв
1 C
Ulaanbaatar

Р.ЦОЛМОН: Бие, сэтгэлийн өвчний том шалтгаан нь минимхийрэх буюу өөрийгөө бодох үзэл

“Сумади” эмнэлгийн их эмч Р.Цолмонтой уламжлалт анагаах ухаан тойрсон асуудлаар ярилцлаа.

-Өрнийн анагаах ухааны түүх зуу гаруйхнаар тоологдох бол дорнынх буюу уламжлалт анагаах ухаан хэдэн мянганаар хэмжигдэх түүхтэй. Гэтэл уламжлалт анагаах ухааныг үгүйсгэх хандлага өнөө ч хүчтэй хэвээр анзаарагдах юм…?

– Тийм л дээ. Европын анагаах ухаан зуун гаруй жилийн л настай. Харин дорнын анагаах ухааны өдгөө бидний үзэж буй сурах бичиг 2500 жилийн түүхтэй. 2500 жил гэдэг бидэнд мэдэгдэж байгаа л хугацаа шүү дээ. Европын анагаах ухаантай зэрэгцээд хөгжсөөр ирсэн нь ямар гүн гүнзгий ухаан болохыг нь батална. Буруу ч юм уу, хүний биед нөлөөлөхгүй байсан бол аль хэдийнэ устаад алга болчих байсан биз. 2500 жилийн өмнөх хүний бие өдгөө ч таван махбодиос бүрддэг янзаараа. Эцэг, эхээс бий болдог, байгаль дэлхийтэйгээ холбоотой хэвээрээ. Антибиотик байхгүй үед хүн байгалиас ургамал түүгээд өөрийгөө эмчилж байсан. Тэр уламжлал туршлага өнөөг хүртэлх урт хугацаанд улам бүр боловсронгуй болж сайжирсаар ирсэн.

-Уламжлалт анагаах ухааныг Аюурвэдийн анагаах ухаанаас салбарласан гэж үздэг билүү?

-Тэгж үздэг ч Аюурвэдийн анагаах ухаанаас улс орон бүхэн өөрийн онцлогт тохирсон анагаах ухааны хэв шинжийг хүнийхээ хоол унд, бие махбодь, цаг агаарын нөхцөл, орон нутгийн байдалтай уялдуулан өөрийн болгон авч ашигласаар ирсэн л дээ.

-Тэгвэл Монголын уламжлалт анагаах ухааны бусдаас ялгарах онцлог нь юу бол?

-Монголчууд эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улирал ээлжилдэг газар нутагт амьдардаг, махан хүнсний хэрэглээ өндөртэй ард түмэн. Тэр нөхцөл байдалдаа зохицсон анагаах ухааныг хөгжүүлсэн гэсэн үг. Тодруулж хэлбэл өөрийн гэсэн онолтой анагаах ухаантай улс.

Tsolmon-Бас нэг зүйл тодруулъя, уламжлалт анагаах ухааныг гөрөөсний цус уух гэх мэт арга хэрэглэдэг болхидуу гэж харах хүмүүс цөөн ч гэлээ анзаарагддаг…?

-Монголчууд эрт үеэс өвс ургамал буцалгаж, амьтны эд эрхтэн ашиглаж, ховс дом хэрэглэж өөрсдийгөө эмчилдэг байсан. Энэ бол ардын эмчилгээ. Уламжлалт анагаах бол үүнээс өөр. Олон жилээр дамжигдсан онолтой анагаах ухаан.

Европ анагаах ухаанд “Таны бөөр өвдсөн нь ийм шалтгаантай” гэж ирээд нарийн тайлбарладаг. Уламжлалт анагаах ухаан яг үүнтэй адил. Амьдарч буй газар нутаг, идэж яваа хоол хүнс, явдал мөртэй нь уялдуулж оношилж эмчилдэг. Ийм улирал болж байна, тийм учраас таны биед ийм өөрчлөлт гарч бусад эрхтэндээ ингэж тэгж нөлөөлөх эрсдэлтэй гэх мэтийг маш нарийн судалчихсан том анагаах ухаан.

Харамсалтай нь сая таны хэлсэнчлэн цөөнгүй хүн уламжлалт анагаах ухааныг өвс буцалгаж уух төдийхнөөр ойлгоод байна л даа.

