– “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” батлагдсны ач холбогдлоос яриагаа эхлэх үү?
-Анх удаа батлагдсан анхдагч хууль гэдэг утгаараа маш их ач холбогдолтой. Анхны зүйл бүхэн амаргүй байдаг. Энэ хуулийн хамгийн том зорилт бол эзэнгүй амьтны тоо, толгойг бууруулах. Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагчийн эрх үүргийг хариуцлагажуулах, нохой, муурыг бүртгэл чиптэй болгох, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, амьтныг хүчирхийллээс хамгаалах, үржүүлгийг зохих ёсоор үржүүлэх зэрэг бүх харилцааг хуулиар зохицуулдаг болсон гэсэн үг.
-Энэ хуульд “Азтай савар”-ынхны оролцоо хэр байсан бол?
-Энэ хуулийн боловсруулалтыг “Азтай Савар” ТББ-ынхан гардаж хийсэн гэхэд хилсдэхгүй. Мэдээж хууль санаачлагчид нь УИХ-ын нэр бүхий гишүүд бий. Олон жилийн туршлагатай хамт олон гэдэг утгаараа бидэнд энэ хуулийг боловсруулахад тайлан, судалгаа хангалттай байсан. Манайха “Энэ чиглэлийн ажлыг амжилттай хийхэд хуультай болохоос өөр сонголтгүй юм байна” гэж хоорондоо ярьдаг байсан. Тиймээс бид 2018-2019 оноос эхлэн эзэнгүй амьтдын тоо, толгой, эзэнтэй амьтадын судалгааг хийж бэлэн болгосон. Энэ судалгаагаа ашиглаад Хууль тогтоомжийн хуулийн дагуу хуулийг батлахад хэрэгцээтэй судалгааг илүү нарийвчлан тайлан, судалгаа хийж бэлтгэсэн.
-Ингэхэд хэчнээн улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай вэ?
-120 гаруй улс амьтны тухай хуультай. Манай улсын тухайд анхдагч хууль гэдэг утгаараа олон улсын туршлагыг шууд тусган авч хэрэгжүүлэх боломжгүй байсан. Учир нь манай иргэд гаднын туршлагыг шууд хүлээн авч, хэрэгжүүлэх боломжгүй. Монголчууд уламжлалт аргаар нохой, муур тэжээж ирсэн. Энэ онцлогийг бид ялган зааглаж хуульдаа тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл олон улсын зохицуулалтуудаас хуульдаа оруулсан ч, эх орондоо хэрэгжих нийцлээ харж тусгасан.
-Эзэд нь гэртээ нохой, муураа олон цагаар үлдээж болохгүй тухай хуульчилж өгсөн нь сонирхолтой санагдлаа. Энэ заалтыг зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ?
-Энэ хуулиар асран хамгаалагчдыг илүү хариуцлагажуулсан. Жишээлбэл, нохойд хазуулсан тохиолдлуудын 90 хувь нь эзэнтэй амьтанд хазуулсан байдаг. Энэ бол эздийг нь хариуцлагажуулах үндэслэлийн эхний том шалтгаан. Мэдээж хуульд заасан үүргийг зөрчвөл хариуцлага нэхнэ. Энэ хууль дахь үүргийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуульд заасны дагуу торгууль ногдуулах зохицуулалттай болсон. Торгууль нь тухайн зөрчлөөс хамаараад янз бүр.
-Гэртээ нохой, муураа олон цагаар үлдээж явбал эзэн нь торгуулна гэсэн үг үү?
-Тийм.
-Тэжээж байгаа амьтнаа зодох гэх мэт хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд ч цөөнгүй дуулддаг. Жишээ нь тэднийг яаж хянах вэ?
-Хяналтыг нийгэм тэр чигээрээ, хүмүүс бид хэрэгжүүлнэ. Мэдээж хууль хэрэгжүүлэх ёстой төрийн байгууллагууд болох Засаг дарга, цагдаа нары оролцоотой байна. Амьтны хүчирхийлэл, зөрчил зэргийг иргэд бид л мэдэгдэж хэрэгжүүлнэ.
-Манай найз нохойгоо өдөржингөө гэртээ түгжээд байна шүү гээд цагдаад хэлчихэж болох нь ээ?
-/Инээв/ Тэгнэ. Тэжээж буй амьтнаа удаан хугацаагаар хоол, ундгүй орхиж үлдээх нь хүчирхийллийн нэг хэлбэрт багтана.
