-Миний зохиосон хагас мянган дуу ард түмний сонорыг мялаасан-
-Та сайхан хаваржаад байна уу. Таны уран бүтээлд дууны яруу найраг голлодог. Олон ч сайхан дуугаар тань ард түмэн таныг мэднэ?
-Монгол оронд хатуухан өвөл болсон ч хаврын тунгалаг өдрүүд жамаараа эх оронд минь ирж байна. Цаг сайхан болох нь дамжиггүй. Миний уран бүтээлийн чиглэл дууны яруу найраг яах аргагүй мөн. Хойшид ч хэвээрээ л байна. Дуу бол хүний сэтгэлд хүрэх хамгийн дөт зам гэж би хэлэх дуртай.
-Утга зохиолын судлалаар та хийсэн юмтай хүн. Шүүмжлэгч, судлаач хүн яаж яваад яруу найрагт урвачихав?
-Миний унаган мэргэжил бол утга зохиолын судлаач. Багшийн дээд сургуулийн оюутан байхаасаа “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Хонины найр” зэрэг олон кино, концертын шүүмж бичиж эхэлсэн. Сургуулийнхаа монгол хэл, уран зохиолын анги төгсүүт намайг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт театр судлаач эрдэм шинжилгээний ажилтнаар татаж авч байсан.
Судалгаа хийхийн хажуугаар шүлэг бичнэ. Утга зохиолын судлал шүүмжлэлийн багш эрдэмтэн Ц.Мөнх маань “Чи ерөөсөө зохиол бичиж болохгүй, зөвхөн шүүмжээ бич. Та нар өөрсдөө шальдар бульдар юм биччихээд хүн шүүмжилнэ гэж байхгүй” гэж хориглосон юм. Тэгсэн мөртлөө багш маань хүүхдийн зохиол бичнэ ээ.
Бид цаагуураа “Багш өөрөө зохиол бичээ л байх юм” гэлцэнэ. Тэр “Бод, судал” гэсэн маш хатуу, бас зөв шаардлага байсан юм билээ. Тэр үед хослуулж бичсэн бол шүүмжлэгч ч биш, шүлэгч ч биш болох байсан. Ерэн он гараад би багшаасаа “Ядаж хэдэн дууны үг бичмээр байна” гэж гуйсан юм аа.
-Багш тань тэгээд зохиол бичихийг зөвшөөрөв үү?
-Тэгэхэд “Чи одоо шүлэг бичиж болно” гэж зөвшөөрсөн. Дууны шүлгийн мастер Лувсангийн Дагвадорж гуай манай өрөөнд их ирнэ. Нэг өдөр ширээн дээр маань байсан шүлгүүдийг үзчихээд цаасан дээр нэг юм биччихээд гараад явлаа. Үзсэн чинь “Дуулж жаргаж явсуу” гэж номын оршил шахуу юм бичиж.
Сониндоо Дагвадорж гуайн үгийг оршил болгоод хэдэн шүлгээ тавилаа. Хөгжмийн зохиолчид ч аялгуу зохируулж, өөрийн гэсэн дуутай болж урам орсон доо. Иймээс би тэр их хүнийг уран бүтээлийн багш гэж боддог. Хоёр жилийн өмнө тоолоход дуулагдсан нь гэхэд хагас мянга болсон байсан шүү.
-Таныг Монголын хүүрнэл үгийн их зохиолч Донровын Намдаг гуайн гарын болоод гэрийн сургуулийн шавь нарын нэг гэж сонссон?
-Манай Урлаг судлалын секторын эрхлэгч нь Соёлын яамны сайдын үүрэг гүйцэтгэж байсан их эрдэмтэн Сономын Лувсанвандан гуай байсан. Театр судлалыг хариуцсан ганц хүн нь би юм чинь амьд нэвтэрхий толиудтай уулзаж суралцахаас аргагүй болж байгаа юм.
