2024-12-26, Пүрэв
-20 C
Ulaanbaatar

Брэд Питт: Аав, ээж хоёр маань намайг тамын галд шатна гэж ихэд санаа нь зовдог

Сүүлийн 20-иод жил Холливудын секс бэлгэдэл гэгдсээр буй алдарт жүжигчин, продюсер Брэд Питт энэ сарын 18-нд 60 нас хүрчээ. “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-ийн тус бүр хоёр шагналтай тэрээр төрсөн өдрөө өөрийн найз бүсгүй, 33 настай гоёл чимэглэлийн дизайнер Инес де Рамоны хамт Парис хотноо цомхон тэмдэглэжээ. Вильям Брэдли Питт 1963 оны арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-ын Оклахома мужийн Шони хотхонд ачаа тээвэрлэлтийн компанийн менежер Вильям Питт, дунд сургуулийн сэтгэл зүйч зөвлөх Жейн Этта Хиллхаус нарын маш шашинлаг гэр бүлд төржээ. Дунд сургуулиа дүүргээд тэрээр Миссуригийн их сургуулийн сэтгүүл зүй, реклам сурталчилгааны ангид элсэн орсон ч төгсөхөөсөө хоёрхон сарын өмнө гэнэт сургуулиа орхин эрсдэлтэй алхам хийж жүжигчин болохоор Холливудыг зорьсон гэдэг. Ярилцлага өгөх туйлын дургүй түүний “ELLE”, ”Hollywood Reporter”, ”GQ”, ”People” сэтгүүлүүдэд сүүлийн жилүүдэд өгсөн цөөн хэдэн ярилцлагаас доорхийг нийлүүлэн та бүхэнд толилуулж байна.

-Та Америкийн зүрхэнд орших маш хуучинсаг үзэлтэй, урьд өмнө Ку-клукс-кланыхны нөлөө ихтэй байсан газар төрж өссөн. Энэ нь таны төлөвшилтөд мэдээж ихээр нөлөөлсөн байж таарна?

-Тэгэлгүй яах вэ. Анх том хот Лос Анжелест ирэхэд инээдтэй санагдсан шүү. Америкт Дэнзел Вашингтон шиг африк америкууд, Шон Пенн шиг ирланд америкууд, Майкл Дуглас шиг еврей америкууд байхад би ямар ч сонирхолгүй зүгээл л нэг америкийн америк хүн. Миний төрж өссөн нутагт шашин үнэхээр хүчтэй. Манайх баптист шүтлэгтэй, чанд сахилга баттай гэр бүл байлаа. Ням гариг бүрт сүмд очино. Оройн хоолны өмнө заавал ч үгүй залбирна…

Миний эргэлзээ төрүүлсэн анхны зүйл бол чухам шашин. Бурхны шударга ёсонд эргэлзэж эхэлсэн хэрэг л дээ. Бүр цэцэрлэгт байхдаа би, “Тэнгэрт дэвшээд би протестант, католикуудтай яг ижил нөхцөлд байх болов уу, яах бол?” гэж эргэцүүлснээ санадаг юм.

Брэд ПиттЕр нь шударга бус явдал хаанаас, яагаад гардаг нь миний сонирхлыг хэзээнээс татсан даа. Багадаа би хүмүүст ихэд таалагддаг хүүхэд байлаа. Харин зарим хүүхдийг томчууд тэгтлээ таалдаггүйг би анзаарч билээ. Тэгээд орой үдэш ээжээсээ “Томчууд надад сайн мөртлөө зарим хүүхдэд яагаад тааруухан ханддаг юм бэ?” гээд л шална.

Ээж маань, “Хүмүүст таалагдана гэдэг нэмэлт боломж, бас нэмэлт хариуцлага” гэж л хариулна. Гэвч инээдтэй нь, би тэгэхэд л хорвоо дэлхий шударга бус гэдгийг ойлгож, үүнд өөрийгөө буруутган гэмшиж билээ.

Улмаар юу хийж болох, юуг болохгүйг яг таг заадаг ягшмал догматик номлолтой шашинд би татагдахаа больсон юм. Ер нь аливааг зааж номлосон зүйл аюултай. Амьдрал гэдэг чинь оршин тогтнох эрхтэй ялгаануудаас бүрддэг шүү дээ. Иймд надад эртний грекүүдийн аз эз, уналт босолт гэх зэрэг амьдралын огцом эргэлтүүдийг бодолцдог сэтгэхүй илүү ойр. Тэд хүний төрөлхийн чанар, бодгалийг илүү сайн ойлгож байсан юм шиг.

-Гэхдээ та өр зөөлөн сайхан сэтгэлтэй хэн байхыг хичээдэггүй гэж үү?

-Хичээнэ гэдэг нэг хэрэг, харин өөрөөрөө байх эрхгүй гэж бодох өөр хэрэг. Би бол би. Харин би гэдэг янз бүр. Мэдээж илүү сайхан сэтгэлтэй байж биеэ барихыг хичээдэг л дээ. Гэхдээ байгаагаасаа илүү сайн харагдаж дүр эсгэх бус уг чанараараа тэгэхийг эрмэлздэг.

