2024-12-20, Баасан
-28 C
Ulaanbaatar

М.Уянсүх: ӨНӨӨ ЦАГ БОЛ ТҮР ЗОГСОЛТ, АМЬСГАА АВАЛТ

Их зохиолч Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, оны шилдэг бүтээлийн “Алтан өд”-ийн дөрвөн удаагийн шагналт, БНСУ-ын Чанвоны Олон улсын утга зохиолын шагналт зохиолч, яруу найрагч Мулцангийн Уянсүхтэй хөөрөлдлөө. МЗЭ-ийн оны шилдэг бүтээлд олгодог “АЛТАН-ӨД”шагналын том хэмжээний хүүрнэл зохиолын төрөлд эрхэм зохиолчийн “ХОНХОТ ХҮҮХЭЛДЭЙ” роман шалгарсан байна. М.Уянсүх өмнө нь яруу найргийн төрөлд “Яруу найрагч он цаг” (2008 он), хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд “Айшхи” (2014 он), хүүрнэл зохиолын том хэмжээний төрөлд “Аварга мод” (2019 он) романаараа “Алтан-Өд” шагналыг тус тус хүртжээ.

-Уг нутаг Увсын Хяргасынх бил үү, та? Их аварга Хорлоогийн Баянмөнх гуайн сум байх аа? Ах дүү, хамаатан садныг нь аль хэр мэдэх вэ?

-Аав, ээж хоёр маань хоёулаа Хяргасынх. Харин би өөрөө Улаангом хотод төрж өссөн л дөө. Тиймээс Хяргас сумын уугуул гэж явдаг. Их аварга Х.Баянмөнх манай ээжтэй өргөмөл талын эгч дүүс, хамт өссөн гэж ээж ярьдаг байлаа.

-Өө, та чинь бүр их аваргатай хамаатан садан хүн байна шүү дээ?

-Манай ээжийн талд аймгийн цолтой бөхчүүд ч бий. Аав бас Баянаа аваргын нагац Палаа гэж айхтар том биетэй, таван литр нэрмэл архи ганцаараа ууж орхидог, согтож мэдэгддэггүй хүн байсан тухай ярьдаг байсныг санаж байна. Өөр нэг их юм мэдэхгүй дээ. Нэгэнт чи нутаг ус асуусан хойно нэг юм хэлмээр санагдлаа. Тэр нь юу гэхээр, би яруу найрагт Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Төрийн Баянсан гэсэн хоёр андтай. Одоо нэг нь тэнгэрт, нөгөө нь газарт байна.

Гэтэл Т.Баянсан бид хоёр ямар нэг наадамд бүтээл өгөхөөр яаж ийгээд нэгийг нь хасдаг жишиг тогтоод удаж байна. Өөр аймгийнханд, жишээ нь, Говь-Алтайнханд хамаагүй бололтой. Ийм байж болохгүй л дээ. Заримдаа би өөрөөсөө “Увсад төрсөн нь бид хоёрын буруу юу” гэж асуудаг. (Инээв.Л.Б)

-За, яаж байгаа юм, тэр нь…

-Ер нь аливаад, тэр тусмаа уран бүтээлд нутаг ус биш, бүтээлийн чансаа л хамаатай баймаар. Би үүнийг зүгээр хэлж байгаа юм биш, олон удаа давтагдаж байгаа болохоор хэлж байгаа юм шүү. Ядаж л муу бүтээл ирүүлсэн байна гэдэг шалтгаар хасаж болдоггүй юм болов уу. Тэгвэл шударга.

Нутаг усаар ялгах нь хэнд ч сайхангүй. Их эмзэг сэдэв шүү. Би шүүмжлэлийг хүлээж авна, харин ялгаварлахыг тэвчихгүй.

-Хэн ч мэдээж нутаг усаар ялгаварлан гадуурхахыг хүлцэн тэвчээд, хүлээн зөвшөөрөөд, хүмүүн бус үзэлтнүүдтэй хүзүү толгой нийлүүлээд яваад байх сонирхолгүй л дээ. Таны уугуул Хяргас нуур ч үнэхээр цэлийн цэнхэртсэн сайхан усан байна лээ. Та бодвол загас жараахай нь юм шиг умбаж шумбаж өсөө байлгүй?