Тэгээд зохиолч Д.Намдаг багш, аугаа жүжигчин, найруулагч Дэндэвийн Чимэд-Осор нараас салахгүй. Эхнэр хүүхэдгүй залуу ганц хүн чинь цүнхээ шидчихээд л аль нэгнийх нь гэрт очоод гоё юм яриулаа л суучихдаг байлаа. Д.Намдаг гуайн гэрийн сургуульд би яг гурван жил суусан.
Надаас хэдэн жилийн өмнө Д.Мягмар, Д.Батбаяр, Х.Зандраабайды тэргүүтэй зохиолчдыг жүжгийн зохиолч болгох гэж гэрийн сургууль хийгээд туршлага суусан байсан. Надтай хамт “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж, хөгжмийн зохиолч Мааяа нар сурч байлаа.
Чимэд-Осор гуай гучаад онд тоглож байсан дүрээ, партнёр дүрийнхтэйгээ хамтад нь ярьдаг гайхамшигтай ой ухаантай хүн. Хоёр гурван сарын дараа сахилгагүйтээд асуухад яг текст хараад хэлж байгаа юм шиг шууд хэлнэ. Д.Намдаг багш, тэр хоёроос л би театр урлаг, жүжгийн уран бүтээлийн талаар асуухгүй бол өөр хэнээсээ ч асуух вэ дээ.
-Намдаг багшаасаа их зүйл авч хоцров уу?
-Нэг удаа багш маань “Их Нацагийг нутаглуулсан газрыг би чамд зааж өгнө өө. Дээр нь айл буучихсан байна лээ” гэж байсан. Хорин хэдхэн настай залуу байсан болохоор заалгаад авах ухаан ч байсангүй. Тухайн үед надад олдчихоор бэлэн унаа ч байсангүй. Түүнээс биш заалгаж аваад хоцорсон бол гэж харамсаж л явдаг юм.
Багш намайг “Бичээд бай” л гэдэг байсан. Тэр бичүүлээд байсан юм нь надад их сургууль болсон доо. Хожим “Улаанбаатарын мэдээ” сонины эрхлэгч байхдаа “Д.Намдагийн туршиц, туурвил зүй” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалахад тэр бичүүлсэн зүйл нь бэлэн эрдмийн хишиг байсан даа. Тиймээс би багшийгаа шүтдэг юм.
-Д.Намдаг гуай юу ярихав?
-Д.Нацагдорж, С.Буяннэмэх нартай шоронд хамт байснаа ярина. “Шоронд байсан” энэ тэр гэж ярихгүй ш дээ, “золгүй явдал” гэж эерүүлж хэлнэ. Нацагдоржийгоо бичгийн ухаантай, ярианы хувьд тааруу, харин Буяннэмэхийгээ өв тэгш хүн байсан, хувьсгалын уран зохиолд өөрийгөө зориулаагүй бол Нацагаас илүү уянгын найраг туурвих байсан хүн гэж ярина.
Өөрөө цагаадсаныхаа маргаашнаас Буяннэмэхээ цагаатгуулах гэж хөөцөлдөж эхэлсэн гэдэг. Гэргий нь надад “Өөрөө арайхийж ялнаас салчихаад чи хүний төлөө зүтгэж байж одоо дахиад хийлгэчихнэ” гэхэд “Хийлгэсэн ч хамаагүй, энэ хүнийг л цагаатгуулна” гэж явж байж цагаатгуулсан гэж байсан.
-Утга зохиолын “Гал” бүлгэмийнхээ тухай хүүрнэвэл сонин доо?
-Би “Гал”-ынхаа тухай зохиолчдын дурсамжаар бүтсэн “Бурхадын сархад” номонд тодорхой дурдсан байгаа. Яруу найрагч Бат-Очирын Сундуй, Дагвадоржийн Цогт, төрийн дээд “Чингис хаан” одонт, соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёо, ардын уран зохиолч Жүмпэрэлийн Саруулбуян, төрийн шагналт зураач Ойдов, хэл бичгийн ухааны доктор Я.Баатар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар, дорнын их найрагч Данзангийн Нямсүрэн, төрийн шагналт яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар бид хэдийн өнөөгийн зэрэгт хүрсэн минь “Гал” бүлгэмийн маань л буян даа. Бид “Яавал энэ Урианхай, Л.Дашням, Б.Лхагвасүрэн нар шиг хэлтэй устай, соёлтой гайхамшигтай сэхээтэн болох вэ” гэж атгасан гарын хурууд шиг андалж нөхөрлөж явсан даа.
