2024-12-04, Лхагва
-22 C
Ulaanbaatar

Яруу найрагч Т.Баянсан: Ад үзэгдэхээс айхгүйг сургасан Адлерийн сэтгэлзүй давамгайлсан зохиолын хандлага хэрэгтэй байна

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсантай уулзаж хөөрөлдлөө. “Зүс бүгэг андууд” хамтын түүврээр их утга зохиолд дуулиан тарин орж ирсэн Увс нутгийн долоон залуугийн нэг тэрээр Монголын мөнгөн үеийн яруу найрагчдын зонхилох төлөөлөгч болжээ. Борлууд овогт Т.Баянсан “Гуниг шагайх үдэш”, “Тэнгэрийн цавчилт”, “Сар гуаглах зүсэм үдэш”, “Хоосонг идэгч”, “Наймааны чулуу”, “Хожмын лаатай уншигдах ном”, “Харанхуй хутга”, “Мөсөн тэнгэрийн шувуу”, “Алсыг зүсэгч явдлууд”, “Цуснаас минь цэцэглэгч” зэрэг яруу найраг, хүүрнэл зохиолын олон ном туурвисан уран бүтээлч билээ.

-Уран зохиолд 1990-ээд оныхны тарьж ургуулсан баялаг ургацыг галдах шиг, самрах шиг байдал шинэ мянганд үүсээд явчихсан-

-Та өөрийгөө Малига Баяуд гэж нэг бус удаа хэлэхийг сонслоо. Одоогийн баяд ястан “Монголын нууц товчоон”-д гардаг Баягудын үртэс мөн үү?

-Баядууд гэхээр зөвхөн Увс аймгийн тав зургаан суманд амьдардаг цөөн хүмүүс биш юм. Хаа сайгүй байдаг. Баядууд Монголоор нэг тарсан, магадгүй дэлхийгээр нэг тархсан. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Баянхонгор, Архангай аймагт баядууд байна. Ихэнх нь өөрсдийгөө халх гэж ярьдаг.

Баяд гэдэг нь “Монголын нууц товчоон”-д “Малига Баяуд хүн” Алунгоо эжийн баруун хаяанд хэвтэж байсан эсэхээс үл хамаарна. Их эзэн Чингис хааны дээд өвөг Боданчир Мунхаг тэндээс үүссэн байж магад” гэсэн нэг тийм яриа байдаг даа. Би яриа гэж хэлж байна шүү. Би тэрэнд их шүтэж Малига Баяд энэ тэр гэж ярьж явдаггүй. Тэр бол магадгүй шаштир, домог л юм. Гэхдээ баяд ястан Малига гэдэг үгтэй холбогддог байгаасай гэж бодож явдаг хүн дээ.

-“Уур хүрмээр олон бөхтэй Увсын Тэс сум” гэж төрсөн нутгаа нүдэнд харагдтал бичиж байсныг чинь сайн санах юм?

-Манай аав, ээж хоёр Тэсийнх. Ээжийн хувьд Зүүнговьдоо бас харьяалагдана. Тэс, Зүүнговь хоёр чинь танай Заг, Байдраг шиг нэг зоосны хоёр тал шиг сум байхгүй юу. Аав маань Хэнзэйн Төр гэж хүн байлаа. “Танай аав ямар сайхан эр байлаа” гэж хүмүүс намайг их голдог. “Ааваасаа юуг авах ёстой байсан юм” гэхээр “Толгой тархийг нь чи авсан ч сайхан царай зүс, нүд хөмсгийг нь авч чадаагүй” гэдэг юм. (инээв.Л.Б) Аав маань олонтой хүн. Найзуудынхаа үр хүүхдэд хийж өгсөн эмээл, хазаар өдийг хүртэл хадгалагдаж ирсэн юм билээ.