-Шинэ хуульд хүүхдийн тоглоомын талбай дээр нохой, муураа салхилуулж болохгүй зохицуулалт орсон байсан.
-Дөнгөж мөлхөж, алхаж яваа хүүхдүүд тоглож байгаа талбай дээр амьтад өтгөн шингэнээ гаргах нь сөрөг нөлөөтэй хуульд хүүхдийн тоглоомын талбайд тэжээвэр амьтнаа салхилуулж болохгүй гэж тусгаж өгсөн. Хүн, амьтан хоёр зэрэгцэн оршиж буй нийгэм тул нэг талыг нь бас хэт баримталж туйлширч болохгүйг бодолцон аль, алиных нь эрх ашгийг адил тэнцүү тусгаж өгөхөд анхаарсан.
-Амьтны хүчирхийлэл гэдгийг тодруулмаар байна. Асран хамгаалагч, эздийн санаатай, санаандгүй ямар үйлдлүүд гэрийн тэжээвэр амьтдын хүчирхийлэлд тооцогдох вэ?
-Хуулинд гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах зохицуулалтууд орсон. Хамгаалах тухай бүлэгт хүчирхийллээс ангид байх буюу хүчирхийлэл гэж үзэх зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Жишээлбэл, тэжээж буй амьтнаа зодох, тамлах, хэт ачааллах буюу ажил, дасгал сургуулилт хийлгүүлэх, хооронд нь зодолдуулах, мэдээ алдуулалтгүйгээр мэс ажилбар хийх, хөдөлгөөн хязгаарласан орчинд байнга уях, санаатайгаар хаях, төөрүүлэх зэргийг тусгаж өгсөн.
Энэ тохиолдлуудаас санаатайгаар хаяж, төөрүүлэх нь хамгийн их байдаг. Энэ бол хариуцлаггүй эздийн үр дагавар юм. Жаахан хүүхэд нь гуйхаар нэг амьтан тэжээнэ гээд авчихдаг. Тухайн амьтан нь байгалийн хуулийн дагуу хүмүүст дасан зохицох гэж удахаас гадна өтгөн, шингэнээ ялгаруулж, үймүүлж, хазах зэрэг үйлдлүүд гаргаад эхэлмэгц “өө нэг бүтэхгүй юм байна” гээд өнөө амьтнаа хаячихдаг.
Манай “Азтай Савар”-т ирж буй олон тохиолдлуудаас харахад тэжээж байсан амьтнаа бүх эдлэл хэрэгсэлтэй нь гудамжинд гаргаад хаячихсан тохиолдол олон байдаг. Энэ мэтчилэн эзэдтэй холбоотой асуудлууд нэлээн гардаг.
-Хүүхдээ зугаацуулах гэх мэт өөрсдийгөө бодсон үүднээс амьтан тэжээх сонголт хийгээд байх шиг анзаарагддаг. Амьтан тэжээхийн тулд ингэх тэгэх ёстой гэх мэт зохицуулалтууд бий юу?
-Иргэн амьтан тэжээхдээ сургалтад зайлшгүй хамрагдах зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ сургалтаас бидний хүсч буй гол үр дүн гэвэл тэжээх гэж буй тухайн амьтдыг нь онцлогийг ойлгуулах. Зарим амьтан дөрвөн цаг л ганцаараа байх боломжтой байдаг бол зарим нь найман цаг ганцаараа байх боломжтой.
Хэрвээ дөрвөн цаг л ганцаараа байх боломжтой амьтныг найман цаг ганцааранг нь байлгах шаардлагатай бол дунд нь айлд өгч харуулах, цэцэрлэгт өгч харуулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай. Хэрвээ гэрийн тэжээвэр амьтнаа ганцаараа байх хугацаанаас удаан, олон удаагийн давтамжтайгаар орхивол галзуурлын шинж тэмдэг илрэх магадлал байдаг.
Эсвэл гадаа тэжээх ёстой монгол банхарыг гадаа л тэжээх зэрэг тухайн амьтныг тэжээх онцлогийг ойлгуулсан сургалт явуулна. Ийм сургалтад суучихаад асран хамгаалагч болох тухай зохицуулалт хуульд туссан. Энэ сургалтын тухайд хөдөө орон нутаг, хот суурин газарт ялгаатайгаар зохицуулж өгсөн.
-Хүүхдүүдийн амьтдад хандах хандлага их эерэг байдаг шүү.