-Та нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатарын мэдээ” сонинд олон жил сэтгүүлчээс нь эрхлэгчийн албыг хашсан хүн. Монголд чөлөөт хэвлэл үүсэхэд таны хувь нэмэр их байсан байж таарна?
-Миний амьдралын хэв маяг, зорилго маань сэтгүүл зүйтэй салшгүй холбоотой. ШУА-д гурван жил ажиллаад Улаанбаатар хотын намын хороо, хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хамтарсан төв хэвлэл “Улаанбаатарын мэдээ” сонинд татагдаж ирж ажилласан. Энэ сонинд гучаас дээш насны, хөдөлгөөн багатай хүмүүс байсан.
Ганжууржав, Дашдорж, Галсангийн Жамьян гуай нарын мундгууд байсан. Урлаг соёл, хөдөө гадаа явах томилолтын бүх ажилд гүйнэ. Энэ сайхан сонинд ирж идэвхтэй ажилласнаас хойш гурван жил дараалан оны шилдэг бичлэгийн шагнал аваад, дөрөв дэх удаагаа авах гэж байхад “Намын гишүүн биш байж юун олон жил шагнал авдаг юм” гэсэн яриа гараад, намайг сонины хэлтсийн даргаар тавьж байлаа.
Нэг сонин зүйл ярихад Ардчилсан холбооны үйл явцын тухай анхны сурвалжлагыг би хийж байлаа. Налайхын Соёлын ордонд цуглаан хийгээд Э.Бат-Үүл нар хөөгдөж гарч байлаа. Тэр өдөртөө Бат-Үүл рүү ярьж үзүүлээд гаргаж байсан. “Миний ерэн он” гэж нэг ном гаргах гээд бэлдчихсэн байгаа. Хэвлэлийн эрх чөлөөгүй үед бид хэвлэлийн эрх чөлөөний төлөө ингэж тэмцэж явлаа гэж би одоо залууст хэлдэг юм.
-“Улаанбаатар” сонины өөрийнхөө багийг хэдэн онд анх үүсгэн байгуулав?
-Ерэн оны тавдугаар сарын 16-нд анхны туршилтаа гаргасан юм. Би “Улаанбаатарын мэдээ” сониндоо ажиллаж байсан л даа. Тэр жил би Хотын хурлын депутат болчихсон байсан. Улаанбаатар хотын төрийн байгууллагын анхны бөгөөд сүүлчийн эрхлэгч нь би юм.
-Тэр үед танай сонин яруу найрагч Б.Галсансүх, Ч.Мөнхбаяр нарын сэхээтэн залуучуудыг их дэмждэг байсан санагддаг?
-Нийслэл гэдэг чинь оюуны, сэтгэлгээний, соёлын, залуучуудын төв гэдэг утгаар танин мэдэхүйн оюуны дугаар бэлтгэн гаргаж эхэлсэн. “Санчир” чөлөөт цагийн дугаарыг гаргахад хариуцлагатай нарийн бичгийн дарга болгож байсан. Б.Галсансүх тэр үед дөнгөж аравдугаар анги төгссөн л хүүхэд байж дээ. Гүр.Нямдоржийн “Хориотой жимс” найраглалыг “Сонин доторхи сонин” буланд тавихад тэр өдрийн дугаар үдээс өмнө ч болоогүй байхад дуусаж байлаа. Модернист зохиолч С.Анударийн бүтээлүүдийг тавьж байлаа. Нийслэлийн сонин гэж зөвхөн хог новш л бичдэг сонин биш гэдгийг амьдрал дээр нотолсон.