Увсын Зүүнговийн уугуул аймгийн заан агсан Мишигийн Гомбо ах “Аавынхаа хийсэн эмээлийг очиж аваарай” гэж байсан. Зайлуул, бурхан болчихлоо доо. Гавьяат хуульч Дамбийн Дорлигжав, Улсын начин Донровын Төрмөнх гэхэд л аавын минь “тамхилж” явсан хүүхдүүд гэхээр өнөө хэрнээ сайхан санагддаг юм.

-Увсын Тэсээс алдартай бөх, авьяастай дуучин, адууны бэлчээртэн төрдөг гэж ярих юм билээ?

-Тэс, Зүүнговь сум бол өвөл нь хасах тавин хэмтэй, зун нь дөчин хэмийн халуунтай байгалийн эрс тэс уур амьсгалтай нутаг шүү дээ. Нутгийнхан маань зун нь эсгий гутал, үстэй дээл өмсдөг.

Харин өвөлдөө дан дээлтэй морин дэл дээгүүр давхиж ч мэднэ. Үстэй дээлийг эргүүлээд өмсөхөөр халуун дотогшилдоггүй зуны хувьд сэрүүн, өвөлдөө дулаан хувцас юм байна л даа. Энэ гайхалтай аж төрөхүй, ойлголтоороо ертөнцийг харчихсан хүмүүс л дээ. Малын хулгайчийн хувьд яагаад урт гартай болсон юм бэ гэмээр хэсэг хүмүүс байдаг л даа. Тагна-Тувагийн урианхайчууд гэж сонин улс цаана нь бий.

Манай нутаг чинь уг нь Хотгойдын Алтан хаан гэх Убаши хунтайжийн нутаг шүү дээ. Энд баядууд нутагших үеэс урианхай нар нь баядуудынхаа эх нутгийг нь эзэлчих, эрх мэдлийг нь чөдөрлөчих санаа өвөрлөдөг байж л дээ. Тиймээс Тува урианхайн амбан ноёд нь хулгайч нараа хошуу хязгаарын бодлогын түвшинд дэмжиж турхиран баядуудын мал хунарыг хөөдөг туудаг, хулгайлдаг, дээрэмддэг байсан юм билээ. Үүнд нь баядууд юу гэж найр тавих билээ дээ.

Хариуг нь хатуухан өгч таарна биз дээ. Малаа ч буцааж авна, магнаг торгон дээлтэй хүүхнүүдийг нь ч босгож богтолж авна. Тиймээс Тэс, Зүүнговийнхон нутаг хүлгээрээ, хүчирхэг эрчүүдээрээ, хүсмээр сайхан хүүхнээрээ алдартай болсон ч байж мэдэх юм.

-“Тэрхийн голын хүүхэн ванлий” гэж сонссоноос Тэсийн голын бүсгүйчүүд гайхам гэж дуулаагүй л юм байна…

-Тэгж хэлэх юм бол Тэрхийн голын хүүхнээсээ илүү Тэсийн голын сэвгэрүүдэд сээтэн хаядаг юм шүү, танай төв халхчууд. (инээв.Л.Б) Би нэг тодорхой жишээ хэлье. Хоёр мянган онд Ардчилсан нам бас л навс унасныхаа дараа “Ард түмнээ сонсъё” гэсэн уриатай үйл ажиллагааг улс даяар явуулсан даа.

Хорин дөрвөн жил өнгөрчээ. Ардчилсан нам бол Монголын оршин тогтнохуйн амин сүнс болсон нам л даа. Гэхдээ өнөөдөр ямар болчихоод байна. Өмнө нь ч бас ингэж шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болж дарангуйллын үр хөврөлийг өндийж босоход орон барьж, зай тавьдаг байсан юм. Тэгээд л ард түмэнтэйгээ хамт дарангуйллын далайлтанд өртөөд ирэхээрээ ард түмнээ сонсож эхэлдэг дээ.