-Бидний арван жилийн туршлагаас харахад жаахан хүүхдүүд мөнгөө цуглуулж гудамжны муур, нохойд хоол өгдөг тохиолдол нэлээд анзаарагддаг. Манай байгууллагаас бага насны хүүхдүүдийн дунд “Амьтан хэрхэн хайрлах вэ” сэдэвт уран зургийн тэмцээн удаа дараа зохион байгуулж байсан.
Тэндээс харахад амьтны тухай бодох хүүхдүүдийн сэтгэлгээ томчууд биднээс тэс өөр. Хүүхдүүдийн амьтныг хайрлах сэтгэл, эерэгээр харж байгаа өнцөг маш гоё. Хүүхдүүд амьтныг гэр бүлийн гишүүн, найзыгаа гэж харж байсан. Харин томчууд бид амьтныг гэр бүлийн гишүүн гэж харж чаддаг ч, ихэнх нь амьтан л гэж хардаг шүү дээ.
Дунд ангийнхны эссэ бичлэгийн уралдааны бүтээлүүдийг уншаад би хэд хэдэн удаа уйлж байсан. Тэдний хайртай амьтнаасаа салаад ямар хэцүү байснаа, хайртай амьтнаа алдаад тэвчээр суусан тухайгаа өгүүлсэн бичвэрүүд уйлахаас аргагүй нандин түүхүүд байдаг.
-Гудамжинд хаягдсан эзгүй, өвдсөн, шаналсан амьтадыг хараад л “Азтай Савар”-т хандах ёстой гэдэг ойлголт автоматаар толгойд орж ирдэг болсон. Ачаалал их байх уу?
-Ачаалал маш их. Заримдаа хүмүүс буруугаар ойлгож “Заавал та нар аврах ёстой” гэсэн хандлага гаргахаар хэцүү санагддаг шүү. “Азтай савар” бол сайн дурын байгууллага. Жишээлбэл, би гэхэд үндсэн ажлынхаа хажуугаар энд цаг зав гаргаж сайн дураараа ажиллаж байна. Бусад гишүүд маань ч сайн дураараа ажилладаг. Үүнийг ойлгоогүйгээс болоод тэр үү, заримдаа хүмүүсээс гомдмоор хандлагууд гарна.
“Хөөе, би энэ амьтныг тэжээх гэж авсан юм. Гэхдээ тэжээмээргүй байна. Ирж аваач. Танайх авах ёстой юм байгаа биз дээ” гэж хүртэл ярьдаг. “Азтай савар хуулийн араас хөөцөлдөөд байгаа нь өөрсдөө ашиг олох сонирхлоос л үүдэлтэй байх. Хэдэн тэрбум төгрөгийн орлого олох гээд ингэж байна” гэх зэргээр шүүмжлэх хүмүүс ч байдаг. Жишээ нь гэхэд би хуульчаар сурах гурван жилийн хугацаандаа долоо хоногт наад зах нь 16 цагийг энэ ажилд зарцуулсаар ирсэн.
Сүүлийн гурван сарын хугацаанд гэхэд л ажлаас маань чөлөө өгөөд бүтэн гурван сарын хугацаанд хууль боловсруулж, батлах үйл явцад орж ажилласан. Үүний төлөө би ямар ч цалин, мөнгө аваагүй. Ийм нөхцөл байдалтай байхад өөдөөс “Эд нар бүтэхгүй ээ…” гэх сөрөг хандлагууд урам хугалдаг шүү. Гэхдээ байнга сөрөг хандлагууд ирээд байхаар сүүлдээ дасчихдаг юм билээ.
-“Азтай савар”-т сайн дурын ажил хийх болсон түүхээ хуваалцаач?
-Би амьтанд маш их хайртай. Тэжээх гэхээр наад зах нь 10 цаг гэртээ эзгүй байдаг. Энэ мэт шалтгаанаас болж гэртээ амьтан тэжээх боломжгүй байсан учраас ямар нэгэн байдлаар амьтанд тус хүргэхийг хүссэн.
Миний хийж чадах зүйл юу вэ гээд бодож үзээд ядаж мэргэжлийнхээ хүрээнд тус дэм болъё гэж бодсон. Ингээд “Азтай савар” ТББ-т ажиллах шийдвэр гаргасан юм. Энэ ажлаа дурлаж хийдэг шалтгаан маань энэ л дээ.
-Амьтан тэжээх хүсэл чинь одоо ч хэвээрээ юу?
-Одоо ч хэвээрээ. Цаг завын боломж гарах байх аа.