Монголын цагдаагийн төв хэвлэл “Нүгэл буян”, гаалийн “Алтан босго”, “Улаанбаатарын үдэш”, “Арга билэг”, “Утга зохиол урлаг”, “Цог” сэтгүүл, зар мэдээллийн “Алаг шаазгай” гээд олон сонинг эрхлэн гаргаж байлаа. Нийслэлийн хэвлэлийн түүх гэж байдаг бол миний хувь нэмэр жинхэнэ утгаараа сонины ерөнхий эрхлэгч гэдгээрээ бичигдэх болов уу гэж бяцхан сагсуурдаг юм шүү дээ.
-Таны удирдлагад ажиллаж байсан залуус “Манай Хүрлээ эрхлэгч ч мужик шүү. Аар саар зан гаргаад арга хэмжээ авах гээд байдаггүй ганц шанаа өгчихдөг хүн шүү” гэдэг юм билээ?
-Үнэн үнэн. Хүнтэй ажиллаж байгаа нэг хэлбэр л дээ. Нэг алгадуулчихсан хүн сүүлд нь “Хэрвээ тэр үед та надад арга хэмжээ аваад явуулчихсан бол балрахгүй юу” гээд инээгээд ороод ирдэг юм ш дээ. Би эцэг эхээсээ арвуулаа, айлын хоёрдахь хүү болохоор дүү нарынхаа ааль аягийг тохируулаад сурчихсан хөдөөний хүмүүжилтэй л хүн байхгүй юу. (инээв. Л.Б)
-“Улаанбаатар” сонины нэрэмжит Монгол Улсын арслангуудын нэрэмжит барилдаан гэж сайхан үйл явдлыг та санаачилсан даа?
-Аваргуудыг бол олон түмэн сайн мэддэг. Аваргуудын энтэй арслангууд нас нь ахьчихсан хэн ч мэддэггүй байх жишээтэй. Төв аймгийн Баянбараатаас хөтөлгөө морьтой давхиж ирээд улсын наадамд түрүүг аваад явчихсан Оргодол арслан, тэмээ өргөдөг Жамьяндорж арслан нарыг гэхэд ард түмэн домог мэт ярьдаг мөртлөө хэн ч таньдаггүй л байсан байхгүй юу.
Арслан цолтон их цөөхөн төрдөг. Арслан ганц л төрдөг цолтон, мартагдчихсан арслангуудыг гаргаж ирье гэж туршилтын дугаараа гаргасан өдрөө хийсэн юм. Манай Говь-Алтай аймаг Батсуурь гэдэг сайхан аваргатай, олон заан, начингуудтай. Тэр арслангийнх нь орон зайг нөхье гэж бодсон хэрэг.
-Нийслэлийн сүлд “Хангарьд”ыг та бий болгосон гэл үү?
-Одоогийн Улаанбаатар хотын сүлд чинь манай сонины лого байлаа ш дээ. Лхамсүрэн гэдэг хүн анх санаа гаргасныг сониндоо хэлэлцүүлэг болгоод яваандаа Мөнхжаргал дарга, Б.Энэбиш дарга нар сайшааж хотын хурлаар тогтоол нь батлагдаж байлаа. Надад хоёр жилийн өмнө “Хангарьд” шагналыг өгөхдөө энэ тухай дурдахад сайхан л санагдаж байсан.
-Та чинь “Улаанбаатар” сонины нэрэмжит гоц авьяастаны “Хангарьд” шагналыг анх санаачилж Б.Галсансүх найрагчид нэг сая төгрөг олгуулж байсан байх аа?
-Эхний шагналыг жүжигчин Д.Сосорбарамд олгож, арслангуудын нэрэмжит барилдаан дээр хоёр өрөө байр өгсөн юм шүү. Со-д байр өгсөн гэж би матагдаж дуудагдаж байсан юм. Үүнээс хойш Өвөр Монголын дуучин Тэнгэр, дуучин Б.Сарантуяа, бөх тайлбарлагч
Ганбаатар, яруу найрагч Б.Галсансүх, сэтгүүлч Б.Эрдэнэбаатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, сумогийн Д.Батбаяр, Чингэс хааны дүр бүтээсэн Өвөр Монголын жүжигчин Дэлгэр нарт олгож байсан даа.