2024-12-26, Пүрэв
-20 C
Ulaanbaatar

East Asian Forum: Бээжин, Москвагийн нөлөөг сөрж буй бие даасан Монгол

“Зүүн Азийн форум” (“East Asian Forum”) цахим хуудсанд манай улсын тухай ийм нийтлэл гарчээ.

Монгол Улс их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн, сонгуулийн ардчиллын динамик байдал зэрэг ашигт малтмал дээр суурилсан жижиг эдийн засагтай орнуудад тулгардаг сорилтуудыг амжилттай даван туулж байна. Гэвч өнөөгийн улс төр, эдийн засгийн чиг хандлагыг болгоомжтой зохицуулахгүй бол 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө тус улс цөөнгүй хүндрэлтэй нүүр тулж болзошгүй.

Бээжин, Москвагийн зүгээс Улаанбаатарт нөлөөлөх оролдлого хийдэг ч Монгол Улс бие даасан гадаад бодлогоо баримталсаар байгаа билээ. Тухайлбал, Монголын шашны тэргүүлэгчид Түвдийн буддын шашны гол удирдагчдын нэг болох аравдугаар Богд Жавзандамба хутагтын хойд дүрийг Хятадын оролцоогүйгээр тодруулсан нь Бээжингийн нэр нөлөөнд муугаар нөлөөлсөн юм. Харин Оросын эрх баригчид Монголд барууны нөлөө ихсэж болсонд удаа дараа дургүйцлээ илэрхийлсэн.

Эдгээр санааг нь зовоосон асуудлууд Бээжин болон Москваг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нартай 2023 оны есдүгээр сард болох гурван талт уулзалтад урих шийдвэрийн цаад үндэслэл нь болсон биз ээ.

Монгол Улс Хятад, Оростой тэнцвэртэй харилцаагаа хадгалахын зэрэгцээ эдгээр хоёр их хөршийнх нь геополитикийн шууд өрсөлдөгчид болох Франц, АНУ, Польш, Өмнөд Солонгос зэрэг улстай улам бүр нягт хамтран ажиллах болов. 2023 онд АНУ, Өмнөд Солонгос Монголтой стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлж, онц чухал ашигт малтмал олборлох талаар гурван талт яриа хэлэлцээний механизмыг бий болгожээ. Тэгвэл Францын компаниуд Хятадын зах зээлд экспортлохоор Монгол дахь ураны уурхайг хөгжүүлэх хэлэлцээрийг эхлүүлсэн байна.

Монголын удирдагчид геополитикийн ижил төстэй нөхцөлд буй улс орнуудтай харилцаа холбоогоо өргөжүүлж, олон талт дипломат харилцааг эрхэмлэдэг ажээ.

Монгол Улс 2023 оны зургадугаар сард бүс нутгийн аюулгүй байдлын талаар олон улсын дипломатчид, эрдэмтэн судлаачид санаа бодлоо чөлөөтэй хуваалцдаг төвийг сахисан талбар болсон “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г найм дахь удаагаа зохион байгуулсан юм. Мөн энэ сард Монголд Хятад, Энэтхэг, АНУ, Япон, Өмнөд Солонгос оролцсон “Khaan Quest” буюу “Хааны эрэлд” хэмээх жил бүр зохиогддог энхийг сахиулах хээрийн сургууль болжээ.

Социализмын үеэс улбаатай холбоо харилцаагаа түшиглэн Монгол Улс Вьетнам, Лаос, Казахстан, Киргизтэй дээд хэмжээний хэлэлцээ хийхийн сацуу Зүүн-Өмнөд болон Төв Азитай худалдаа, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлж байна.

Тус улс түүнчлэн Хятад, Оросын зүгээс дарамт шахалт үзүүлэн Шанхайн хамтын ажиллагааны байгуулагад элсэхийг уриалдаг ч энэхүү байгууллагын ажиглагчийн статусаа хадгалан үлдсээр байгаа юм. Монголын нээлттэй, олон тулгуурт, төвийг сахисан, энх тайвныг эрхэмлэсэн дипломат ажиллагаанууд бие даасан гадаад бодлогынх нь уян хатан байдлыг улам бүр нэмэгдүүлсээр.

Дарангуй авторитар дэглэмтэй хөршүүдтэй ч Монголын ардчилал бат бэх, хүний эрх, олон ургальч үзлийг баримталсан хэвээр байна. 2023 онд Ромын пап Францис Монголд хүрэлцэн ирэхдээ бөө, буддист, христ болон лалын төлөөлөгчдийн шашин хоорондын яриа хэлэлцээнд оролцсон юм.

Монголын иргэний нийгмийн орон зай нээлттэй хэвээр байгаа нь барууны болон орон нутгийн төрийн бус байгууллагуудад улс төрийн болон иргэний эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгодог байна. Энэхүү хууль эрх зүйн орчныг өөрчлөх гэсэн популист бүлэглэлүүд, төрийн зарим албан тушаалтнуудын хэд хэдэн оролдлого бүтэлгүйтсэн нь Монголын иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн хөл дээрээ баттай зогсож нөлөө ихтэй болсныг бэлхнээ харуулна.