Тэр хорь гаруй жилийн өмнө Ардчилсан намыг төлөөлж Р.Гончигдорж Тэс суманд очоод уулзалтын дараа манай хүүхнүүдийг хараад “Тэсийн голын хүүхнүүд Тэрхийн голын хүүхнүүдээс илүү гоолиг ч юм, гоо сайхан ч юм аа” гэж нуулгүйгээр дуу алдаж байсан л юм даа. Бөхчүүдийн хувьд улсын заан Бумбаяр тэргүүтэй олон цолтон төрсөн нутаг аа. Тэсийнхэн хар багаасаа л барилдаж ноцолдохын өвчтэй улс. Би хүртэл багадаа ноцолдож л явсан гэвэл одооны хүүхдүүдийн элэг хөших байлгүй.

-Танай сумаас зохиолчид олон төрсөн үү?

-“Улсын дөрөвдүгээр зэргийн уран зохиолч” гэсэн үнэмлэх авч байсан Нямын Бүрнээбаатар гэж хүн байсан байдаг юм. Өмнөх зууны гучаад он С.Буяннэмэх, их зохиолч Д.Нацагдоржийн үед шүү дээ. Өвөө маань Нямын Хэнз гэж ерөөлч, магтаалч хүн байлаа.

Би чамд нэг онигоо ярьчихъя. Аавын дүүгийн отгон хүүгийн найранд очтол “Яруу найрагч та ерөөл магтаалаа хайрлана уу” гэлээ. Надад тэр нь байдаггүй. Үеэлүүд маань бүгд ерөөж магтаж, би сэтгэлээр нэг их унаж билээ. (инээв. Л.Б) Аман зохиол, уран зохиол хоёр тийм их ялгаатай зүйл л дээ.

Одоо ч манайхан уран зохиолоосоо аман зохиол руугаа буцаж байна. Сайн яруу найрагч болчихоор, тэсрээд тэлээд гараад ирэхээр залуучууд хөтлөгчийн эрин үеийг бүтээж, шоуны шоо найрч байна даа.

-Та хэдтэйгээсээ шүлэг зохиол бичив?

-Нэгдүгээр ангид байхдаа “Октябрь” гэж шүлэг бичин, сургуулийн ханын сонин дээр “хэвлүүлж” байсан. Тэр үед юу харж мэдэрснээ л бичдэг байлаа. Сандал хараад сандлын тухай шүлэг бичнэ. Сүүлдээ нэг л өдөр ухаан орсон юм даг. Ах Даваажав маань Ой аж ахуйн жимс, чацарганы станцад ажиллаж байхдаа “Утга зохиол урлаг” сонин захиална.

Морь, сандлынхаа шүлгийг бичээд явж байтал энэ сонин дээр Данзангийн Нямсүрэнгийн “Хаврын урсгал” номонд Ч.Билэгсайханы бичсэн номын шүүмж гарсан байдаг юм байна. “Гэгээн өглөөний шүлгүүд” шүүмжийг уншаад “Би юу хийж байна аа” гэж зургадугаар ангийн зуйван толгойтой нөхөр чинь тарвас шиг тархи руугаа цохьж, усы нь сэгсэрч эхэлсэн юм. Өөр юм бичих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож эхэлсэн хэрэг.

-Аравдугаар ангиа хаана төгсөв дөө?

-Улаангом хотын нэгдүгээр арван жилийн сургуулийг төгссөн. Ховдын Багшийн дээд сургуулийн оюутнууд ирж дадлага хийнэ. Ренчингийн Батаахүү гэж багш оюутнуудаа авч ирнэ. Тэр хүн надад бас их нөлөөлсөн.

Наян дөрвөн онд “Пионерын үнэн”, хоёр жилийн дараа “Тэргүүний малчин” сонинд анхны шүлгүүд маань хэвлэгдэж их л догдолж явлаа. Усны талон зардаг нэг эгчийн ширээн дээрээс шүлгээ нийтлэгдсэн сонинг авч зугтаад, гүйж явах зуураа уншиж, цаасы нь үнэртэж бөөн баяр болж байлаа. Нүрзэдийн Цогт-Очир багш маань утга зохиолд хайртай болоход бас нөлөөлжээ.

-Ховдын Багшийн сургуульд суралцлуу?

