2024-12-27, Баасан
-28 C
Ulaanbaatar

Оросын эрх баригчдын хордуулсан сөрөг хүчнийхэн

Оросын сөрөг хүчний гол төлөөлөгч, улс төрч Алексей Навальный өнгөрсөн долоо хоногт шоронд таалал төгссөн юм. Тэрээр 2020 оны наймдугаар сард Томскоос Москва руу чиглэн онгоцоор зорчих үед гэнэт бие нь муудаж, Омск хотод онгоц яаралтай газардан эмнэлэгт хүргэсэн ч сэхээнд орж байлаа. Улмаар бие нь сэхэл авахгүй байсан түүнийг Германы төрийн бус байгууллага зэрэг олон тал оролцон Герман руу хүргэж, эмчилж байв. Ингээд 2022 онд Навальный эрүүл саруул болж, ОХУ-д эргэн ирэхэд түүнийг онгоцны буудал дээрээс баривчлан, улмаар 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдөр түүнийг онц их хэмжээний үнийн дүнтэй луйвар хийсэн, шүүхийг хүндлээгүй гэж буруутган есөн жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих газарт эдлүүлэхээр шүүх тогтоож байв. Ингээд эцэст нь Оросын сөрөг хүчний удирдагч гэгддэг Навальный чанга дэглэмт шоронд эмнэлгийн зохих ёсны тусламж төдийлөн авч чадалгүй байсаар нас баржээ. Тэрээр Оросын эрх баригчдын гарт өртөж, хордсон цорын ганц хүн байгаагүй юм. Түүнээс ч өмнө эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн хүмүүсийг зайлуулах оролдлогууд гарч байснаас хамгийн дуулиантай тохиолдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

Петр Верзилов /“Pussy Riot” хамтлаг/

Орост засгийн эсрэг жагсаал цуглаан дээр ихэвчлэн уран бүтээлээ хүргэдэг, эрх баригчдыг шүүмжилсэн, шинэчлэлтэд уриалан дуудсан дуу дуулдаг, олны өмнө нүүрээ хааж, нэхмэл ноосон баг зүүж гардаг Pussy Riot гэх хамтлаг бий. Тэд уран бүтээлээсээ илүүтэйгээр эрх баригчдыгр эсэргүүцдэг гэдгээрээ алдартай.

Энэ хамтлагийн гишүүн, түүнчлэн Оросын хараат бус “Медиазона” цахим хэвлэлийн эрхлэгч Петр Верзиловын бие 2018 оны есдүгээр сарын 11-ний өдөр мууджээ. Петр Москвагийн нэгэн эмнэлгийн хордлогын сэхээн амьдруулах төвд хэдэн өдөр эмчлүүлсэн ч биеийн байдал төдийлөн дээрдээгүй байна. Ингээд түүнийг Берлиний Charite эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Энд дуулгахад, чухамхүү энэ эмнэлэгт Навальный эмчлүүлж байв.

Германы эмч нар Верзиловыг хордуулсан гэж үзсэн ч чухам ямар бодисоор хордуулсан гэдгийг нарийвчлан тогтоож чадаагүй юм. Петр Верзилов 2018 оны зун Африкт Оросын гурван сэтгүүлч амиа алдсан хэргийг эрэн сурвалжилж байв. Чухамхүү үүнийх нь төлөө өөрийг нь хордуулсан гэж Верзилов үздэг.

скрипалийнхан

Олон улсыг шуугиулсан Скрипалийнхан

Одоогоос хэдэн жилийн өмнө Оросын тагнуулч асан Скрипаль охиныхоо хамт хордсон нь олон улсад шуугиан дэгдээж, Их Британи, Оросын дунд дипломат дайн дэгдээж байв.

Хэргийг сануулвал, 2018 оны гуравдугаар сарын дөрөвний өдөр Их Британийн Солсбери хотод Оросын болоод Британийн тусгай албанд тагнуулчаар ажиллаж байсан Сергей Скрипалийг охин Юлиягийнх нь хамт ухаангүй байхад нь олсон юм. Тэднийг хордуулсан гэж үзсэн бөгөөд хэрэгт сэжиглэн Оросын иргэд болох Александр Петров, Руслан Боширов нарыг Их Британи эрэн сурвалжилж байв. Харин хэвлэлийнхэн “Боширов” гэдэг нь Тагнуулын ерөнхий газрын хурандаа Анатолий Чепига, “Петров” нь мөн л Тагнуулын ерөнхий газрын офицер Александр Мышкин хэмээн мэдээлж байлаа.