-Уламжлалт анагаахын нэг том онцлог нь өвчнийг сэтгэл зүйтэй холбож хардаг. Өрнийн анагаах ухаанд нэлээд хожим л өвчин үүсэх, өвчнийг эмчлэхэд сэтгэл зүй том нөлөөтэй талаар хүлээн зөвшөөрч эхэлсэн. Нийт өвчний хэчнээн хувь нь сэтгэл зүйгээс үүдэлтэй гэж үздэг билээ, уламжлалт анагаах ухаанд?

-Уламжлалт анагаах ухаанд 404 өвчин бий гэж үздэг ч цааш салбарласаар тоолшгүй олон өвчнийг үүсгэнэ гэж үздэг. Тэр олон өвчин хураагдсаар халуун, хүйтэн гэсэн хоёр өвчинд хураагдаж цааш дэлгэрээд явдаг. 404 өвчний 101 нь сэтгэлээс үүсдэг хэмээдэг. Сэтгэлээс үүссэн өвчин яваандаа адын өвчин болдог.

Донтчихлоо гэж яриад байгаа нь ад дон буюу гаднын зүйлд хорлогдчихлоо гэх агуулгатай л даа. Сэтгэлээ захирч чадахаа болино гэсэн үг.

tsolmon-Сэтгэлийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарлаж, үздэг нь сонирхол татаад байдаг юм. Жишээ нь сая таны хэлсэн адын өвчин яг ямар шалтгаан нөхцөлөөс үүсдэг юм бол. Энэ мэт олон асуулт хүмүүст бий байх. Уншигчдад маань энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Уламжлалт анагаах ухаанд хүний зүрхэнд сэтгэлд гүйх зургаан судал байдаг гэж үздэг. Бүр тодруулбал хүний зүрхэнд дээш доош, баруун, зүүн, урагш хойш хандсан зургаан сүв бий. Гэхдээ энэ сүвүүдийг энгийн нүдээр харах боломжгүй.

Тэр сүвүүдээр намш буюу сүнс, зургаан мэдрэхүй чөлөөтэй гүйж байх ёстой атал адын шалтгаан буюу гаднаас орж ирж нөлөөлж буй өөрчлөлтөөс болж тухайн сүвүүд хаагдсанаар өвчин болж хувирдаг. Ад гэж бидний ярьдаг хий юм гэхээс гадна гараг эрхсийн нөлөө, лус савдаг ч хамаарна. Тэр болгон сэтгэл эсвэл зургаан мэдрэхүй гүйх сүвийн аль нэгийг бөглөчихдөг гэсэн үг.

Хаана нь бөглөснөөс хамаарч мэдрэхүйд нь өөрчлөлт гарч, улмаар сэтгэлээ захирч чадахаа больж, сэтгэл биднийх биш юм шиг болчихдог. Гүйх орон зай нь хаагдаад ирэхээр давчидсан байдалтай болох нь тодорхой шүү дээ. Сэтгэцийн өвчтэй хүн хий юм харж, яриад байдаг чинь түүнтэй холбоотой мэдрэхүйнүүдэд өөрчлөлт орсны илрэл.

-Өвчин үүсэх шалтгааныг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг бол?

 Өвчин үүсгэх холын болон ойрын шалтгаан гэж бий. Холын шалтгаан нь минимхийрэх буюу мунхагийн сэтгэл. Бүр тодруулж хэлбэл өөрийгөө бодох үзэл. Энэ үзэл сэтгэлээс үүддэг бөгөөд бүх өвчний хамгийн том шалтгаан болдог.

-Сүүлийн үе хэт эго-той гэж ярих болсон. Хэтэрсэн эго нь сэтгэлээс үүдэх өвчний шалтгаан болдог байх нь ээ дээ, бараг?

-Ер нь ойролцоо утгатай. Бидний биеийг бий болоход мэдээж эцэг, эхийн генийн удамшил хүчтэй нөлөөлнө. Уламжлалт анагаах ухааны тухайд үүнээс өөр нөлөөлөл ч бий гэж үздэг. Тодруулж хэлбэл төрөл дамжиж ирсэн буюу сүнсээр дамжиж ирдэг үзэл гэж байна. Хүнд угаасаа л байж байдаг үзэл гээд ойлгочихож болно. Мунхагийн үзлээс салчихвал хүн гэгээрэлд хүрнэ гэдэг.