Брэд Питт-Миссурид амьдарч байсан зарчмуудтай зөрчилдсөн нь таныг их сургуулиа орхин гэрээсээ явахад хүргэсэн үү?

-Тэрхүү дотоод сэтгэлийн зөрчилдөөн нөлөөлсөн нь мэдээж. Их сургуулиа төгсөхөд хоёрхон сар дутуу байлаа. Оюутан найзууд маань ирээдүйн ажил, карьераа ам уралдан хэлэлцэнэ. Харин би сонинд сэтгүүлчээр ажиллана гэж өөрийгөө ер төсөөлөхгүй. Тэгээд л өөр юм оролдохыг шийдсэн юм.

Том хотод очиж өөр амьдралд умбахыг хүссэн. Би киноноос хорвоо дэлхийг таньж мэдсэн, кино бол миний хувьд ертөнцийг нээсэн цонх байсан гэх үү дээ. Гэвч манай Миссурид кино хийдэггүй. Иймд би кино над руу ирэхгүй учир би кино руу өөрөө очино гэж шийдсэн хэрэг. Тэгээд л аян замдаа гарсан даа.

-Том хотын өөр амьдралтай танилцах ямар байв?

-Жинхэнэ шоок, цочрол. Миний төрж өссөн нутагт архидалт, хар тамхи татах, ер нь элдэв муу дадал, авирыг сул доройн шинж гэж үздэг байв. Тэгээд хүн бүр дор бүрнээ сул доройгоо харуулахгүйг ихэд хичээнэ.

Гэтэл Лос Анжелест байж боломгүй зүйлс бараг л хэвийн үзэгдэл болсон юм шиг санагдаж билээ. Тэгээд тийм хүмүүсийг зэмлэхгүй байхад суралцаж, тийм байдалтай эвлэрэхээс өөр аргагүйд хүрсэн дээ.

Үүнээс гадна би төд удалгүй мөнгөний гачигдалд орж эхэлсэн. Түргэн хоолны газар үйлчлүүлэгчдийг татахын тулд үүдэнд нь тахианы дэгдээхэйн хувцатай бүжиглэн их сургуульд дөрвөн жил судалсан реклам сурталчилгаа гэж юу болохыг практик дээр мэдэж авсан даа. Дараа нь нэлээд хугацаанд тайчигч хүүхнүүдийг гоонь эрчүүдийн нийллэгүүдэд хүргэдэг ажил хийсэн.

Хаягаар нь хүргэж өгөөд хөгжмийг нь тавиад бүжиг дуусангуут хүүхнүүдээ хувцас хунартай нь хамж шимээд, үйлчлүүлэгчдээс мөнгийг нь аваад… дуудлага өгсөн дараагийн газар руу явна. Тайчигчид нь өршөөлгүй том хотод жижигхэн хот, бүр фермээс ирсэн хөдөөний охид. Тэднийгээ би ямар их өрөвдөнө гээч!

Би ч гэсэн Амжилтын Хотод хөл тавьсан хөдөөний ядуу залуу байсан учраас тэр биз. Эхний хагас жил би танилуудынхаа байранд шалан дээр унтдаг байлаа. Тэгэнгээ жүжигчний дамжаанд явж, дамжааныхаа нөхдийг даган жүжигчний агенлагуудад бүртгүүлнэ.

-Тэр үед танд хамгийн хэцүү нь юу байсан бол?

-Нэг агентлаг намайг нэгэн киноны жүжигчдийн сонголт, пробонд явуулсан юм. Хэсэг хугацааны дараа би агенлтаг руу сонголтын дүнг сонирхохоор утас цохьлоо. Агентын туслах бүсгүй утас аваад, “Та жүжигчний дамжаанд явах тухай бодох нь дээр байх” гэдэг юм даа. Би тэр үед жүжигчний дамжаанд яваад нэлээд удсан хүн. Тийм хариулт сонсоод өөрийгөө хэн ч биш гэж бодож билээ.

Үүнээс нэлээд хожуу, Холливудын од гээч болоод би бүр ч сонин байдалд орж илүүтэй гутрах болсон. Учир юу гэвэл анхаарлын төвд орж жинхэнэ бай болно гэдэг юу болохыг арьс махаараа мэдэрсэн дээ. Манай бөглүү хөдөө нутгийн барилгачдад нэг онцгүй уламжлал бий. Тэд барилгын хажуугаар ганц бие бүсгүйчүүд өнгөрөхөд исгэрч, элдэв өдсөн муухай үг хашгирдаг.

Тэгвэл би тэр од мод нь болчихоод өөрийгөө барилгын хажуугаар бус, бүр тэг дундуур нь явж буй бүсгүй мэт санагдсан. Тэгээд нэгэнт киноны тодорхой имижтэй болсон бол түүнийгээ тэр даруй устгаж байх нь зөв гэж бодсон юм. Иймд “Телма Луиса хоёр”-т ялдам залууд тоглонгуутаа “12 сармагчин”-д солиот эрийн дүрийг сонгож билээ.