Британийн цэргийн химичид нарийн шинжилсний дүнд Скрипалийнхныг хордуулсан бодис нь “Новичок” гэх мэдрэл саажуулах бодисын бүлэгт багтдаг хорт бодис болохыг тогтоож байв. Ингээд Их Британи Оросын эрх баригчдыг хүний амь насанд халдсан хэмээн буруутгаж, улмаар Оросын дипломатуудыг олон орноос хөөн гаргаж байлаа. Британи, ОХУ-ын хоорондын дипломат дайн багагүй хугацаанд өрнөсөн юм.

Тагнуулч асан Сергей охиныхоо хамт хордсон ч эсэн мэнд үлдсэн. Харин энэ хорны улмаас өөр нэг хүн амиа алдсан бөгөөд тэднийг хордуулснаас хэдэн долоо хоногийн дараа үнэртэй усны шилэнд хийсэн хорыг хогийн саванд хаясан байсныг 44 настай Дон Стержесс гэх эр олоод, хордож амиа алджээ.

Владимир Кара-Мурза

Хоёронтоо халдлагад өртсөн Владимир Кара-Мурза

Владимир Кара-Мурза бол мөн л Оросын сөрөг хүчний улс төрч, сэтгүүлч нэгэн. Тэрбээр 2015 онд бусдын гарт амиа алдсан, Оросын нэрт улс төрч агсан Борис Немцовын туслах, хамтран зүтгэгч байжээ.

Владимир Кара-Мурза хоёронтаа хордож байсан гэдэг. Эхний удаад, Немцовыг хөнөөснөөс гурван сарын дараа буюу 2015 оны тавдугаар сард, дараа нь 2017 оны хоёрдугаар сард хордуулж байжээ.

Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь Кара-Мурза комд орсон бөгөөд онош нь “хордуулсан” гэж гарсан хэмээн тэрбээр мэдэгдэж байв. Оросын эмч нар “ийм баримт байхгүй” гэж хэвлэлийнхэнд мэдээлж байсан бол хараат бус шинжилгээ хийсэн Францын эмч Паскаль Кинц өвчтөний биеэс хүнд металлуудын ул мөр илэрсэн гэж баталж байлаа.

Александр Перепеличный

Александр Перепеличный

Перепеличный 2009 онд Их Британи руу дүрвэсэн Оросын бизнесмен. Түүнийг Оросын албан тушаалтнууд оролцсон авлигын схемийг судлахад олон улсын эрэн сурвалжлах бүлгийнхэнд туслаж байсан гэж үздэг. Тэрбээр 2012 онд 44 настайдаа гүйлтийн дасгалын үеэрээ гэнэт нас баржээ. Нас барахын өмнө эмнэлгийн үзлэгт хамрагдахад цоо эрүүл гарсан хүн ийнхүү дасгалын үеэр нас барсан байна.

Албан ёсны мэдээлэлд үхлийн шалтгааныг зүрхний шигдээс гэж бичсэн ч дараа нь бизнесмений ходоодноос гельземиум гэх нэн ховор ургамалд агуулагддаг хорт бодис илэрсэн талаар ВВС мэдээлж байв. Британи улс Скрипалийнхны хэргийн араас Перепеличныйн амь насанд халдсан хэргийг сэргээсэн ч аллага гэдгийг батлах баримт олдоогүй байна.

Александр Литвиненко

Александр Литвиненко

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны офицер асан Александр Литвиненко 2000 онд Их Британид улс төрийн орогнол авсан юм. Литвиненко Оросын тусгай албад болон Ерөнхийлөгчийг хамгийн ихээр буруутгадаг хүн байлаа. Тэрбээр Орост болсон олон халдлага, орон сууцны барилгуудыг дэлбэлсэн хэргийг Холбооны аюулгүй байдлын алба зохион байгуулсан гэж баталдаг байжээ.

Түүнийг 2006 оны 11 дүгээр сард Лондонгийн зоогийн газарт цайнд нь хор хийн хордуулсан юм. Задлан шинжилгээ хийхэд ховор, өндөр цацраг идэвхит элемент болох полоний -210 гэх бодисын ул мөр илэрчээ.

Их Британи өнөөг хэр нь энэ аллагад сэжиглэгдэж буй хүмүүсийг тэр дундаа тусгай албаны ажилтан асан, Төрийн думын гишүүн Андрей Луговойг хүлээлгэн өгөхийг Оросоос шаарддаг юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img