-Хяргас нуур чинь Улаангомоос овоохон зайтай шүү дээ. Тэгж шумбаж умбаад байх боломж хүүхэд насанд байсангүй. Та нарын төсөөлөлд тэгж л буудаг байх. (Инээв) Юмыг сайхнаар төсөөлөхөд буруу байхгүй ээ.

-Хүүхэд ахуй насныхаа дурсамжаас хуваалцаач! Сумын сургуулийн дэггүй банди нарын л нэг байж таараа даа?

-Үгүй ээ, харин ч эсрэгээрээ. Намайг бүр эмэгтэй хүүхэд шиг гэцгээдэг байсан юм. Архи дарс, зодоон цохионы тухайд бол оюутан байх үеэс л дээ.

-Та одоо Бурхантын хөндийд л уран бүтээлийн даяан хийж сууна уу?

-Даяан гэх юу байхав, зүгээр л гэр зуур байна. Тэгэхээр зүгээр суугаа хүн чинь ямар нэг юм хийж таарна аа даа. Тэр нь миний хувьд бичих л юм даа. Өөр чадах юм байх биш.

М.Уянсүх-Оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд”-ийн тэргүүн батламжийг хэд дэх удаа хүртэх гэж байна даа?

-Өмнө нь яруу найргаар нэг, өгүүллэгээр нэг, романаар нэг удаа хүртэж байлаа. Одоо дөрөв дэх нь. Романаар хоёр дахь удаа гэсэн үг. Энэ удаа миний “Хонхот хүүхэлдэй” романыг “Чимээ” хэвлэлийн газар нэр дэвшүүлсэн юм.

Миний хуучин номуудыг өөрсдийн санаачлагаар дахин эргэлтэнд оруулж, шинэ номуудыг маань ч хэвлэн түгээж байгаад нь чин сэтгэлээс талархаж явдгаа дашрамд хэлмээр байна. Зохиолч хүн хэвлэлийн газартай хамтрах дэлхийн жишгийг Монголдоо нэвтрүүлэх бүтээлч хандлага, маш зөв алхам гэж би өөрийн зүгээс харж байгаа.

-“Хонхот хүүхэлдэй” гэхээр сансрын нисгэгчийн багш, Монгол Улсын гавьяат багш, “Уран өд” дугуйланг үндэслэгч, нэрт яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсангийн “Хонхот хүүхэлдэй” дуу л санаанд ороод байх юм. Гавьяат багш Л.Галмандахын аялгуу хийсэн тэр дуунд “Хонхот хүүхэлдэй дуугаа дуулаад хоёр тийшээ найган ганхана аа” ч бил үү, гардаг даа. Таны роман чухам юуны тухай юм бол? Арай “дон-дон маамуу”-ны тухай биш биз дээ?

-Яг наадах чинь шүү дээ. Д.Мандахсан багшийн “Хонхот хүүхэлдэй” дуу ч бүрэн эхээрээ бий. Эхэндээ өөр нэртэй байсан юм. Тэр нэр нь ч олон дахин солигдож, эцэстээ “Тэнгэрийн могой” нэрэн дээр тогтоод байхдаа Мандахсан багштай утсаар ярилаа.

-Аа, за?

-Яагаад гэхээр, романаа бичиж дуусаад уншихад үйл явдлуудын хамгийн нарийн хэлхээсүүдийг хонхот хүүхэлдэй буюу чиний хэлдэг дон-дон маамуу холбож байсан юм. Мандахаа багш миний хэлэхийг сонсоод “Чи зүгээр ч нэг тэгж бодох хүн биш дээ.