-Өөрийгөө бодох үзлээс салахад хэцүү л дээ. Их үү, бага уу гэдэг асуудал л яригдах байх. Тэгэхээр гэгээрэх гэх ойлголт энгийн олноос лав харь хол ухагдахуун болж таарлаа…?

-Минимхийрэх үзлээс салах хүн бараг л үгүй гэдэгтэй санал нэг байна. Уламжлалт анагаах ухаанд минимхийрэхээс сална гэдэг хэцүү, шувууд тэнгэрт нисэж байхад сүүдэр нь газарт байдагтай адил хүн хэчнээн ном үзсэн ч тэр үзлээсээ салахгүй байдаг даа. Минимхийрэх үзлээсээ салж чадахгүй бол өвчний шалтгаанаас холдохгүй л гэсэн үг. Шалтгаан байвал нөхцөл учирсан үед өвчин хөдөлнө.

-Ингээд харахаар мунхагийн сэтгэл өвчний том шалтгаан болдог байх нь. Мунхаг гэх ойлголтыг бүр нарийвчилж задалсан тайлбар хэлээч?

-Үүнээс салаалсан гурван сэтгэл бий. Хүсэл тачаал, уур хилэн, мунхагийн үзэл. Хүсэл тачаал хий өвчнийг үүсгэдэг бол уур хилэн халуун шарын өвчнийг, мунхаг нь бадганы өвчнийг үүсгэнэ.

Товчхондоо өвчнийг үүсгэх холын шалтгаан нь минимхийрэх үзэл, ойрын шалтгаан нь түүнээс гарах хүсэл тачаал, уур хилэн, мунхаг гурав юм. Энэ гурван сэтгэлийг буюу уур хилэнг могойгоор, мунхагийг нь гахайгаар, хүсэл тачаалыг азарган тахиатай зүйрлэдэг.

-Европ анагаахыг анзаарахад бөөр өвдсөн бол бөөрний өвчний шинж тэмдгийг дарах эмчилгээ л хийдэг. Харин уламжлалт анагаах ухаанд таван цул, зургаан сав эрхтэн хоорондоо хамаатай гэж харж уг үндсээр нь эмчилдэг шиг санагддаг. Би зөв ойлгож уу, эсвэл буруу харсан байна уу?

-Манай нэг багш, европын анагаах ухааныг насжилтаар нь зүйрлэвээс бүх юмыг сонирхож үзэж буй өсвөр насны хүүхэд гэж хэлсэн удаатай. Их оносон үг шиг санагддаг юм. Нэг эм гаргаж ирэнгүүтээ нэг эрхтнийг эмчилнэ. Өнөө эм нь бусад эрхтэнд сөргөөр нөлөөлж буйг харангуутаа өөр, шинэ эм хайж эхэлдэг.

-Маш оносон тайлбар байна шүү. Уламжлалт анагаах ухаан эсрэгээрээ буурь суусан нэгэн болж таарах нь ээ?

-Багш маань уламжлалт анагаах ухааныг нас тогтож намба суусан, өөрийн гэсэн таалал буюу үзэлтэй болчихсон хүнтэй зүйрлэж байсан.

-Өөрийн тогтсон таалал гэдэг нь?

-Бодол, онол нь өөрчлөгдөхгүй гэсэн утгаар тайлбарлаж байсан.

-Та түрүүн хийн өвчин гэж цухас дурдсан. Миний анзаарснаар өрнийн анагаахад галзуурсан гээд эмнэлэгт хэвтсэн хүмүүс эдгэрэхгүй явсаар насыг барах нь олонтоо. Уламжлалт анагаах ухаанаар бол хийгээс үүдэлтэй эмчилж болох өвчин шиг санагдах юм?

-Европын анагаах ухаанд ер нь бие сэтгэлийг тусад нь авч үзээд байдаг. Үрэвсэл, нян бактерийг устгах дарангуйлах, мэс засал хийх гэсэн эмчилгээнүүд давамгайлдаг. Харин уламжлалт анагаах ухаанд хүн таван махбодиос үүссэн, таван махбодийн тэнцвэр алдагдсанаас үүдэж өвддөг, түүнийг тэнцвэртэй байдалд оруулчихвал хүн эрүүлжинэ гэсэн зарчим дээр эмчилгээ оношлогоо явагддаг.