-Наян найман онд Ховдын сургуульд очиход утга зохиолын онолыг одооны ардын багш Д.Галбаатар заалаа. Анхны хичээл дээр “шавь төвтэй сургалт” явууллаа. Шавь болсон наддаа зургаан төгрөг өгч тамхинд явууллаа. Таван төгрөгөөр нь Болгарын “ВТ” янжуур авчраад өгсөн чинь урдаас шидээд “Беломорканал” гэдэг тамхи авчрах байсан юм” гэж загнаж байлаа.

МУИС-ийн Социологийн тэнхмийн багш, Монголын Зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд”-ийн шагналт орчуулагч, яруу найрагч “турк” хэмээх Дашзэгвийн Мөнхтөр тэгэхэд хорин хоёрхон настай цэл залуухан багш ирж байсан. Цоо шинэ өмд гонжоомтой нарийхан цагаан нөхөр ирж, сургуулийн коридороор амаа дарсхийн ичингүйрч явсан нь одоо энэ доктор, профессор С.Энхбаяр багш. Галаа багш бидэнд онол, нэр томьёо ярьдаг бол Энхбаяр мэдрэмж рүү чиглүүлдэг багш байлаа.

Сэтгэхүйн тэлэлтийн тухай мэдээлэл өгнө. Өрөөгөө цэвэрлүүлсэн манай ангийн охидод “Ховдын сургуульд уран зохиол орно гэдэг там юм. Танай ангид орохоор л Баянсан гэж новштой хэрэлдэж сэтгэл нэг уужрах юм” гэж ам алдсаныг сонсож л явлаа. Би яахав, загас шиг дуугүй болчихдоггүй, хариу болгож ганц нэг үг хэлдэг байсан юм шиг байгаа юм. Тэрнээс тэр хүн багш гээд дандаа нэг талаас тургиад байвал хайран шүлсний гарз биз дээ. (инээв. Л.Б) Бодвол ам хэлийг нь амраадаг хүн байгаад баярладаг байсан байх.

-Танай сургуулиас ч нэгэн үеийн олон сайхан уран бүтээлч төрсөн дөө?

-Намайг очиход дөрөвдүгээр курст Гэндэнсамбуугийн Бадамсамбуу гэж ер нь луувгар нөхөр байлаа. Мань мэттэй ер нь л тоож дуугарахгүй. Ярилаа гэхэд “Ийм ш дээ, тийм ш дээ” гэж аймаар сургааль айлддаг тэнгэрийн амьтан. Уламжлалаараа Говь-Алтайгаас шүлэг зохиол бичдэг оюутан олон байсан.

Одоо нутагтаа аж төрж буй Шунхайн Цоодол найрагч, Дарханд сууж буй Ланзадын Мөнхбаатар найрагч нар бас л түхгэр амьтад. Үй зайгүй хөтлөлцөөд явж байсан нөхөд гэвэл Говь-Алтайн Хөхморьтын Дашдондовын Цогбадрах, Монголын радиогийн Балсангийн Лхагвасүрэн бид гурав юм даа. Манай Цогоо мэдрэмжийн шүлгээрээ аугаа том найрагч байсан даа. Цогоогийн шүлгийг уншаад Ли Бо юм даа гэж боддог байлаа.

(Т.Баянсан найрагч андынхаа нэгэн шүлгийг ийнхүү догдлон дуудсан юм. Л.Б)
“…Жаахан хөвгүүн мэт элсэн дээр сараачин
Жаргах нарны дор удаан суунам, би
Үй олон тогоруу талын мандалд айсуй
Үүлэн өмсгөлийн хормой дэрвэлзсээр
Үзэх нүдний өмнө чи ирнэ
Уйтгарт сүүдэр минь хань болон бөгтийж
Улбар туяа мэт баларлаг санаа элсэн дээр үлдэнэ
Учралд нэрвүүлсэн харц өөдөөс ширтэх мэтэд
Учиргүй балмагтаж
Уран дүрийг арай урлан өндийтөл
Уруулын инээмсэглэл салхитай хамт одно
Чамд миний тухай төсөөлөл төрвөөс
Чимээгүй алсад гэрэлт үүлсийг ажин
Чин хайрын уянгат дуу аялаарай
Аглаг салхин өлмийд чинь унаж
Аяа, чи өөрийн инээмсэглэлээ олж танина…”

Энэ мэт гайхамшигтай шүлгүүдээ аль 1991 онд бичсэн найрагч даа. Лхагвасүрэнгийн өгүүллэгийн ном бол мэдрэмжийн чинад ертөнцийг зорьсон бүтээл болсон байна лээ.

-Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан танай сургуульд очихдоо таныг тэнгэрт гартал магтсан гэдэг бил үү?

-1989 оны намар “Багш” сонины эрхлэгч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Галсан абугай Ховд дахь УБДС-ийн ректор, эрдэмтэн багш Н.Жадамбаагийн урилгаар морилж, уран зохиолын дугуйланд зочлон шүлэг зохиол сонсоод “За, Баянсан чи бос” гээд манай сургуулийн дугуйланг дугуйруулж харснаа “Энэ сургуулиас утга уянга, гүн сэтгэмжийн том яруу найрагч төрж гарсан байна. Энэ Баянсанг хэлж байгаа юм. Манай яруу найрагчид чинь энэ нөхөр шиг иймэрхүү л зүс царайтай хүмүүс байдаг юм. Та нар миний хамрыг харж байгаа биз дээ. Намайг монхор Галсан гэдэг юм. Монгол Галсан ч гэдэг. Олон Галсан бий л дээ, орос Галсан, герман Галсан гээд. Манай яруу найрагчид дотроос гял цал болсон хүн тун ховор, тас тас инээж үс зүсээ янзалдаг нь Дэндэвийн Пүрэвдорж л байх” гээд ёжтой инээж билээ.

Би Галсан гуайд хадаг бариагүй болохоос багшаа гэж дотроо хүндэлж хайрлаж явдаг. Шинэ гарсан номуудаа заавал чиг барьж очдог. Бид ийм л харьцаатай. “Утга зохиол, урлаг” сонины жаран жилийн ойгоор уулзаад “Баянсангаа би хоосон сан болчихвуу гэж ихэд харамсаж байлаа. Тэгсэн чинь лут сайн болжээ. Лусын сан болжээ. Тэр Монголын үргэлжилсэн үгийн зохиолыг агуулгын хувьд шинэчилсэн хүн” гэж хэлэхэд миний ичсэн гэдэг жигтэйхэн.

-Монголын утга зохиолд тэсрэлт хийсэн “Зүс бүгэг андууд”-ынхаа талаар яриач?

-Билгүүн судрын бие мэт дотогш гүн, уран будгийн өнгийг ертөнцийн зүстэй хольж хутган урлах мэт амьдарсан зураач, яруу найрагч Баатархүүгийн Пүрэвсүрэн маань тэнгэрийн орноо зорчоод 13 жил өнгөрчээ.

Бусад маань П.Лхагвасүрэн, Ц.Эрдэнэ, Г.Бадамсамбуу, Ц.Цэнд, М.Уянсүх нар уран бүтээлээ хийж, зарим нь түр зуур амарсан маягтай бясалгалын зөрөг зам даган аж төрцгөөж л байна. П.Лхагвасүрэнгийн дуу дэлхийн хит болж. М.Уянсүх роман руу маш амжилттай хөрвөн ороод, ёстой нэг чөлөөтэй сайхан хөрвөөж тангарч байна. Ц.Цэнд дахин тэсрэх гээ л доторх дарь хүхрээ базаагаад байх шиг байна лээ. Саяхан ярилцахад тийм өнгө мэдрэгдсэн шүү.