Заавал нэг учир байгаа. Гарахаар нь номыг чинь заавал уншина аа” гэснээр хэвлэлд шилжихийнхээ өмнө “Хонхот хүүхэлдэй” нэртэй болсон доо. Өөрөөр хэлбэл тэр их хүмүүн миний эргэлзээг тайлсан хэрэг. Мандахаа багш бас “Роман хэвлэгдсэний дараа “Хонхот хүүхэлдэй” дуугаа яаж бичсэнээ чамд ярьж өгье. Би тэгэхэд залуухан байлаа. Нэг удаа нэг цэцэрлэгийн багштай уулзахаар очтол байдаггүй. Ангид нь хүлээгээд зогсож байтал хүүхдүүд олон тоглоомоор тоглож байна. Тэдэн дотор нь Дондогмаа ч байна.

Тэгэхээр нь хүүхдүүдээс тоглоомуудын нэрийг сонирхон асууж байснаа нэг жаахан охиноос Дондогмааг зааж асуусанд “Дондогмаа” л гэлээ. Гэтэл цаанаас нь нэг хөөрхөн хүү гэнэт “Хонхот хүүхэлдэй” гэдэг юм гэж байна шүү. Тухайн үедээ тэр нэр надад нэг л содон, бүр сэрхийтэл буусан санагддаг. Тэгээд тэндээс гараад явж байтал “Хонхот хүүхэлдэй дуугаа дуулаад хоёр тийшээ найган ганхана аа…” гэсэн мөрүүд орж ирсэн юм. Гэхдээ цааш явахгүй хэсэг завсарлаад, бараг арваад хоногийн дараа бусад мөрүүд нь бичигдсэн юм. Тэгэхээр “Хонхот хүүхэлдэй” нэрийг би биш, тэр хүүхэд өгсөн байж таараад байгаа биз.

Одоо бодоход би хүүхдийн зохиол бичих санаатай цаг заваа ашиглан судалгаа маягийн юм хийсэн ухаантай юм уу даа…” гэж билээ. Зарим хүмүүс уран бүтээлд өөрийн гэсэн тавилан байдаг тухай ярихыг чи сонссон л байлгүй. Ямар ч л байсан “Хонхот хүүхэлдэй” романы нэр ингэж өгөгдсөн юм даа.

-Таны “Аварга мод” романд архи дарс нэлээд хүртэж байгаад дотоод ертөнцөөрөө ариуссан гоонь эрийн тухай гардаг. Өөрийнхөө бодит амьдралаас сэдэвлэв үү. Габриэль Гарсиа Маркесын намтрыг уншиж байхад нөгөө алдартай зохиолууддаа өөрийн амьдралд тохиосон зүйлсээс их санаа авч туурвисан нь анзаарагддаг. Таны уран бүтээлийн сэдэв, эх ундарга хаанаас эхтэй бол?

-Ер нь зохиолч хүн мэддэг юмаа л бичих ёстой гэж би боддог. Мэдэхгүй юмаа бичихлээр тэр нь худлаа, үнэмшилтэй байлаа ч амьгүй болдог юм шиг санагддаг. Тийм болохоор миний зохиолын эх ундарга нь миний үзэж туулсан, уншиж мэдсэн, сонсож тогтоосон тэр бүхэн минь юм.

Гэхдээ мэдээж зохиомж, найруулга, уран сайхангүй бол бүтэхгүй л дээ. Зарим хүмүүс надаас “Аварга мод” романыг намтарчилсэн зохиол гэж үзэж болох уу гэж их асуудаг. Болохгүй шүү дээ. Намтарчилсан, баримтат уран сайхны зохиол гэдэг өөр төрөл зүйл. “Аварга мод” бол уран зохиол.

-Та үеийнхээ уран бүтээлчдийн талаар их сайхан дурсамж хөргүүд бичээд байсан. Эмхэтгэж ном болгон боовол ч янзтай даа?

-Тийм санаа бий. Гэхдээ орчин үеийн Монголын яруу найргийн тухай өөрийн үзэл бодолд тулгуурласан ном байх юм. Тэр хөрөг, дурсамжууд нэг бүлэг болж орно. Бичиж завдаагүй яваа хэдэн хүн нэмэгдэнэ. Өөр юманд сатаараад тэр номондоо олигтой төвлөрч чадахгүй л яваад байна. Санаж явбал бүтнэ гэдэг дээ.

