2024-11-23, Бямба
-3 C
Ulaanbaatar

Путин: Цэргийн ажиллагааг эрт эхлээгүйдээ харамсаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч саяхан Америкийн сэтгүүлч Такер Карлсонд ярилцлага өгсөн нь ихээхэн дуулиан тарьж байсан. Үүнээс ердөө хэдхэн хоногийн дараа Владимир Путин Оросын сэтгүүлч Павел Зарубинд ярилцлага өгснийг товчлон хүргэж байна.

П.Зарубин: -Владимир Владимирович, Такер Карлсонд өгсөн таны ярилцлага хэдийнэ тэрбум үзэлттэй болжээ. Эерэг сэтгэгдлүүд олон байна. Гэхдээ барууны тэргүүнүүдийн зүгээс ямар байр суурь гарах нь ойлгомжтой. Тухайлбал, Их Британийн Ерөнхий сайд, Германы канцлер нар “тусгай ажиллагаа эхлүүлсэн шалтгаанаа тайлбарлах, НАТО Орос руу дайрах заналхийлэл байсан гэх зөвтгөлийг утгагүй, дэмий байдлаар хийсэн” хэмээн тайлбарласан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?

В.Путин: –-Нэгдүгээрт, тэд намайг юу ярьж байгааг үзэж, сонсож байна гэдэг нь сайн хэрэг. Тэдэнтэй холбоотой ямар нэг шалтгаанаар шууд яриа хэлэлцээ хийж чадахгүй байгаа нөхцөлд Карлсоныг зуучлагч болгон хэлэх үгээ дуулгах боломжтой болсонд Карлсонд талархах хэрэгтэй. Тэд сонсож, үзэж байна гэдэг сайн хэрэг.

Харин тэд миний ярьсныг гуйвуулж байна гэдэг муу хэрэг. Учир нь би ерөөсөө ч тийм зүйл яриагүй. Украинд бид цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн нь НАТО Орос руу халдахаар заналхийлж байсантай холбоотой гэж би хэлээгүй. Хаана би тийм юм ярьчихаа вэ? Бичлэг нь бий, тийм юм ярьсан бол надад үзүүлээдхэг.

Би огт өөр зүйлийн талаар ярьсан, НАТО дорно зүг рүү тэлэхгүй гэж биднийг байнга хуурч байсан талаар л ярьсан. Ингэхэд, үүнийг тухайн үеийн НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн юм шүү, тэр үед ХБНГУ-ын төлөөлөгч байсан юм. Дорно зүгт нэг ч ямх газар урагшлахгүй гэж тэр хэлж байсан.

Дараа нь таван ч удаа хүчээ өргөжүүлсэн, худал хуурмагаар дүүрэн. Украиныг НАТО-д татан оролцуулж болзошгүй гэдэг нь бидний санааг зовоож байсан, одоо ч санаа зовоож байна, учир нь энэ чинь манай аюулгүй байдалд заналхийлж байна шүү дээ. Би энэ талаар л ярьсан.

Гэхдээ гол түлхэц бол Украины өнөөгийн эрх баригчид Минскийн хэлэлцээг мөрдөхөөс татгалзаж, найман жилийн туршид бид хүлээн зөвшөөрөөгүй байсан Донбасст хүний амь насыг олноор хохироож, байнга халдан түрэмгийлж байсан явдал юм. Дараа нь бид Донбассын бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрч, найрамдал, харилцан туслалцааны гэрээ байгуулж, НҮБ-ын Дүрмийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Би хэлсэнчлэн, бид дайныг эхлээгүй ээ, харин дайн зогсоох гэж оролдож байна. Эхний үед бид энхийн замаар, Минскийн хэлэлцээрийн тусламжтайгаар дайн зогсоохыг хичээж байлаа.