Уламжлалт анагаах ухаанд бас нэг давуу тал бий. Хүний биед ямар нэг махбодь нь ихэдлээ гэхэд эхлээд судсаар барьж оношлоно. Үүн дээр тулгуурлан гадна өвчнийх нь хувирал зүйгээр хөөж явсаар байгаад шинжилгээгээр илрэх өөрчлөлтийг хүртэл тооцоод олчих боломжтой. Гэхдээ ийм болтол мэдээж маш их туршлага, чадвар хэрэгтэй.

-Таныг адын өвчний тухай ярихад Нобелийн шагналт математикчийн тухай кино санаанд орлоо. Хий юм хардаг өвчнөө өөрийнхөө хүчээр ялж амжилтад хүрсэн тухай гардаг даа…?

-Адын өвчин их сонин. Хүний дүр байдал өөрчлөгдөж, гэнэт гадаад хэлээр яриад, хэзээ ч хийж байгаагүй зүйлсээ хийгээд эхэлдэг гэдэг. Сонирхуулаад ярихад лам дүртэй ад гэж бий. Лам нар сонсвол эвгүй санагдах л байх уучлаарай. Гадна байдлаасаа жигтэйхэн сайхан ламын дүр эсгэдэг, уншлага ном сайтай атлаа дотор талаасаа огт өөр байх нь бий. Бас хүүхэд ад гэж байдаг. Яг хүүхэд шиг болчихдог. Хөгшин ад гэхэд хөгшин хүн шиг болчихдог. Энэ мэт огцом хувирлаар илэрдэг.

Тэнгэр ад гэхэд гэнэт л гоё ганган, боловсролтой болоод л, хэл ус хурдан сурч, шүлэг яруу найраг, зохиол бүтээл туурвиад эхлэх жишээний. Өөрөөр хэлбэл зүв зүгээр хэвийн байсанаа огцом өөрчлөлт орж эхэлдэг. Оюутан байхад дадлагад гарч Шархадны гэгддэг эмнэлэг дээр их очдог байлаа. Адтай хүн их. Шүлэг найраг бичиж, том том зохиолуудыг цээжээр уншина.

Анх гэрийнхэн болон ойрынхон нь ямар мундаг юм бэ гэж байснаа хэвийн бус болсныг нь мэдээд эмнэлэгт хэвтүүлсэн байдаг. Адад хорлогдсон хүн сүүлийн үед олширсон юм шиг санагддаг шд заримдаа. Дээр үед дайрлагад өртлөө гэж их ярьдаг байсан даа. Тэр бол гарагийн ад.

Сүүлийн үед гарагийн адад дайрагдсан хүн их ирж байгаа. Гарагийн адад өртсөн хүн яг харвалт өгсөн хүнтэй адил шинэ тэмдэгтэй, гэхдээ ялгаатай шинж нилээд их байдаг, бас дахих магадлал ихтэй. Энэ нь магадгүй уул уурхай их ухаж байгаатай ч холбоотой санагдаад байгаа.

-Уламжлалт анагаах ухааны таван махбодь гэх ойлголтыг бүр энгийнээр тайлбарлаад өгөөч?

-Уламжлалт анагаах ухаанд бие бүтэх ёс гэх ойлголт бий. Хүний бие үүсэж, бүрэлдэхдээ таван махбодиос үүснэ. Тухайлбал, шороон махбодиос яс, мах, хамрын эрхтэн үнэр үүснэ. Шороон махбодь байхгүй бол бие бүрэлдэхгүй, гал махбодт байхгүй бол бие махбодь боловсрохгүй, усан махбодь байхгүй бол бие тогтохгүй, хий мах бодь байхгүй бол судас, шөрмөс нь үүсэхгүй, огторгуйн махбодь байхгүй бол тухайн бие махбодь томрохгүй гээд нарийн уялдаа холбоотой.