-Урианхайн билэгт хөвүүн Хөөдөөгийн Эрдэнэбаатарыгаа ч нүдэнд харагдтал бичсэн байсан даа. Та хоёр цагдаад баригдаж, яасан яасан гэлээ?

-“Итгэлтийг тоочвол далай..”. гэдэг шиг бид хоёрын паянг тоочвол дуусахгүй ээ. Тиймээс энэ удаа азнах уу даа. Ямар сайндаа л Жа.Баяраа анд “Хөөдөө энэ хоёр тувтан дагалдаж гүйсээр байгаад сүүлдээ нэгнийхээ намтрыг сольж ярьдаг болсон, бүр нэгнийхээ шүлгийг ч ялгахаа больсон хоёр шүү дээ…” гэж ирээд шоолох вэ. Тэр нь ч ортой. Бүтэн найман жилийн нөхөрлөл шүү дээ.

-“Зүс бүгэг андууд”-ынхаа талаар хууч хөөрөөч. Бүгд л түмэнд нэртэй, түүхэнд данстай уран бүтээлчид болсон доо?

-“Зүс бүгэг андууд” нэрийг утга зохиолын хүрээндээ бол мэднэ дээ. Би өмнө нь ч энэ тухай зөндөө ярьж байсан хүн. Тэгэхээр нэмж ярих юм алга шиг байна. Харин өнөө өглөө нэг бичвэр уншлаа. Өнөө цагийн даацтай, дотортой найрагчдын нэг Намжилын Мөнхбаяр бичиж. Тэр хүн орчин үеийн Монголын яруу найргийн тухай өөрийн бодлоо бичиж. Зүгээр л сэтгэгдэл маягийн бичвэр. Санал нийлэх юм байна, нийлэхгүй нь ч байна. Тухайн хүний л бодол шүү дээ. Нэг их шүүгээд, маргаад байх юмгүй. Авахаа аваад, хаяхаа хаяад явж болно.

Гэхдээ л тэр хүн “Зүс бүгэг андууд” нэрийг дурдсангүй. Шударга бус санагдлаа. Бид дурсагдах гэсэнгүй, магтуулах гэсэнгүй. Тэглээ гээд байсан юмыг байснаар нь бичиж болно оо доо. Н.Мөнхбаяр лам хүн, хэлээр үйлдэх нүгэл гээчийг эрхбиш мэддэг л байлгүй. (Инээв. Л.Б)

-Нүгэл гэм, лам хүнийг тэгж хэлж болно уу, яана? Уран бүтээлч хүнээс асуухад дэмий байж мэдэх ч Дарханд одоо тэгээд яг юу хийж байна?

-Зүгээр хэвтэж байна. (Инээв)

-Таныг анзаараад байхад шүлэг найраг, хүүрнэл үгстэй л шадарлаад байхаас хань ижил, хайр сэтгэл гэж хөвөлзөж дэвэлздэггүй бололтой. Одоо нэг “цайны хань”-тай болох цаг болоогүй юу? Үүнийг асуухын цаад агуулга нь гоонь эрсийн нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар бүдүүлэгдүү асуулт болж таарах гээд байна л даа…

-Тийм шүү. Үнэхээр бүдүүлэг асуулт байна. Гэтэл чи бүдүүлэг гэдгийг нь мэдсээр байж асууж байгааг бодоход өөрөө тамтаггүй бүдүүлэг хүн болж таарах нь ээ? (Инээв)

-За, та битгий маягла. Нялх охин шиг ичингүйрэн балайрч, эвгүйрхэн бадайрч гэнэ. (Ккк.) За, тэр яахав. Манай Батрэгзэдмаа, Баянсан ах, Аюур ах, Өлзийтөгс найрагч, Ц.Буянзаяа гээд танай үеийнхэн бүгд хүүрнэлээр ч тэр, яруу найргаар ч тэр, том уран бүтээлчид. Та тэднийгээ юу гэж дүгнэж цэгнэж явдаг сан бол?