-Аврагч хүүхдүүдийн тухай яриач. Танай пэйжээс аврагч хүүхдүүдийн тухай олон түүх уншиж байсан?
-Аврагч хүүхдүүд их хөөрхөн. Баянхошуунаас хүртэл амьтадыг аврах гэж мөнгө төгрөг цуглуулаад л эмнэлэгт аваачиж өгнө. Өвдсөн гэмтсэн амьтанаа бариад автобусанд суугаад зориод ирдэг тэр хүүхдүүдийн хүч хөдөлмөр, нинжин сайхан сэтгэлийг юугаар ч үнэлшгүй.
Манайханд “мэргэжлийн өвчин” хүртэл байдаг. Гадаа, гудманд хар юм нүдэнд нь торж харагдвал “яанаа, амьтан байгаа биш байгаа даа” гээд лавлаж харна. Харсан зүйл нь ууттай хог байвал андуурч харсандаа баярлана шүү дээ. Ийм “өвчтэй” хүмүүс олон бий шүү (инээв).
-Танайх хэчнээн “аврагч”-тай вэ?
-Одоогоор идэвхтэй 56 гишүүн бий. Манайх жилд нэг удаа албан ёсоор шинэ гишүүд шалгаруулж авдаг. Сэтгэл хөдлөлөөрөө оролцохоор ирэх нь ч бий. Гэхдээ тийм хүмүүс идэвх оролцоогүй байдаг.
-Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг боловсруулж, батлалцсан хүний хувьд амьтан тэжээхээр шийдэж буй хүмүүст юу зөвлөх вэ?
-Амьтан тэжээхээсээ өмнө хариуцлагын тухай бодоорой. Аваад тэжээж байгаарай бол хариуцлагатай байж тухайн амьтныг арваад жилийн турш тэжээх тэр нөхцөлөө бодож төлөвлөөрэй. Тэжээхээр сонгож буй амьтнаа албан ёсны зориулалтын газраас нь худалдаж аваад хуулийн дагуу амьтадаа зөв тэжээдэг болоосой л гэж хүсч байна.
-Гудамжинд хаягдаж буй амьтдын тоо, түүнийг аварч үрчилж авч тэжээхийг хүсч байгаа хүмүүсийн тоо хэр зөрүүтэй байдаг бол?
-2021 оны судалгаагаар улсын хэмжээнд эзэнгүй нохойнууд 320 мянга байна. Энэ бага тоо биш. Өнөөдрийн байдлаар энэ тоо дор хаяж хоёр дахин өссөн байх магадлалтай. Манайд тогтмол ханддаг л даа. Гэхдээ бидэнд хандлаа гээд бид бүгдэд хүрч ажиллах боломжгүй.
Фэйсбүүкийн групп дээрх хүмүүс маань оролцоод явах тохиолдол байдаг. Өнгөрсөн жилийн байдлаар манай байгууллага 500 амьтанд спэй хийлгэсэн. Үүнийг бидний хувьд бага тоо биш гэж хардаг. Хандив тусламжаар энэ ажлыг хийдэг тул өнөө жил бид энэ тоог 1000 болгох төсөвтэй байна. Энэ онд хийж буй бидний бас нэг том ажил бол малын эмч нарыг чадавхжуулах аян өрнүүлж байна.
Олон улсын жишиг шиг манай улсад жижиг, том амьтны мэргэшсэн тусгай эмч гэж байхгүй. Ихэнхдээ таван хошуу мал дээр суурилсан эмч нар байдаг. Тиймээс хөдөө орон нутагт амьдардаг малын эмч нарыг мэс ажилбар спэй хийх сургалтад хамруулах гэж байна.
-Сайн дурын “аврагч” гишүүд үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс юм аа.
-Тийм шүү. Хоорондоо зөөнө. “Чи нэг долоо хонуулаач, түр хараач нэг нь мөөгөнцөртчихлөө” гэх зэргээр нэг нэгэндээ тусална. Заримдаа түр харж байгаад өөрсдөө эзэн нь болчихсон явж байна шүү дээ. Манай “аврагч” гишүүдээс нэг жилд 100 гаруй амьтан аварсан хүн ч бий. Тэр хүмүүсийг ёстой л буян хийж байна гэж хардаг. Тиймээс аврагчдаа биширдэг. Тэд бол үнэхээр буян хийж байгаа сайн хүмүүс.
-Чамаар ч бас бахархаж байна. Амьтны төлөө хийж буй сайн үйлс чинь улам дэлгэрэх болтугай. Ярилцсанд баярлалаа.