Аль нэг нь л байхгүй бол хүний бие тогтохгүй гэсэн үг. Бүх юм таван махбодьтой холбоотой. Тэрнээс илүү гарах зүйл үгүй гэж үздэг. Мөн таван махбодь хий, шар бадганадаа хэрхэн нөлөөлж буй нь маш чухал. Гал махбодь дийлэнх болбол шарын, хий махбодь дийлэнх болбол хийн, шороо ус дийлэнх болбол бадганы мөн чанар гэж үзнэ.

Таван махбод нь эцгийн цагаан дусал буюу эр бэлгийн эс, ээжийн улаан дусал буюу өндгөн эсэд ч байгаа. Тэр хоёр дээр намш буюу сүнс тийн мэдэл орж ирснээр хүүхэд тогтдог гэж үздэг. Жирэмсэн ээж ямар ундаа идээ идэж буйгаас хамаараад таван махбодид бас нөлөөлөл гарна. Өөрөөр хэлбэл, хүний биед төрөлхийн мөн чанар буюу араншин гэж зүйл хүн төрлийг олоход л тогтдог.

Мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй насан туршийнх байдаг. Хэрвээ зөв тогтоож чадвал тухайн хүнийг ямар өвчнөөр өвдөх, насан туршдаа ямар хоол ундны дэглэм барих ёстойг ч тодорхойлно. Ямар өвчнөөс сэргийлэх ёстой нь гараад ирнэ. Бүр нарийн яривал хэдий хугацаанд наслах нь, гэр бүлийн байдал, эд эдлэл хөрөнгө чинээ хэр байхыг нь хүртэл тодорхойлох боломжтой. Их нарийн л даа.

-Эхийн идэж ууж буй идээ ундаа их чухал байх нь. Ээж болохоор бэлтгэж буй бүсгүйчүүд маань ямар идээ ундааг чухалчилж, юуг цээрлэх ёстой бол? Сэтгэл зүйн хувьд ямар байх гээд анхааруулж хэлэх зүйл олон байх, тийм үү?

-Хүн эхийн хэвлийд ороод есөн сар бүрэлдэж, тогтож, бойжиж гүйцээд төрдөг. Эхийн умайгаас гарах буюу төрөх хүртлээ долоо хоног бүр нэг хийн үйл ажиллагаараар эд эрхтнүүд үүсдэг. Иймд жирэмсэн эх стресстэх, айх, нойргүйдэх нь их муугаар нөлөөлдөг.

Аль нэг эрхтнийг үүсэж байх хугацаанд тухайн эрхтнийг хямраах юм бол төрсөн хүүхэд тухайн эрхтний хямралтай, өөрчлөлттэй төрөх магадлал өндөрсдөг. Сүүлийн үед миний ажигласнаар жирэмсэн эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь хүүхэдтэй болчихоод баярлахаас илүү их санаа зовдог, айдаг болсон байна лээ.

-Яагаад?

-Төрүүлэх үү, болих уу, нөхөртэй юу, нөхөргүй юу, ажлаа яах вэ, хүүхэдтэй болохоор карьер маань яах вэ гээд мөнхийн асуудал дунд орчихдог. Үгүй юмаа гэхэд утаа гэх мэт орчны бохирдол, нийгмийн байдалд санаа зовдог. Нэгэнт шийдвэрээ гаргаад эвтэй таатай тээх гэхээр зүрхний цохилт нь сул, тонус өглөө гэхийг сонсоод дагаад стресстдэг.

Сүүлийн үед асар өндөр стресстэй хүүхдүүд төрж байгаа. Шарлалт, тархины даралт, харшил ихтэй, тайван бус хүүхэд олноороо төрж байна. Хүүхэд олонгуутаа эсвэл жирэмслэхээс өмнө уламжлалтын тан уугаад төрөн төртлөө зүү тавиулж хордлогоо гайгүй болгонгоо хяналтдаа ороод явбал их зүгээр. Тан ууж байгаад жирэмслээд төрсөн ээжүүд ч олон байгаа уг нь.

tsolmon2-Тан уугаад амаржиж буй ээжүүдийн хувьд ямар давуу талууд ажиглагдаж байна вэ?

