2024-12-04, Лхагва
-22 C
Ulaanbaatar

“Ялагдашгүй армада” ба Хубилай хааны флот

Чингис хааны ач хүү Хубилай Юань гүрнээ цогцлуусныхаа дараа Японыг эзлэн түрэмгийлэхийн тулд урьд өмнө байгаагүй аварга том тэнгисийн флотыг үүсгэн байгуулж арлын улсыг 1274, 1281 онуудад хоёронтаа довтолсон ч хоёуланд нь дайсандаа бус далайн камиказе салхинд өртөн бүтэлгүйтсэн түүхтэй. Тэр цагаас хойш чухам испаниуд мөн л арлын орон Английг номхотгохын тулд 1588 онд 130 байлдааны хөлөг онгоц бүхий аварга том флот босгоод “Ялагдашгүй армада” нэр өгчээ.

Хубилай хааны 1281 оны флот 100 мянга шахам хүний бүрэлдэхүүнтэй байсан гэж түүхийн зарим эх сурвалжид тэмдэглэсэн бол Испанийн “Ялагдашгүй армада” 30 мянган тэнгисийн цэрэгтэй байжээ. Лиссабоны боомтоос 1588 оны тавдугаар сарын 29-нд гарсан “Ялагдашгүй армада” Монголын флотын адил далайн хүчтэй шуургатай таарч Испанийн Ла-Корунья боомт руу орон эвдэрч хэмхэрсэн хөлөг онгоцуудаа засварлахад хүрсэн гэдэг.

Хубилай хаан

Ийнхүү яаллынхаа дөнгөж эхэнд бүтэлгүйтсэн “Ялагдашгүй армада” хоёр сарын дараа л Ла-Маншийн хоолойд хүрч хэдийнэ хүлээж байсан Английн флоттой хоёр долоо хоногийн турш тулалджээ. Хэдийгээр тооны хувьд цөөн ч Английн илүү хөдөлгөөнтэй хөнгөн хөлөг онгоцууд аварга том Испанийн хөлөг онгоцуудыг амжилттай довтлон нэг нэгээр нь живүүлж байлаа. “Ялагдашгүй армада” 51 хөлөг онгоц, 20 гаруй мянган тэнгисийн цэргээ алдан арга буюу ухарч Ирландын баруун эргээр нутгийн зүг чиглэхдээ мөн л далайн хүчтэй шуурганд автан үлдсэн хөлөг онгоцныхоо тэн хагасыг алдсан ажээ.

Хубилай хаан

Энэ тулалдааны дараа Испани дэлхийн далайн замуудыг өөрийнхөө хяналтаас алдаагүй ч үнэмлэхүй давамгайлал нь бага багаар хумигдсаар эцэстээ Английн эзэнт гүрэнд далайн хааны титмээ алдахад хүрсэн юм. Японд Хубилай хааны флотын сүйрлийг бурханаас илгээсэн аврал гэж байсан бол Англид “Ялагдашгүй армада”-гийн төгсгөлийг мөн л Есүс Христийн тусламж хэмээн үзсэн нь бас сонин.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img