Дараа нь биднийг хуурсан, тухайн үеийн ХБНГУ-ын Ерөнхийлөгч, Францын Ерөнхийлөгч мэдэгдэл хийж, манай эдгээр хэлэлцээрийг мөрдөх гээгүй, зүгээр л Украины дэглэмийг зэвсгээр хангахын тулд цаг хожсон гэж ил тод мэдэгдсэн шүү дээ.
Бид хариуцлагатай хүмүүстэй ажил хэрэг ярьж байна гэж эндүүрэн, идэвхтэй ажиллагаагаа эрт эхлээгүй дээ л бид харамсаж байна.

П.Зарубин: -Такер Карлсоныг баруунд ихээхэн шүүмжилж, түүний эсрэг хориг тавихыг ч уриалж байгаа. Бараг баривчлах ухааны л юм ярьж байна. Ийм байх боломжтой юм уу?

В.Путин: -Ассанж шоронд хоригдож байгаа, одоо түүнийг дурсах хүн ч гэж үгүй болж, ойр дотныхон л энэ талаар ярьж байна. Гүйцээ. Нийгмийн ухамсрын онцлог нь ийм л байдаг, сэдэв хуучирвал тэгээд л мартана. Гэхдээ Ассанжийг улсын нууц задруулсан гэж буруутгаж байгаа.

Харин Карлсоныг ингэж буруутгах хэцүү, учир нь ямар ч нууц мэдээлэл байгаагүй. Гэлээ ч өнөөгийн Америкт боломжгүй зүйл гэж байхгүй болсон доо. Карлсоны үүднээс бодвол гунигтай л юм, би түүнд атаархахгүй байх байсан, гэхдээ энэ түүний л сонголт. Тэр юу хийх гэж байгаагаа мэдэж байсан.

Өнөөгийн гол тоглогч болсон АНУ гаргаж ирж байгаа либерал ардчилал гэж юу болохыг дэлхийн хүмүүс ойлгох талаас нь харвал муугүй, тэдний үнэн төрхийг харуулсан хэрэг боллоо.

П.Зарубин: -Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербокын өвөө нь нацист байсан тухай нийтлэл саяхан Германы хэвлэлүүдээр гарсан. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны хооронд болж буй харилцааны асуудлыг харахад бүх зүйл удамшилтай холбоотой ч юм шиг, энэ улсад “национал-социализмын вирус” удамшаад байна уу гэлтэй.

В.Путин: -Энэ чинь хэт национализмын л нэг төрөл шүү дээ. Ингэхэд хядлага, үймээний талаар санаанд орчихлоо. Ийм үймээн самуун Оросын эзэнт гүрний өмнөд, баруун өмнөд хэсэгт, яг л өнөөгийн Украины нутаг дэвсгэр дээр болж байсан юм.

<…> Олныг хамарсан хядлага, самуун 1820, 1821 онд гарч байлаа. Одесс, дараа нь Мелитополь, Житомир болон өнөөгийн Украины олон хотод ийм үйл явдал болж байсан юм.

<…>Гэхдээ энэ бүхэн чухал биш л дээ, харин эдгээр үймээн самууныг еврей болон орос залуусаас бүрдсэн нөхөрлөлийнхөн сөрөн зогсож байсан. Энэ бол тусдаа сэдэв. Харин национализм, нацизм, фашизмын тухайд хачирхалтай зүйл хэлье. Бербок “ногоонтнууд”-ын намыг төлөөлдөг.

Европын улс төрийн хүрээллийн энэ хэсгийн төлөөлөгчдийн олонх нь цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий дээр гарч болзошгүй үйл явдлаар хүмүүсийг айлгаж, тэдний айдсыг ашиглаж байдаг. Энэ айдас дээр тоглолт хийж, ийм айдас өөрсдөө зохиосон тэд дараа нь эрх мэдэлд очихын өмнө баримталж байсан улс төрийн шугамаасаа хөндийрсөн байдаг. Ийм л зүйл Германд болж байна.

Тухайлбал, нүүрсний үйлдвэрлэл өссөн, өмнө нь ч их байсан, Оросоос ч илүү нүүрс хэрэглэдэг байсан. Эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт шүү дээ. Одоо бүр л нэмэгдээд байна. Өнөөх ногоон эрчим хүч нь хааччихав аа. Нэгдүгээрт.