-Тан ууж буй ээжүүд барагтай бол витамин уудаггүй. Хүүхдүүд нь ч шарлалт, жингийн илүүдэлгүй, төрөх үеийн хүндрэл багатай төрдөг. Стресс хүүхдийн өвчлөлд шууд утгаараа сөргөөр нөлөөлөөд байна гэхээр ээжүүдийг буруутгаад байгаа юм шиг сонсогддог ч, ээжүүдийг стресстүүлдэг хүчин зүйл, ар гэрийн амьдрал, нийгмийн асуудал, ажил гээд олон зүйл хүүхдээ эрүүл тээх эсэхэд нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр сэтгэлзүйгээс гадна жирэмсэн эмэгтэйн хооллолт маш чухал.

Энэ цаг үед бид хүний хоолыг хянаж, хорих боломжгүй, боллохгүй хоолыг нь бүүр хорихгүй багасга л гэж хэлдэг. Юань гүрний үед бичигдсэн Хүсэхүй гэдэг хүний “Идээ ундааны жинхэнэ товчоо” гэж ном байдаг. Тэр номонд жирэмсэн ээжийн явдал мөр, идэх хоолны талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг юм.

Тухайлбал, жирэмсэн ээжийг эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд сэтгэлзүйг нь тайван байлгаж, зөв хооллолттой байлгах аваас ээж айж цочихгүй эрүүл хүүхэд төрүүлнэ гэж бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг.

-Жирэмсэн ээжүүдийн идэж болохгүй хүнсийг нэрлэвэл…?

-Жирэмсэн ээж, тахианы мах, өндөг их идвэл харшилтай, хатаасан болон шарсан загас их идвэл арьсны өвчтэй, ямааны мах их идвээс өвчлөмтгий хүүхэд төрнө. Ямаа, тэмээний мах сэрүүн чанартай. Бууз, хуушуур, котлет худалдаанаас авч идэхэд ч эрсдэлтэй. Тахиа, загасны мах нийтлэг хүнсэнд тооцогддог болсон цаг үе. Гэтэл сүүлийн үед хүүхдийн харшил утгаа алдсан.

Төрөөд л диатезитай, хурууных нь арьс хуулардаг, улайгаад юм туурчихдаг тохиолдол их байна. Сонирхуулахад, тахианы мах, өндөг хоёр амтлаг амттай хүнсэнд тооцогддог. Амтлаг амттай хүнсийг хэтрүүлэн идсэнээр цусан дахь холестрин ихсэж, цус өтгөрөх шалтгаан болно.

Уламжлалтын ойлголтоор цөс өтгөрснөөр арьсны өвчин үүсдэг. Энгийнчилбэл, энэ цагт төрж буй хүүхдийн тухайд гэдсэнд байхад нь л харшлын суурь тавигдаж байна гэсэн үг. Хүйгээрээ ээжтэйгээ холбогдоод ээжийн идсэн идээ ундааны хамгийн хэрэгтэй тунгалаг шимээр тэжээгддэг гээд бодохоор хүүхдээ эрүүл төрүүлэх эсэх нь ээжээс өөрөөс нь хамааралтай болчихоод байна.

Төрөлхийн өвчин гэдсэнд байхад тогтчих л юм бол хэзээ ч арилахгүй насан туршийн өвчин болдог. Олдмол өвчнийг харин эмчлэх боломжтой.

-Хүүхэд эхийн хэвлийд олдсон цагаасаа л гадна орчны мэдээллийг мэдэрдэг гэдэг. Төрүүлэх үү, болих уу гэх эргэлзээн дунд төрсөн хүүхэд ээжийгээ ээрэмтгий болдог гэж үнэн үү?

-Үнэн. Төлөвлөгөөгүй байхад олдож бөөн эргэлзээн дунд төрсөн хүүхэд ээжийгээ ээрэмтгий байдаг. Орхигдох гэж буй юм шиг айдастай болчихсон байдаг гэсэн үг. Тийм хүүхдэд ээж нь л дэргэд нь байвал бүх зүйл “ок” байдаг. Ингээд харахаар ээжийн сэтгэлзүй гэдсэн дэхь хүүхдэд асар том нөлөөтэй байгаа юм даа.

Үргэлжлэл бий.

Nio.mn сайтын редакц: Р.Цолмон эмчтэй хийсэн ярилцлагын үргэлжлэлийг маргааш хүлээн авч уншаарай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img