Дүү нар маань харин биднийгээ шахаж шамдуулах, доороос түлхэх хөдөлгөөнийг нэлээд хийж байна шүү. Зам зуураа над мэт нь тэгсхийгээд гээгдэх биз дээ. (инээв)

Т.Баянсан-Та яасан бэлгэгүй үг хэлж байх юм. Таныг харин ч ид бүтээж туурвиж, уран зохиолын төлөө чөмгөө дундалж яваа гэж боддог шүү…

-Уран зохиолын хандлага ер нь жаахан буруу явчихсан юм шиг санагдах боллоо л доо. Хэн нэгнийг онох гэж шидсэн чулуу шиг тийм зохиол хэрэггүй болсон ч байж мэдэх юм. Харин хэн нэгнийг өөртэйгээ ярих сэдэл өгсөн зохиол хэрэгтэй болж.

Ер нь зохиол бичнэ гэдэг чинь ч дээ, хэрүүлийн алим өнхрүүлэхээс ялгаагүй болсон юм биш үү. Аугаа их Зигмунд Фройд л гээд байсан. Их сэтгэгч Белинскийн онол, сэтгэлгээг амжилттай үргэлжлүүлж, улам нарийсган, сэтгэлзүйг шинжлэх ухааны түвшинд хүргэсэн ч гэдэг билүү.

Тэр сэтгэлзүйч нь хүний араатан чанарыг улам том, улам тод зурж, сүнсээр гэгээрсэн бус сүүдэртээ харанхуйлсан ертөнцийг л илүүтэй тунхаглаж, түүнийг нь дагаж араа шүдээ ярзайлган давхисан маань тоймгүй санагдах болов. Ийм сэтгэлзүйн тавцан дээр суурилсан сэтгэлгээтэй уран зохиол нэг л биш юм шиг санагдаад л.

Харин хүнийг хэн нэгэнд таалагдахын тулд биш өөрөөрөө байх, хүнээрээ, ухаан билигт ертөнцөөрөө байхыг, ингэснээрээ ад үзэгдэхээс айхгүй том байхыг сургасан Адлерийн сэтгэлзүй давамгайлсан зохиолын хандлага их хэрэгтэй болж байна уу. За тэгээд миний үг ч гэж дээ. Бурхан байтугай чөтгөр ч мэдэхгүй юмны тухай балай юм бодоод сууж байна гэдэг солиотой л үйлдэл биз ээ.

-Та энэ жилийн “Болор цом”, “Утгын чимэг” наадмуудад бүтээл өгөөгүй юм уу. Чанар чансааг нь голоод байна уу, эсвэл огт “шонгүй” үлдэв үү?

-“Би тэнэг байжээ” гэдэг шиг яруу найргаа, ядахдаа цомд уншигдаж байгаа шүлгийн ганц нь ч гэсэн гайгүй байгаасай гэж бодоод л тэр наадамд шүлгээ өгдөг, уншдаг болсон юм. Бусад яруу найргийн наадамд ч оролцож эхэлсэн минь саяхны л явдал гэдгийг мэдэх нь мэдэх биз ээ.

Даанч дээ гэмээр юм жолоо өргүүлээд, шүүгчээр суусан нөхдүүд нь шүдээ тачигнуулан “жаргаж” суугааг хараад тэсэхгүй үг хэлчихдэг тал бий. Тэгэхээр “Энэ Баянсан гэдэг этгээд байр сав эзлээгүйдээ хорсож, шээс алдах нь ээ” гэж боддог, тэгээд жигшин зэвүүцдэг юм билээ.

Энэ олон наадмын чинь ганц шүлэг нь ч гайгүй юм байгаасай гэж уншдагаа хаана ч хэлнэ. Түүнээс биш над шиг насны, над шиг зүсний хүнд тайз ч хэрэггүй, элдэв пайз ч хэрэггүй. Яруу найраг уран зохиолын “Сэрсэн тал” гэдэг шиг сайхан болж байсан харгуйг, 1990-ээд оныхны тарьж ургуулсан баялаг ургацыг галдах шиг, самрах шиг байдал шинэ мянганд үүсээд явчихсан.