Хоёрдугаарт, Германы Гадаад хэргийн сайд шиг хүмүүс манай улсад дайсагнасан хандлагатай байдаг. Гэхдээ миний үзэж байгаагаар, тэр эх орондоо ч дайсагнасан байдалтай хандаж байна, учир нь тийм өндөр зэрэглэлийн улс төрч улс орон, ард түмнийхээ эдийн засгийн ашиг сонирхолд хайхрамжгүй хандаж чадна гэдгийг төсөөлөхөд бэрх. Би яг одоо нарийн ширийнийг хэлэхгүй, гэхдээ ийм л зүйл болоод байгааг бид харж байна шүү дээ.

Харин одоо миний хэлэх зүйл өмнө нь хэлснийхээ эсрэг байгаа мэт санагдаж магад. Өнөөгийн германчууд нацистын Германы үйлдсэн хэргийн төлөө улс төрийн бүрэн хариуцлага хүлээх ёстой гэж би боддоггүй. Гитлер болон түүний гар хөл Германд төдийгүй дэлхийн олон оронд хийсэн гэм зэмийг өнөөгийн хүмүүст нялзааж болохгүй шүү дээ. Ингэж нялзаавал шударга бус хэрэг болно.

П.Зарубин: -Европын холбооныхон АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп дахин сонгогдохоос ихэд эмээж байгаа. Европын тэргүүнүүд үүнийгээ ч нуухгүй байна. Европын орнууд төлбөрөө төлсөн цагт л АНУ эдгээр орныг хамгаалах ёстой гэж Трамп хэдсэн. Европ, Европын төрийн тэргүүнүүд болон Дональд Трампын хооронд яагаад ийм харилцаа үүсчихэв ээ?

В.Путин: -Трампыг үргэлж л системийн бус улс төрч гэдэг байсан. Тэр АНУ холбоотнуудтайгаа харилцаагаа хэрхэн хөгжүүлэх тал дээр өөрийн гэсэн үзэл бодолтой. Үүнийгээ ч өмнө нь илэрхийлж байсан. Экологийн салбарын Киотын хэлэлцээрээ АНУ гарч байсныг санацгаая. Мөн л шуугиан тарьж байсан. Гэхдээ тухайн үед Ерөнхийлөгч байсан Трамп экологийн асуудал сайхан сонсогдож байгаа ч Америкийн эдийн засагт хор хохирол учруулна гэж үзсний улмаас энэ хэлэлцээрээс гарах шийд гаргасан. Ингээд л боллоо.

<…> Түүний байр сууринаас харвал, үүнд (nio.mn: Трамп төлбөр төлсөн цагт Европын орнуудыг хамгаална гэж мэдэгдсэнийг хэлж байна) ямар нэг логик байгаа байх. Европчууд бол ямар ч логик олж харахгүй байгаа, тэд АНУ цаашид ч үнэ төлбөргүйгээр ямар нэг үүрэг гүйцэтгээсэй гэж хүсэж байгаа.

НАТО үүссэн цагаас л хэрэгжүүлж байсан үйл ажиллагааг тэд хүсэж байгаа. Энэ бол гэхдээ тэдний л хэрэг шүү дээ. НАТО одоо ямар ч утга учиргүй болсон гэж би боддог. Ганцхан л утга учир байна, энэ нь НАТО АНУ-ын гадаад бодлогын хэрэгсэл болсон. Гэхдээ АНУ энэ хэрэгсэл цаашид хэрэггүй гэж үзвэл энэ нь тэдний л шийдэх хэрэг.

П.Зарубин: -Дөрвөн жилийн өмнө ихээхэн сонирхол татаж байсан, одоо ч сонирхол татаж байгаа асуултыг танд тавья. Бидний хувьд Трамп, Байден хоёрын аль нь сонгуульд ялсан нь ашигтай вэ?

В.Путин: -Байден. Тэр туршлагатай, таамаглаж чаддаг, тэр хуучны улс төрч. Гэхдээ бид АНУ-ын ард түмэн итгэл хүлээлгэсэн ямар ч төрийн тэргүүнтэй хамтран ажиллана.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img