-Тэднийг би дүгнэхгүй л дээ. Харин бодсоноо хэл гэвэл бүгд хийх ёстойгоо хийж яваа яруу найрагч, зохиолчид гэж л хэлнэ. Чиний хэлдэг үнэн. Бүгд том шүү.

Ер нь манай үеийнхэн том явж, одоо ч том байна гэдгийг би нас ахих тусам мэдэрч байна. Жишээ нь, Аюурын “Бөөгийн домог” Францад хэвлэгдэж байгааг сонслоо. Үнэхээр сайхан байна.

Би “Бөөгийн домог”-ийг их холын бариатай зохиол гэж хувьдаа бодож явдаг. Нэмж хэлэхэд сая “Болор цом-41” наадам болж өнгөрлөө. Ид шатаж яваа залуус бүгд шахуу л оролцлоо. Би тэдний заримд нь “Та нар бүгд ярайтал гарч ирээд манай ганц фронт командлагчийг чин үнэндээ дийлсэнгүй шүү дээ” гэж тоглоом шоглоомоор хэлж л байлаа.

-Сүүлийн үед Х.Нямхишиг, О.Элбэгтөгс, Б.Батзаяа, Мө.Батбаяр, Б.Алтанхуяг, Б.Баясгалан нарын дүү нар ид сайхан туурвиж байна. Та ч зарим нэгийнх нь номын өмнөтгөл энэ тэр бичсэн байл уу? Шинэ үеийн дүү нараасаа хэн хэнд найдлага тавьж байна?

-Одоохондоо харж л сууна. Нэмж нэрлэх залуус ч бас байна. Тэд өнөөдөр өөрийн гэсэн эрэл хайгуул хийж, өөрийн гэсэн хэл, дүрслэл, илэрхийлэл бүтээхээр шамдаж байгаа нь ажиглагддаг. Үүнд цаг хугацаа шаардагдана. Багагүй цаг хугацаа. Тэд уран зохиолыг амьд байлгаж, хөдөлгөөнд оруулж байгаад нь баярладаг. Гэхдээ л тэд маань цаг хугацаанд шигшигдэнэ. Торж үлдсэн хэд нь өөрсдийгөө дахин шигшинэ.

Би “Алтан Өд”-ийн яруу найрагт шалгарсан Лхаандувдангийн Баасансүрэн гэж найрагчийн зарим шүлгийг цахим хуудаснаас олж уншлаа л даа. Их сайхан санагдсан, номыг нь бүтэн уншмаар санагдсан. Тэр хүн адуучин байна уу, хээр хөдөөгөөр амьдардаг уу гэдэг падлийгүй. Гол нь авьяас. Д.Нямсүрэн найрагч Эрээнцавдаа сууж, тэндээ туурвисаар мөнхөрсөн шүү дээ.

-Цэндийн Доржсэмбэ найрагчийн “Цас, бороо” номыг танд би хэрэг болгон илгээсэн. Уншсан байж таарна. Эрхэм андын талаар ямаршуухан бодолтой сууна?

-Тэр хүнтэй ер нь юу ярих вэ дээ. Маргах аргагүй авьяастан байлаа. Өөрийнхөөрөө амьдарч чадсан найрагч. Өөрийнхөөрөө гэдэг нь өөрийн зөв гэж бодсоноороо гэсэн үг шүү. Доржсэмбийн амьдрал нь дэгэнтэй догонтой байсан ч өнөөгийн залуусын төлөвшилд бүтээлээрээ маш том нөлөө үзүүлсэн гэж боддог доо.

-Тэр ёстой үнэн шүү. Монголын утга зохиол таныхаар аль хэр хөгжиж байх шиг байна?