1950 оны цагаан шүлгүүд, ерөөл магтаал, ертөнцийн үнэнийг таньсан бүдэгрэл яруу найраг, уран зохиолд бүчээд ороод ирсэн дээ. Энэ жил би “Болор цом”-д шүлгээ өгсөн л дөө. Залуучууд маань бөөнөөрөө хүч түрэн орж ирсэн юм чинь миний муу шүлгэнцэр хэмх мөргүүлээд, хэрзгэр яс шиг шидэгдсэн хэрэг.

“Утгын чимэг”-тээ бол би ужиг жажиг болсон амьтан. Олон удаа шилдгээр шалгарч байсаан. Бусаддаа хааяа ч гэсэн зай гаргаж өгөөд, холхон очоод агаар амьсгалж байх ёстой биз дээ.

-Ойрд Увс нутагтаа очив уу?

-Нутагтайгаа цаг ямагт хамт л байна. Очсон ч бай, очоогүй ч бай түүнд огтын ялгаа байхгүй. Харин манай нутгаар аялж зугаалж, Увс, Хяргас нуурын эрэг дагуу хурсан өөр нутгийн үй түмэн хүнийг хараад бахархалтай сайхан санагддаг. Увс нутгаараа очоорой, тэгэхдээ намайг санаж байгаарай. Тоглосон юм шүү. (инээв)

-Та Ховдын Багшийн сургуульд оюутан байхдаа ардчиллын анхны жагсаалыг зохион байгуулалцаж явлуу?

-Тийм нэг юм болсон. Би тэнд байж таарсан. Тэнд дандаа хэтэрхий мэргэн жараахайнууд цугларсан байгаад анхны мундаг жагсаал хийчихсэн эсэхэд эргэлзэх болсон. Хар залуудаа энэ тухайд гавьяатан мэт ярьж, бичиж, онгирч л байсан байх. Одоо бол эргэлзээтэй. Энэ байтугай бүх зүйл эргэлзээтэй. Эргэлзээтэй зүйлүүд л энэ ертөнцийг бүтээсэн гэдэгт харин эргэлзэхгүй байгаа.

-Өнөөгийн нийгмийг юу гэж бодож байна. Монгол eр нь хөгжөөд байна уу, хөгөө хөлдөө чирээд байна уу?

-Би тийм ч гутранги хүн биш. Өөрийгөө ганц ч удаа зүхэж байсан удаагүй. Болж өгвөл энэ муу биеэ өргөөд гүйхсэн, тэврээд үнсэх сэн гэж бодож явдаг. Тийм хүн чинь дотор нь орогнол эрэх мэт амьдарч байгаа нийгмээ муулах ёс зүйн эрхгүй л дээ.

Харин нийгэм гэх хий агаарыг биш чонын сүрэг, харанхуйн бүлэглэл, алийгаа алдсан луйварчидтай тооцоо хийх цаг болсон. Луйвар нь гаарсан, бүүр ичгүүр сонжуургүй болсон. Бүх юм улам бүдүүлэг галзуу болж байхад улс орон яаж хөгжих юм бэ. Саяхан эмнэлгээр жаал явлаа. Эмнэлгүүд үйлчлүүлэгчээр пиг дүүрэн байна. Монголчуудын бараг тэн хагас нь өвчин үлэгтэй болсон бололтой.

Дараалалд зогсоод орох гэж байтал нэг цүдгэр гэдэстэй охин хажууд ирээд зогсчихлоо. “Миний дүү чи ор” гээд сайхан сэтгэлтэй хүний дүр эсгэв. Миний сайхан сэтгэл ч бас л хуурамч, төвөгшөөсөн ч яах арга байхгүй. Тэр цүдгэр амьтныг чинь харсаар байж. (инээв) Тэгсэн чинь тэр охины ард надаас өчнөөн дүү ээж нь нуугдаж байгаад шурхийгээд орчих жишээтэй.

Эрүүл мэндийнхээ төлөө хэрүүл хийж бараг нэгнээ нудрах шахаж байна шүү, бидний цөөхөн монголчууд. Гэхдээ би гутранги байхыг хүсэхгүй байна. Өөр юмгүй, тайван сайхан байна даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img