Брэд Питт-Кинонайруулагч Беннет Миллер нэгэнтээ, “Брэд өнөөг хүртэл Дундад өрнөдийн залуугаараа үлдсэн” гэж хэлсэн. Тэнд онцгой, нэг нэгнээ түшсэн, тэнцвэртэй орчин байдаг гэсэн. Тийм нөхцөлд өссөн нь танд хүн бүр нэг нэгэтэйгээ өрсөлддөг киноны ертөнцөд тэнцвэрээ олоход тань тусалдаг уу?

-Би дээр хэлсэн. Би маш шашинлаг гэр бүлд төрсөн гэж. 20 настайдаа би багаас минь надад үнэмшүүлж суулгаж өгсөн бүхнийг үгүйсгэн гэр бүлтэйгээ тэрсэлдсэн. Үр дүнд нь гэр бүлийнхэн маань намайг байгаагаар минь хүлээж авахад хүрсэн дээ. Гэхдээ л аав, ээж маань намайг тамын галд шатна гэж ихэд санаа нь зовдог юм. (Инээв)

Харин гэр бүлийн үнэт зүйлсийг үгүйсгэн тэрсэлдсэн туршлага минь “Бүгдийг өөрчилж чадсан хүн” кинонд гол дүр Билли анд нөхдийнхөө хамт ойр тойронд нь болж буй үйл явдлууд буруу гэж үзэн ужгирсан тогтолцоог сөрөхийг нэлээд үнэмшилтэй харуулахад хэрэг болсон шүү.

-Тэгвэл та амьдрал дээр бүгдийг өөрчилж чадсан хүн мөн үү?

-Бүгдийг биш ч, өөрийгөө нэлээд өөрчилж чадсан гэж боддог.

-“Оддын зүгт” кинонд таны бүтээсэн дүр байнга өөртэйгөө ярьдаг. Харин бодит амьдрал дээр та тэгдэг үү?

-Мэдээж! Миний дотор оршдог залуу хэзээ ч амаа хамхихгүй юм шиг заримдаа санагддаг гээч. Тэр дотор хүн надтай хамт унтаад дөнгөж сэрэнгүүт чалчаад эхэлдэг дээ. Ер нь өөрийгөө бус, хажууд байгаа хүмүүсээ сонсож чадна гэдэг маш том сорилт юм шиг санагддаг. Энэ нь магадгүй хүний амьдралд хамгийн хэцүү үйл байж болзошгүй.

-Таны дотор оршдог залуу тэгээд юуны тухай ярьдаг вэ? Шүүмжлэх үү?

-Шүүмжлэлгүй яах вэ. Тэр нь намайг бүр галзууруулах шахах нь бий. Заримдаа тэр бусдыг шүүмжилж, тэр нь намайг биеэ тооход хүргэж урхинд оруулдаг талтай. Амьдралын замналд тохиолдох бүхнийг байгаагаар нь хүлээн авах хэцүү шүү дээ.

Жишээ нь, замын түгжрэл байна. Гэснээс, замын түгжрэлд гацахад яаж хандах нь хүний дотоод сэтгэлийн байдлыг илэрхийлдэг хэмжүүр байж мэдэх юм. Хүн өөрийгөө ямар ч нөхцөлд хянах чадвартай байх нь чухал гэж би боддог.

-Дотоод ертөнцөө тайван байлгахад танд юу тус болдог вэ?

-Би уран зургийн урландаа байсхийгээд очдог. Урлалнгийн орчинд би дуртай. Кино бол хамтын бүтээл шүү дээ. Зүйрлэвэл хөгжмийн хамтлагийн нэг гишүүний үүрэг гүйцэтгэнэ. Харин дүрслэх урлагт уран бүтээл зөвхөн чамаас өөрөөс чинь шалтга алдаг. Оюун санаанаасаа юу гарахыг харна гэдэг их сонирхолтой.

Би түүнчлэн найз нөхөдтэйгөө, гэр бүлтэйгээ байгальд, хөдөө хээр гарах дуртай.

-Таны найз нөхөд хэн бэ?

-Нэр усаар нь хэлмээргүй байна. Гэхдээ заримтай нь 30 гаруй жил дотно явна даа. Нэртэй архитектор Фрэнк Гери найзаа энд дурдъя. Тэр маань 90 нас гарсан ч эрэлхийлэл хийж бүтээх хүсэлтэй хэвээрээ.

-Та мөнх бус гэдгээ ухамсарладаг гэсэн. Та 60 нас хүрлээ. Нас явах талаар та юу боддог вэ?

-Би туулж өнгөрүүлсэн он жилүүдийн явцад хуримтлуулсан бүхий л туршлага, мэргэн ухаанаа хормын зуур залуу насаар солиход хэзээд бэлэн. Эргээд нэг залуу насандаа очвол ямар сайхан бэ!

-Гэвч та одоо ч гэсэн оворгүй, сайхан харагдаж байна шүү дээ!

-Бүх юм харьцангуй шүү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img