-Цаг хугацаа явж, амьдрал өрнөж байгаа хойно хөгжил дэвшил байлгүй л яахав. Яг ямархуу түвшинд хүрч явааг нь судлаачид дүгнэх байх аа. Би бол бичдэг хүмүүсийн л нэг. Гэхдээ сүүлийн үед насны заагаар үе солигдож байгаа мэт ярих хандлага цухалзах болж. Үгүй шүү дээ. Тэр тусмаа уран зохиолд тийм юм гэж огт байхгүй. Үе ба үечлэл нь шинэ эрэлхийлэл, бүтээлийн даац, далайцаар л солигдоно. Тэр утгаар нь авч үзвэл 90-ээд он бол яах аргагүй шинэчлэл.

М.УянсүхТэр шинэчлэл одоо ч үргэлжилж байна. Өнгөц харахад олон залуус бужигнаад, олон ном хэвлэгдээд байгаа мэт боловч өнөө үе бол түр зогсолт, амьсгаа авалт. Мөдхөн ялгарал явагдаж таарна. Хэн илүү нь өөрөө л товойно доо. Насны тухайд хэрэв би андуураагүй бол танай багш Т.Галсан абугай тавин зургаан настайдаа “Болор цом” хүртсэн гэдэг дээ. Одоо ч туурвисаар сууна.

М.Амархүү анд маань ч тавь гарсан насандаа “Болор цом”-д түрүүллээ. Сая болж өнгөрсөн “Утгын чимэг-2023” наадамд До.Цэнджав ах түрүүлж, Б.Догмид ах гутгаар байр эзэллээ. Тэд маань одоо хэдэн настай билээ дээ. Гэтэл зарим нэг хүн ид туурвихаар шамдаж яваа залуусыг санаатайгаар өдөөж хөөрөгдөөд байх шиг.

-Анзаарахад, бодлоготойгоор тэгж үе үеэр нь хагаралдуулах хандлага санаархал илт цухалзаад байгаа шүү…

-Тэгэх нь маш буруу. Д.Галбаатар багш 90-ээд онд биднийг хамгаалж байлаа. Яагаад гэхээр, цаг бүрэн тавираагүй байсан үе л дээ. Тэгвэл одоогийн залууст тиймэрхүү өмгөөлөл хамгаалал бараг хэрэггүй.

Тэд цаг үеэ өөрсдөө бүтээнэ. Цагаа олоогүй дэмий магтаал тэдэнд харин ч хортой тусаж болзошгүй. Дэм өгөх, урмаар тэтгэх бол жичдээ. Аливаа юм зүй зохисоо олох л сайхан. Түүнээс гадна судлаачдын бичвэрүүд уншигчдын сэтгэгдлээс ялгарахгүй байвал тэр жинхэнэ эмгэнэл шүү.

-Гашуун ч гэлээ гүн эмгэнэл. Залуус хүч түрж байгаа тухай яриа яваад байгаа шүү дээ?

-Би бодсоноо шулуухан л хэлье. Надад бол хүч түрж мэдэгдээд байгаа юм огт алга. Харин төлөвшиж, зүгширч байгаа тухайд нь яривал өөр. Би угаасаа тойрч булзах зангүй. Төрөлхөөсөө тийм юм. Гэхдээ би зөвхөн өөрийнхөө бодлоо хэлдэг. Тиймээс үүнийг нэг их лут дүгнэлт маягаар хүлээж авч болохгүй.

Тэгвэл өрөөсгөл болно. Эхэндээ бид ч ялгаагүй, ахмад үетэйгээ муудалцаж, сайдалцаж явлаа. Тэгсээр байгаад ижий ахай бололцоод ирсэн л дээ. Зөвхөн хүнийхээ хувьд биш, уран бүтээлээрээ харилцан уусалцсан тал бий. Тэгснээр зарим талаараа саармагжсан гэж болно. Үүнд сайн тал бий. Муу нь ч бас бий байх. Гэтэл одоогийн залуус цаагуураа манай үеийнхэнтэй илт дайсагналцах янз үзүүлж байгааг зарим нь надад хэлээд л байгаа.