Улс төрийн лидерүүд, намууд нь ерөнхийдөө сонгуулийн ардчиллын дүрмээр тоглодог ажээ. Монголын парламент буюу УИХ ардчилсан засаглалыг батжуулах үүднээс сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, УИХ-ын мандатын тоог 76-гаас 126 болгон нэмэгдүүлэх тухай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2023 оны тавдугаар сард баталсан ба энэ нь 2024 оны парламентын сонгуулиар хэрэгжиж эхлэхээр болжээ.

Гэсэн хэдий ч Монгол Улс бүлэглэлүүдийн, эсвэл хуульд захирагддаг ардчиллын аль руу эргэх нь тодорхой бус хэвээр. Монголын ардчиллын тогтвортой байдалд томоохон сорилт болж буй зүйл бол авлига.

Авлига газар авсныг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан өрнөсний дараагаар эрх баригч МАН 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан юм. Тус улсын Засгийн газар энэхүү зорилгын хүрээнд мэдээлэгчдийг хамгаалах, төрийн албанд танил талаа дэвшүүлдэг явдлыг таслан зогсоох, авлигын хэрэгт буруутгагдсан хүмүүсийг гадаадаас шилжүүлэн авах, улсын өмчөөс завшсан эд хөрөнгийг хураах, ил тод байдлыг дэмжин тэтгэх зэрэг таван арга хэмжээ авах болсноо зарлажээ.

Гэвч МАН-ын удирдлага дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр ихээхэн хүчин чармайлт гаргаж буй ч зохих үр дүнд хүрэхгүй байна. Учир юу гэвэл 2023 онд ил болсон Тавантолгойн нүүрсний хэрэг, Боловсролын зээлийн сайн, Тариалан эрхлэлтийг дэмжих санг тойрсон дуулианд эрх баригч намын гишүүд нэр холбогдсон юм. Үүнээс гадна эрүүгийн хэрэг бүртгэлт, шүүх ажиллагаа удаашралтай байгаа аж. УИХ-ын сонгууль ойртох тусам эдгээр шийдэгдээгүй хэргүүд Монголын сонгуулийн ардчиллын мөн чанарт заналхийлж болзошгүй.

Тус улсын эдийн засаг ч 2023 онд хүндхэн сорилттой тулгарсан. УИХ, Засгийн газар инфляцийн өсөлт, амьжиргааны өртөгийн эсрэг хариу арга хэмжээ авч, найм, есдүгээр сард албан хаагчдын цалинг нэмсэн учраас л тэр. Дээр нь цалин, тэтгэврийг 2024 оны дөрөвдүгээр сард багтаан дахин арван хувиар нэмэхээр баталжээ.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй парламентын гишүүд Хятад руу хийх нүүрсний экспорт цаашид нэмэгдэнэ гэсэн итгэл найдвар тээн маш өөдрөг төсвийг баталсан ч эдийн засаг эрсдэлтэй зам руу орж байна.

Монгол Улс өрөө барагдуулах гэж зүдэрч байгаа бөгөөд Хятадтай байгуулсан валют своп хэлцлээ 2025 он хүртэл сунгалаа. Энэхүү валютын своп хэлцлийн үлдэгдэл 15 тэрбум юань буюу 2 тэрбум ам.доллар юм. Украинд үргэлжилж буй дайн түлш, шатахууны хангамжийн хямралд хүргэх магадлал өндөр бөгөөд энэ нь тус улсын Засгийн газар, ард иргэдэд асар их бэрхшээл учруулах аюултай.

Үүнээс гадна Монголын эдийн засаг Хятадын зах зээл, хөрөнгө оруулалт, дэд бүтцээс хэт хамааралтай хэвээр байна. Монголын нийт экспортын 91.5 хувь Хятад руу гардгаас 62.3 хувь нь нүүрсний экспорт юм. Геополитикийн аливаа цочролд өртөмтгий, өрийн зохицуулалтын өндөр ачаалалтай, дэд бүтэц муу хөгжсөн зэргээсээ шалтгаалан тус улс ойрын хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад хүндрэлтэй.

Монгол Улс бие даасан гадаад бодлого, ардчилал, эдийн засгийнхаа хувьд тэсвэртэй, бат бэх гэдгээ харуулж буй. Гэвч дотоодын улс төрийн өрсөлдөөн, үр ашиггүй популист эдийн засгийн бодлогоос үүдэн 2024 онд нэлээд хүндрэлтэй учрах төлөвтэй. Хэрэв болгоомжтой зохицуулахгүй бол Монгол Улс өрөнд баригдсан эдийн засгаа үр дүнтэй удирдах арга замыг эрэлхийлэхдээ маш болгоомжтой менежмент явуулахгүй бол улс төрийн тогтворгүй байдалд орж магадгүй юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img