Нөхрийнхөө үхлийн талаар
Юлия Навальная Мюнхений бага хурал дээр үг хэлэхийнхээ өмнө Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээс нөхрийнхөө үхлийн талаар олж мэджээ.
“Алексей Навальный” гэсэн нэрнээс эхэлсэн мэдээлэл утсан дээрээ байнга авдаг байсан. Гэтэл тэр өдөр түүний нэрний ард байгаа гурав дахь үгийг олж харсан юм. Гурав дахь үг нь “нас барсан” гэсэн байсан. Таван секундын хугацаанд юу ч бодоогүй, харин дараа нь л энэ үгийн утгыг ойлгосон юм. Тэр үед би өрөөндөө ганцаараа байлаа” хэмээн Юлия Навальная ярьжээ.
Улс төрчийн үхлийн талаарх мэдээлэл гагцхүү Оросын албан ёсны эх сурвалжуудаас авсан мэдээлэл дээр тулгуурласан байсан тул Юлия Навальная “бүгдийг нарийвчлан шалгах ёстой” гэж шийдсэн гэнэ.
“Энэ бүхний дараа л уйлж, гашуудаж болно” хэмээн Навальная ярьжээ.
Нөхөртэйгээ уулзсан сүүлчийн мөч
Юлия Навальнаягийн өгүүлснээр, тэр хамгийн сүүлд 2022 оны хоёрдугаар сарын дундуур нөхөртэйгээ уулзжээ. Өөрөөр хэлбэл ОХУ Украин руу түрэмгийлэхээс өмнөхөн.
“Бидэнд утсаар холбогдох боломж байгаагүй ээ.
Ганц хоёр удаа, маш товчхон ярьсан. Нэгэн удаа зун, миний төрсөн өдрөөр миний нөхөр надтай утсаар ярих зөвшөөрөл авч чадсан юм билээ. Ингээд залгаад “Байна уу, сайн уу” гэж хэлэх мөчид л утас тасарчихсан. Энэ бол түүнийг “сайн уу” гэж хэлэхийг би сонссон хамгийн сүүлчийн тохиолдол болсон юм” хэмээн Юлия ярьжээ.
Навальныйг Красиковоор солих хэлэлцээрийн талаар
Алексей Навальныйг шоронд байх үед нь өөр нэг хоригдлоор солилцох тухай яриа гарсан гэж хэвлэлүүд Навальныйг нас барсны дараа мэдээлж байв. Харин Юлия Навальнаягийн өгүүлснээр тэр энэ хэлэлцээрийн талаар огт мэдээгүй, ийм хэлэлцээрт оролцоогүй гэнэ.
“Навальныйг нас барсан тэр үед л ийм хэлэлцээр хийсэн гэдгийг би ойлгосон” хэмээн Юлия өгүүлжээ.
Юлия Навальная оролцсон Мюнхений бага хурлын үеэр түүний нөхрийг солилцохтой холбоотой ямар ч тусгай хэлэлцээр төлөвлөгдөөгүй байсан гэнэ. Гэхдээ хоригдлуудыг солилцох тухай хэлэлцээр болон Алексей навальныйн үхэл ямар нэг учгаар холбоотой гэсэн хувилбар Юлиягийн хувьд үнэний ортой санагдаж байгаа аж.
“Путин Алексейг шоронд суулгасан эхний өдрөөс л эхлээд хэзээ ч түүнийг суллахгүй гэж шийдсэн байх магадлал өндөр гэж би боддог… Хоригдол солилцох хэлэлцээрт Алексей оролцоно гэдгийг мэдмэгцээ тэр түүнийг шууд хөнөөхөөр шийдсэн нь илт” хэмээн Навальная өгүүлжээ.
“Үүнийг хэзээ ч зүгээр орхихгүй”
Юлия Навальная удирдагчгүй үлдсэн сөрөг хүчнийхнийг дэмжих, Владимир Путины дэглэмийг дэмждэггүй оросуудад итгэл найдвар өгөхийн тулд нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэхээр шийджээ.
“Кремль болон түүний албан тушаалтнууд Алексейг хөнөөсөн ч оронд нь би гарч ирнэ гэдгийг тэд ойлгох ёстой. Тэд надад ямар нэг муу зүйл хийвэл миний оронд өөр хүн гараад л ирнэ” хэмээн Навальная ярилцлагадаа онцолжээ.
Юлия Навальнаягийн өгүүлснээр, тэр нөхөртэйгээ түүний үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой эсэх талаар хэзээ ч ярилцаж байгаагүй гэнэ.
“Энэ бүхнийг зүгээр орхиж болохгүй гэж би бодсон юм. Алексейг хөнөөгөөд л бүх зүйл шийдэгдчихнэ гэж тэд бодсон бол эндүүрч л байна даа” хэмээн Юлия Навальная өгүүлжээ.
Орос дахь өөр үзэл бодолт хүмүүсийн талаар
“Энэ засаглал, дэглэмийг эсэргүүцдэг хүмүүс Орост олон бий. Эдгээр хүмүүсээс олон хүнийг Оросын эрх баригчид хөнөөсөн ч тэдний оронд өөр хүмүүс гарч ирнэ гэдэгт би эргэлздэггүй” гэж Юлия Навальная онцолжээ.
Түүний өгүүлснээр, Путины дэглэмийг дэмждэггүй, Орос Украин руу халдсаныг эсэргүүцдэг бүх хүн “баатар болоход” бэлэн биш, тиймээс “энгийн амьдралаар амьдарсаар” байдаг гэнэ.
Гэхдээ боломж гармагц гудамжинд гарч жагсахад хүмүүс бэлэн байгаа гэж Юлия Навальная онцолсон байна.
“Дайн эсэргүүцдэг нэр дэвшигчийн штаб дээр дугаарлан зогсох, “Путины эсрэг хагас өдөр” жагсаал гээд л. Миний нөхрийн оршуулгыг оролцулахгүйгээр шүү дээ. Оршуулах ёслол нэг төрлийн эсэргүүцлийн жагсаал болж хувирсан. Эхний өдөр гэхэд л 40 мянга орчим хүн цуглаж байлаа. Бүгд л дайн эсэргүүцэж, уриа лоозон хашгирч байсан” хэмээн Юлия Навальная онцолжээ.
“Путины эсрэг хагас өдөр”
ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын сүүлийн өдөр “Путины эсрэг хагас өдөр” эсэргүүцлийн арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээ тун амжилттай болсон гэж Юлия Навальная өгүүлжээ.
“Зурагт хуудас барьсан, эсвэл постонд лайк дарсны төлөө шоронд ч суучихаж магадгүй дайны үед хүмүүс гудамжинд айхгүй гараад, эсэргүүцлээ илэрхийлэх тэр мөчийг олох тун хэцүү. Тэр жагсаал чухамхүү ийм боломжийг олгосон юм” хэмээн Юлия Навальная өгүүлжээ.