Гуравдугаар сарын 14-ний өдөр АНУ-ын зохиолч, хуульч Пол Александр таалал төгсчээ. Тэрээр “Төмөр уушигт эр” гэдгээрээ дэлхийд алдартай нэгэн байв.
Пол Александр 78 насандаа бие баржээ. Тэрээр амьдралынхаа бүхий л цаг хугацааг “төмөр уушги” гэж нэрлэгддэг капсул дунд өнгөрүүлсэн юм. Гэхдээ бусдын л адил, тэр бүү хэл зарим эрүүл саруул хүнээс ч илүү түүхийг тэр бүтээжээ.
Пол Ричард Александр 1946 онд Даллас хотноо төрсөн аж. Зургаан настайдаа халдварт саа өвчний хүнд хэлбэрээр өвджээ. Улмаар амьсгалж чадахгүй болж, ингээд “төмөр уушги” буюу Ангстремийн аппарат түүний хувьд аврал болсон гэнэ. Энэ төхөөрөмж нь хүний биеийн өндөрт таарсан хэмжээтэй битүү камер байх бөгөөд дотор нь агаар мандлынхтай адилгүй даралт үүсдэг аж. Ингээд энэ төхөөрөмж уушгинаас амьсгалыг гаргаж, эргэн оруулж, хүн амьсгалахад тусладаг гэнэ.
Хэдийгээр хүнд өвчин туссан ч Пол бусдын адил амьдрахыг хичээдэг байжээ. Дунд сургуулиа онц дүнтэй төгсөж, дараа нь эрхзүйн дээд боловсролтой болов. 1984 онд докторын зэрэг хамгаалж, дараа нь өмгөөлөгчийн карьераа эхлүүлжээ. Залуудаа Пол энэ төмөр аппаратгүйгээр хэдэн цаг болж чаддаг байсан ч эргээд л “төмөр уушги”-аараа амьсгалахаас аргагүй болдог байсан гэнэ.
2020 онд Пол “Нохойны төлөөх гурван мөч. Төмөр уушгитай амьдарсан хүний түүх” нэртэй намтар зохиолоо бичсэн байна. Мөн онд “төмөр уушги”-ий ачаар бусдаас хавьгүй удаан амьдарч чадсан хүн гэдгээрээ Гиннессийн дээд амжилтын номонд бичигджээ. 2018 оны байдлаар ийм аппаратын тусламжтайгаар амьд яваа хүн дэлхий даяар ердөө гуравхан байв. Харин 2020 онд гагцхүү Пол л мэнд үлджээ.
Сүүлийн жилүүдэд амьсгалын замын халдварын улмаас Полын эрүүл мэнд муудаж, харин гуравдугаар сарын эхээр коронавирусийн халдвар авсан нь оношлогджээ.
Түүнд сайн дурынхан туслаж, хандив босгон, амьдрах, эмчлэгдэхэд нь туслаж байв. Тиймдээ ч түүний дүү Филипп ахад нь мөнгөн хандив өгч байсан бүх хүнд талархлаа илэрхийлж, энэ тусламж нь сүүлийн жилүүдэд Пол стрессгүй амьдрахад тусалсан хэмээн онцолжээ.
“Пол ийм олон хүнд итгэл найдвар, урам зориг өгч байсныг сонсоход үнэхээр сэтгэл хөдөлж байна” хэмээн Филипп өгүүлсэн байна.
Халдварт саа өвчин
Халдварт саа өвчин өвчин дэлхий даяар тархсан бусад вирусийн гаралтай өвчинтэй харьцуулвал цөөн хүний аминд хүрсэн ч амьд үлдсэн хүмүүс илүү зовлонг туулж байв. Ихэвчлэн бага насныханд халдварладаг энэ өвчний вирус амаар дамжин организмд орж, дараа нь цус руу орон, мэдрэлийн системийг гэмтээснээр, ихэвчлэн эдгэшгүй саажилт үүсгэдэг байна.
Энэ халдвар ихэвчлэн хөл саажуулдаг ч 10 өвчтөн тутмын нэг нь уушгины булчингийн саажилтын улмаас амьсгалах боломжгүй бол нас барж байжээ. Ийм өвчтөнүүдийн цорын ганц найдвар нь 1920-иод онд бүтээгдсэн, “Төмөр уушги” нэртэй тусгай камер дахь уушгины хиймэл амьсгал байлаа. Ийм төхөөрөмж дотор хүмүүс олон хоногийг, заримдаа бүр үлдсэн амьдралаа өнгөрөөдөг байжээ.
“Төмөр уушги” хэмээх төхөөрөмжид орсон хүмүүс төдийлөн удаан амьдардаггүй байв. Харин Пол Ричард Александр бүхий л амьдралаа төмөр капсул дунд өнгөрүүлсэн ч өндөр насласан нь энэ.