Мэдээж, бүгд биш л дээ. Тухайлбал, нэг удаа яруу найрагч Х.Нямхишиг дүү утсаар яриад “Дархан руу орж явна, уулзаад гармаар байна” гэхээр нь дүүгээ гаднаа биш, дотроо тоож явдаг юм болохоороо цаг товлоод очлоо. Тэгсэн чинь хамт явсан нэг залуу нь надаас “Та өөрийгөө хоцрогдсон гэж боддог уу?” гэж шууд асууж байгаа юм.

Би жаахан гайхсан боловч дотроо инээд хүрээд, “Хоцрогдол гэдэг миний хижээл нас, чиний залуу нас хоёрын алинд ч биш, онхи өөр юманд байдаг” тухай эвтэйхэн ярилаа. Тэгсэн чинь мань эр чимээгүй сонсож сууснаа сүүлдээ толгой дохиж, эцэст нь “Би таны нэг ч номыг уншаагүй л дээ” гэж байгаа юм. Тэгэхээр тэр залууд тийм бодол хаанаас төрсөн байж болох вэ?

-Монгол үгээр “Сохор халтар дүйвээнээр, соотон халтар чимээнээр” гэдэг шиг юм болж дээ?

-Товч хэлэхэд энэ бол ердөө таамгаар үгүйсгэх оролдлого. Өөр нэг жишээ хэлэхэд Б.Лхагвасүрэн найрагч ид мандаж явах үедээ нэг хүнтэй шатар тоглож суутал манайхны нэг нь “Лхагваа ах аа, та үхэх болоогүй юм уу?” гэж асуусан гэдэг.

-Пээ, аюул болж. Ямар бэлгэгүй юм асуугаа вэ?

-Мэдээж, согтуугаар шүү дээ. Тэгсэн чинь Лхагваа ах нэг их цочсоноо нөгөө хүндээ “За, чи дуулав уу? Эд нар намайг үхээсэй гэж бодож явдаг байх нь байна шүү дээ” гээд инээсэн гэнэ лээ. Ер нь ахмад залуу үе, шинэ хуучин хоёрын тэмцэл дуусахгүй л дээ. Гэхдээ ядаж ёс зүйтэй, учир шалтгаантай, ямар нэг атаа хорсол, үзэн ядалт биш, цэвэр уран бүтээлийн өрсөлдөөн баймаар санагддаг.

-Ингэхэд ямар “амьтан” танаас тэгж асуудаг байна?

-Юун хэрэгт дуртай юм. Би нэрийг нь мартжээ. Бас санаж байсан ч хэлмээргүй байна. Юу нь сонин байна?

-Сонин ч юу байх вэ. Өөрийгөө “философич” гэх нэгэн “Монголд ганц ч яруу найрагч байхгүй. Зохиолч, философич бол бүүр байхгүй” гэсэн болохоор л сонирхож асуухгүй юу?

-Байх, байхгүйн тухай асуудлыг хэн нэгэн философич шийдэхгүй л дээ. Өнөөдөр чинь “хамар доорх хөндлөн” гэдэг шиг юу дуртайгаа бурж болдог эрх чөлөөт нийгэм биз дээ?

-Хэдэн жилийн өмнө Д.Урианхай найрагчийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх юм болоод бужигнацгаасан. Монголоос ойрын үед Нобельтон төрөх бол уу?

-Манайхан Нобелийн шагнал бодохоосоо урьтаад тэр шалгуурт дүйх бүтээл хийхээ бодох хэрэгтэй байх л даа. Нэмээд орчуулга гэж нэг юм байна. Миний бодлоор бол юун түрүүнд сайн гэсэн бүх зохиолуудаа тэр энэ гэж ялгахгүй, бүгдийг дэс дараатай орчуулж гадагш гаргах хэрэгтэй юм шиг санагддаг. Бид эхлээд өөрсдөө танигдах хэрэгтэй шүү дээ.

-Ойрд Увсын цэнхэр хязгаартаа очив уу?

-Жил бүр очдог. Гэхдээ намар цагт очих дуртай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img